Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58

 

   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал,

Шүүгдэгч Д.С, П.Г, Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.С, П.Г, Т.Б нарт  холбогдох эрүүгийн 2324000800039 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт 1: . Б. овогт Т.Б,

Биеийн байцаалт 2: Ц гэрт овогт П.Г,

Биеийн байцаалт 3: Д овогт Д.С.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нар нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дархан-Уул багт байрлах “Хангарьд” нэртэй караокены гадна 2023 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуурсан үедээ Т.М цээж, нүүр, нуруун тус газарт удаа дараа өшиглөж, гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь сээрний 6-р нугалмын их бие урд хэсгийн шахагдсан хугарал, сээрний 7-р нугалмын арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, баруун 4-р хавирга эгэмний дунд шугамаар гадна кортексын жигд бус хугарал, баруун зүүн 10-р хавирга урд төгсгөл хэсгээр жигд бус зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нарт холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримтын тухайд:

1.1. Шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нар нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дархан-Уул багт байрлах “Хангарьд” нэртэй караокены гадна 2023 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуурсан үедээ Т.М цээж, нүүр, нуруун тус газарт удаа дараа өшиглөх болон гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь сээрний 6-р нугалмын их бие урд хэсгийн шахагдсан хугарал, сээрний 7-р нугалмын арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, баруун 4-р хавирга эгэмний дунд шугамаар гадна кортексын жигд бус хугарал, баруун зүүн 10-р хавирга урд төгсгөл хэсгээр жигд бус зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт нь

Хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын Дархан уул багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” нэртэй караокены гадаа үл таних залуучуудад зодуулж биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Тухайн үед би караокены үүдэнд байсан 3-4 залуучуудтай муудалцаж миний хамрын цус гоожоод би хашаа налаад сууж байсан. Би гэр лүүгээ явж байгаад цус гоожуулсан согтуу гэртээ ороод яахав гэж бодоод буцаад Хангарьд караокены хажуугаар өнгөрөхөд дахиад хэн нь юм мэдэхгүй намайг зодсон. Тэгээд би ухаан алдсан байна лээ их согтуу байсан болохоор санахгүй байгаа юм. Би өндийж чадахгүй нүүр царай руу нь ч гэсэн харж чадаагүй. Тэгээд нэг мэдэхэд л Хужирт гэдэг халуун усны харалдаа зам дээр хэвтэж байсан. Тэр залуучууд бас их согтуу байцгаасан байх гэж бодож байна. Тухайн үед гараараа нүүрээ дараад тонгойхоор гар дээш өргөж нүүр лүү өшиглөөд байсан. Унасан байхад нуруу бөөр лүү бас хэд хэдэн удаа өшиглөөд л байсан. Тэр караокед байхад харин Ц Билгүүнтэй гэх залуутай муудалцсан гэж байсан. Билгүүнтэй гэдэг залуу 3 найзтайгаа явсан юм билээ. Би бол огт мэдэхгүй согтуу дээрээс нь зодуулаад ухаангүй байсан байгаа юм. ...Би тухайн үед нь шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоход хүндэвтэр гэсэн хариу гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 39-42/,

 Иргэний нэхэмжлэгч Д.Цн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хэргийн хохирогч Т.М нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Одчим эмнэлэг зэрэг эмнэлгүүдээс тусламж үйлчилгээ авсан байна. Энэ үйлчилгээнд нийт 2,903,340 төгрөгийн төлбөр гарсан. Гэм буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,903,340 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 55-59/,

 Гэрч Г.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М ах намайг ажил дээр байхад жаахан архи уусан очоод тэгээд архи уусан учир машин барьж болохгүй гээд тэгээд би машиныг нь барьж 21:00 цагийн үед гараад гадуур хувийн ажлаа амжуулж байгаад тэгээд М ах дуу дуулахаар нь би дагаад дуу аялсан чинь дүүтэйгээ ганц караокед оръё гээд тэгээд “Хангарьд” нэртэй караокед 23 цаг өнгөрч байхад М ах, Цацаа эгч бид 3 ороод лаазтай 0,5 литртэй пиво уугаад л байсан яг хэдийг уусныг мэдэхгүй байна 30-н лааз орчмыг уусан байхаа бас хажуугаар нь жижиг цэвэр ус уусан. Тэгээд 03 цагийн л орчим байх караокеноос М ах бид 2 гараад гэр лүүгээ явах гээд тамхи татаад зогсож байгаад л согтсон байсан болохоор гэнэт л 4 залуутай муудалцаад л тэгээд бөөн зодоон болсон санагдаад би яг тухайн үед юу болоод байгааг санахгүй пиво уусан байсан болохоор ухаан санаа орж, гараад байсан. Тэгээд л нэг мэдсэн чинь харин тэр караокены ойролцоо хашааны буланд хэвтэн толгой, цээжин хэсгээр их хөндүүрлээд бас зүүн талын дээд 1 шүд сийгэж өвдөөд тэгээд босоход хэн ч байхгүй би ганцаараа үүрийн гэгээ орж байсан тэгээд малгай байхгүй болохоор нь тэр хэвтэж байсан газраараа хараад байхгүй болохоор нь тэгээд буцаж Цэцэнхайрхан буудлын хажууд М ахын машиныг унаж явснаа тавьчихсан байсан учир тэнд очоод машинаа унаад гэртээ очиход өглөө 6 цаг болж байсан. Би орой гарахдаа гар утсаа гэртээ цэнэглээд үлдээсэн байсан юм...М ахын хамаатны хүүхэд гээд Билгүүнтэй гэгч залуу 3 найзуудтайгаа надтай ирж уулзаад тэр Билгүүнтэй гэгч л надтай зодолдсон гээд тэгээд би толгой тархи, шүд ам өвдөөд байна гэж хэлэхэд Билгүүнтэй гэгч бид нар сурдаг юм бид нарыг ойлгооч, согтоод юугаа ч мэдэхгүй болсон байна гээд гуйхаар нь би харин адилхан эр хүмүүс гэж бодож ойлгож тохироод миний ХААН банкны 5495398339 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлж яваад тэгээд дахиж холбоо бариагүй. Тэрнээс би Идэр сумын хүн учир тэр залуучуудыг танихгүй.  Тэгээд ч тухайн үедээ 1 цагдаад мэдүүлэг өгөхдөө шинжээч эмчид үзүүлэхгүй, миний бие эрүүл гээд өгчихсөн юм...Би хар саравчтай малгайтай, цахилгаантай хар хөх цамцтай, хагас түрийтэй үдээстэй гуталтай, М ах бор савхин куртиктэй доогуураа пүүзтэй байсан санагдаж байна. Тэр зоддог залуучуудыг мэдэхгүй байна. 1 билүү 2 залуу нь бараан өнгийн дээлтэй, саравчтай малгайтай байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх 60-63/,

Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би тухайн өдөр караокедоо ажиллаж байгаад нэг камер харахад гадаа хүмүүс зодолдоод байгаа бололтой харагдахаар нь гараад очиход гадна талын хайсны цаад хажууд нэг бор өнгийн куртиктэй байсан байхаа нэг ах тонгойгоод суусан ах нь зодуулчихлаа гэж байсан тэгээд би цаана нь байсан залуучуудад та нар юун зодоон хийгээд байгаа юм одоо явцгаа гэж хэлэхэд хэн нь мэдэхгүй одоо явлаа гэж хэлээд Билгүүнтэй С гээд манай ахын ангийн ах нартай хамт явсан намайг урьд өмнө фэйсбүүк хаягаа өгчих энэ тэр гээд байсан нэг дээлтэй залуу нь ирж байсан болохоор нь би буцаад караоке руугаа явахад намайг дагаад араас орж ирээд текний лангуун дээр зогссон надаас юм асуугаад байсан. Тэгээд араас нь найз нар нь орж ирээд тэгээд л гадаа машиныхаа түлхүүрийг гээсэн гэж хэлээд камер шүүгээд явцгаасан.Камерт нэг харахад л зодолдож харагдсан.Ах нь зодуулчихлаа гээд тонгойгоод сууж байсан ах эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй хамт явсан.Тухайн үед С хар саарал куртиктэй саравчтай малгайтай байсан. Билгүүнтэй тэр найз нь гэж залуу 2 дээлтэй, Билгүүнтэй нь саравчтай малгайтай байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх 68-70/,

 Гэрч Н.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө манай дүү Дүүрэнгийн найз Нямсүрэнг цэрэгт явах гэж байгаа гэхээр нь хамт Хангарьд нэртэй караокед 22 цаг өнгөрч байсан байхаа харанхуй болсон байхад орж дүүгийн 2 найзын хамт 2 литртэй Сэнгүр нэртэй 4 том пиво аваад караокены заал руу ороогүй шууд өрөөнд ороход араас нутгийн таньдаг нэг үеийн залуучууд болох Б, Билгүүнтэй, С, Г нар орж ирээд бид нар хамт сууж байгаад яг цаг хараагүй болохоор мэдэхгүй байна 2 пиво уучхаад манай дүү 2 найзынхаа хамт явсан...Б, Билгүүнтэй, Г, С нартай ч гэсэн би тийм дотно биш нэг нутгийн, үе тэнгийн бие биеэ л таньдаг хүмүүс байгаа юм. Намайг манай үеийн хүмүүс Дожоо гэж дууддаг юм. Тэгээд яг цаг бол мэдэхгүй би ч их согтсон байсан болохоор караокеноос гараад тухайн үед юунаас болж маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй Б Билгүүнтэй Г С дөрөв танихгүй 2 залуутай муудалцаж зодолдоод Б тэр залууг нь нүүр лүү нь 1 цохиж, унасан байхад нь өшиглөөд авахаар нь би Быг түлхэж салгасан чинь тэр зодуулсан залуу газар суусан харагдсан. Би тэгээд их согтсон байсан болохоор өөр зүйл санахгүй байна. Ер нь тэнд байсан бүх л хүмүүс их согтуу байсан байх...” гэсэн мэдүүлэг /хх 71-73/,

 Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найзуудтайгаа уг караокед ороод сууж байгаад их согтоод байхаар нь гарч тамхи татах гээд Г, С бид 3 гарсан чинь харин манай найз нь Быг 2 залуу нуур ам руу нь цохилоо гээд хамраас нь цус гарсан байж байхаар нь Г тэр 2 залуутай уулзаад зогсож байсан тэгээд би тамхи татаж зогсож байгаад тэр 2 залууг юу болоод байгаа юм гэж хэлсэн чинь намайг тэр өндөр хар куртиктэй Ц гэдэг залуу нь зүүн хацар руу хальт цохиод авахаар нь би зөрүүлж алгадаад урдаас нь хэвлий хэсэгт нь нэг өшиглөсөн чинь намайг зөрүүлж хүзүү орчим 2-3 удаа цохиод салахад нэг машин байсны хажууд Б нөгөө залуутай нь муудалцаад тэгээд л тэнд зодоон болж бужигнаад хэн нь хэнийгээ яаж цохисныг хараагүй, харанхуй бас дээрээс нь цасан шуургатай байсан. Тэгээд би ч гэсэн тэнд нөгөө Ц муудалцаж салцгаагаад тэр залуу яваад би караоке руу орчхоод Гтой гарч ирэхэд Хангарьд караокеноос нэг куртиктэй залуу Хужирт гэдэг халуун усны чиглэлд төв зам дагуу хойшоо чиглэлтэй Хангарьд гэсэн бичгийн гэрэлд дөнгөж өнгөрөөд явж байхад нь Б араас нь гүйж очиж хэрхэн яаж унагасныг хараагүй, унасан байхад нь нуруу хавьд хэд хэд дэвсчих шиг харагдсан. Тэр үед С араас нь гүйж очиж Быг барьж авч салгахад хажууд нь Дожоо хараад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх 74-76/,

 Гэрч Ш.Б мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: ...Би Хангарьд караокены камерын дотор болон гадна талыг харуулсан хоёр дүрс бичлэгийг үзлээ. Бичлэгт гарч байгаа Цэнхэр өнгийн дээлтэй халимаг үстэй дээлийн дотуур хар өнгийн малгайтай цамц өмссөн, пүүз гуталтай нь манай найз Т.Б, харин Цагаан өнгийн саравчтай nike малгайтай, цээж хэсгээрээ хар өнгийн малгайтай ноосон цамц өмсөж түүний гадуур хөх өнгийн жилетик өмссөн, MAGNUM гуталтай нь мөн манай найз П.Г, Хар өнгийн саравчтай малгай өмссөн, цээж хэсгээрээ хар хөх өнгийн куртик өмссөн, цагаан өнгийн пүүз гуталтай нь манай найз Д.С нар байна. Харин хөх өнгийн дээлтэй, шлефэн малгайтай, бакалан гуталтай байгаа нь манай үеийн залуу болох Дожоо буюу Жамбалдорж байна. Би өөрөө хөх өнгийн дээл, шар өнгийн бүстэй, саравчтай малгайтай, дээлийн дотуур малгайтай цамц өмссөн, шар өнгийн дурдан бүс бүсэлсэн, бакалан гуталтай нь байна. М, Ц буюу Ц нар бараан өнгийн куртик, өмдтэй хоёулаа хар өнгийн саравчтай малгайтай, Ц нь 170 см нэлээн гаран өндөр залуу байгаа юм...Би эдгээр найзуудтайгаа 10 гаруй жил найзалж нөхөрлөж байгаа, мөн тухайн үед хамт явж байсан бөгөөд өмссөн хувцас, биеийн хэлбэр, алхаа зэргээр нь таньж байна. Хяналтын камерын гадна талын хяналтын камерын бичлэгийг үзэхэд би ухрах үйлдэл хийж байгаа машины баруун урд хаалганы орчимд машин түшээд зогссон. Б Мийг толгой хэсэгт нь 4-5 удаа цохиж зодож байхад С цаанаас ирээд түүнтэй нийлээд Мийн биеийн цээж хэсэг рүү нь баруун хөлөөрөө 2 удаа өшиглөж, гараараа 1 удаа толгой хэсэгт нь цохиж байгаагаар бичлэг эхлээд бөөндөө зууралдаад караокены хайсны хэсэгт газарт унаж байна.Газарт унаад өндийх явцад нь харин Г ирээд Мийг хэвлий хэсэгт нь юм уу жийж унагааж байна. Энэ үед цаад талын хашааны булангаас Дожо буюу Жамбалдорж Ц гэгч тэр Мтэй хамт явж байсан өндөр залуутай ирэх явцад нь Г Ц буюу Ц гэгчийн нүүрэн хэсэгт зүүн /солгой/ гараараа нэг удаа цохиж унагаахад нь би нэг удаа бөгс рүү нь өшиглөж байна. Тухайн үйл явц болж байхад манай найз Б Мийг газарт унасан өндийж байхад нь цээж болон толгой хэсэгт нь  хэд хэдэн удаа өшиглөж түр хугацаагаар хоорондоо зай барьж байх явцад нөгөө Цтай ирсэн Дожо буюу Жамбалдорж Мийг араас нь цээж хэсгээр нь тэврээд босгож байхад Б дахин ирж Мийг заамдаж өндийлгөн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод зууралдаад унаж байна. Хяналтын камерын бичлэгт зарим үйлдэл нь сайн харагдахгүй байна. Тэгээд С, Б, Г бид дөрөв уг караокены өөдөөс харсан хашаа руу шахаж тавьсан байсан машин дээрээ очих явцад Б буцаж гүйж очоод газарт унасан байгаа хүнийг өшиглөөд зодоод байна цас орон шуурч байгаа болохоор яг сайн харагдахгүй байна. Б буцаж машин дээр ирэхэд караокены ажилтан эмэгтэй гэрч ирээд зодуулсан хүн дээр очоод бид нар мөн машины хажуугаасаа явж очоод тэгээд Б уг эмэгтэйтэй хамт караоке руу орж байна. Энэ хооронд Г Мийг үргэлжлүүлэн зодоод газарт унаган дээр нь суусан байхад би Цыг чирээд түүний хажууд чирээд авч ирэхэд Ц газар унасан байсан М өөрийгөө хамгаалаад дээр нь хэвтэх явцад нь би хавирга хэсэг рүү нь 2 удаа өшиглөөд босоод ирэхээр нь баруун гараараа цохих гэсэн боловч цаашаа зугтаахаар нь араас нь хөөгөөд явж байгаа бичлэг харагдаж байна. Бичлэгийн 05:50-д Г Мийг газарт унасан байж байгаад өндийгөөд өвдөглөөд суусан байхад нь дахин нэг удаа биеийн нь цээж хэсэгт нь өшиглөхөд М хойшоогоо газарт унаж байна. Хяналтын камерын бичлэгийг үзэхэд би Цыг нийт 4 удаа өшиглөж нэг удаа цохиж байгаа, Г Цыг солгой гараараа нүүрэн хэсэгт нь 1 удаа цохиж унагаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. С Мийг цээжин хэсэгт нь 2 удаа баруун хөлөөрөө өшиглөж харагдаж байна. Харин Б, Г хоёр Мийг ихэвчлэн гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож байгаа нь харагдаж байна. Бичлэгт Дожо буюу Жамбалдорж гэдэг манай нэг үеийн залуугийн дүрс бичлэг байгаа боловч тэр залуу уг зодоонд оролцоогүй байна...Энэ камерын дүрс бичлэгт хэн нь ямар үйлдэл хийж байгаа нь тодорхой харагдаж байна гэх...” гэсэн мэдүүлэг /хх 77-79/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 000000373 дугаартай:  “...Мийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой сээрний 6-р нугалмын их бие урд хэсгийн шахагдсан хугарал, сээрний 7-р нугалмын арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, баруун 4-р хавирга эгэмний дунд шугамаар гадна кортексын жигд бус хугарал, баруун зүүн 10-р хавирга
урд төгсгөл хэсгээр жигд бус зөрөөгүй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд
тогтонги нөлөөлөхгүй. Т.М биед учирсан сээрний 6-р нугалмын их бие урд хэсгийн шахагдсан хугарал, сээрний 7-р нугалмын арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана, бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд 1 үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой тул нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн
шинжээчийн дүгнэлт /хх 99-105/,

2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-50 дугаар хуудас/, мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 15 дугаар хуудас/, мөрдөгчийн 2024 оны 02  дугаар сарын 02-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

1.2. Шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нарын: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв. 

2. Прокуророос шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нарын хохирогч Т.М цээж, нүүр, нуруун тус газарт удаа дараа өшиглөж, гараараа цохисон үйлдэл хохирогчийн биед учирсан сээрний 6-р нугалмын их бие урд хэсгийн шахагдсан хугарал, сээрний 7-р нугалмын арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, баруун 4-р хавирга эгэмний дунд шугамаар гадна кортексын жигд бус хугарал, баруун зүүн 10-р хавиргын урд төгсгөл хэсгээр жигд бус зөрөөгүй хугарал гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нарын үйлдлийн улмаас хохирогч Т.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нар нь хохирогчид 10,000,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн болох нь хохирогч Т.М 5498200904 тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн хаан банкны баримтаар, хохирогч Т.Мд төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн “...Хохирогч Т.М нь яллагдагч Т.Б, Д.С, П.Г нараас сэтгэцэд учирсан хохирол болон бусад хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно. Иймд яллагдагч Т.Б, П.Г, Д.С нарт эрүүгийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байх тул хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нар нь эрүүл мэндийн даатгалд учирсан 2,903,340 төгрөгийн төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.С, Т.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч  Т.Б нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Бын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй тэнцэх төгрөгөөр тооцож, 90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч  Т.Б нь 6 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Сэрдамда, П.Г нар нь цагдан  хоригдсон  хоноггүй, тэдгээрээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Сэрдамбын эзэмшлийн 53-99 ЗАН улсын дугаартай хөх өнгийн Kia Bongo 3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх аргаж хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Т Б, Ц овогт П.Г, Д овогт Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нарт тус бүрт 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 төгрөгийг торгох ялаас хассугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүгдэгч П.Г, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9 Шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нар нь иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрт 2,903,340 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан СD-ийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Сэрдамбын эзэмшлийн 53-99 ЗАН улсын дугаартай хөх өнгийн “Kia Bongo3” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

12. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, П.Г, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ӨЛЗИЙХИШИГ