Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 02

 

Нэхэмжлэгч  М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г, А нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/0002/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, шүүгч С, Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М

Хариуцагч Г, өмгөөлөгч Ж нарыг  оролцуулан,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 157/ШШ2018/00170 дугаар шийдвэртэй, М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Г, А нарт холбогдох “газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагч Г, түүний өмгөөлөгч Ж, хариуцагч А-н давж заалдах гомдлоор 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А-н илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Г нь 2013 оны 5 дугаар сард манай эзэмшлийн газар дээр хууль бусаар байшин барьсан ба тус айлыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний зүгээс Г-г байшингаа буулгаж, газраа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Нэхэмжлэгч М-н хувьд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16-р хэсэгт 400 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай, амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болох нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 000421675 дугаар гэрчилгээгээр нотлогддог. Харин Г 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, А 2014 оны 12 дугаар сард газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус гаргуулж авсан. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын А/04 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Д.М-н эзэмшил газар дээр А, Г нарын газар давхцсан гэдэг нь нотлогддог. Иймд нэхэмжлэгч М-н Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 000421675 дугаар гэрчилгээтэй 400 метр квадрат талбай бүхий газрын 45.6 метр квадрат газрыг хариуцагч Г, А нараас чөлөөлж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд гаргасан  тайлбартаа: “Нэхэмжлэгч М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 000421675 дугаар бүхий гэрчилгээтэй 400 метр квадрат талбай бүхий газрын 45.6 метр квадрат газрыг хариуцагч Г-с чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр М-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэх захирамж гарч газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байхад 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Г-т, 2014 оны 12 дугаар сард  А-д тус газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгосон. Тус газар дээрх байшин хэний эзэмшлийнх гэдгийг нь нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. 2014 онд газрын маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоол гарахаас 3 хоногийн өмнө Г нь газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Уг газрыг мэдээллийн санд одоог хүртэл бүртгүүлээгүй шалтгаан нь 2003 оноос хойш газрын маргаан үүссэн явдал юм. 2003 оны 60 дугаартай Засаг даргын захирамжаар М-т тус  газрыг эзэмших эрх үүссэн. Хариуцагч А тус газрыг Б-с худалдан авсан гэж ярьдаг. Иймд тус газрыг хууль бус эзэмшигчээс чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г нь М-н эзэмшлийн газар дээр байшин бариагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М-н эзэмшлийн газар Гн газрын зүүн талд нь байдаг. Г нь сул байсан газрыг эзэмшиж авахаар тус сумын Засаг даргын Тамгын газарт 2013 оны 4 дүгээр сард хүсэлт гаргаж, зөвшөөрлийн дагуу 2013 оны 5 дугаар сард өөрийн эзэмшлийн газар дээр байшин барьсан. М-н эзэмшил газар нь Газрын албаны кадастрын нэгдсэн санд одоо болтол ороогүй, баталгаажаагүй байдаг. Г нь тус газрыг Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 344 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон бөгөөд энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. Мөн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 19/52 дугаар тогтоолоор Г-х гэдэг айлын баруун талын 362 метр квадрат газрыг хаусын зориулалтаар олгохоор болж 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтсон юм. М-н газартай давхардсан зүйл байхгүй. Г-г уг газрыг эзэмших эрхгүй, хууль бусаар авсан гэж үзвэл нэхэмжлэгч тал захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч тухайн үед зохих шатны байгууллага болон захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь 1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дүгээр хуудсанд авагдсан эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэн өгсөн акт дахь солбилцлын утга, нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг дахь солбилцлын утга бүхий газартай давхцуулсан хууль бус баримтыг үндэслэж гаргасан учир тус дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх боломжгүй юм. Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт хууль бусаар гарсан гэдэг нь гэрч Г, Э нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд М-н газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М-н нэхэмжлэлтэй Г-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар нэмж татагдсан бөгөөд тус хэрэг хамааралгүй гэдгээ илэрхийлж байна. 2014 оны 9 дүгээр сард хуучнаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16-ын А-102 тоот буюу одоогийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, С.Дампилын 3/306 тоот дахь 100 метр квадрат талбай бүхий 127.5 метр квадрат газрыг хамарсан амины орон сууцыг худалдан авахаар тохиролцож 127.5 метр квадрат эдэлбэр газрыг нэр дээрээ шилжүүлж, 488093 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авч өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Мөн газрын хаягийг сольсон бөгөөд тухайн үед аймгийн хэмжээнд бүх газрын хаягийг сольсон юм. Би нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй. 2014 оны 11 дүгээр сард М “миний худалдан авсан газар дээр амины орон сууцыг барьж, зарж борлуулсан” гэж Г-тай шүүхийн шатанд маргаан үүсгэсэнг иргэний хэргийн шүүхэд гэрчээр дуудагдан мэдүүлэг өгснөөр мэдсэн. Миний нэр дээр бүртгэлтэй байгаа газар иргэн М-т олгосон гэх газартай 42.03 метр квадрат талбайгаар давхардаж байгаа нь намайг гэм буруутайд тооцож шүүхэд хариуцагчаар татах, миний худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг буулгах, тус давхцлыг арилгах зорилгоор газрыг чөлөөлүүлэх зэрэг үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн иргэний хувьд миний эрх ашиг 4 жилийн хугацаанд хөндөгдсөөр ирсэн бөгөөд цаашид шүүхэд дуудагдах, хариуцагчаар татагдах зэрэг нь эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд тайгүй байдал үүсгэж байна. Би тус газрыг байшингийн нь хамт Б гэдэг хүнээс 2014 оны 9 дүгээр сард худалдаж авсан бөгөөд урьдчилгаа 24.000.000 төгрөгийг төлсөн. Газрын гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан. Энэ асуудлыг дуусахаар байшингийн бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна. Иймд нэхэмжлэгч М-н газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

             Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 170 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М-н Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 000421675 дугаар бүхий гэрчилгээтэй 400 метр квадрат газрыг чөлөөлөхийг хариуцагч Г, А нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг, хариуцагч А-аас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийн тус тус гаргуулж нэхэмжлэгч М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардал 386750 төгрөгийг хариуцагч Г, А нараас тус тус гаргуулж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн төсвийн дансанд, замын зардлын 28.180 төгрөгийн хариуцагч Г, А нараас тус тус гаргуулж Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

            Хариуцагч Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нь давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг буюу “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчиж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж чадаагүй хэт нэг талын өрөөсгөл баримтлалаар уг хэрэгт хандсан хэмээн үзэж байна. Нэгдүгээрт шүүхээс газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр уг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулж дүгнэлгүйгээр хэргийн бодит нөхцөл байдлыг үгүйсгэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл нотолгооны гол хэрэгсэл болгосон уг шинжээчийн дүгнэлтэд 2 асуултыг тусгасан байдаг бөгөөд нэг асуултад нь зохих ёсны хариулт дүгнэлтийг өгөөд хоёр дахь асуулт буюу кадастрын зураг хийх тухайд маргаан бүхий газарт иргэн М өөрийн эзэмшил газрыг харуулсан хашаа хайс бариагүй, нэгж талбайн эргэлтийн цэгийг газарт бэхэлж тэмдэгжүүлээгүй тул иргэн М-д олгосон гэх 400 метр талбайтай газарт геодезийн нарийвчилсан хэмжилт зураглал хийх боломжгүй байна гэсэн нь эргэлзээтэй байдлыг төрүүлж нотлох баримтын бүрэн шаардлагыг хангах нөхцөлгүй байхад шүүхээс зөвхөн нэг дэх хэсгийн асуултаар бүрэн хэмжээний дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй бөгөөд улмаар энэ нь дээр дурдсан хуулийн заалтыг илтэд зөрчсөн үндэслэл болно. Хоёрдугаарт шүүхээс энэхүү шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй буюу бүрэн бус хийсэн, шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй гэх нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр хариуцагч Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч А нар нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар хүсэлтийг гаргаагүй байна хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд уг дүгнэлт нь нэгэнт эргэлзээтэй хоёрдмол байр суурийг илэрхийлсэн нь тодорхой бөгөөд энэ нь манай талд ашигтайгаар дүгнэх боломжтой ба энэ заалтыг бид дахин тодруулах шаардлагагүй байхад эсрэгээр нь дүгнэж асуудлыг хэт нэг тал руу хэлбийлгээд энэ нөхцөл байдлаа хамгаалж тодорхойлоод байгааг бодитойгоор анхаарна уу. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М-ын эзэмшилд олгогдсон газрын байршил, хил зааг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд газрын хэмжээ, зааг, эргэлтийн цэгийг газарт бэхэлж тэмдэгжүүлж солбицолжуулсан мэдэгдэл /нэгж талбарын цэгүүдийг газарт бэхжүүлэх мэдэгдэл/ нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, газрын кадастрын зураг, газар эзэмших гэрээ, газрын байршил нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, газрын мэдээллийн санд тусгагдсан зэрэг баримтууд хэрэгт байхгүй болохыг харьцуулж дүгнэж чадаагүй байна. Гуравдугаарт шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэргийн 240 дүгээр хуудсанд авагдсан эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэн өгсөн акт болон хавтаст хэргийн 241 дүгээр хуудсанд авагдсан нэгж талбарын кадастрын зураг зэргийг үндэслэсэн байдаг ба эдгээр нотлох баримтууд нь хоёрдугаар хавтаст хэргийн 299, 304, 309 дүгээр хуудсанд авагдсан гэрч О-ын “2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргаж өгсөн газрын эргэлтийн цэг нь Г-н гаргаж өгсөн нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгт тулгуурласан учраас буруу” гэсэн мэдүүлэг, гэрч Б-н “манай байгууллагын хувьд сумаас гаргаж ирүүлсэн эргэлтийн цэгийг баталгаажуулах үүрэгтэй, гэтэл сумаас ирүүлсэн энэ баримт нь буруу, эхлэлийн цэгийг

буруу сонгосон байсан” гэх мэдүүлэг, улмаар сумын тамгын газрын даамал Г нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 8.5, 9.2, 9.3-т зааснаас үзэхэд нэгж талбарын хилд, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг үйлдэх эрх бүхий албан тушаалтан биш болохыг нотолсон баримт, энэ талаар актыг үйлдсэн сумын даамал хавтаст хэргийн 131 дүгээр хуудсанд гэрч Г-ийн “...газарт акт үйлдэх дайтай хэмжилт хийгдээгүй... актыг аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын алба гүйцэтгэх ёстой” гэх мэдүүлэг, мөн хавтаст хэргийн 135 дугаар хуудсанд авагдсан Газрын харилцаа хот байгуулалтын албаны мэргэжилтэн гэрч Э-н “... Г-н гаргасан акт албан ёсны баримт биш, Г-д ийм эрх байхгүй. Г нь мэдэгдэл өгөх эрхтэй” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар үгүйсгэгддэг болохыг анхаарна уу. Дөрөвдүгээрт энэхүү маргаан бүхий газрын асуудлын эх сурвалж нь төрийн албан хаагчийн хариуцлагагүй ажиллагаатай шууд холбоотой байдаг тул Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/305 тоот захирамжаар уг маргааныг шийдвэрлэх арга хэмжээг авч энэхүү захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч М-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захиргааны хэргийн шүүхэд хандсанаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт Г, М нарын хооронд газрын маргааныг үүсгэсэн гол үндэслэл болох иргэн М-н эзэмшил газарт хийгдсэн тухайн газрын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн актуудыг хүчингүй болгож улмаар иргэн М-н эзэмшил газрын нэгж талбарын эргэлтийн эхлэл цэгийг түүнд тухайн газрыг анх эзэмшүүлсэн шийдвэрийн дагуу буюу Сайншанд сумын Засаг даргын 2003 оны А/60 дугаартай захирамжид заасан хэмжээ байрлалыг үндэслэн тогтоох, ийнхүү тогтоосноор нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарцын асуудлыг давхар шийдвэрлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч М-н Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлэх, газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхийг сэргээх, мөн захиргаа өөрийн алдааг зөвтгөх зорилгоор гаргасан захиргааны акт гэж үзэхээр байна гэж заасан энэхүү хүчин төгөлдөр үйлчилж буй эрхийн акт болох нотлох баримтыг огт шинжлэн судалж нягталж анхаарч үзээгүй болно. Иймд энэхүү үндэслэлүүдээр уг хэргийг дахин хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 165.1.4 дэх хэсгийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч А давж заалдах гомдолдоо:А миний бие М-н нэхэмжлэлтэй, Г холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар нэмж татагдсан. 2014 оноос эхэлсэн тус маргаан нь сэтгэл санаа, эрүүл мэнд, материаллаг байдлын хувьд ихээхэн хохирол үзүүлж байгаа төдийгүй гэр бүлийн хүн маань элэгний өвчнөөр өвчилж нас эцэслэхэд тодорхой байдлаар нөлөөлсөн гэж үздэг. Учир нь 4 жилийн турш миний эзэмшлийн газар дээр ирж цэг тэмдэг хатгах, хэмжилт хийх, хууль бусаар байгаа тухай хэл ам тасрахгүй байсан нь өрхийн тэргүүний хувьд тайван бус байх шалтгаан болж байсан. Жирийн иргэний хувьд газар, түүнтэй холбоотой маргаан нь тус газар нутаг дахь шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж ойлгодог атал Говьсүмбэр, Бор-Өндөр гэх мэт аймаг, сум алгасаж сум дундын шүүхээр шийдвэрлэгдэж байгааг гайхаж байна. Шүүх хяналтын байгууллагын эрхэм шүүгчид энэ мэтээр чирэгдүүлж, иргэн миний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16 дугаар хэсэгт байрлах эзэмших эрх бүхий 40 метр квадрат талбай газрын 45.6 метр квадрат талбайд хариуцагч Г нь зөвшөөрөлгүй барилга барьсан тул тухайн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г нь тухайн газрын баруун талд байсан сул газар дээр барилга  барьсан, миний эзэмшлийн газар зохих зөвшөөрөлтэй, М-н газар эзэмших эрхийг зөрчөөгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татагдсан А тайлбартаа “би М-н газар дээр байшин бариагүй, уг газрыг байшингийн хамт 2014 оны 9 дүгээр сард худалдан авч гэрчилгээг нь зохих газраас гаргуулж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.

Анхан шатны шүүх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/04 шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ..

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 тушаалаар М-н нэхэмжлэлтэй, Г-д холбогдох иргэний хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах ажлын хэсгийг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй томилсон ба  шинжээч нарт эрх үүрэг танилцуулаагүй, мөн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд байгууллагын тэмдэг, хоёр шинжээчийн  гарын үсэг зурагдаагүй байна. /3хх-н  84, 113-116х/

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т  “шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “...шинжээчид шинжилгээ хийлгэх тухай захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж гарын үсэг зуруулна”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-т “шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна” гэсний дагуу Газар зохион байгуулалт,геодези,зураг зүйн газар дээрх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан шинжээчийн дүгнэлтийг ирүүлээгүй байна.

          Газар зохион байгуулалт,геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 сарын 03 ны өдрийн А/04 шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасан “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” юм.

Анхан шатны шүүх  нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэрэг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэрт заах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан заалтуудыг зөрчжээ.

Нэхэмжлэгч М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А-н хүсэлтээр А-г хариуцагчаар нэмж татаж түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулсан / 4хх-н 7х/ байх бөгөөд нэхэмжлэгч М-с хариуцагч А-д холбогдуулан ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тодорхойгүй, гардуулсан нэхэмжлэлийн 1 хувь, мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын 2013 оны 05 сарын 29 ний өдрийн А/172 дугаар захирамж зэрэг нь хэрэгт авагдаагүйг шүүх анхаараагүй байна.

Иймд хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр

сарын 20 ны өдрийн 157/ШШ2018/00170 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3

д зааснаар хариуцагч Г, Б нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  35100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн

172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А

                                     ШҮҮГЧИД                                           С

                                                                                                    Б