| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/00303/и |
| Дугаар | 182/ШШ2022/01245 |
| Огноо | 2022-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2022/01245
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: хаягт байрлах У ХК /регистрийн дугаар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, З ХХК /регистрийн дугаар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 19,200,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Пүрэвцэрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгчТ.Анхцэцэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У ХК нь хариуцагч З ХХК-д холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн BUK2020/82 дугаартай Бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх тухай гэрээний үүрэгт 12,800,000 төгрөг, алданги 6,400,000 төгрөг нийт 19,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
1.Нэхэмжлэгч У ХК шүүхэд болон төлөөлөгч Д.Пүрэвцэрэн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: З ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр BUK2020/82 дугаартай Бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 126,320,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар тохиролцсон. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 42,900,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг З ХХК-д холбогдох баримтын дагуу хүлээлгэн өгч 31,100,000 төгрөгийг манай компанийн дансанд төлсөн байна. Үлдэгдэл төлбөр болох 12,800,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т “Захиалагч бүтээгдэхүүний төлбөрийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг хоног тутамд тооцож бэлтгэн нийлүүлэгчид төлнө” гэж заасан. Уг заалтаар алданги 50 хувь байхаар тооцож 6,400,000 төгрөгийн алданги тооцсон. Иймд З ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 12,800,000 төгрөг, алданги 6,400,000 төгрөг нийт 19,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч З ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: У ХК нь манай компанид боржуур нийлүүлсэн ба тухайн барааны үнийг удахгүй төлөх тул алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан BUK2020/82 дугаартай Бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ, Зарлагын баримт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/-ууд, Мэдэгдэл, Төлбөрийн баримт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/-ууд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг, Хариуцагчаас хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З ХХК-ийн дүрэм, Итгэмжлэл зэргийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч У ХК нь хариуцагч З ХХК-д холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр BUK2020/82 дугаар Бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх тухай гэрээний үүрэгт 12,800,000 төгрөг, алданги 6,400,000 төгрөг нийт 19,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар төлбөрөө шаардах эрхтэй гэж тайлбарлав.
2.Хариуцагч З ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нийлүүлсэн барааны үнийг удахгүй төлөх тул алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбар гаргажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн BUK2020/82 дугаар Бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ, Зарлагын баримтууд, Мэдэгдэл, Төлбөрийн баримтууд, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч У ХК болон хариуцагч З ХХК-ийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр BUK2020/82 дугаар Бетон эдлэл бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээний 2.1-т “Бэлтгэн нийлүүлэгч нь Захиалагчийн гүйцэтгэх Баянзүрх дүүргийн 24 хороо Дарь-Эх хэсгийн 3 км авто замын төсөлд хэрэглэх Замын хашлага, Замын хашлага /баруун налуу/, Замын хашлага /зүүн налуу/, Замын хашлага /намхан/, Замын хашлага /L хэлбэрийн/ нийт 126,320,000 төгрөгийн бараа материал нийлүүлэх” гэж, гэрээний 6.3-т “Бэлтгэн нийлүүлэгч нь энэхүү гэрээний хугацаанд бүтээгдэхүүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийлүүлж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн нийлүүлэх үүрэгтэй бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги хоног тутамд захиалагчид төлөх”-өөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5.Хариуцагч З ХХК нь боржуур нийлүүлсэн тухайд болон гэрээний үлдэгдэл төлбөрийн тооцоололд маргаагүй бөгөөд алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан атлаа үндэслэлээ огт заагаагүй, татгалзлаа нотлох баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
6.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэг 12,800,000 төгрөгт алданги тооцож, алдангид 6,400,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
7.Хариуцагч З ХХК-иас бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 12,800,000 төгрөг, алданги 6,400,000 төгрөг нийт 19,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХК-д олгох үндэстэй.
8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 253,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас 19,200,000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 253,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ