Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/35

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Т.Даваасүрэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Товсон  овогт Түмээгийн Даваасүрэнд холбогдох эрүүгийн 201721000081 дугаартай, 178/2017/0035/Э/ индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн 35 настай, эрэгтэй бага боловсролтой. мэргэжилгүй ам бүл 3, эцэг,эхийн хамт амьдрах, аминдаа гурван өрөө орон сууц нэгийн дундын өмчлөлийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 600000 төгрөг, ял шийтгэлгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1 дүгээр 36 айлын 07 тоотод оршин суух ПЮ81060519 дугаарын регистртэй Товсон овогт Түмээгийн Даваасүрэн.

Холбогдсон хэргийн талаар: . /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Даваасүрэн нь шунахай сэдэлтээр нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “S-3” гурав’ нэртэй үйлчилгээний төв дотор үйл ажиллагаа явуулах үсчний өрөөнд  нэвтэрч үс засдаг эд зүйлс хулгайлж хохирогч Б.Баярмаад 329500 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн "...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “S-3“ үйлчилгээний төвийн 00 давхар буюу подволд болсон байх ба уг үйлчилгээний төвийн хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан. Хаалгаар ороход коридорын хананд шатаар зүүн гар талдаа эргэж шатаар доош бууж явсаар модон хаалганд очих ба уг хаалгыг нээж ороход үсчний үйлчилгээ хийх өрөөнд орох ба уг өрөөг нар зөв тойруулан үзлэг хийхэд зүүн талын хананд ямар нэгэн зүйлгүй, өрөөний зүүн хойд ханын дагуу 2 өргөн буйдан суудал байх ба буйданг цагаан өнгийн даавуугаар бүтээсэн, уг буйдангийн харалдаа хананд 2 цонх байна. Уг  хоёр  цонхны зүүн талын цонхны салхивчийн хэсэг нь онгорхой, буйданг бүтээсэн цагаан өнгийн даавуун дээр 2 ширхэг гутлын мөр  гарсан байв. Уг мөрийг  3, 4 гэсэн тоогоор тэмдэглэв. Өрөөний баруун хойд булангаас хана дагуу сандал бүхий үсчний хэрэглэл, материал толь, зэрэг байв. Хананы баруун төв хэсэгт дөрвөлжин цагаан өнгөтэй төмөр хайрцаг. Уг хайрцагны дээрээс цүнхтэй эд зүйл алга болсон гэх ба уг цэгийг “А” үсгээр тэмдэглэв. Уг өрөөний хаалга нь модон хаалга байх ба хаалга нь дотогшоо нээгддэг, хаалганы түгжсэн хэсгийн рам мод нь хугарч түлхэгдсэн байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав. Зүүн цонхны гадна талын шороон гадаргуйд 2 ширхэг гутлын мөрийг 1, 2 тоогоор тэмдэглэв..."  гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шижээч Р.Еркинжаны 2017 оны 03 сарын 28-ны өдрийн  35 тоот ...“Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн  аргаар бэхжүүлж авсан 4 ширхэг гутлын улны мөрийн гэрэл зураг №7 зураг №8 шинжилгээнд тэнцэхгүй.

Гутлын улны мөрийн гэрэл зураг №11 зураг №12 шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Т.Даваасүрэн өмсөж явсан гэх гутлын улны мөрний гэрэл зураг нь шинжилгээнд тэнцэнэ.

Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гэрэл эургийн үзүүлэлт дээрх шинжилгээнд ач холбогдол бүхий зураг №12 дахь гутлын улны мөртэй сэжигтэн Т.Даваасүрэнгийн өмсөж явсан гутлын баруун өмсгөлийн улны мөрний гэрэл зурагтай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.. ."

Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №11, №12 дахь гутлын улны мөр нь ерөнхий  хэмжээ хээ дүрсээрээ адилхан  байсан тул нэг хүний гутлын мөрөөр үүссэн байх боломжтой... гэх  дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р хуудас/

Мөрдөн байцаалтад Т.Даваасүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн "... Би хөдөө дүүгийндээ мал төллүүлж байгаад 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр аймгийн төвд ирсэн. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хөдөө явахаасаа өмнө Энх-Амгалангийнд очоод 1 шил архи уугаад өдөр хөдөө явна гэхээр нь 15 цагийн үед Н.Энх-Амгалан ах дахиад 1 шил 0,75 гр “Ерөөл” нэртэй архи замдаа уучих гэж өгсөнийг нь би аваад хөдөө явдаг машин дээр ирээд сууж байгаад бараг ганцаараа ууж дуусгасан. Тэгээд би хөдөө явахаа болиод зах дотор явж байгаад захын доод талын хаалгаар доошоо гараад замын хажууд байдаг "S -3”  гэдэг үйлчилгээний төвд орж хулгай хийсэн нь үнэн. Уг үйлчилгээний төвийн доод талын подволын хаалгыг нь өшиглөөд онгойлгосон чинь үсчний газар байсан. Тэгэхээр нь би үсчний эд зүйл болох машин, сэнс, хайч, сам, бүтээлэг, нөмрөг, савтай будаг болон жижиг эд зүйлүүдийг авч нэг цүнхэнд хийгээд хаалгаар гарах гэсэн чинь гадна хүн явж байх чимээ гарахаар нь уг өрөөний цонхоор нь гадагшаа гараад явсан. Тэгээд уг авсан эд зүйлсээ үүрээд доош А.Марта гэдэг айлын амбаарт авч ирж тавьсан. Тэдний гэрт А.Марта эгч байхгүй болохоор нь би охинд  нь энэ цүнх тавьчихаад өглөө ирээд авна гээд цүнхтэй эд зүйлсээ амбаарт нь тавьсан....гэх мэдүүлэг /хх-ийн 20-22, 66, 84-р хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баярмаагийн өгсөн ...Би Жаргалант сумын Алагтолгой баг төв захын доод талд байрлах “S-3”  гэдэг нэртэй үйлчилгээний төвийн 00 давхарт үсчин ажиллуулдаг. 2017 оны 03 сарын 09-ний өдрийн орой хамт ажилладаг Д.Гүндэгмаа залгаж “өрөөнд хулгай орсон, чиний цүнхтэй багаж алга болсон байна” гэж хэлэхээр нь би хүрээд ирсэн чинь хаалга нь эвдэрчихсэн миний үсчин хийдэг хамаг багажнуудыг аваад цонхоор гараад явсан байсан. Тэгээд манай найз Б.Гүндэгмаа цагдаад дуудлага өгсөн.  Үсний индүү 2 ширхэг, үсний хайч 4  ширхэг,  самны ком 2  сав, цахилгаан үсний машин 1 ширхэг цэнэглэдэг үсний машин 1 ширэг будагны нөмрөг 4 ширхэг,  нөмрөг 4 ширхэг үс ороодог пигудны ком 1 ширхэг, рузалкан цүнх 1 ширхэг үсний ул 15 ширхэг, үсний вазелин шампунь 10 ширхэг зэрэг эд зүйл алга болсон. Нийт 589000 төгрөгийн үнэлгээтэй эд  зүйлс алга болсон. Д.Гүндэгмаагийн үсний сэнс 1 ширхэг, перкс 1 ширхэг, үсний будаг 2 ширхэг зэрэг эд зүйл алга болсон. Үнэлгээний төвийн үнэлгээчин Ч.Мөнхцоозын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.

 Урд нь манайд хулгай орж байгаагүй...Би алдсан зүйлээ буцаагаад авсан Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.  Ямар нэг санал гомдол алга.  ..' гэх мэдүүлэг /хх-ийн 29-З0-р хуудас/

Мөрдөн байцаалтад иргэний  нэхэмжлэгч Д.Гүндэгмаагийн өгсөн... Би захын доод талд шинээр баригдсан  “S-3”  гэдэг үйлчилгээний төвийн подволд үсчин хийдэг. Тэр өдөр ажиллаад орой 17 цаг 30 минутын орчим ажлаасаа буугаад гэртээ байж байтал надтай хамт ажилладаг байсан Цэндээ гэдэг эгч залгаад “үсчний байранд чинь хулгай ороод хамаг багаж хэрэгслийг нь аваад явсан байна” гэхээр нь би яваад очсон чинь хаалгыг нь дотогшоо өшиглөөд цонхоор гараад явсан байдалтай мөр үлдсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Үсний сэнс 1 ширхэг, перкс 1 ширхэг, үсний будаг 2 ширхэг зэрэг эд зүйл алга болсон.

Үсний сэнс 1 ширхэг-40000 төгрөг, перкс 1 ширхэг- 50000 төгрөг, үсний будаг 2 ширхэг нэг нь 22000 төгрөг, нийлээд 44000 төгрөгийн зэрэг эд зүйл алга болсон. Үнэлгээний төвийн үнэлгээчин Ч.Мөнхцоозын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... Нийт 5 үсчин байдаг. Гуравт нь  уг өрөөний түлхүүр байдаг. Би алдсан зүйлээ буцаагаад авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.  Ямар нэг санал гомдол алга ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

Хураан авах ... эрүүгийн 201721000081 дугаартай хэрэгт хулгайлагдсан үсчний эд зүйлсийг Т.Даваасүрэнгийн эзэмшлээс хураан авсугай..." гэх  тогтоол  /хх-ийн 44-р хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Энх-Амгалангийн өгсөн... Т.Даваасүрэнг танина. 2000 оноос хойш хамт барилга дээр ажилласан. Ер нь барилгын голдуу ажил хийдэг. Бид 2 хамт ажиллаж байгаад таньдаг болсон, найзууд юм. Миний хуурай дүү байгаа юм. Би 2017 оны 03 сарын 09-ний өдөр гэртээ байж байтал Т.Даваасүрэн нь өглөө 11 цагийн үед манайд ирсэн. Тэгээд хаашаа явж байна гэж асуухад  “би хөдөө Мянгад явах”  гэж байна гэсэн. Би хашаа барих гэсэн юм. Чи надад туслахгүй юм уу гэхэд би хөдөө явчихаад ирье. Тэгээд хашааг чинь янзлаад өгье гэж хэлсэн.  Тэр манайд байсан цагаан сарын ширээний нэг шил архийг  уугаад талд нь оруулсан. Бид 2 зах дээр очсон. Би салаад гэрлүүгээ явсан. Тэрнээс хойш хэнтэй яаж уулзсаныг би мэдэхгүй байна. Т.Даваасүрэн урьд нь хулгай хийж байгаагүй. Зан  аашийн хувьд дуу цөөтэй хар ажилд сайн. Архи дарс хааяа уудаг, гэхдээ тасраад үргэлжлүүлээд уугаад байдаггүй... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Авдалын Мартаагийн өгсөн... Би Т.Даваасүрэнг цүнхтэй эд зүйл авчирсныг нь мэдээгүй. 2017 оны 03 сарын 10-ны өглөө босоод гэртээ байж байтал  нэг цагдаа   ирээд “танайд Т.Даваасүрэн цүнхтэй эд зүйлс тавьсан, хаана байна” гэж асуухад би мэдэхгүй гэсэн. Тэгээд манай гэрт хайгаад олоогүй. Харин хашаан дотор байдаг худагны амбаарт орсон чинь тэнд хар бор өнгийн цүнхтэй эд зүйлс аман дээр нь даавуу болон хайч харагдаж байсныг аваад явсан. Би цагдаа ирсэний дараа утсаар охиноосоо асуухад “Т.Даваасүрэн нь нэг цүнхтэй эд зүйлс авчираад   түр тавьчихъя, маргааш ирээд авна” гэж хэлсэн гэсэн.    Хотоос манай ах  2017 оны 03 сарын 10-ны өглөө эрт ирсэн. Охин ахын хамт  Баян-Өлгий аймаг явсан. Баян-Өлгийд эмээгийндээ байгаа. Одоо 12 настай Ботнаа гэдэг...  гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Түвшинжаргалын өгсөн...Манайх 5 хүүхэдтэй Т.Даваасүрэн нь манай хамгийн том нь байгаа юм. Зан аашийн хувьд дуу цөөтэй, ажилч хичээнгүй хар ажилд сайн хүүхэд байгаа юм. 1989 онд сургуульд ороод 4-р ангиас  сургуулиас гарчихсан. Гэхдээ одоо уншиж бичиж чадна. Муу зуршил байхгүй. Сүүлийн үед архи нилээн уугаад байдаг болсон. Одоо архинаас гаргадаг эмчилгээ хийлгэчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Түмээгийн өгсөн... Манайх 5 хүүхэдтэй Т.Даваасүрэн нь манай хамгийн том нь байгаа юм. Зан аашийн хувьд дуу цөөтэй, ажилд сайн махруу хүний хий гэсэн зүйлийг сайн хийдэг үүрэг даалгавар сайн биелүүлдэг хүүхэд байгаа юм. 1989 онд Цаст-Алтай сургуульд ороод 4-р ангиасаа сургуулиас гарчихсан. 2000 онд цэрэгт  явсан.  Муу зуршил байхгүй. Сүүлийн үед архи нилээн уугаад байдаг болсон. Одоо архинаас гаргадаг эмчилгээ хийлгэчихсэн. Тусдаа гараагүй болохоор өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Т.Ботноогийн  өгсөн"....2017 оны 3 сарын 09-ний өдөр орой 20 цагийн үед Т.Даваасүрэн нь ганцаараа нэг цүнхтэй юм барьчихсан манай гэрт ороод ирсэн. Тэгээд би яах гэж байгаа юм бэ гэхэд “ би гэрээсээ хөөгдчихлөө энэ цүнхтэй юмыг танай амбаарт тавьчихъя маргааш ах нь ирээд авна” гэсэн. Тэгэхээр нь би гарах гээд яарч байсан болохоор тэг тэг гэж хэлчихээд би гараад явсан.Т.Даваасүрэн нь манай үүдний амбаарт цүнхтэй юмаа тавьчихаад явсан. "...Энэ миний хувцас байгаа юм. Би гэрээсээ хөөгдчихлөө” гэж хэлсэн юм. Ганцаараа явж байсан. Манай ээжтэй тухайн үед уулзаагүй. Ээж нөгөө өрөөнд унтаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/

            Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 44-45 дугаар хуудас/

            Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн ... Үсний индүү 2 ширхэг, нөмрөг 4 ширхэг цахилгаан үсний машин 1 ширхэг, цэнэглэдэг үсний машин 1 ширхэг, үсний хайч 4  ширхэг,  самны ком 2  ком 11 ширхэг сам, үсний  пигуди 1 ширхэг,  машины ул 15 ширхэг,  будагны нөмрөг 4 ширхэг,  цүнх 1 ширхэгийг гэрэл зургаар бэхжүүлэн авч хохирогч Б.Баярмаад хүлээлгэн өгөв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт, /хх-ийн 46-49 дүгээр хуудас/

            Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн... үсний сэнс 1 ширхэг/ хар өнгийн цахилгаанаар ажилладаг/, үс цайруулагч будаг  1 ширхэг/ перкс үс цайруулагч/  саарал өнгийн савтай, үсний будаг 2 ширхэг  шар цаастай  гэрэл зургаар бэхжүүлэн авч иргэний нэхэмжлэгч Д.Гүндэгмаад  хүлээлгэн өгөв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 50-51 дүгээр хуудас/

            Капитал банкны Ховд салбарын 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 100 дугаартай ПЮ:81060519 регистрийн дугаартай Түмээ овогтой Даваасүрэн 2233001420 тоот харилцах данс эзэмшдэг бөгөөд 2017 оны 01 сарын 01-нээс хойш ямар нэг гүйлгээ хийгдээгүй  болно.... гэх баримт /хх-ийн 56 дугаар хуудас/

            ХААН банкны 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 138 дугаартай ПЮ:81060519 регистрийн дугаартай Түмээ овогтой Даваасүрэн  5023304224 тоот харилцах данс эзэмшдэг ба 2017 оны 01 сарын 01-нээс 2017 оны 03 сарын 20-ны хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүйг хүргүүлэв ...гэх баримт /хх-ийн 58 дугаар хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 61-62 дугаар хуудас/

            Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 356 дугаартай ПЮ:81060519 регистрийн дугаартай Түмээ овогтой Даваасүрэнгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй болно ...гэх баримт / хх-ийн 63 дугаар хуудас/

            Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 67-68 дугаар хуудас/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 69-71 дүгээр хуудас/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 73-76 дугаар хуудас/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Т.Даваасүрэнгийн эзэмшлийн “Funai”  маркын зурагтыг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-79 дүгээр хуудас/

            Эд зүйл үнэлсэн тухай...  “Funai”  маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг 280000 төгрөг ... гэх  тайлан / хх-ийн 81 дүгээр хуудас/

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Даваасүрэнгийн өгсөн... Нэг сэрэхэд  байшин дотор унтаж байсан. Үсчний газар байсан. Тэнд байсан  үсчний  багаж, нөмрөг алчуур зэрэг эд зүйлийг нэг цүнхэнд хийж аваад цонхоор нь гарсан. Тэгээд зүүн хаалганд А.Мартаагийн гэрт ирсэн.  Охин нь гэртээ байсан. Түүнд энэ миний цүнхтэй зүйл гэж хэлээд үлдээсэн. Маргааш нь Цагдаад баригдаж хулгайлагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй учруулсан хохирлоо төлсөн. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж  дүгнэвэл: Шүүгдэгч Т.Даваасүрэн нь шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “S-3” нэртэй үйлчилгээний төв дотор үйл ажиллагаа явуулах үсчний өрөөнд  нэвтэрч үс засдаг эд зүйлс хулгайлж хохирогч Б.Баярмаад 329500 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Т.Даваасүрэнгийн  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн  ... "S-3”  гэдэг үйлчилгээний төвд орж хулгай хийсэн нь үнэн.  Уг үйлчилгээний төвийн доод талын подволын хаалгыг нь өшиглөөд онгойлгосон чинь үсчний газар байсан. Тэгэхээр нь би үсчний эд зүйл болох машин, сэнс, хайч, сам, бүтээлэг, нөмрөг, савтай будаг болон жижиг эд зүйлүүдийг авч нэг цүнхэнд хийгээд хаалгаар гарах гэсэн чинь гадна хүн явж байх чимээ гарахаар нь уг өрөөний цонхоор нь гадагшаа гараад явсан. Тэгээд уг авсан эд зүйлсээ үүрээд доош А.Мартаагийн амбаарт  тавьсан. Охинд  нь энэ цүнх тавьчихаад өглөө ирээд авна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг болон  хэрэг учралын газар үзлэг хийсэн... өрөөний хаалганы рам мод нь хугарч түлхэгдсэн байдалтай байсан. Хоёр ширхэг гутлын мөрийг бэхжүүлэн авсан... гэх тэмдэглэл, гэрэл зураг, тухайн 2 ширхэг  мөрийг шинжлэн үзэхэд шүүгдэгч Т.Даваасүрэнгийн гутлын мөр болох нь  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 03 сарын 28-ны өдрийн 35 дугаартай шинжилгээнд ирүүлсэн №12 дахь гутлын улны мөртэй сэжигтэн Т.Даваасүрэнгийн өмсөж явсан гутлын баруун өмсгөлийн улны мөрний гэрэл зурагтай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна, шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №11, №12 дахь гутлын улны мөр нь ерөнхий  хэмжээ хээ дүрсээрээ адилхан  байсан тул нэг хүний гутлын мөрөөр үүссэн байх боломжтой ... гэх дүгнэлт, сэжигтэн Т.Даваасүрэнгээс  бор өнгийн хагас түрийтэй гултлыг хураан авч, эд зүйлд үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл,сэжигтэн Т.Даваасүрэнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон болно.

Мөн шүүгдэгч Т.Даваасүрэн нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг Т.Мартаагийн амбаарт тавьсан гэх мэдүүлэг нь гэрч Т. Мартаагийн өгсөн... Т.Даваасүрэн нь манай гэрт цүнхтэй эд зүйл тавьсан гэж цагдаагийн ажилтан шалган үзэхэд манай худагны амбаарт цүнхтэй эд зүйл тавьсан байсан. Охиноосоо  асуухад “ Т.Даваасүрэн нэг цүнхтэй зүйл тавьсан” гэж  хэлсэн ... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Ботноогийн өгсөн... 2017 оны 03 сарын 09-ний орой 20 цагийн үед Т.Даваасүрэн нь гэрээсээ хөөгдчихлөө ахынх нь хувцас гэж нэг цүнхтэй зүйлийг манай амбаарт тавьсан ... гэх мэдүүлэг, хураан авах тогтоол үйлдэж,  хулгайд алдагдсан гэх үсний индүү сэнс, нөмрөг, цахилгаан машин, цэнэглэдэг машин, үсний хайч, самны ком, үсний пигуди зэргийг хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хохирогч Б.Баярмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлд үзлэг хийж иргэний нэхэмжлэгч Д.Гүндэгмаад хүлээлгэн өгсөн... тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар “ гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж  байгаа хууль тогтоомжинд заасан  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус” хэмжээ гэх ба шүүгдэгч Т.Даваасүрэнг  2017 оны 03 сарын 09-ний өдөр  хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь  / Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор /   2017 оны 01 сарын 01- ний өдрөөс 240000 төгрөг байхаар тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Т.Даваасүрэн нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.Баярмаад 329500 төгрөгний хохирол учруулсан нь  хохирогч Б.Баярмаагийн ... шинжээчийн дүгнэлтээр хулгайлагдсан эд зүйлийг 329500 төгрөгөөр үнэлсэнийг зөвшөөрч байна... гэх мэдүүлэг, хэргийн 10 дугаар хуудас дахь эд зүйл үнэлсэн тухай тайлангаар  хулгайлагдсан эд зүйлийг 329500 төгрөгөөр үнэлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  байна. 

Шүүгдэгч Т.Даваасүрэн нь “S-3” нэртэй үйлчилгээний төвд  үйл ажиллагаа явуулах үсчний өрөөнд  нэвтэрч орсон нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд авагдсан... уг өрөөний хаалга нь модон хаалга байх ба хаалганы түгжсэн хэсгийн рам мод нь хугарч түлхэгдсэн байдалтай байсан... гэх тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Б.Баярмаагийн ... хаалга нь эвдэрчирсэн байсан... гэх мэдүүлэг, ... гэрч Д.Гүндэгмаагийн ... хаалгыг дотогшоо өшиглөөд цонхоор гараад явсан байдалтай байсан...гэх мэдүүлэг, Т.Даваасүрэнгийн яллагдагчаар өгсөн...уг үйлчилгээний төвийн доод талын подволын хаалгыг өшиглөөд онгойлгосон чинь үсчний газар байсан. Үсчний эд зүйлс болох машин, сэнс, хайч, сам бүтээлэг зэрэг эд зүйлийг аваад хаалгаар гарах гэсэн боловч гадна хүн явж дуулдаж байхаар нь  цонхоор нь гарсан ... гэх мэдүүлгээр тус тус   тогтоогдсон.

Агуулах сав гэдэгт ... эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалтын байшин, албан  тасалгаа,  үйлдвэрийн эд хөрөнгийг түр буюу байнга  хадгалах байр ...  хамаарах ба  агуулах саванд нэвтэрч үйлдсэнийг ... түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглаж буюу ашиглахгүйгээр цонх хаалга түгжээг эвдэх, цуургыг сугалах  ... зэргийг ойлгохоор хуульд заасан байна.

Шүүгдэгт Т.Даваасүрэн нь  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт үйл ажиллагаа явуулдаг “S-3” үйлчилгээний төвд байрлах үсчний газрын хаалгыг өшиглөж хаалгыг онгойлгож орж, улмаар хулгайлах гэмт хэрэг үйлдснийг  бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Даваасүрэнгийн  үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  заасан  “хулгайлах гэмт хэргийг  агуулах саванд  нэвтэрч  үйлдсэн“  гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр    яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хуулийн зүйлчлэл тохирсон.

 Шүүгдэгч Т.Даваасүрэнг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Даваасүрэн нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь хэргийн 62 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Т.Даваасүрэн нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тогтоол тэмдэглэл, хохирогч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн... Эд зүйлээ буцаан авсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй ...гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа  болно.

Мөн шүүгдэгч Т.Даваасүрэн нь өөрт ногдох хөрөнгөгүй, хөдөлмөр эрхэлдэггүй болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг даргын ...Тус багийн иргэн Түмээгийн Даваасүрэн нь ам бүл-3, эцэг, эхийн хамт  1-36 алын 07 тоотод оршин суудаг...гэх  2017 оны 03 сарын 25-ны өдрийн 107 дугаартай  тодорхойлолт,  Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн...Тус аймгийн иргэн Т.Даваасүрэн /ПЮ 81060519/ нэр дээр үл хөдлөх хөрөнгө  бүртгэлгүй байна ...гэх 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 356 дугаартай тодорхойлолт, гэрч Н.Түвшинжаргалын ...Т.Даваасүрэн манай хамгийн том хүүхэд. Эцэг, эхийн хамт амьдардаг. Өрх тусгаарлаагүй.  Өөрт ногдох хөрөнгө байхгүй. Эрхэлсэн ажилгүй... гэх мэдүүлэг, гэрч Б.Түмээгийн...Эцэг эхийн хамт амьдардаг. Одоогоор ажил эрхлэхгүй байгаа. Тусдаа гараагүй тул өөрт ногдох хөрөнгө байхгүй... гэх мэдүүлгээр  тогтоогдсон болно.

Шүүгдэгч Т.Даваасүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх нь зүйтэй үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар  эрүүгийн 201721000081 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Даваасүрэнгийн бор өнгийн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурдав.

Шүүгдэгч Т.Даваасүрэн нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний  эзэмшлийн “Funai” маркийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хүчингүй  болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296,   297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Товсон овогт Түмээгийн Даваасүрэнг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Товсон овогт Түмээгийн Даваасүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жилийн  хугацаагаар хорих ял   шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Товсон овогт Түмээгийн Даваасүрэнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Товсон овогт Түмээгийн Даваасүрэнд оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Товсон овогт Түмээгийн Даваасүрэнгийн  эзэмшлийн “Funai”  маркийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 10-ны “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй  болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА