Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/61

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Х.А, Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.А, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2424000000043 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1, Х овогт Г.Б,

2. Д овогт Х.А,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө согтуурсан үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Эрдэм хорооллын 222 тоотод орших хадам аав Х.Аын гэрт “...хүүхдийн хажууд битгий хэрүүл хийгээд бай, гарч хэрэлд” гэж хэлсний улмаас хадам аав Х.Аын зүүн талын шанаан тус газар гараараа цохиж, эвдэрсэн модон сандлын хөлөөр чулуудах зэргээр зодож биед нь зүүн шанаа, чихний дэлбээг хамарсан шарх, хүзүүний баруун урд хэсэгт цус хуралт бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.А нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Эрдэм хорооллын 222 тоотод орших өөрийн гэртээ хүргэн Г.Бтай маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар болон зүүн талын хөмсөг рүү гараараа цохиж, модон сандлаар нуруу, толгой, мөр рүү нь цохих, чулуудах зэргээр зодож биед нь зүүн хөмсөгний ар хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн дээд хэсэг, зүүн эгэмний түвшинд цус хуралт, баруун гарын алга сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Х.А, Г.Б нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

 

1.1. Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө согтуурсанн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг Эрдэм хорооллын 222 тоотод орших Х.Аын гэрт “...хүүхдийн хажууд битгий хэрүүл хийгээд бай, гарч хэрэлд” гэж хэлсний улмаас хохирогч Х.Аын зүүн талын шанаан тус газар гараараа цохиж, эвдэрсэн модон сандлын хөлөөр чулуудах зэргээр зодож биед нь зүүн шанаа, чихний дэлбээг хамарсан шарх, хүзүүний баруун урд хэсэгт цус хуралт бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.А нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг Эрдэм хорооллын 222 тоотод орших өөрийн гэртээ хүргэн Г.Бтай маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар болон зүүн талын хөмсөг рүү гараараа цохиж, модон сандлаар нуруу, толгой, мөр рүү нь цохих, чулуудах зэргээр зодож биед нь зүүн хөмсөгний ар хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн дээд хэсэг, зүүн эгэмний түвшинд цус хуралт, баруун гарын алга сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь:

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 19-ний орой би аавынхаа гэрт 3 хүүхэд болон аав Аын хамт байж байтал манай нөхөр Б ажлаа тараад 22 цаг өнгөрч байхад согтуу орж ирсэн. Манай нөхрийг орж ирэхэд бид нар орондоо орчихсон хүүхдүүд унтаж байсан. Аав гар утсаараа юм үзээд хэвтэж байсан. Тэгээд манай нөхөр орж ирээд гал тогооны өрөөнд хэсэг байж байгаад том өрөө рүү орж ирээд хүүгийнхээ хажуугаар ороод хэвтсэн. Тэр үед манай аав гар утасныхаа дууг чангаар тавиад бөх үзэж байсан. Манай нөхөр Б орондоо хэвтэж байгаад аавыг “хөөш ааваа та утасныхаа дууг жоохон багсгачих, унтаж амармаар байна” гэж хэлсэн. Тэгтэл манай аав ямар нэгэн зүйл ярихгүйгээр утасныхаа дууг багсгасан. Тэгэхээр нь би нөхөртөө хандаад “чи аавынхаа өөдөөс яасан том дугардаг юм, чимээгүй унтаач гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр “надад унтах газар байхгүй юм байна, амрах газар байхгүй юм байна, би явлаа” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр босоод хувцсаа өмсөөд машины түлхүүр хаана байна гээд хайгаад би босоод машины түлхүүр өгөхгүй гээд гал тогооны өрөөнд нөхөртэйгөө муудалцах юм болоод зогсож байтал манай аав нөхөр бид хоёрт хандаад “та 2 хүүхдүүдийн хажууд битгий хэрүүл хийгээд бай, гарч хэрэлд” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр аав руу “өөрөө архи уудаг, энд тэнд очиж тасарч унадаг, хүүхдүүдээрээ байнга ав гэж авхуулдаг юм байж битгий над руу ийм юм яриад бай” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгэхэд аав ямар нэгэн зүйл хэлээгүй. Манай нөхөр үргэлжлүүлэн аавыг янз бүрийн үгээр хэлээд доромжлоод байхаар нь аав “чи ингэж хэрүүл хийж байхаар гараад яваад өг” гэж хэлээд манай аав босоод ирсэн. Аав босож ирээд “би гэртээ байна, чи зүгээр унтвал унт, үгүй бол гараад яваад өг гээд тэр 2 бие бие рүүгээ дайрч байгаад барьцалдаад авсан. Манай нөхөр аавыг эхлээд хоолойг нь боогоод түлхэж явсаар байгаар орон дээр нь авч очоод унгаасан. Би дундуур нь ороод салгаад нөхөр Бг одоо яваад өг гэсэн боловч явахгүй тэнд хэрүүл хийгээд байгаад байсан. Манай аав нөхөр рүү дайраад, нөхөр аав руу дайраад байсан. Манай нөхөр Б аавыг боогоод шалан дээр дараад байхаар нь манай аав нөхөр Бн зүүн талын хөмсөг рүү нэг удаа цохисон, тэгтэл нөхөр Бн зүүн талын хөмсөг сэтрээд цус гарсан. Тэгтэл нөхөр Б аав руу “чи миний хөмсөг сэтлээд, намайг цустай нь хутгалаа” гэж хэлээд дахин дайраад байсан. Манай аав нөхөр рүү тавчиг, хүүхдийн гутал зэрэг тэр хавиар байсан зүйлсийг аваад шидээд байсан боловч тэр нь нөхөр Бг оноогүй, газар унаад байсан. Нөхөр Б манай аавын гэрт байсан жижиг ногоон өнгийн модон сандлыг аавд авч өгөөд “чаддаг юм бол энүүгээр намайг цохь гэж хэлсэн. Тэгтэл аав ногоон сандлыг авахаар нь би ааваас булаагаад авсан, тэгтэл аав надаас тэр сандлыг буцаагаад булааж авах гэж байгаад миний гар эвгүй болчихсон. Тэгж байтал манай нөхрийн найз Гармаа гэж дууддаг залуу гаднаас орж ирээд Бг аваад гарах гээд зогсож байсан. Миний гар эвгүй болчихоор нь би нагац ах Намнанбаатар руу утсаар залгаад дуудсан. Намнанбаатар ах ирээд намайг аваад эмнэлэг рүү явсан. Би эмнэлэг ороод буцаад иртэл нөхөр байхгүй. Цагдаа нар ирчихсэн манай гэрт үзлэг хийж байсан. Эмнэлэг явснаас хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Манай аав надаас сандал авах гэж булаалцалдаж байгаад миний мөр мулталсан. Миний мөр өмнө нь мултардаг байсан. Амархан мултраад байдаг юм. Манай аавын зүүн талын шанаа болон зүүн чих яагаад зүсэгдсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би эмнэлгээс ирээд ааваас яагаад шанаа болон чих зүсэгдсэн талаар асуухад “Б над руу сандал шидээд тэрэнд нь оногдоод ингээд зүсчихлээ” гэж хэлж байсан. Манай аавын гэрт шалан дээр Бн хөмсөг задраад цус гарч гоожсон, өөр хэн нэгнээс цус гарсан зүйл байхгүй. Тэр үед манай аав архи уугаагүй байсан. Харин нөхөр Б архи уучихсан ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 39-42/,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 20-ны шөнө орондоо хэвтэж байхад манай хүргэн ахын охин А над руу залгаад миний мөр эвгүй болчихлоо та хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнх нь гадаа яваад очтол хашаан дотор нь манай хүргэн ах А, түүний хүргэн Б нар барьцалдаад авчихсан үл таних залуу тэр хоёрыг салгах гээд байж байсан. Тэгээд би хашаа руу ортол хүргэн ах А намайг цагдаа дуудчих гэж хэлсэн. Би хашаанаас гарч байгаад цагдаа руу залгаад дуудлага өгөөд буцаад орсон. Би буцаж ороод байшин руу яваад ортол А болон түүний хүргэн Б 2 байшингийн коридорт ороод барьцалдаад байсан. Би тэр хоёрыг боль гэж хэлээд цааш гал тогооны өрөө рүү ортол А мөр эвгүй болчихлоо гээд байж байхаар Аийг авч гараад дүү Сг дуудаад бид гурав эмнэлэг рүү явсан. Би эмнэлэг дээр очоод А, С нарыг буулгаж үлдээгээд буцаад иртэл хүргэн ах А гэртээ байсан, Бг цагдаа аваад явсан байсан. Би ороод хартал байшингийн том өрөөний шалан дээр цус гоожсон байсныг нь цэвэрлээд жижиг ногоон өнгийн сандал нэг хөл нь хугарсан байхаар нь тэрийг гаргаад түлээний хашааны хажууд хаячхаад байж байтал цагдаа нар ирээд үзлэг хийсэн. Аын ахын зүүн талын шанаа болон зүүн чих зүсэгдсэн шарх үүссэн байсан. Би Бн нүүрийг сайн хараагүй. Гадаа харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. А ахыг гэртээ орсон байхад хараад гэмтэл учирсан байна гэж мэдсэн. Б архи уусан байсан. А ах архи уусан зүйл байхгүй, эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх 33-35/,

 Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 19-ний орой байсан байхаа би ажил дээрээсээ Бн хамт Тосонцэнгэл сумын төв ороод Бг гэрт нь хүргэж өгчхөөд дэлгүүр ороод буцаад ажил руугаа явж байтал утас дуугарсан. Утсаа аваад ярьтал Бн эхнэр А байсан. А “Ахаа та Бг ирээд аваарай агсам тавиад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад Бн хадам аавынх нь гэрт яваад очтол Б болон хадам аав А нар нь хоорондоо маргалдаад Бн зүүн талын хөмсөг сэтэрсэн цус гарсан. Хадам аав Аынх зүүн чих болон шанаа хэсэг нь зүсэгдсэн байдалтай бие бие рүүгээ дайраад байж байсан хадам аавынх нь чих, шанаа хэсгээс бас цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би Бн хадам аавыг та эрүүл хүн байж гараад байж бай гэж хэлээд гэрээс нь гаргасан. Бг коридорт зогсоогоод байж байтал гаднаас Намнан гэдэг хүн орж ирсэн. Намнан гэдэг хүн гаднаас орж ирээд “Чи одоо яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд Бн нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь Би Намнан гэдэг хүнийг “чи одоо эрүүл юм байж согтуу хүнтэй маргалдаж, зодлоо гар” гэж хэлээд түлхээд гаргасан. Тэгтэл Намнан гэдэг хүн гараад цагдаа дуудсан байсан. Мөн тэр үед Бн эхнэр Аийн гар эвгүй болчихлоо гэж хэлээд байж байсныг Намнан гэдэг хүн машин дуудаж эмнэлэгт хүргэж өгсөн байхаа. Би Бг болон хадам аав А нарыг салгаад байж байтал эргүүлийн цагдаа нар ирээд Бг аваад явсан. Намайг байх хугацаанд бие биеэ цохиж зодсон зүйл байхгүй. Намайг ирэхээс өмнө зодолдож цохилцоод бие биедээ гэмтэл учруулсан байсан. Намайг очсоны дараа Намнан гэдэг хүн орж ирээд Бг 2-3 удаа цохисон...” “...А, Б хоёр бие биедээ гэмтэл учруулсан байсан. Тэр 2 бие биеэ жижиг модон сандлаар цохисон юм шиг байна лээ. Том өрөөнд нь жижиг цайвар өнгөтэй модон сандал нэг хөл нь хугарсан байдалтай орны хажууд харагдаж байсан. Гэрт нь энд тэнд ганц нэг цус дуссан байсан. Намнан гэдэг хүн Бг 2-3 цохиод авахаар би салгаад гаргасан, тэр цохилтууд нь гэмтэл учруулаагүй байхаа. Аын зүүн талын шанаа болон чих нь зүсэгдэж шалбарсан цус гарсан байсан, Бн зүүн хөмсөг дээд хэсэгтээ сэтэрсэн цус гарсан байдалтай байсан. Мөн тэр 2 хоёулаа цээж нүцгэн бие нь энд тэнд улаан, шалбарсан байдал харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 44-47/,

 Хохирогч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэрэг болсон дараа эмнэлгийн байгууллагад хандаагүй. Надад энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Хохирогч Г.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 19-ний орой миний ажиллаж байгаа жуулчны баазын дээр нэг дүү маань ирээд хамт жоохон суугаад хоёр шил архи, 2 пиво уусан. Тэгээд орой 23 цаг өнгөрөөд би хадам аавынхаа гэрт хүнээр хүргүүлж ирсэн. Тэгээд эхнэртэйгээ маргалдаад байж байтал хадам аав орноосоо босож ирээд “би гэр орондоо байна шүү гөлөг минь битгий дээрэлхээд байгаарай” гэж хэлсэн. Тэгээд хадам аав бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж маргалдаж эхэлсэн. Тэгтэл хадам аав миний нүүрэн хэсэг рүү гараараа нэг цохиод авсан. Тэгэхээр нь би хадам аавыг түлхээд ор руу нь болгосон. Тэгтэл хадам аав элдэв янзын хаа хамаагүй юм яриад, намайг элдэв янзаар хэлээд миний зүүн талын хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би эргүүлээд хадам аавын зүүн талын шанаа руу нь цохисон. Тэгтэл эхнэр хадам аав бид хоёрын дундуур ороод салгасан. Тэгтэл хадам аав жижиг ногоон өнгийн модон сандал барьж байгаад миний нуруу, толгой, мөр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би эргүүлээд бас хэд хэдэн удаа цохисон.  Миний  зүүн хөмсөг язарсан, зүүн нүд хөхөрсөн, цээжний хэсэг хөхөрсөн, баруун гарын ар хэсэгтээ шалбарсан, хавдсан байсан. Эдгээр гэмтлийг манай хадам аав А учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн13-15-р хуудас.../,

Шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай “...Х.Аын эрүүл мэндэд зүүн шанаа, чихний дэлбээг хамарсан шарх, хүзүүний баруун урд хэсэгт цус хуралт хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Х.Аын эрүүл мэндэд учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Х.Аын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх 63-64/,

 Шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 227 дугаартай “...Г.Бн эрүүл мэндэд зүүн хөмсөгний ар хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн дээд хэсэг, зүүн эгэмний түвшинд цус хуралт, баруун гарын алга сарвууны зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Г.Бн эрүүл мэндэд учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Г.Бн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 67-68/, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

1.2. Шүүгдэгч Г.Б, Х.А нарын шүүх хуралдаанд өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв. 

2. Шүүгдэгч Х.А, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Г.Бн хохирогч Х.Аын зүүн талын шанаа, нүүр нь тус газар гараараа цохиж, хоолойг боосон үйлдэл хохирогчийн биед учирсан зүүн шанаа, чихний дэлбээг хамарсан шарх, хүзүүний баруун урд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч Х.Аын хохирогч Г.Бн нүүрэн тус газар болон зүүн талын хөмсөг рүү гараараа цохиж, модон сандлаар нуруу, толгой, мөр рүү нь цохисон үйлдэл хохирогчийн биед учирсан зүүн хөмсөгний ар хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн дээд хэсэг, зүүн эгэмний түвшинд цус хуралт, баруун гарын алга сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол хооронд тус тус шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч  Х.А, Г.Б нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч Х.А, Г.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.А, Г.Б нарын үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогч Х.А, Г.Б нар нь бие биеэсээ гаргуулах хохирол төлбөргүй болох нь “...хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.А, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Х.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.Б нь урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 891 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Ат үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Бг үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсныг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.А, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэтгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хөл нь хугарсан ногоон өнгийн модон сандал 1 ширхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дарьт овогт Хаянхярваагийн А, Х овогт Г Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат 450 /арван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Бд 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Г.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Х.А, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөл нь хугарсан ногоон өнгийн модон сандал 1 ширхийг устгасугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А, Г.Б нарт авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ