Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00088

 

 

 

 

 

 

 

 

 2022 оны 01 сарын 07 өдөр                         Дугаар 183/ШШ2022/00088                      Улаанбаатар хот

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 82 тоот оршин суух, Ө овогт Р.П/РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х  дүүрэг, 22 тоот оршин суух, З овогт М.М /РД:0000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.П нь хариуцагч М.М холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Р.П миний бие Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 58.84 мкв талбайтай 2 өрөө орон сууцаа М.Мхудалдахаар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр дараах зүйлсийг харилцан тохиролцсон. Үүнд: 2.1-т Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 90 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. .2.2-т Төлбөр төлөх нөхцөл: Гэрээний төлбөрийн урьдчилгаа 30 хувийг худалдагч талын Хаан банкны 5126 тоот дансанд төлнө, үлдэгдэл 70 хувийг Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн санхүүжилтээр төлнө. 2.3-т Төлбөр төлөх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тохиролцсон. Гэрээний 2.1-2.3-т заасны дагуу М.М нь орон сууцны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа болно. Гэрээний үүргээ биелүүлэх, орон сууцны төлбөр төлөхийг М.М удаа дараа мэдэгдэж байсан  ч хариу арга хэмжээ аваагүй, төлбөр төлөхөө илэрхийлээгүй билээ.

Иймд М.М-той 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, М.М-ийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22 тоот хаягт байрлах 58.84 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.М хариу тайлбартаа: М.М миний бие Р.П-ийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд шүүх хурлын товыг гаргаж шүүх хурлаар хэлэлцүүлж өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Р.П-ээс Э.Э-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн 22 тоот хаягт байршилтай 58.84 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484699 дугаартай гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн “Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” албан бичиг гэсэн баримтуудыг /хэргийн 4-6, 15-17-р хуудас/,

хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хариу тайлбар, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр М.М-оос Б.Б-д олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг /хэргийн 12, 22-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч М.М холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, худалдан авсан орон сууцны үнийг төлөөгүй тул 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээнээс татгалзаж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22 тоот хаягт байрлах 58.84 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Р.П нь хариуцагч М.М-той 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Р.П нь Хан-Уул дүүрэг, 22 тоот хаягт байрлах 58.84 мкв талбай 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч М.М-ийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч М.М нь хэлэлцэн тохиролцсон үнэ болох 90 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хэргийн 6-р хуудас/

Талуудын маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардсан, энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

            Худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000484699 тоот гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь орон сууцны үнэ болох 90 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

            Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээний 2.2-д “гэрээний төлбөрийн урьдчилгаа 30 хувийг худалдагч талын Хаан банкны 5126 тоот дансанд төлөхөөр. Үлдэгдэл 70 хувийг Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн санхүүжилтээр” 2.3-т “төлбөр төлөх хугацаа 2016 оны 06 дугаар сарын 24-нд төлнө” гэж харилцан тохиролцжээ.

            Гэвч хариуцагч нь гэрээнд зааснаар орон сууцны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах шаардлагыг гаргасан бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэжээ.

            Иймд хариуцагч нь орон сууцны үнийг төлөөгүй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж үзэв. 

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч М.М-оос гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 2 тоот хаягт байшилтай, 58,84 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг буцаан гаргуулж, өмчлөх эрхийг нэхэмжлэгч Р.П-т шилжүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 678 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар  2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, хариуцагч М.М-оос гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 22 тоот хаягт байшилтай, 58,84 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг буцаан гаргуулж, өмчлөх эрхийг нэхэмжлэгч Р.П-т шилжүүлэхийг даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 678 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.П-т олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН