| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/60 |
| Огноо | 2024-09-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Б.Н
Нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Нт холбогдох эрүүгийн 2324000350090 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Б.Н.,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбайд хохирогч Х.Б эзэмшлийн Iphone12 маркийн гар утсыг гадуур хувцасны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Нт холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбайд хохирогч Х.Б эзэмшлийн Iphone12 маркийн гар утсыг гадуур хувцасны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
Насанд хүрээгүй хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаарын 07-ны өдрөөс хойш өөрийн “..............” нэртэй фэйсбүүк хаягнаас “........................” гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй найз болж чатаар харьцаж утсаар ярьж, ведио калл хийж эхэлсэн энэ үед тухайн иргэн намайг ................... гэдэг би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул одоогоор Улаанбаатар хотод ажилладаг гэх зэргээр чат бичдэг ярьдаг байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би чамтай уулзахаар ирсэн байна. Уулзъя гэж чат бичсэн тэр үед нь би Тосонцэнгэл суманд явж байна уулзахгүй гээд уулзаагүй. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг өнгөрөөд хичээлээ тараад гэр рүүгээ явах гээд сургуулийн арын хашааны хаалгаар гарах гэж байтал нэг жижиг эмэгтэй хүүхэд дагуулсан Нямка гэгч намайг хайгаад явж байсан. Тэнд би Нямка гэгчтэй анх тааралдаад 1 дүгээр цэцэрлэгийн тоглоомын талбайтай сааданд очиж сууж хэсэг юм ярьсан. Энэ үед тухайн Нямка гэгч миний утсыг аваад кодоо хэлээд өгчих гээд байсан би өөрөө царайгаа таниулъя гэхэд яагаад надаас кодоо нуугаад байгаа юм гэсээр байгаад миний утасны кодыг хэлүүлж авсан. Тэгээд тухайн тоглоомын талбайтай сааданд хэсэг сууж байгаад намайг явах гэтэл чи надтай 17 цаг болтол автобус иртэл хамт байчих гээд миний утсыг өгөхгүй байсан. Би үгүй хамт байж яах юм явлаа гээд утсаа аваад явтал сааднаас гарах хаалганы ойролцоо ирээд би явлаа гээд намайг тэвэрчхээд явсан. Би тухайн газраас шууд гэртээ хариад утсаа үзтэл миний утас гадна талын хувцасны халаасанд байхгүй байсан. Би утсаа хаячихлаа гэж бодоод Их-Уул сумын зарын групп болон Их-Уул сумын хөгжил цэцэглэлт иргэдийн оролцоо гэсэн хоёр газар утас гээсэн олж өгсөн хүнд шагналтай гэж зар оруултал 85621788 гэсэн дугаараас утсыг чинь олсон надтай уулзаж утсаа ав, утсаа авмаар байвал мөнгө шилжүүл гэх зэргээр мессэж бичсэн бас Батсайхан Зулка гэх фэйсбүүк хаягнаас чат бичиж байгаад намайг блок хийсэн. Тэгээд би утсаа олдохгүй болохоор нь гар утас алдсан тухайгаа сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д, Б, Ц, Ч, Н гэх найзуудтайгаа шийтгэлтэй хөзөр тоглож байгаад фэйсбүүк чатаар танилцъя гэсэн чат явуулаад хамгийн түрүүнд хариу явуулсан хүнтэй чатлана гэж тохироод би энэ хаяг руу чат явуулаад танилцаж харьцаж эхэлсэн. Тэрнээс өмнө энэ хүнийг би танихгүй. Бүтэн нэрийг нь ч бас мэдэхгүй. Хулгайд алдсан Iphone12 маркийн, хөх өнгийн гар утасыг манай бэр эгч Сэнгэсүрэн 2022 оны 07 сард 2,100,000 төгрөгөөр Австрали улсаас захиж авчруулаад өөрөө хөдөө байдаг тул надад хонхны баярын бэлэг гэж өгсөн байсан. Би гар утсаа алдсан тухайгаа өөрийн аав Хүрэлбаатар, ээж Баяндэлгэр нарт хэлсэн мөн бэр эгч Сэнгэсүрэн нар мэднэ. Батсайхан Зулка гэх фэйсбүүк хаягнаас утсыг чинь олсон ийм хөөрхөн охин утасгүй яаж байх юм бэ, мөнгө шилжүүл эсвэл орой надтай уулз гэх зэргээр чат бичээд байсан. 85621788 гэсэн дугаараас бас тэгж бичиж байсан энэ дугаараар нь хайхаар Батсайхан Зулка гэсэн фэйсбүүк хаяг бүртгэлтэй гарч ирээд байсан. Батсайхан Зулка гэсэн хаягаас энэ чиний утас мөн үү гэх зэргээр миний гар утасны зургийг над руу явуулсан. Миний алдсан утас нүүр цайрай таних болон 959605 гэсэн тоон кодтой мөн APPLE ID болон iclouds нь идэвхтэй надаас өөр хүн ашиглах боломжгүй байсан. Батсайхан Зулка гэсэн хаягаас энэ чиний утас мөн үү гэж над руу миний утасны зургийг явуулахдаа кодыг нь тайлсан зураг явуулсан. Миний утасны кодыг тухайн өдөр надтай уулзсан Нямка гэх хүн л дахин асуусаар байгаад өөрөө кодыг нь тайлсан. Тэр хүнээс өөр миний утасны кодыг мэдэх хүн байхгүй. Миний утасны кодыг тайлж байж утсан дээрх iclouds-ийг идэхгүй болгодог. Би өөрийн утасны iclouds-ийг өөр төхөөрөмжнөөс идэвхтэй болгож утасны байршлаа хайх гэсэн боловч миний iclouds-ийг тухайн алдсан утаснаас гаргасан байсан тул миний утасны байршил илрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 68-69/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Хү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Охин Бүдханд маань утсаа алдсан талаараа хэлсэн. Хэрхэн яаж алдсан талаараа надад хэлээгүй. Мэдүүлэгт сууж байхдаа Их-Уул сумын цэцэрлэгт хүрээлэнгийн саадан хүүхэдтэй уулзсан. Тухайн хүүхэд нь охиныг маань тэвэрч авахдаа утсыг нь авсан гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар 1,600,000 төгрөгийн хохирол учирсан. Охины утасны мөнгө болох 1,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр уг хэрэгтэй холбоотой санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 71/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сард Австрали улс руу монгол мөнгөөр 2,100,000 төгрөгөөр захиалга өгч Iphone12, 128GB, маркийн гар утас худалдан аваад өөрөө хөдөө байдаг тул хэрэглэхгүй болохоор өөрийн нөхөр Эрхэмбаатарын дүү Бүдхандад хичээл номоо хийхэд нь тус нэмэртэй байх юм болов уу гээд 2023 оны 04 дүгээр сарын эхэн үеэр хонхны баярын бэлэг болгон өгсөн. Гэтэл манай хадам дүү 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бэргээн би таны өгсөн утсыг хулгайд алдсан гэж хэлсэн тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэж байсан. Модель нь америк улсад үйлдвэрлэгдсэн, 128GB санах ой бүхий, iphone12 маркийн, хөх өнгийн гар утсыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны орчим өгсөн. Хайрцаг сав нь одоо бол байхгүй...” гэсэн мэдүүлэг / хх 73/ ,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх нэрээр шүүж үзэхэд Б.Н гэх хүний нэр дээр Iphone12 марк загварын гар утас 800,000 төгрөгт 2023 оны 05 дугаар сарын 02-нд тавигдсан тэгээд 2023 оны 05 дугаар сарын 15-нд зээлээ хаагаад гар утсаа авсан байна. Гар утасны гэрээг ямар нэгэн байдлаар гаргаж өгөх боломжгүй тухайн 7 хоногтоо татвар руу явдаг гэж байсан. Манайх цаасаар бүртгэл хийдэггүй программ дээр хийдэг бүртгэл байгаа. Б.Нямдэлэг гэх хүн урьд өмнө ямар нэгэн эд зүйл тавьж байгаагүй нэг удаа л тавьсан мэдээлэлтэй байгаа. Бичиг баримттай хүнээр өөрийнхөө бичиг баримтыг мөнгөтэйгөө ирж авдаг журамтай эсвэл өөрөө л ирж авдаг байгаа тухайн Б.Нямдэлэг нь 2023 оны 05 дугаар сарын 15-нд өөрийн биеэр ирж авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 75-76/,
Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай: “...1 ширхэг Iphone12 /128GB/ маркийн гар утасны үнэлгээг 1,600,000 төгрөг гэж тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 83/, гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, эд зүйл баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-31/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.Н нь шүүх хуралдаанд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Нт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Мөн шүүгдэгч Б.Нт холбогдох хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Шүүгдэгч Б.Нийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбайд хохирогч Х.Б эзэмшлийн “Iphone12” маркийн гар утсыг гадуур хувцасны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
3.1. Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Н нь насанд хүрээгүй хохирогч Х.Б “Iphone12” маркийн гар утсыг гадуур хувцасны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогчид 1,600,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээч дүгнэлт болон насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Иймд Иргэний хуудийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нээс “Iphone-12” маркийн 128GB-ын багтаамжтай гар утасны үнэ 1,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Бүдхандад олгох нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нь шүүгдэгч Б.Нийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус зааснаас үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа заавал хэрэглэхээр заагаагүй, мөн шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийн төлөөгүй байна.
Шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлөхөөр илэрхийлсэн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Б.Нт 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 45 хоног цагдан хоригджээ.
Тиймээс түүний цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Нээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хариад овогт Батсайханы Нямандэлэгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нээс 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгосугай.
7. Шүүгдэгч Б.Нээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ