Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0075

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       Я.Ц

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.С

               Хохирогч                                                       С.З

               Хохирогчийн өмгөөлөгч                           М.М

  Нарийн бичгийн дарга            Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 464 дүгээр захирамжтай, Я.Цод холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэг илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Ө овогт Я-ын Ц.

 

Я.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийгөө Т.Г гэх хүний цалингийн зээлийн батлан даагчаар орсон, зээлийг нь төлж барагдуулан батлан даагчаа салгуулж, өөрөө зээл нэмж авч буцааж зээлсэн мөнгөө төлнө гэж итгэл төрүүлэн, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн С.З-гаас 12.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 464 дүгээр захирамжаар:

Шүүгдэгч Я.Цод холбогдох  эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Я.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдаж, захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, шүүгдэгч түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.О эсэргүүцэлдээ:

“ ... Хохирогч С.Згийн “... Ц ... Г гэх дүүгийнхээ зээлийн батлан даагчаар орсон. Би зээл авах гэсэн чинь болохгүй байна. Ганзоригийн зээлийг төлөөд батлан даагчаас нь гарчихвал би цалингийн зээл тултал нь аваад өрнөөсөө гарчихна... гэх зүйл ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.П-н “... Би орцны саравчин дор зогсож байсан болохоор юу ярьсан талаар нь мэдэхгуй байна. Ц-ыг З-с мөнгө зээлсэн гэдгийг хэд хоногийн дараа мэдсэн ...” гэх мэдүүлэг, гэрч Т.Г-н “... Ц бид нар тэр эмэгтэйгийн машинд суугаад би ажлын байрны болон цалингийн тодорхойлолтоо өгсөн. Тэгээд би нэг их удалгүй түрүүлээд яваад өгсөн. Ямар ч байсан Ц-г тэр эмэгтэйгээс мөнгө зээлэхийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Я.Цын “...Г-г ХААН банкнаас зээл авч байхад нь зээлийн батлан даагчаар орсон гэж бас худлаа ярьсан. З-с мөнгө зээлэхдээ Г-н зээлийг чөлөөлөн, буцаагаад зээл аваад өгчихнө гэж бас л худлаа ярьсан ... ” зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т.Г, Ч.П нар нь Ц-г З-с мөнгө зээлэх гэж байна гэж ойлгон тусалсан, бусдын эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг буцааж сэргээхгүйгээр шилжүүлэн авч байгаа үйлдэлд хамтран оролцсон хамжсан идэвхтэй үйлдэл оролцоо тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, дансны хуулга бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй.  

Прокуророос Я.Цод холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс ямар үндэслэлээр, ямар нотлох баримтыг үндэслэн бусадтай бүлэглэж залилах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, анхан шатны шүүгчийн захирамж нь нотлох баримтанд тулгуурлаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ...” гэснийг зөрчиж хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өдрийн 2020/ШЗ/464 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын  эсэргүүцэл бичив” гэжээ.

Хохирогч С.З тайлбартаа:

“ ... Я.Цын үйлдэлд Т.Г Ч.П нар хамтран оролцсон. Тодруулбал Т.Г, Ч.П нар нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний өөрийн компани болох “Бишрэлт заяа” ХХК-ийн нэр дээр хаяглан надад хүсэлт бичиж өгсөн. Уг бичиж өгсөн хүсэлтийн агуулга нь хууран мэхэлж надаас 12.500.000 төгрөгийг авахад шууд чиглэсэн худал зүйлсийг бичсэн байдаг. Мөн Цагдаагийн газарт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол гаргахдаа гомдолдоо тэдний хамтран намайг залилсан талаар тодорхой бичсэн.

Гэтэл мөрдөгч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа надаас мэдүүлэг авсан ба мэдүүлэгтээ Т.Г, Ч.П нарын үйлдлийн талаар мэдүүлэх үед “тэдний талаар битгий ярь, зөвхөн хохирол төлбөрөө авах нь чухал биз дээ, би хохирлыг чинь барагдуулж өгнө” гэж ятган миний мэдүүлсэн зүйлсийг бүгдийг бичээгүй. Мөн Т.Г, Ч.П нарын өөрсдийн гараар бичиж өгсөн хүсэлтийг хэрэгт хавсаргуулахаар өгөх гэтэл наадах чинь хэрэггүй, чухал шаардлагатай зүйл биш гэх мэт зүйлсийг хэлж байсан.

Прокурорын эсэргүүцэлтэй танилцах үед прокурор Т.Г, Ч.П нарыг өмгөөлсөн шинж ажиглагдаж байгааг гайхаж байна. Үнэн бодит байдлыг нь тогтоох үүргээ мөрдөгч болон прокурорын зүгээс хэрэгжүүлж чадаагүй атлаа шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр эсэргүүцэл бичиж хохирч яваа намайг хугацаа алдуулж байгаад гомдолтой байна. Гэмт хэргийг хамтран үйлдсэн хүмүүсийг бүгдийг нь шалгаж хэргийг шийдвэрлэхгүйгээр зөвхөн нэг хүнийг нь шалгаж хэргийг шийдвэрлэнэ гэж прокурор үзэж байгаад би гомдолтой байна. Ийнхүү Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/464 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/464 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:  “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.Цод холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газрын прокуророос Я.Цыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Т.Г гэх хүний цалингийн зээлийн батлан даагчаар орсон, зээлийг нь төлж барагдуулж батлан даагчаа салгуулж, өөрөө зээл нэмж аваад буцааж зээлсэн мөнгөө төлнө гэж итгэл төрүүлэн, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Згаас 12.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу хохирогч С.Згийн мэдүүлэг, гэрч Ч.П-н мэдүүлэг, хохирогчийн шүүхэд ирүүлсэн баримт болон бусад нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоох, хэрэгт хамтран оролцогч байгаа эсэхийг шалгах, хохирогчийн анхан шатны шүүхэд ирүүлсэн баримтанд үзлэг хийх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж Я.Цод холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан боловч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл хохирогч С.З нь анх цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаар гомдол гаргахдаа “... Я.Цтой хамт ирсэн Т.Г, Ч.П нараас асуухад үнэн, бид зээлээ нэмж аваад 2 хоногийн дотор л уг мөнгийг төлж барагдуулна гэж намайг ятгаж гуйсан ... Тухайн үед над дээр ирж зээл авах гэж байгаа талаар Т.Г, Ч.П, Я.Ц нар нь ярихдаа баахан зээлийн материал гэх зүйлсийг үзүүлсэн бөгөөд надад бид хамаатан садан хүмүүс гэж өөрсдийгөө танилцуулж гуйж байсан ... ” гэж дурьджээ /хх 3/.

Мөн тэрээр болсон үйл баримтын талаар хохирогчоор болон гэрчээр мэдүүлэхдээ “ ... би Г гэх хүнийг Ц надаас мөнгө авах гэж ирэхэд нь анх харсан ... тэр мөнгө зээлсэн өдөр Ц П нар ирэхдээ Г гэх залууг П-н хүү гэж хэлж байсан ...” гэсэн /хх 6-7, 8/ бөгөөд гэрч Т.Г-н бичсэн гэх “Бишрэлт Заяа ХХК-д Тоот овогтой Г нь цалингийн зээлээ хаах шаардлага гарсан тул танай компаниар дамжуулан 12.500.000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэйгээр 2 өдрийн хугацаатайгаар чөлөөлүүлэх хүсэлтэй байна” гэсэн,

гэрч Ч.П-н бичсэн гэх “Бишрэлт Заяа” ХХК-д хүсэлт гаргах нь. Ч.П нь өөрийн хүү болох Т.Г-н цалингийн зээлийн үлдэгдэл 12.500.000 төгрөгийг танай компаниар чөлөөлүүлэх эрсдэл батлан даана /төлөхөд/ батлан даана” гэсэн хүсэлтүүдийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн.

Дээрх хүсэлтүүдийн талаар хохирогч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ ... мөнгө өгөхөд Ц манай байрны гадаа Г, П гэдэг хүнтэй ирсэн ... Энэ хоёр хүнийг ээж, хүү хоёр гэж надад хэлсэн ... Г-н цалингийн тодорхойлолт, П гэдэг хүн батлан дааж байгаа талаарх өөрийнх нь хүсэлт зэргийг гаргаж өгсөн ... гадаа сууж байгаа П-г ирэхээр нь ороод ир та хэн билээ, ямар хүн бэ гэхэд би Ц-н эгч, Г миний хүү байгаа юм гэхээр нь аан за за гээд та батлан даана шүү гэтэл за ойлголоо гэхээр нь цаасан дээр бичээд өгөөч гээд бичүүлж авсан байгаа ...” гэж, гэрч Ч.П нь “... би өөрийн гараар бичиж өгсөн ... тэгэж хэл гэхээр нь тэгэж хэлсэн ... энэ миний бичиг мөн байна ...” гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх баримтуудаас үзэхэд Я.Цыг залилах гэмт хэргийг үйлдэхэд бусад хүмүүс буюу Т.Г, Ч.П нар нь идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон эсэх, тэдгээрийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг зайлшгүй шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 464 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

           2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ