| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03296/И |
| Дугаар | 183/ШЗ2022/00604 |
| Огноо | 2022-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 183/ШЗ2022/00604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 110 тоотод оршин суух Н овогт Ш.Д /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 52 тоотод оршин суух, М овогт Ц.У /РД:0000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Б,
Хариуцагчийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Ц.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Ш.Д миний бие хариуцагч Ц.У-ийн хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 60 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүү төлөхөөр 2 сарын хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээ хийж хуулийн дагуу нотариатаар батлуулан түүнд С.Т-ын 3 жилийн хугацаатай зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийн дагуу Х дүүргийн 7 тоот аялал жуучлалын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийг хийж тухайн өдөр зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн болно. Зээлдэгч Ц.У нь зээлийн гэрээний дагуу зээл түүний хүүг одоо болтол төлөөгүй гэрээний дагуу шаардлагыг удаа дараа тавихад шүүхэд өг гэдэг хариу өгдөг болсон.
Тиймээс хариуцагч Ц.У-с зээлийн төлбөр 60 000 000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу алданги 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч Ц.У нэхэмжлэлийн шаардлага 90 000 000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу Х дүүргийн 7 тоот хаягт байрлах 145,28 м.кв барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ш.Д-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч Ц.У иргэн Ш.Д-оос 60 000 000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2 сарын хүүний төлбөр 12 000 000 төгрөгийг төлж барагдуулсан нь дансны хуулгаар нотлогдож байна.
Гэрээнд заасан 2 сарын хугацааг хэтрүүлэлгүйгээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн.
Гэрээний 3.7-д заасан алдангийн хэмжээ хэт өндөр байгаа бөгөөд уг гэрээний 4 дүгээр зүйлийн 2-т зээлдэгчийн эд хөрөнгийн болон санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй гэж заасан, уг эрхийнхээ дагуу гэрээний хугацаа дуусахаас өмнө эд хөрөнгөө буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтын дагуу анзын хэмжээг багасгах боломжтой гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Т нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ц.У-т 7 тоот 145,28 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл хийж өгсөн нь үнэн, энэ талаар маргахгүй. Гэхдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс Б дүүргийн тодорхойлолт, Ш.Д-ийн Хаан банк ХХК-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Барьцааны гэрээ, Ш.Д, Ц.У нарын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000799003 дугаартай гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2021/11527 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн хуудас/,
хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б.М-д олгосон итгэмжлэл, Ц.У-ийн Хаан банк ХХК-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн хуудас/,
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.М-д олгосон итгэмжлэл /хэргийн хуудас/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Ц.У-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 80 000 000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.У-ийг зээлийн гэрээний үүргийг зөрчиж, үндсэн зээл 60 000 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул үндсэн зээл 60 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 30 000 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
Хариуцагч нь алдангийн хэмжээ нь хэт өндөр байгаа учраас алдангийг төлөх боломжгүй, эдийн засгийн хямрал, санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой зээлийг буцаан төлөх чадваргүй болсон байхад нэхэмжлэгч зээлийг нэн даруй буцаан шаардаагүй гэж үгүйсгэсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжтой байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.Д хариуцагч Ц.У нар нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 7-р хуудас/
Мөн зохигч талууд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээгээр зээлийн барьцаанд С.Т-ын өмчлөлийн Х дүүргийн 7 тоот 145,28 м.кв талбайтай, Ү-220 дугаарт бүртгэлтэй аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 8-9-р хуудас/
Талуудын маргааны зүйл нь үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөөгүй бөгөөд мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийг ашигласан хугацааны хүүг төлсөн, барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй байна.
Зохигч талууд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчид 60 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь уг 60 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан, хэн аль нь уг гэрээг байгуулсан эсэх талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.
Èðãýíèé õóóëèéí 281 ä¿ãýýð ç¿éëèéí 281.1-ä “çýýëèéí ãýðýýãýýð зýýëäýã÷ íü çýýëä¿¿ëýã÷èéí ºì÷ëºëä ìºíãèéã øèëæ¿¿ëýõ, çýýëäýã÷ íü ìºíãèéã òîõèðñîí õóãàöààíä áóöààí òºëºõ ¿¿ðãèéã òóñ òóñ õ¿ëýýнэ” гэж çààжээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь тохирсон хугацаандаа мөнгөө буцааж төлөөгүй тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нь зээлсэн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй болно.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.
Зохигчийн байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд зээлийг ашигласны хүү болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зээлийг ашигласны хүүг төлсөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул хариуцагч Ц.У-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60 000 000 төгрөг, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг /60 000 000+30 000 000=90 000 000/ гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь алданги хэт өндөр байгаа тул төлөх боломжгүй гэсэн боловч талууд зээлийн гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж харилцан тохиролцсон, гэрээнд зааснаар алдангийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл тооцоход 38 700 000 /300 000х129х=38 700 000/ төгрөг байхад нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар 60 000 000 төгрөгний 50 хувиар тооцож нэхэмжилсэн байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан анзын хэмжээ илт их гэж багасгах боломжгүй байна.
Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 80 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэж тайлбарласан, хариуцагч нь улс орон даяар үүссэн хорио дэглэмийн улмаас үйл ажиллагаа явуулах, ажил хийхэд хүндрэлтэй байсны улмаас зээлээ төлөх боломжгүй байсан гэсэн тул зохигч талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 80 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.Д-той байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.
Зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Түмэнбаярын өмчлөлд байгаа болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ц.У-т өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавиулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч итгэмжлэл олгосон талаар маргаагүй болно.
Иймд зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмчлөлийн Нийслэлийн Х дүүргийн 7 тоот хаягт байршилтай 145,28 м.кв талбайтай, Ү-2206021841 дугаарт бүртгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 535 төгрөгийг /144 585+457 950/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.У-ээс 557 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Д-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Ц.У-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 80 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагчийн барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Х дүүргийн 7 тоот хаягт байршилтай 145,28 м.кв талбайтай, Ү-2206 дугаарт бүртгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 602 535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.У-с 557 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН