Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 132/ШШ2022/00223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш ын ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* аймгийн******* сумын Засаг даргад холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,089,413 /таван сая наян есөн мянга дөрвөн зуун арав/ төгрөгийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш. *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.*******,

Хариуцагч:******* сумын Засаг дарга П.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч******* сумын Засаг даргад холбогдуулан 5,089,413 төгрөгийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг хууль бус гэж үзэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүх 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд нь томилох, ажилгүй байсан хугацааны 2021 оны 03 дугаар сарын 11-нээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 80 өдрийн цалин Ш.*******д 2,971,920 төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн болно.

Булган сумын Засаг дарга уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 492 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Засаг даргын өмгөөлөгч У.******* нь******* сумын Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж дээд шатны шүүхэд маргаан үүсгэсэн. Уг маргааныг Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 336 дугаар тогтоолоор уг гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Уг шийдвэрийн дагуу багийн Засаг дарга нарыг ажилд нь эргүүлэн томилоогүй байгаа тул ажилгүй байсан хугацааны өнөөг хүртэлх 137 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулахаар Иргэний хэргийн 498-р зүйлийн 2-т заасны дагуу******* сумын засаг дарга П.Нөхөрлөлбаяраар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэг өдрийн дундаж цалин Ш.******* 37149*137=5,089,413 төгрөгөөр тооцож нөхөн олговор олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийг******* сумын засаг даргад холбогдуулан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны 12 дугаартай шүүхийн шийдвэрээр******* сумын 2,3,4,5,6 дугаар багийн Засаг дарга нарыг ажилд нь томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 336 дугаар тогтоолоор уг гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Дээрх хугацаанаас үзвэл 118 хоногийн цалинтай нөхөн олговор Иргэний хуулийн 498.2-д зааснаар олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээд шүүхийн тогтоолыг үндэслэн ажилгүй байсан хугацааны өнөөг хүртэлх 137 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах Ш.*******гийн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг би биелүүлсэн. Засаг дарга нарыг 2022 оны 1 дүгээр сард ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нь өгсөн байгаа. Харин одоо нэхэмжилж байгаа цалинг олгох боломжгүй гэв. 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 492 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 336 дугаар тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны 1-3 сард төлсөн талаарх лавлагаа,******* аймгийн******* сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоол зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч тал шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч******* аймгийн******* сумын Засаг даргад холбогдуулан 5,089,413 төгрөгийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

 Нэхэмжлэгч Ш.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Миний бие 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр багийн засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажлаас чөлөөлсөн******* сумын засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр биелэгдсэн тул 2021 оны 7 дугаар сарын 5-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Ш.*******гийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт 3,000,000 төгрөгийг төлөх байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд төлбөрийг төлсөн. Иргэдийн нийтийн хурлын сонгууль хийж дараагийн даргыг томилох гэсэн боловч Ковид-19 гарсан учраас хурал хойшлогдож боломжгүй байсан. Багийн засаг дарга бол улс төрийн албан тушаал учир бид тохиролцоод ажлаа өгсөн. Анх чөлөөлөгдөхдөө тамга тэмдэг надад хүлээлгэж өгөөд гомдол саналгүй ажлаа өгч байсан. Шүүхээр явж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ш.******* нь******* аймаг******* сумын Хужирт багийн засаг даргаар 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байна. Түүнийг******* аймгийн******* сумын засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү захирамжийг эс зөвшөөрч Ш.************** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байна.******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 12 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэгч  Ш.*******гийн ажилд эгүүлэн тогтоох хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр биелүүлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж, эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэжээ.

Нэхэмжлэгч******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай шийдвэрийн дагуу 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон байх тул 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.3, 2.3.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг болоход /2020 оны 12 сар, 2021 оны 1 сар, 2021 оны 2 сарын нийт цалин 2,993,898 төгрөг, нэг сарын цалин 997,966 төгрөг, нэг өдрийн цалин 2,993,898/64 ажлын өдөр=46779, нэг өдрийн цалин 137 ажлын өдрөөр үржүүлэхэд/ хариуцагчаас 6,408,723 төгрөгийг гаргуулахаар байна. Гэвч шүүх шүүхэд гаргаагүй шаардлага, үндэслэлийн талаар дүгнэлт өгөх эрхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн хариуцагчаас цалинг гаргуулж болохгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй тул хариуцагч, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо тухайн үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулах үндсэн үүргээ биелүүлэх ёстой.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,089,413 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 5,089,413 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,381 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр товлосон шүүх хуралдаанд өмгөөлөгч солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, 2022 оны 4 сарын 19-ны өдөр товлосон. Шүүх хуралдаан хойшилсон хугацаанд шүүгчийн туслах хариуцагчид өмгөөлөгчөө сонгосон бол хурлаас өмнө хэргийн материалтай танилцуулахыг утсаар мэдэгдсэн байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5,089,413 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг******* сумын засаг даргад даалгасугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.381 /ерэн зургаан мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 96.381 /ерэн зургаан мянга гурван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ХИШИГДЭЛГЭР