| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03889/И |
| Дугаар | 183/ШШ2022/00926 |
| Огноо | 2022-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2022/00926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ххххх тоотод оршин суух, Б овогт Г.Э /РД:хххххххх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххх тоотод оршин суух, Б овогт Д.Б /РД:ххххххх/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 142 440 000 төгрөг гаргуулах,
Хариуцагч: хххххххххх тоотод оршин суух, Б овогт Д.Б /РД:ххххххх/-ийн
Нэхэмжлэгч: ххххх тоотод оршин суух, Б овогт Г.Э /РД:хххххххх/-т холбогдох,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,
Гэрч Э.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Агар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 142 440 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.Э миний бие 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Б-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан билээ. Уг нэхэмжлэлд нэхэмжилсэн үнийн дүнг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Д.Б-т 60 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч Д.Б нь удаа дараа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, сунгаж явсаар хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн төлөлтийг 10 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд Д.Б-ээс зээлсэн үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 52 440 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 142 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодруулсан.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 142 440 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа. Г.Э нь Д.Б-тэй 2019 оны 11сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөг олгосон. Хариуцагчийн хаан банкны дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу хаан банкны 000000 тоот дансанд 30 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг,10 000 000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Зээлийн гэрээ байгуулахдаа сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Гэрээг нэг сарын хугацаанд эргэж төлөхөөр байгуулсан боловч энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй, хариуцагч 2020 оны 10 сарын 15-ны өдрийн дотор төлнө гэх хүсэлтээ бичгээр өгсөн. Тус үүргээ хариуцагч биелүүлээгүй учир 2021 оны 11 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээг хариуцагч өөрөө уншиж танилцаад бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран нотариатаар баталгаажуулсан. Тухайн зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт зээлийн хэмжээ, 2.5 дахь хэсэгт хариуцагчийн Хаан банкны дансанд шилжүүлэхээр тохирсон. Хариуцагчид шилжүүлэхдээ нэхэмжлэгч өөр хүний дансаар шилжүүлсэн нь үнэн, өөрөө картаараа шилжүүлэх боломжгүй, банк хаасан байсан учир н.Ариунбилэг гэх хүний дансаар нь шилжүүлүүлсэн. Хариуцагч нь энэ талаар мэдэж байсан, тус зээлийг авсан талаараа гараар бичиж өгсөн. Хариуцагчийн төлөөлөгчөөс зээлийн гэрээний мөнгө танай дансанд ороод авсан эсэх талаар асуухад дансанд орсон авсан гэдэг. Зээлийн гэрээний дагуу олгосон 60 000 000 төгрөгийг хариуцагч өөрийн данснаасаа өөрөө авснаа зөвшөөрдөг. Иймээс хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Энэ гэрээний үүргээ биелүүлэхийн тулд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалан шилжүүлсэн байдаг. Хүү алданги нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 1 сарын хугацаатайгаар байгуулсан боловч зээлээ төлөөгүй учир алданги тооцохоор тохирсон. Хүүгийн хувьд сарын 4 хувийн хүүтэй 2 400 000 төгрөг байгаа бөгөөд ашигласан хугацаагаар нь буюу 2021 оны 9 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжилж байгаа, алдангийг бол гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн.
2.Хариуцагч Д.Б хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө Г.Э-ийн ажилладаг банк бус санхүүгийн байгууллага (У ББСБ гэх)-аас хэд хэдэн удаа зээл авч, буцаан төлж байсан. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар очсон. Ингээд Д.Б би өөрийн эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээ байгуулж авсан. Та энэ данс руу зээлээ төлж байгаарай гээд дансны дугаар надад өгсөн. Тухайн сараас хойш 2-3 сарын хугацаанд өөр хүний данснаас уг данс руу хүүний мөнгө шилжүүлж байсан. Зээл авснаас хойш үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан тул зээлж авсан мөнгийг буцаан төлж чадаагүй юм. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хэргийн материалтай танилцсаны дараагаар Д.Б надтай хувь хүнээрээ зээлийн гэрээ хийгээд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байна гэх нэрийдлээр хөрөнгийг шилжүүлж авсныг мэдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Х дүүрэг, 00 гудамж, 00 тоот тоот хаягт байрлах, 60.75 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Б өмчлөх эрхтэй болохыг баталгаажуулж улсын бүртгэлийн байгууллагаас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаас харвап 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д.Б, Г.Э нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, эд хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдсан мэтээр гэрээ байгуулсан байна. Д.Б-ээс Х дүүрэг, 00 гудамж, 00 тоот тоот хаягт байрлах, 60.75 м.кв талбайтай орон сууцны зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Э-т худалдан борлуулах хүсэл зориг байгаагүй. Г.Э-ээс 20 000 000 төгрөгийг Д.Б-т шилжүүлж өгч байгаагүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд төлбөр тооцоо дууссан гэж бичсэн нь үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй байна. Иргэн Д.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө Г.Э-ийн хувьцаа эзэмшдэг эсхүл ажилладаг банк бус санхүүгийн байгууллага (“У” ББСБ гэх)-аас хэд хэдэн удаа зээл авч, буцаан төлж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар очсон. Ингээд тухайн үедээ бол “...өөрийн эд хөрөнгийг барьцаалж, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байна...” гэж ойлгож “зээлийн гэрээ”, “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Д.Б-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан. Талуудын хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй. Нөгөөтэйгүүр Г.Э-ээс уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэршил (өмчлөх эрх бүртгэл дээр)-ийг шилжүүлэн авсан боловч нэг ч удаа эзэмшиж, ашиглаж байгаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл”-ийг нэгбүрчлэн зааж хуульчилсан байдаг бөгөөд хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хүүль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-ийг хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар заасан байна.
Иймд Г.Э, Д.Б нарын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан хэцлийн шинжийг агуулж байна. Хуулийн дээрх зохицуулалтад заагдсан хэлцэл нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус байх боловч эрх бүхий этгээдээс уг зүйлд заасан хэлцэл болохыг тогтоогоогүй, тогтоосон шийдвэрийг гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр хэлцлийн нэгэн адил эрх зүйн үр дагаварыг үүсгэсээр байдаг. Иймээс уг хэлцлийг хуульд заасны дагуу хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлийн эрх зүйн үйлчлэлийг зогсоож өгнө үү.
Хэрэгт авагдсан 2019 оны 11 сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж байгаа мэт харагдаж байгаа. Гэвч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдаж авах хүсэл зориг байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх гол шалтгаан нь Д.Б нь н.А-ын ажилладаг ББСБ-аас хэд хэдэн удаа зээл авч 9911-тэй дугаараа алдаж байсан байдаг. Дахин зээл авах боломжгүй байсан болохоор зээл автал үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ хийчихсэн байдаг. Иймээс тус хэлцэл илт хүчин төгөлдөр бус байгаа тул 2019 оны 11 сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлээр тогтоож, шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлж өгнө үү гэсэн.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээл аваагүй гээд байгаа хэрнээ барьцаа хөрөнгө өгөөгүй гэж байгааг ойлгохгүй байна. Барьцаа хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтаа өөрөө дурддаг, хүлээн зөвшөөрдөг. Хэрэв зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг буцан шилжүүлэх талаар талууд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Зохигч талууд өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцоод шилжүүлсэн. Иймээс зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлэхэд нэхэмжлэгч татгалзахгүй, харин хариуцагчийн банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулна гэсэн, барьцааны зүйлээ өгч байсан гэж ойлгосон гэсэн тайлбар нь үндэслэлгүй, өөрөө хүлээн зөвшөөрөөд иргэн Г.Этэй зээлийн гэрээ байгуулаад өөрөө Г.Э-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн байж мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй гэж няцаасан.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Г.Э, Д.Б нарын байгуулсан Зээлийн гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Д.Б-ийн гараар бичсэн баримт, Г.Э-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Г.Э-ээс Д.А-т олгосон итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Г.Э-с Т.Г-д олгосон итгэмжлэл, Г.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Э.А-ын Хаан банк ХХК-ийн 50000000 дансны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дансны хуулга, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хэргийн 2-6, 20, 79, 94, 95, 102-103, 104-р хуудас/,
хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Д.Б-ээс У.Т-д олгосон итгэмжлэл, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, хавсралт гэсэн /хэргийн 13, 17, 78, 80-84, хуудас/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас Г.Э-ийн 50000007, 50000065 тоот төгрөгийн харилцах данс эзэмшдэг ба уг данснуудын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-22000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн дэлгэрэнгүй хуулбар /хэргийн 34-40, 41-75/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Э-ийн хариуцагч Д.Б-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 142 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 77 400 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 65 040 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, мөнгийг түүнд шилжүүлэн өгсөн боловч зээлийн гэрээнд заасан хугацаандаа мөнгийг төлөөгүй, үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 52 440 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 30 000 000 төгрөг, нийт 142 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Э-ээс мөнгө шилжүүлэн аваагүй, гэрээ нь шаардах эрхийг бий болгохгүй, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдох тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээг сунгаагүй, гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй тул хүү төлөхгүй, алданги шаардсан нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, гэрээний үүрэгт мөнгө шилжүүлээгүй, өөрийн эд хөрөнгийг барьцаалж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байна гэж ойлгосон тул нэхэмжлэгч Г.Э-тэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэж тодорхойлсон.
5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч Д.Б-тэйзээлийн гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн тул зээлийн гэрээний барьцаанд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлсэн тул гэрээ хүчин төгөлдөр гэж няцаасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Э хариуцагч Д.Б нар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэй, эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Э-ээс мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй, Э.А-аас мөнгөн хөрөнгө болох 60 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь дансны хуулгаар нотлогдоно, зээлийн гэрээ нь шаардах эрхийг бий болгохгүй тул нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 60 000 000 төгрөгийг хариуцагчийн зээлийн гэрээнд заасан дансанд шилжүүлсэн, Э.А-ын шилжүүлсэн мөнгө нь миний мөнгө байсан, зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн тул гэрээний нэг тал болох хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж маргасан.
7.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний зүйл болох 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн эсэх талаар байна, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй байна.
8.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан.
Талуудын байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 2.5-д “зээл олгосон хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкин дахь 5077014407 тоот дансанд шилжүүлсэн” гэсэн байх бөгөөд хариуцагч Д.Б-ийн зээлийн гэрээнд заасан 5077014407 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөг шилжин орсон болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь уг 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Э-ээс шилжүүлэн аваагүй тул шаардах эрхгүй, 60 000 000 төгрөгийг Г.Энь шилжүүлэн өгөөгүй болох нь түүний ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд уг мөнгийг Э.А-аас шилжүүлэн өгсөн болох нь түүний ХААН банкны 5000000 дугаартай дансны хуулгаар тогтоогдож байгаа гэсэн боловч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Э.А нь уг 5051077863 тоот данснаас хариуцагчийн 5077014407 тоот дансанд шилжүүлсэн 60 000 000 төгрөг нь нэхэмжлэгч Г.Э-ийн мөнгө байсан бөгөөд уг мөнгийг Г.Э-ээс Д.Б-т шилжүүлээрэй гэсний дагуу шилжүүлсэн гэж мэдүүлсэн.
Зээлийн гэрээ нь хоёр талын зөвшилцөлд тулгуурласан гэрээ бөгөөд гэрээ байгуулагч хоёр талын харилцан дүйцсэн саналын үндсэн дээр нэг тал нь мөнгө зээлэх эсвэл зээлдүүлэх тухай гэрээ байгуулах санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Д.Б нар нь зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлэх талаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө 60 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь уг мөнгийг зээлийн гэрээний дагуу шилжин орж ирж байгааг мэдэж хүлээн авсан, уг мөнгийг төлөх талаараа 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн талаараа маргаагүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг буцаан шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй юм.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 60 000 000 төгрөг, ашигласан хугацааны хүү 52 440 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 142 440 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хэрэгт авагдсан хариуцагчийн бичсэн баримтаар сунгасан гэж тайлбарласан боловч уг баримтыг зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй, зээлийн гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний хугацааг сунгасан эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Мөн хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн гэрээ байгуулснаас хойш 2-3 сарын хугацаанд өөр хүний данснаас хүүний мөнгө шилжүүлж байсан гэж тайлбарласан боловч ямар данснаас аль дансанд хэдний өдөр хэдэн төгрөг шилжүүлж байсан талаараа нотлоогүй.
Зохигчийн байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд гэрээний 2.4-д “зээлийн хүүг сарын 4 хувийн хүү”-тэйгээр, 2.7-д “зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх”-өөр харилцан тохиролцсон байх тул хариуцагч Д.Б-ээсзээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 1 сарын 2 400 000 төгрөг, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги 30 000 000 төгрөг, нийт 94 400 000 төгрөгийг /60 000 000+2 400 000+30 000 000=92 400 000/ гаргуулах үндэслэлтэй байна.
Гэвч улс орон даяар үүссэн хорио цээрийн дэглэмийн улмаас үйл ажиллагаа явуулах, ажил хийхэд хүндрэлтэй байсны улмаас зээлээ төлөх боломжгүй байсан гэж хариуцагч тайлбарласан, улс орон даяар үүссэн цар тахалын нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгчийн шаардсан алданги болох 30 000 000 төгрөний 50 хувийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж, хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 77 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 65 040 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /60 000 000+ 2 400 000+15 000 000=77 400 000, 142 440 000-77 400 000=65 040 000/
9.Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Х дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоот хаягт байрлах 60,75 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч Д.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Э-ийн өмчлөлд нь шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчөөгүй, талуудын хүсэл зоригт нийцсэн, хариуцагч нь зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болгож өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн, зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон гэж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 2.8-д “барьцаа: УБ хот 000 оот хаягт байрлах, 60,75 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай Ү-2206055640 тоот улсын бүртгэлийн дугаартай газар”, 2.13-д “нэмэлт нөхцөл: барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлж өгсөн болно” гэж заажээ.
Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0007 тоот гэрчилгээнд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х дүүргийн 000 тоот хаягт байршилтай 60,75 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Э бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь талууд гэрээгээр харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарласан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцлийг ойлгох бөгөөд 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцэл хамаарна, 56.1.3-д заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгоно.
Иймд худалдах худалдан авах гэрээ хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг шилжүүлэх зорилгоор хийсэн, худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 20 000 000 төгрөгийг зохигч хэн аль нь шилжүүлэн өгөөгүй, хүлээн аваагүй талаар маргаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Г.Э-т Х дүүрэг, 00 гудамж, 00 тоот тоот хаягт байрлах, 60.75 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Б-т буцаан шилжүүлэхийг даалгав.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 870 150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан шаардлагын хэмжээнд буюу 544 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн хангасан шаардлагад 257 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 77 400 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 65 040 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Х дүүрэг, 00 гудамж, 00 тоот тоот хаягт байрлах, 60.75 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Б-т буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Г.Эт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 870 150 төгрөг, хариуцагч Д.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс 544 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эт олгож, нэхэмжлэгч Г.Э-ээс 257 950 төгрөгийг гаргуулж, хариуцагчид Д.Б-толгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН