Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2022/00034/И |
Дугаар | 183/ШШ2022/00272 |
Огноо | 2022-02-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2022/00272
2022 оны 02 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2022/00272 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч дүүрэг, өөрийн байранд байрлах, Г ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 32 тоотод оршин суух, М овогт Б.Г /РД:0000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 22 616 041.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Хариуцагч Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 616 041.84 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Г ХХК-тай ЗГ/290939435 тоот зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, төгрөгийн эрхтэй кредит картыг 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь ЗГ/290939435 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дууссан боловч эргэн төлөлт хийлгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 23 сар хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11 235 410 төгрөг, үндсэн хүүний төлбөр 7 631 513.13 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2 014 194.23 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1 734 924.48 төгрөг, нийт 22 616 041.84 төгрөг байх тул зээлдэгч Б.Г-оос Г ХХК-тай байгуулсан ЗГ/290939435 дугаарт зээлийн картын гэрээний үүрэгт 22 616 041.84 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч Б.Г хариу тайлбартаа: Г ХХК-иас нэхэмжлэл гаргуулж байгаад харамсаж байна. Тухайн үед гадаад улстай холбоотой ажил хийдэг байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас хойш компанийн хэвийн үйл ажиллагаа тасалдсан. 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Г ХХК-иас зээлийн эрхтэй карт аваад ашиглаж байгаад 2019 оны 10 дугаар сард 10 000 000 төгрөгийг бүрэн зарлагдсан. 2019 оны 11 дүгээр сард нэмэлт мөнгө 1 250 000 төгрөгийг авсан. 2020 оны 01 дүгээр сараас хил хаагдсаны улмаас ямар ч төлөлт хийж чадаагүй. Нэхэмжлэгчтэй холбоо барьсан зээл авсан талаар маргаан байхгүй, 9 сарын хугацааг хүлээн зөвшөөрч байгаа, хүү, алдангийн хувьд тохиролцоогүй. Үндсэн зээлийн хэмжээний тавин хувьтай тэнцэх тохиолдолд хүү, алдангийг зогсоно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс Г ХХК-ийн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаар Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18102/2537 тоот итгэмжлэл, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх Б.Г-ийн Зээлийн картын тооцооллын хүснэгт, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/290939435 дугаар Кредит картын гэрээ гэсэн баримтуудыг /хэргийн 2-3, 5-11-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Б.Г-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 22 616 041.84 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 20 881 117 төгрөгийг хангаж, үлдэх 1 734 924.84 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Г-ийг кредит картын гэрээгээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 11 235 410 төгрөг, хүү 7 631 513.13 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2 014 194.23 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1 734 924.48 төгрөг, нийт 22 616 041.84 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэгч ГХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 11 235 410 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийн хэмжээ нь үндсэн зээлийн тавин хувьтай тэнцэх тохиолдолд хуулинд зааснаар зогсох ёстой, мөн цар тахалын улмаас төлөх боломжгүй байхад хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Г-той 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/290939435 тоот Кредит картын гэрээ байгуулж, төгрөгийн эрхтэй кредит картыг 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй байгуулсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 8-11-р хуудас/
Талуудын маргааны зүйл нь зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар байх бөгөөд кредит картын гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авч, ашигласан талаараа маргаагүй байна.
Зохигч талууд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №ЗГ/290939435 дугаартай кредит картын гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Г ХХКнь 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг хариуцагч Б.Г-т шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/290939435 тоот Кредит картын гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 11 235 410 төгрөг, үндсэн хүүний төлбөр 7 631 513.13 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2 014 194.23 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1 734 924.48 төгрөг, нийт 22 616 041.84 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн картын тооцооллын талаар маргаагүй бөгөөд хүү, алдангийн хэмжээ нь үндсэн зээлийн хэмжээний тавь хувьтай тэнцэх тохиолдолд зогсоох ёстой хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, улс орон даяар цар тахал гарсантай холбогдуулан хил хаагдсаны улмаас төлөх боломжгүй байсан, хүү, алдангийг зогсоох ёстой байхад зогсоогоогүй гэж маргасан.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн кредит картын гэрээний хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан кредит картын гэрээний 2.1, 3.5, 3.7.1, 3.7.2, 3.7.3, 3.7.4, 3.9-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь хүү, алданги хуульд зааснаар үндсэн зээлийн 50 хувьд хүрсэн тохиолдолд зогсоох ёстой гэж маргасан боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг ашигласан хугацааны хүүг, гэрээнд заасан буюу хуульд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн, алданги гэж нэхэмжлээгүй.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох Г ХХК-тэй кредит картын гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг хэрэглэх боломжгүй, зээлийг ашигласан хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй болно.
Хариуцагч нь улс орон даяар үүссэн цар тахалтай холбоотойгоор 2020 оны 01 сараас ажил үйлчилгээ зогсонги байдалд орсон, хил хаагдсаны улмаас төлбөр хийх боломжгүй байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээ болон сунгалтад хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбогдуулан өөрчлөлт оруулах талаар хүсэлт, санал гаргаж байсан талаараа баримтаар нотлоогүй.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 11 235 410 төгрөг, хүү 7 631 513 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 014 194 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 734 924 төгрөг нэхэмжилснийг эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 1 734 924 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь талуудын байгуулсан кредит картын гэрээний дагуу зээлийн эрх болох 10 000 000 төгрөгийг хариуцагч нь ашигласан боловч гэрээнд заасан хугацаандаа төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байхад дахин зээл олгосон, нэхэмжлэгч нь гэрээний 4.3.3, 6.1.2-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хариуцагчаас зээлийн эрх хэтрүүлсний хүүний төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
Иймд хариуцагч Б.Гоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11 235 410 төгрөг, үндсэн хүүний төлбөр 7 631 513.13 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2 014 194.23 төгрөг, нийт 20 881 117 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-оос 262 356 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Г-оос зээлийн гэрээний үүрэгт 20 881 117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 734 924.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 031 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 262 356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН