Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/00126

 

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/00126

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байр * тоотод оршин суух, О овогт Б-ын Ж /РД:*********/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо,  ** оршин байх, М ХКХ /РД:*******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Б.Ж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ж нь 2006 оны 9 дүгээр сараас М ХХК-д реклам зар сурталчилгааны менежерээр ажилд орсон. Үүнээс хойш тус компанид ажиллаж явсаар 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн маркетинг борлуулалт хариуцсан менежерийн албан тушаалд очсон. Үүнээс өмнө надтай ажил олгогч нь ердөө нэг удаа л хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр маркетинг борлуулалт хариуцсан менежер болоход гүйцэтгэх захирлын тушаал гарснаас биш надтай ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ингээд ажлаа хэвийн гүйцэтгэж явтал 2021 оны 7 сарын 31-ний өдөр намайг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар ажлаас халсан. Миний бие 15 жил энэ байгууллагад ажиллахдаа өөрийн мэдлэг ур чадварыг дайчлан, үнэнч шударгаар ажиллаж албан тушаалыг өөрчлөх болгонд нь хүлээн зөвшөөрч, хариуцаж авсан ажлаа хангалттай гүйцэтгэж ирсэн. Ажлаас халах тушаалд хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед ажлаас хоцорсон гэсэн. Манай байгууллагын цалин бодох хугацаа нь тухайн сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд цаг бүртгэлийг авч цалин бодогддог. Гэтэл надад шийтгэл оногдуулахдаа 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хоцорсон цагийг тооцож цалингаас хасаж шийтгэл оногдуулсан хэрнээ дахин захирлын тушаалаар давхардуулан сахилгын шийтгэл оногдуулахад миний бие эсэргүүцэж хариу тайлбарыг бичгээр гаргасан. Үүнийг удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцсэн гэж үзэн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргалаа гэж ажлаас халж байгаа нь хувийн хандлага гэж үзэж байна. Миний бие энэ байгууллагад ажиллах хугацаандаа удаа дараа шилдэг ажилтан болж байсан ба цалингийн урамшууллыг ихэнхдээ 100%-ийн гүйцэтгэлтэйгээр авдаг байсан нь цалингийн цэснээс харагддаг. Тухайн үед зөрчил гаргасан хэмээн шийтгэл оногдуулсан сард ажлын үзүүлэлт урамшууллыг 100% гүйцэтгэсэн байдаг. Ажлаас хоцрох нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй байгаа юм. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн захирлын 1/74 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тус сахилгын шийтгэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбарыг удирдлагад хүргүүлэхэд байгууллагын зүгээс 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/82 дугаар тушаалаар алдаа дутагдалаа ойлгон ухамсарлахын оронд удирдлагын шийдвэрийг хулээж авахгүй тушаалд түдгэлзсэн хариу өгсөн гэсэн үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам зэрэгт алинд ч нийцэхгүй хууль бус тушаал юм. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү. Миний сарын цалин 1,500,000 төгрөг байдаг бөгөөд энэ талаар хариуцагч тал маргаагүй гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэхийг даалгаж өгөхийг шаарджээ. Нэхэмжлэгч Б.Ж-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд ажлаас хоцорсон үйлдэл нь удаа дараа, удаа дараагийн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан ба Б.Ж нь сахилгын шийтгэл болох удирдлагын шийдвэрийг эрс эсэргүүцэж биелүүлэхээс татгалзсан нь өөрөө ноцтой зөрчил болно. Мөн Б.Ж-г ажлаас халах шийдвэрийг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэсэн. Захирлын зөвлөлийн хурлаар Б.Ж-ийн хэд хэдэн зөрчлийг авч хэлэлцсэн ба энэ нь түүнийг ажлаас халах шийдвэр болсон болно. Иймд нэхэмжпэгч Б.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай зүгээс нэхэмжлэгч сарын 1,500,000 төгрөгийн цалинтай талаар маргахгүй. Мөн ажил олгогч нь нэхэмжлэгчтэй нэг удаа буюу 2011 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн маркетинг борлуулалт хариуцсан менежерийн албан тушаалд очиход ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ үйл баримтын талаар маргахгүй. Нэхэмжлэгчийг маркетинг борлуулалт хариуцсан менежер болоход зөвхөн гүйцэтгэх захирлын тушаал гаргасан байгаа гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, М ХХК-ийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/82 тоот тушаал, М ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1/74 дугаар тушаал, М ХХК-ийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 4/439 тоот албан бичиг, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, цаг бүртгэлийн журам, ажлын байрны тодорхойлолт, 5, 6, 7 дугаар сарын цалингийн хуудас, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн даалгаварын хуудас, мөн хувийн байдлыг тодорхойлох баримт бичгүүдийг гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас Б.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, М ХХК-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/93 тоот Б.Ж-г үндсэн ажилтнаар авах тухай тушаал, М ХХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/50 тоот Өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон журмын хавсралтууд, М ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний загвар, М ХХК-ийн эд хөрөнгийн хариуцлагын гэрээний загвар, М ХХК-ийн тооцооны хуудас, даалгаварын хуудас, чөлөөний хуудасны загварууд, М ХХК-ийн маркетинг борлуулалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт, Б.Ж-ийн 2021 оны 5-7 дугаар сарын цалингийн хүснэгт, М ХХК-ийн сарын шилдэг худалдааны төлөөлөгч шалгаруулах тухай хүснэгтүүдийг шүүх бүрдүүлсэн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 1/93 тоот Б-ын Ж-г үндсэн ажилтнаар авах тухай тушаалаар Б.Ж-г 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн маркетинг борлуулалт хариуцсан менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилжээ.

 

Харин М ХХК-ийн зүгээс Б.Ж-тай дээрх томилсон албан тушаал дээр нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигч талууд М ХХК дахь маркетинг борлуулалт хариуцсан менежерийн албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр мөн эсэх талаар маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглодог.

 

Нэгэнт байнгын ажлын байран дээр ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг хуулиар хүлээсэн тул ажил олгогч М ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй явдалд ажилтан болох Б.Ж буруугүй юм.

 

Улмаар М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/82 тоот Б-ын Ж-г ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.11.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус компанид маркетинг борлуулалт хариуцсан менежер ажилтай Б.Жавзмааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч М ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн бөгөөд өөрийн татгалзлаа ...нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ нөхцөлд талууд хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтооно.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болдог.

 

Дээр дурдсанчлан 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 1/93 тоот Б-ын Ж-г үндсэн ажилтнаар авах тухай тушаалаар Б.Ж-г 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн маркетинг борлуулалт хариуцсан менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон ба энэхүү албан тушаал дээр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ийм учраас талуудыг хөдөлмөрийн гэрээ байгуулсан, цаашлаад ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар харилцан тохиролцсон гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүний ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгч болоод хариуцагч нар Б.Ж-ийн албан тушаалын үндсэн цалинг 1,500,000 төгрөгөөр тогтоосон үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар Б.Ж-ийн нэг сарын дундаж цалинг 1,500,000 төгрөг, нэг өдрийн цалинг 69,767 төгрөг гэж тооцохоор байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 110 хоногийн цалин, хөлс 7,674,370 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно /1,500,000:21.5=369,767х110/.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 137,740 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-г М ХХК-ийн маркетинг борлуулалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 7,674,370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч М ХХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 137,740 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ