| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2021/00581/И |
| Дугаар | 132/ШШ2022/00234 |
| Огноо | 2022-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2022/00234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******ын -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, *******гээс 4,500,000 /Дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00581/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч*******,
Хариуцагчийн өмгөөлөгч*******,
Гэрч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь*******д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
2020 оны 8 дугаар сарын эхээр*******тэй уулзаад 8,000,000 төгрөгөөр өвөлжөөг нь авахаар тохирсон. Урьдчилгаа болгож 4,000,000 төгрөг өгсөн чинь хадлангаа хадаж авч болно гэхээр нь өвөлжөө тойрсон өвсийг нь хадаж авсан. Өвс хадаж авсны дараа өвөлжөөгөө зарахаа болилоо гэж надад хэлэлгүй манай хүргэнд хэлсэн байсан. Тэгээд үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөх гэтэл наймаа тохирохоо больсон гээд мөнгөө аваагүй. Энэ жилдээ өвөлжөөнд өвөлж гэж хэлсэн болохоор 12 дугаар сар хүртэл өвөлжөөнд нь байж байтал цөөхөн хэдэн хонь, үхрийг маань хашуулахгүй байсан. Манай хүргэн буриадын хороонд өвөлжөөтэй учир манайх очиж өвөлжсөн. Тэгээд нэгэнт наймаа буцсан гэж хэлсэн учир мөнгөө авъя гээд хэд хэдэн удаагийн гэрт нь очсон боловч гэртээ байхгүй байгаад байдаг. Гар утас руу нь залгахаар утсаа огт авдаггүй. Мөнгөө авъя гэж хэлэхээр өөрсдөө өвс олигтой хадаж аваагүй худалдаж авсан гээд өөрийнхөө малд идүүлсэн энэ тэндээс өвс авсан гэж хэлээд надаар тэр мөнгөө төлүүлэх гээд яриад байх шиг байсан. Яагаад гэвэл чи манай өвөлжөөний өвсийг хадсан учир чамд мөнгө өгөх шаардлага байхгүй гэсэн хариу өгөөд байдаг. Би өөрийнхөө өгсөн мөнгийг тоо ёсоор нь авахаар нэхэмжлэл гаргасан.
... 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанаас хойш надад 11 дүгээр сарын дундуур 700,000 төгрөг өгсөн. 4,000,000 төгрөг нэхэмжилж байгаагаас надад өгсөн 700,000 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагаа 3,300,000 төгрөг болгож багасгаж, нэхэмжилж байна гэв.
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 8 дугаар сарын дундуур *******тэй өвөлжөөний наймаа хийж 4,000,000 төгрөг авсан. Үлдсэн мөнгөндөө эрлийз туранхай үнээ 2,300,000 төгрөгөөр бодож өгнө гэсэн боловч аваагүй. Улмаар 12 дугаар сард наймаа буцсан. Манай өвөлжөөн дээрээс 18 портер өвс хураан авсан байсан. Би*******гийн даваан дээрээс 2 портер өвс худалдан авч буулгасан. 200 боодол өвс портероор 3 удаа буулгасан. Ингэт толгой сангийн аж ахуйгаас буулгасан. Энэхүү өвс нь тээврийн зардалтайгаа нийт 1,400,000 төгрөгөөр ирсэн бөгөөд 2 портер өвс нь зардалтайгаа нийлээд 600,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг болсон. Хавар ирж хаваржаад өвөлжөө хашаагаа цэвэрлээд үлдэгдэл тооцоогоо хийгээрэй гэсэн боловч ирээгүй, цэвэрлээгүй.тэй уулзах гэж 3 дугаар сарын 7-ны өдөр хоёр удаа очсон. 3 дугаар сард би 100 боодол өвс 1,000,000 төгрөгөөр авсан. Үлдсэн 1,000,000 төгрөгөөс өвөлжөөгөө хүнээр цэвэрлүүлж зөөлгөсөн. 1,300,000 төгрөг өгчих тохиръё гэж хэлсэн. Би 700,000 төгрөг өгсөн. Одоо 600,000 төгрөг өгч болно гэв.
Хариуцагч*******гээс нэхэмжлэгч *******д холбогдуулан 18 портер өвсний үнэ 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.******* миний бие *******д 2020 оны 8 дугаар сард өвөлжөөгөө 8,000,000 төгрөгөөр зарахаар болж, 4,000,000 төгрөгийг 8 сард аваад үлдэх 4,000,000 төгрөгийг 10 сард авахаар тохиролцсон. Ингээд өвөлжөө орчмын хадлангийн газраасг өвс хадаж авахыг зөвшөөрсний дагуу тэднийх тухайн газраас 18 портер өвс бэлтгэж, буриадын хороонд байх өөрийн өвөлжөөндөө татан авсан. Гэтэл нь үлдэгдэл мөнгөө 12 сар хүртэл өгөөгүй тул наймаа хийхээ болъё гэхэд мөнгөө буцаан авъя гэхээр нь би өгсөн мөнгөнөөс чинь 2,000,000 төгрөгөөр өвс худалдан авснаа хэлээд хавар ирж хашаа хороогоо цэвэрлээд тооцоогоо дуусгая гэж хэлсэн. Энэ айл хавар ирж хашаагаа цэвэрлээгүй би хүн хөлсөлж, цэвэрлүүлсэн мөн нэмж өвс авснаа хэлэхэд 1,300,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би 700,000 төгрөг өгсөн. Тухайн үед өвөлжөөний мөнгөө бүрэн авсан бол би өвөлжөөг хүлээлгэн өгөөд өөр өвстэй газар өвөлжиж өвс худалдаж авахгүй байсан.
Цэцгээгийн манай өвөлжөөний орчмоос бэлтгэсэн 18 портер өвсийг тус бүрийг 250,000 төгрөгөөр үнэлэн нийт 4,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Хариуцагч 2020 оны 11 дүгээр сард өвөлжөөний наймаа буцлаа гэсэн. Хариуцагч 18 портер өвс авсан гэж байна. 18 портер өвс аваагүй 13 портер өвс авсан. 10 портер өвс буриадын хороонд буулгасан. Үлдсэн 3 портер өвсөөр 2 саравчийг нь битүүлсэн. 10 портер өвсийг нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр бодож 1,000,000 төгрөгийг хариуцагчид өгье гэсэн тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нотлох баримтаар *******гийн депозит дансны хуулга 3 хуудас гаргаж өгсөн.
Хариуцагч шүүхэд хүсэлт гаргаж, гэрч Х. Бадмаабазар, С. Цэрэнлхүндэв, С. Алтангэрэл нараас мэдүүлэг авахуулж, Б. Гансүхийг шүүх хуралдаанд оролцуулсан байна.
Гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:
*******, нарыг өвөлжөөний наймаа хэрхэн хийсэн талаар мэдэхгүй наймаа хийхэд байгаагүй. Өвөлжөөний наймаагаа******* нь *******д 1,300,000 төгрөг өгөөд наймаа буцсан болж тохиръё гэж ******* эхэлж хэлээд тэр 2 миний хажууд ярилцсан. Тэгтэл ярилцаж тохиролцож байхдаа******* миний зүгээс 1,300,000 төгрөг биш 700,000 төгрөгийг өгнө, 1,300,000 төгрөгийг өгөхгүй гэсэн. Яг хэдэн төгрөгөөр тохиролцсоныг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хоорондоо тохиролцсон гээд тухайн ярилцсан үеэс 30 минутаас 1 цагийн дараа*******д *******гийн дансыг миний бие аваачиж өгсөн гэжээ.
Гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:
... *******, нарыг өвөлжөөний наймааг 2020 оны 08 сард хийхэд миний бие хамт байлцсан. Тэд 8 сая төгрөгөөр өвөлжөөгөө зарахаар тохиролцож, 4 сая төгрөгийг тэр үед өгсөн гэсэн. Өвөлжөөний наймаа хийгдсэн гээд худалдаж авсан айл нь өвөлжөөндөө 10 сарын сүүлээр бууж өвөлжөөндөө сар болсон. Тэгтэл өвөлжөөгөө зарахаа болилоо наймаа буцъя гээд *******гийнх буцаж Буриадын хороонд нүүж ирсэн. 2019 оны өвөл өвс хэрхэн хаанаас бэлтгэсэн эсэх талаар сайн мэдэхгүй байна. 2 портер машин харласан өвс авчирч өвөлжөөний дээвэр дээрээ нэгийг тавьж нөгөөг нь өвөлжөөндөө буулгасан. Өвөлжөөний орчмоос хадсан халгайг саравчин дээрээ тавьсан.гийн өвөлжөөг нь тойруулж 13 портер өвс авсан гэж бодож байна. Яг хэдэн портер өвс авсныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед портер өвс 100,000 /нэг зуун мянга/ төгрөг гэж байсан. ... Өвөлжөөний наймаа хийсэн тул өвөлжөөний орчмын өвсөө хадаж авсан. Өвс хадсаны дараа өвөлжөөний наймаа буцлаа гэсэн гэжээ.
Гэрч******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:
*******, нар өвөлжөөний наймаа хийсэн, хэрхэн тохирсон талаар мэдэхгүй байна. ... Би өвс бэлтгэх ажлыг өөрөө биечилж хийсэн /наймаа хийсэн өвөлжөөний орчимд/. Тэр хавиас 13 портер өвс авсан. ... Өвөлжөөний үхрийн саравчны дээврийг би өөрийн хадсан өвсөөр өөрөө буулгаж бүтээсэн. Нөгөө саравчийг гуай өөрийн буулгасан 2 портер өвсөөр хучсан байсан. Өвөлжөөнд 2020 оны 12 сард буюу малын тоо хүртэл байж байгаад гуай мал хашуулахгүй байсан тул Буриадын хороо руу нүүсэн. Бэлтгэсэн 13 портер өвсийг 8,9 сард бэлтгэсэн, өвсний хашаа өвөлжөөнд байхгүй байсан тул Буриадын хороо руу өвсөө татсан, өвөлжөөг цэвэрлэх талаар тэд хэрхэн тохиролцсон талаар мэдэхгүй байна гэжээ.
Гэрч******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед өвсний үнэ янз бүр байсан.*******г нэг портер өвсийг 200,000 төгрөгөнд бодоод 10 гаран портер өвс ав гэж хэлж байсан. Хадлангийн газар дээрээ нэг портер өвс 150,000 төгрөг байсан байх. Би өвс зардаг хүн биш. Өөрийнхөө хадланг хадаж, хувиараа хэдэн малтай өвс бэлтгэхэд зардал их гардаг учир ашиг хонжоо харалгүй зардлаа л ганц нэг портер өвс зарж олдог гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч*******гээс 3,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, *******гээс 1,950,000 төгрөгийг гаргуулж,*******д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Нэхэмжлэгч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч*******гийн өвөлжөөг 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 4,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэх 4,000,000 төгрөгийг өгье гэтэл******* өвөлжөөгөө зарахаа болилоо, наймаа буцлаа гэсэн тул хариуцагчид өгсөн 4,000,000 төгрөгөө буцаан шаардаж байна. Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 700,000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 3,300,000 төгрөг болгон багасгаж байна гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дараах үндэслэлээр үгүйсгэж байна.
2020 оны 8 дугаар сарын дундуур *******тэй өвөлжөөний наймаа хийж 4,000,000 төгрөг авсан. Үлдсэн мөнгөндөө эрлийз туранхай үнээ 2,300,000 төгрөгөөр бодож өгнө гэсэн боловч аваагүй. Улмаар 12 дугаар сард наймаа буцсан. ... би өгсөн мөнгөнөөс чинь 2,000,000 төгрөгөөр өвс худалдан авснаа хэлээд хавар ирж хашаа хороогоо цэвэрлээд тооцоогоо дуусгая гэж хэлсэн. Энэ айл хавар ирж хашаагаа цэвэрлээгүй би хүн хөлсөлж, цэвэрлүүлсэн мөн нэмж өвс авснаа хэлэхэд 1,300,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би 700,000 төгрөг өгсөн. 600,000 төгрөг өгөх боломжтой үүнээс илүү мөнгө өгөх боломжгүй гэв.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Т. миний бие *******д 2020 оны 8 дугаар сард өвөлжөөгөө 8,000,000 төгрөгөөр зарахаар болж, 4,000,000 төгрөгийг 8 сард аваад үлдэх 4,000,000 төгрөгийг 10 сард авахаар тохиролцсон. Ингээд өвөлжөө орчмын хадлангийн газраасг өвс хадаж авахыг зөвшөөрсний дагуу тэднийх тухайн газраас 18 портер өвс бэлтгэж, буриадын хороонд байх өөрийн өвөлжөөндөө татан авсан. Бидний хооронд тохиролцсон наймаа буцсан тул 18 портер өвсний үнэ нэг бүрийг 250,000 төгрөгөөр бодож 4,500,000 төгрөг гаргуулна гэв.
Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хийсэн. Манайх хариуцагчийн өвөлжөө орчмын газраас 18 портер өвс аваагүй, 13 портер өвс авсан. 3 портер өвсийг хариуцагчийн хашааны саравчийг битүүлсэн. 10 портер өвсийг буриадын хороонд буулгасан тул нэг портер өвсийг 100,000 төгрөгөөр бодож 1,000,000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хасч хариуцагчаас 2,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2020 оны 8 дугаар сард худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд худалдагч тал болох хариуцагч******* нь 2020 оны сүүлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан байна.
Зохигч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан мөн нэхэмжлэгч *******гээс хариуцагч******* нь 4,000,000 төгрөг авсан талаар маргаагүй. Харин 4,000,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өвөлжөө орчмын газраас 18 портер өвс хадаж авсны улмаас хариуцагч худалдааны өвс авч, малаа тэжээсэн тул нэхэмжлэгчид 600,000 төгрөг өгөх боломжтой өөр мөнгө өгөх ёсгүй гэж хариуцагч маргадаг.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэжээ.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдагч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тул худалдан авагч болох ******* нь худалдагч тал болох*******д өвөлжөөг нь буцаан өгсөн тул*******д өгсөн 4,000,000 төгрөгөө шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч******* нь нэхэмжлэгчид 700,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч хариуцагчаас 700,000 авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 3,300,000 төгрөг болгож багасгасан тул хариуцагчаас 3,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч нэхэмжлэгчээс 18 портер өвсний үнэ 4,500,000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч 18 портер өвс аваагүй 13 портер өвс авснаас 3 портер өвсөөр 2 саравч битүүлсэн тул 10 портер өвсний үнэ 1,000,000 өгөх боломжтой гэж маргадаг.
Хариуцагч нэхэмжлэгчийг 18 портер өвс бэлтгэж, авсан болохыг нотлох баримтаар нотлоогүй. Харин нэхэмжлэгч 13 портер өвс бэлтгэж авсан болох нь хариуцагчийн хүсэлтээр мэдүүлэг авсан гэрч,******* нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 3 портер өвсөөр хариуцагчийн өвөлжөөний 2 саравчийг битүүлсэн гэх боловч энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч *******гээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар 13 портер өвсний үнийг гаргуулах нь зүйтэй байна.
1 портер өвсний үнийг нэхэмжлэгч 100,000 төгрөг, хариуцагч 250,000 төгрөг гэж маргадаг. Хариуцагчийн хүсэлтээр гэрч*******ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахад нэг портер өвсний үнийг 150.000 төгрөг гэж мэдүүлсэн тул шүүх нэг портер өвсний үнийг 150,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Учир нь гэрч******* нь тухайн үед өөрийн хэрэгцээнээс илүү гарсан өвсөө бусдад худалдан борлуулж байсан гэх тул тухайн үеийн өвсний зах зээлийн ханшийг зөв тодорхойлох боломжтой юм.
Иймд *******гээс /13*150,000 төгрөг/ 1,950,000 төгрөгийг гаргуулж,*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 78,950 /далан дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөг, хариуцагчийн 86.950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж,*******гээс 67,750 /жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж *******д, *******гээс 46,150 /дөчин дззургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж,*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д зааснаар хариуцагч*******гээс 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, *******гээс 1,950,000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж,*******д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 78,950 /далан дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөг, хариуцагчийн 86.950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж,*******гээс 67,750 /жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж *******д, *******гээс 46,150 /дөчин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР