| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/03313/И |
| Дугаар | 102/ШШ2022/00110 |
| Огноо | 2022-01-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2022/00110
| 2022 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2022/00110 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Г.Ариунаа, Ерөнхий шүүгч М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, өөрийн байранд оршин байх, Баянгол дүүргийн Прокурорын газар
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, Хасбаатарын гудамж, * дүгээр байр, * тоотод оршин суух, Б овогт Ж-ын И /РД:үү********/
Нэхэмжлэлийн шаардлага: 49,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц
Хариуцагч Ж.И хариуцагчийн өмгөөлөгч Ө.А, Ж.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Прокурорын газар хариуцагч Ж.И-аас гэм хорын хохиролд 49,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Ж.И-ийн ажлын байр болох Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дүгээр байрны * дүгээр орцны подволыг шалгахад Идлэг шонхорын 1 толгой, 2 сарвуу, Нөмрөг тасын 1 толгой, 5 сарвуу, Тарважи бүргэдийн 3 сарвуу, Алаг хөөндөй шувуу, Бор гөрөөсийн арьс, Цагаан зээрийн арьс, нохдын овгийн 6 ширхэг сарвууны савхан яс, Хүрэн баавгайн 1 ширхэг арьс зэрэг эд зүйлс гарч ирсэн. Ж.И нь дурдсан агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ямар нэг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр хадгалж байсан нь тогтоогдсон. Улмаар түүнийг Цагдаагийн байгууллагаас амьтны гаралтай бүтээгдэхүүн, эд зүйлийг хууль бусаар хадгалсан, худалдсаны улмаас амьтны аймагт хохирол учруулсан гэж үзээд шалгасан. Түүний үйлдлийг шалгаад Баянгол дүүргийн Прокурорын газраас 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 740 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гаргаж хэрэгт бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан. Гэхдээ хэргийг хаах болсон гол шалтгаан нь Ж.И-г гэм буруугүй гэж үзсэн явдал биш. Харин холбогдох албан тушаалтан буюу ахлах мөрдөгч нь Монгол улсын гүйцэтгэх ажлын тухай хуулийн заалтыг зөрчсөн буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр ажиллагаа явуулсан гэж үзээд хэргийг хаасан байдаг. Ингээд Баянгол дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Ж.И-д холбогдуулж 49,350,000 төгрөг гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан. Ж.И нь өөрийн ажлын байрандаа ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ямар нэг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр хадгалж байсан нь тогтоогдсон. Түүнийг шалгах явцад тэрээр яагаад амьтны түүхий эдийг хадгалж байгаагаа, хэнээс авснаа тайлбарлаагүй, тодорхойлж чадаагүй. Мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж тус тус заасан.
Ж.И-ийн ажлын байрнаас баавгайн арьс, цагаан зээрийн арьс, бор гөрөөсийн арьс, идлэг шонхорын толгой, сарвуу, Тарважи бүргэдийн сарвуунууд, Тасын толгой гарч ирсэн, энэ нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, фото зургууд зэргээр нотлогдож байгаа. Мөн Ж.И нь энэ үйл баримттай маргаагүй. Ж.И-д холбогдох хэргийг шалгах явцад томилогдон ажилласан шинжээчийн дүгнэлтүүд, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон ховор амьтны жагсаалт, мөн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд заасны дагуу Ж.И-ийн ажлын байрнаас олдсон баавгайн арьсыг 6,500,000 төгрөг, цагаан зээрийн арьсыг 560,000 төгрөг, бор гөрөөсийн арьсыг 400,000 төгрөг, идлэг шонхорыг /1 ширхэг толгой/ 16,000,000 төгрөг, Тарважи бүргэдийг /сарвуу/ 253,000 төгрөг, Тасыг /толгой/ 972,000 төгрөгөөр тус тус үнэлэхэд нийт 24,675,000 төгрөг болж байгаа. Дээр дурдсанчлан Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсний дагуу уг 24,675,000 төгрөгийг 2 дахин өсгөхөд нийт 49,350,000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас нийт 49,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ж.И-ийн ажлын байрнаас нийт 2 ширхэг баавгайн арьс олдсон бөгөөд нэг арьстай холбоотой асуудлыг тусад нь шалгаж байгаа, Ж.И-д хамааралгүй гэжээ.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 200500772 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газрын 740 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн юм. Мөн дээрх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн. Дээрх хэргийн шийдвэрийн талаар мэдэгдэх хэргийн оролцогчгүй гэсэн атлаа Баянгол дүүргийн прокурорын газар нь нэхэмжлэгч болж оролцож байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй, хэний ашиг сонирхол зөрчигдөөд байгаа нь тодорхой бус байна. Миний хувьд бөө мөргөл, зан үйлийн холбогдолтой эд зүйл урладаг жирийн нэг бичил бизнес эрхлэгч эмэгтэй, бусдын авчирч өгсөн эд зүйлийг ян боловсруулан буцаагаад эд зүйл авчирч өгсөн хүндээ өгдөг. Түүнээс биш өөрөө ямар нэгэн амьтны амь таслах, амьтны гаралтай эд зүйлийг худалдаж авах шаардлага байхгүй юм. Тухайн асуудлыг зохих байгууллага нь шалгаад гэмт хэргийн шинжгүй үзэн хэргийг хаасан. Хураагдсан эд зүйлийн хувьд баавгайн арьс нь өөрөө хуучны музейн чихмэл арьс, үс сор нь унасан адсаг байсан. Идлэг шонхор нь өөрөө цахилгааны шонд наалдаж, тогонд цохиулж үхсэн байсан. Бусад эд зүйл нь дандаа эзэнтэй, бөө мөргөлийн зан үйлд хэрэглэдэг. Гэхдээ эдгээр амьтны гаралтай эд зүйлийн эздийг би эрүүгийн журмаар шалгуулж байхдаа хэлээгүй, миний үйлчлүүлэгчид учраас нарийн тодорхой зүйл яриагүй нь үнэн гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу талуудын хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрч С.Т-аас авсан мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрч Ж.И-аас авсан мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн гэрч Ж.И-аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн гэрчид гэрчийн эдлэх эрх, хүлээх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн гэрч Ж.И-аас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гэрч Ж.И-аас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн гэрч Д.Д-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрч С.Т-аас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавсрат, фото зургууд/-үүдийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 740 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Амьтны үхэл хорогдлын ажиглалт, бүртгэл, фото зургуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Ж.И-д холбогдуулж нийт 49,350,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба шүүхээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч 49,350,000 төгрөгийг Ж.И-аас гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Ж.И өөрийн ажлын байрандаа Амьтны тухай хуулийг зөрчиж ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ямар нэг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр хадгалж байсан нь тогтоогдсон. Иймд шинжээч болон Монгол Улсын Засгийн газраас тогтоосон ховор амьтны жагсаалт, мөн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3 дахь хэсгүүдэд заасны дагуу ...үнэлгээрээр тогтоогдсон 24,675,000 төгрөгийг 2 дахин өсгөхөд нийт 49,350,000 төгрөг болж байна. Уг мөнгийг хариуцагчаас гаргуулна гэсэн агуулгаар тайлбарлав.
Хариуцагчийн зүгээс ...намайг эрүүгийн журмаар шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж өөрийн татгалзлаа тайлбарлаж байна.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй нь тогтоогдвол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсгүүдэд заасан.
Тодруулбал, аливаа гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөнөөр гэм хорын хохирол бий болох ба гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг хуулиар хүлээнэ. Харин эд хөрөнгийн гэм хорын хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхдөө Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасан арга хэрэгслээр хохирлыг барагдуулна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны подволд буюу хариуцагч Ж.И-ийн ажлын байранд ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, мөн худалдсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн 200500772 дугаартай хэрэг нээн шалгажээ.
Улмаар Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 740 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэгт бүртгэлтийн 200500772 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байна.
Ийнхүү хаахдаа дээрх шийдвэрийн талаар мэдэгдэх хэргийн оролцогчгүй, тухайн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т заасан гэмт хэргийн оролцогчгүй учир Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй субьект байхгүйг тус тус дурджээ.
Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас Ж.И-д холбогдох эрүүгийн хэргийг шалгаад, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноор түүний гэм буруугийн байдал үгүйсгэгдэнэ. Иймд хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гэм буруугийн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд 49,350,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ж.И-аас 49,350,000 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ Г.АРИУНАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН