| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/01910/И |
| Дугаар | 183/ШШ2022/00106 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2022/00106
2022 оны 01 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2022/00106 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Т /РД:0000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлсний үлдэгдэл 24 955 175.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Т-т холбогдуулан шороо болон асфальт тээвэрлэсэн ажлын хөлсний үлдэгдэл 24 955 175,9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Н.Тын “Ц Ө” ХХК нь Завхан аймгийн Нөмрөг сумын төвийн баруун талд байрлах “М ОЗ ЗГ” ХХК гэх нэртэй хятад компанийн авто замын далангын ажил дээр туслан гүйцэтгэгчээр үйл ажиллагаа явуулж байсан. Д.Б миний бие 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Ц Ө” ХХК-ийн захирал Н.Т-тай шороо тээвэр, асфальт тээврийн ажил хийхээр тохиролцож өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай Dongfeng маркийн өөрөө буулгагч ачааны машин, 0000 улсын дугаартай гарахаар аман гэрээгээр тохирсон. Ямар нэгэн бичгээр хийсэн гэрээ байхгүй итгэлцлийн үндсэн дээр аман гэрээ хийж тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос гарч Завхан аймгийн Нөмрөг сумын төвийн баруун талд байрлах “М ОЗ ЗГ” ХХК-ийн ажлын талбай дээр очоод 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шууд ажиллаж эхэлсэн. Тухайн ажлын хөлсөө өдөрт хийсэн ажлын гүйцэтгэлээрээ авна гэж тохирч, мөн Н.Т нь захиалагч компаниас мөнгө орж ирэхээр та нарын ажлын хөлсийг өгнө гэж тохирсон байдаг. Д.Б миний бие тохирсон тохиролцооны дагуу хоёр машинаараа ажлаа хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хамгийн сүүлчийн тээврийн ажлаа хийгээд ажил дууссан. 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 121 785 175.9 төгрөгний ажил хийж гүйцэтгэсэн байдаг. Үүнээс 96 830 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл болох 24 955 175.9 төгрөг дутуу өгсөн. “Ц Ө” ХХК-ийн захирал Н.Т нь 2019 оны 07 дугаар сарын эхээр 4 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14 000 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 21 830 000 төгрөг өгсөн, 2019 оны 11 сарын 21-ний өдөр 37 000 000 төгрөг тус тус өгсөн. Тиймээс Н.Т-аас шороо тээвэр болон асфальт тээврийн ажлын хөлсний үлдэгдэл болох 24 955 175.9 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Н.Т хариу тайлбартаа: Д.Б-аар ажил хийлгэсэн нь үнэн. Тооцоо мөнгөний асуудал дээр маргаантай, тооцоо нийлсэн акт үйлдээгүй, гэрээ байхгүй. Асфальтын ажилд авто самосмолууд нь ээлж дарааллаар ачиж буулгах газар нь дарааллын дагуу буулгадаг. 1 авто машин нөгөө машины урдуур орж илүү ажил хийх боломж байхгүй тул Д.Б-ын машин бусад авто машинаас 1 дахин ажил хийж мөнгө нь илүү 1 дахин их байна гэсэн тооцоо байхгүй. Бусад автомашины ажлын хөлс нь зуны 3-4 сард 35-45 сая төгрөг орчмын хөлс авсан байдаг. Д.Б-ын машины хувьд тооцоо сайн авдаг ч тооцоо дууссан болно. Өөрөө буруу тооцоо гаргаж хүний үг сонсохгүй өөрийнхөөрөө дайрч мөнгө нэхэж байна. Мөн Д.Б-ын хамаарал бүхий 7 автосамосвал ажилласан ба нийт 250 гаруй сая төгрөгийн ажлын хөлсөө авч нийт дүнгийн НӨАТ-ыг манай компани руу шилжүүлэх ёстойгоос 150 сая төгрөгийн НӨАТ-г манай компанитай гэрээ хийгээгүй хөндлөнгийн хамаарал бус НӨАТ шивүүлээд одоо боллоо мөнгөө авна гэж удаа дараа ярьж байсан болно. Иймд тооцооны акттай гэрээтэй нотлох баримттай баталгаатай зүйлийг шалгаж зөв үнэн мөнийг нь ялгаж өгнө үү гэж хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс Д.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Д.Б-аас Ц.Э-д олгосон итгэмжлэл, Д.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 0000 шороо тээврийн бүртгэл, тооцоо, 0000 асфальт тээврийн ажлын бүртгэл, тооцоо, 0000 шороо тээвэр бүртгэл, тооцоо, 0000 асфальт бүртгэл, тооцоо, 0000 улсын дугаартай Sinotruk маркийн ачааны машины №00000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 0000 улсын дугаартай, Dongfeno маркийн өөрөө буулгагчийн ачааны машины №00000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Л.Б-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2019 оны 06 дугаар сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хүртлэх/, Н.Т-тай харилцаж байсан гэх фэйсбүүкийн мессежүүд, 0000 дугаарын машины ажлын бүртгэл, 0000 дугаарын машины ажлын бүртгэлийн дэвтэр гэсэн баримтуудыг, /хэргийн 4-30,116-128, 135-147-р хуудас/
Хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Н.Тын Т.Ц-д олгосон итгэмжлэл, ХААН банкны 2019 оны 11 дүгээр сарын 21, 2019 оны 07 дугаар сарын 08, 2019 оны 07 дугаар сарын 08, 2019 оны 08 дугаар сарын 12-ны мөнгөн шилжүүлгийн баримтууд, 00-00 машины тооцоолол, 00-00 автомашины тооцоолол, 00-00 автомашины тооцоолол, бензин зарцуулалтын тооцоолол, 00-00 автомашины тооцоолол, бензин зарцуулалтын тооцоолол, Тээвэрлэлтийн гэрээ гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хэргийн 45, 57-106-р хуудас/
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн хаягнаас хариуцагчийн хаяг руу харилцан мессенжерт хийсэн үзлэг, ажлын бүртгэлийн ягаан 0000 дугаарын машины бүртгэл, цайвар өнгийн 0000 дугаарын машины ажлын бүртгэлийн дэвтэрт тус тус үзлэг хийж нотлох баримтаар хэрэгт хавсаргасан болно. /хэргийн 131-134-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Т-тай шороо тээвэр, асфальт тээврийн ажил хийхээр тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай өөрөө буулгагч, 0000 улсын дугаартай өөрөө буулгагч машинаар шороо болон асфальт зөөсөн тул хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 24 955 175.9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Д.Б нь шороо болон асфальт тээвэрлэх ажлыг хийсэн боловч тооцоо дууссан ажлын хөлсийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч нь иргэн Н.Т-тай биш “Ц Ө” ХХК-тай харилцан тохиролцож, ажил гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Б нь Завхан аймгийн Нөмрөг сумын төвийн баруун талд байрлах авто замын далангийн ажил дээр 0000, 0000 улсын дугаартай өөрөө буулгагч ачааны машинаар 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд шороо тээвэр, асфальт тээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, 0000, 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн тооцооны бүртгэлүүд, ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хэргийн хуудас/
Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч нь хариуцагч Н.Т-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул гүйцэтгэсэн ажлын хөлсийн үлдэгдэл 24 955 175 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь нэхэмжлэгч Д.Б нь иргэн Н.Ттай биш “Ц Ө” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан гэсэн, зохигч Завхан аймгийн Нөмрөг сумын төвийн баруун талд байрлах авто замын далангийн ажилд 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл шороо тээвэр, асфальт тээврийн ажил хийсэн талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа иргэн Н.Т-ын “Ц Ө” ХХК нь Завхан аймгийн Нөмрөг сумын төвийн баруун талд байрлах “М ОЗ ЗГ” ХХК гэх нэртэй хятад компанийн авто замын далангийн ажил дээр туслан гүйцэтгэгчээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд “Ц Ө” ХХК-ний захирал Н.Т-тай шороо тээвэр, асфальт тээврийн ажил хийхээр тохиролцсон гэж тайлбарласан тул нэхэмжлэгч Д.Б “Ц Ө” ХХК-ийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.
Учир нь ажлын эцсийн үр дүнг хариуцахаар амласан бол ажил гүйцэтгэх гэрээ, дан ганц ажил үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон бол хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдана.
Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажил гүйцэтгэгч нь тодорхой ажлын үр дүнд бий болох эрсдлийг хариуцахаар амлаж байдаг бол хөлсөөр ажиллах гэрээнд ажиллагч нь энэ эрсдлийг хүлээхгүй, зөвхөн үр дүнд хүрэхийн төлөө чармайн ажиллах, хувь нэмрээ зүй зохистойгоор оруулах амлалт авдаг. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь үр дүнг л нийлүүлж байж хөлсөө авна гэдгээ мэдсэн байдаг бол хөлсөөр ажиллагч нь ажил үйлчилгээ явуулсныхаа төлөө хөлсөө авах эрхтэй байдаг.[1]
Иймд нэхэмжлэгч Д.Б нь ажил үйлчилгээ явуулсныхаа буюу шороо, асфальт тээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн хөлсөө нэхэмжлэх эрхтэй боловч гэрээний нэг тал болох “Ц Ө” ХХК-иас биш иргэн Н.Таас шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь иргэн Н.Т-тай харилцан тохиролцсон, гүйцэтгэсэн ажлын хөлсийг Н.Т-аас шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан ХААН банк ХХК-ийн дансны хуулгууд, хариуцагч Н.Т-тай харилцаж байсан гар утасны мессежүүд, гэрч Л.Б, Д.Г нарын мэдүүлгээр нотлогдоно гэсэн.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Б-ын ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 07 дугаар сарын 08-нд 14 000 000 төгрөг шороо тээвэр, 2019 оны 08 дугаар сарын 12-нд 20 000 000 төгрөг шороо тээврийн хөлс, 2019 оны 09 дүгээр сарын 12-нд 21 830 000 төгрөг шороо тээврийн хөлс, 2019 оны 11 дүгээр сарын 21-нд 37 000 000 төгрөгийг шороо тээврийн хөлс гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 9-13-р хуудас/
Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Л.Б-ийн ХААН банк ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 01-нээс 2019 оны 12 сарын 31-ний хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар шороо, тээврийн хөлсийг мөн Н.Т-аас шилжүүлж байсныг нотлоно гэсэн боловч хариуцагч нь уг хөлсийг Н.Т-аас шилжүүлж байсан талаар маргаагүй бөгөөд Н.Т нь “Ц Ө” ХХК-ийн захирлын хувьд шилжүүлсэн гэж тайлбарласан болно.
Мөн хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Тээвэрлэлтийн гэрээг “М ОЗ ЗГ” ХХК нь “Ц Ө” ХХК-тай Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын шороо, буталсан чулуу тээвэрлэхээр харилцан тохиролцсон байна. Уг гэрээний 4.1-д “шороо тээвэрлэлтийн урьдчилж тооцоолсон хугацаа 2019 оны 04 сарын 08 өдөр 2019 оны 08 сарын 30 өдөр, Буталсан чулуу тээвэрлэлтийн урьдчилж тооцоолсон хугацаа 2019 оны 04 сарын 10 өдөр, 2019 оны 08 сарын 30 өдөр, А талын мэдээллэсэн хугацааг баримтална” гэж заажээ. /хэргийн 85-106-р хуудас/
Нэхэмжлэгч нь “М ОЗ ЗГ” ХХК-ийн автозамын ажилд нийт 121 785 175,9 төгрөгний ажил хийсэн боловч ажлын хөлс 96 830 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 24 998 175,9 төгрөгийг хариуцагч нь төлөөгүй гэж нэхэмжилсэн.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 0000 шороо тээврийн бүртгэл тооцоогоор 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 26 292 133,5 төгрөг, 0000 асфальт тээврийн ажлын бүртгэл тооцоогоор 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 2019 оны 09 дүгээр сарын 11-ний хүртэл 31 944 271,1 төгрөг, 0000 шороо тээвэр бүртгэл, тооцоогоор 2019 оны 05 дугаар сарын 11-нээс 2019 оны 06 дугаар сарын 29-ний хүртэл 27 692 812,5 төгрөг, 0000 асфальт бүртгэл тооцоогоор 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 2019 оны 09 дүгээр сарын 17-ны хүртэл 35 855 958,8 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн.
Хариуцагч нь 0000 тээврийн хэрэгслийн тооцоогоор 5 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 30-ний хүртэл 37 749 575,50 төгрөг, 00-00 тээврийн хэрэгслийн 5 дугаар сарын 12-ноос 5 дугаар сарын 16-ны хүртэл 39 649 582 төгрөг, 0000 тээврийн хэрэгслийн тооцоогоор 7 дугаар сарын 07-ноос 9 дүгээр сарын 17-ны хүртэл 29 432 980 төгрөг, үүнээс 21 674 880 төгрөг бензинд, 0000 тээврийн хэрэгслийн тооцоо 7 дугаар сарын 07-ноос 9 дүгээр сарын 11 хүртэл 25 832 557,50 төгрөг, хоол 585 000 төгрөг, бензин 21 717 480 төгрөг гэсэн тооцооллын баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд 0000 тээврийн хэрэгслийн хийсэн ажлын хөлсийг шаардах эрхгүй, өмчлөгч нь Д.Г, түүний хийсэн ажлыг нэхэмжлэх эрхгүй гэж маргаад зохигч талууд шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн тооцооллыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ажлын тооцоолоор 0000 тээврийн хэрэгслийн шороо тээвэр 26 292 133 төгрөг, асфальт тээвэр 31 944 271 төгрөг, нийт 58 236 404 төгрөг, 0000тээврийн хэрэгслийн шороо тээвэр 27 692 812 төгрөг, асфальт тээвэр 35 855 958 төгрөг, нийт 63 648 770 төгрөг буюу бүгд 121 785 174 төгрөг, /хэргийн 15-29-р хуудас/
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн ажлын тооцооллоор 0000 тээврийн хэрэгсэл 37 749 575 төгрөг, 25 832 557 төгрөг, нийт 63 582 132 төгрөг, 0000 тээврийн хэрэгсэл 39 649 582 төгрөг, 29 432 980 төгрөг, нийт 69 082 562 төгрөг, бүгд 132 664 694 төгрөг /үүнээс бензин 0000бензинд 21 674 880 төгрөг, 0000 хоол 585 000 төгрөг, бензинд 21 717 480 төгрөг /хэргийн 61-84-р хуудас/ гэжээ.
Хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Тээвэрлэлтийн гэрээний 7.шороо /хаягдал шороо болон хаягдал чулуу/, 1.Тээвэрлэлтийн зайг талбайн хариуцсан ажилтны гарын үсэг зурсан баримтаар баталгаажуулна. мЗ бүрийн үнэ эхний 1 км 1000 төгрөг, км нэмэгдэх бүрт 280 төг нэмэгдэнэ. Км-ийн тоог нийт явсан километрээр тооцно. Буталсан чулуу Тээвэрлэлтийн зайг талбайн хариуцсан ажилтны гарын үсэг зурсан 1 баримтаар баталгаажуулна. Үнэ 1 км 1 мЗ болгон нь 400 км-ийн тоог нийт явсан километрээр тооцно.
8.Тээвэрлэлтийн тооцоо, Б тал бараа ачсаны дараа А талын ажилтан бөглөх хуудсанд гарын үсэг зурах ба бараа материал А талын ажлын талбайд хүргэгдсэний дараа тоо хэмжээг баталгаажуулан дахин гарын үсэг зурна. Хэрэв гарын үсэг зурсан хуудсанд алдаа гарвал А талд мэдэгдэнэ. Эс бөгөөс Б тал уг алдааг хиймлээр зохион байгуулсан хэмээн үзнэ
А талын ажлын талбайд байгаа ажилтан тээвэрлэлтэд явсан машины тоогоор хуудас бөглөж Б талд эргүүлэн өгнө. А талын гарын үсэг зурсан хуудас тооцоо хийх баримт болох ба хэрэв Б тал хуудсыг хаяж үрэгдүүлсэн бол дахин олгохгүй” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Таас ажлын хөлсийг шилжүүлсэн гэж тайлбарласан боловч ямар баримтыг үндэслэн уг хөлсийг шилжүүлсэн эсэх, “М ОЗ ЗГ” ХХК-ийн автозамын ажилд явсан хуудсыг үндэслэн тооцоо хийж хөлсийг олгосон эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Мөн хэрэгт авагдсан №00000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд SINOTRUK маркийн 0000улсын дугаартай ачааны зориулалтын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр нь Д.Б, №00000дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд DONGFENG маркийн 0000 улсын дугаартай өөрөө буулгагчийн өмчлөгчөөр Д.Г бүртгэлтэй байна. /хэргийн 30-р хуудас/
Шүүх хуралдаанд гэрч Д.Г нь уг тээврийн хэрэгслээр шороо болон асфальт тээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн тул нэхэмжлэгч нь түүнийг төлөөлөн хийсэн ажлын хөлсийг шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Д.Б нь хөлсөөр ажиллах гэрээний үүргийг хариуцагч Н.Т-аас шаардсан нь үндэслэлгүй, хийж гүйцэтгэсэн ажлын тооцоолол нь бусад баримтаар нотлогдохгүй, мөн Д.Г-ийн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилсэн боловч түүнийг төлөөлөн нэхэмжлэх эрхтэй эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүний хариуцагч Н.Тт холбогдуулан гаргасан ажлын хөлсний үлдэгдэл 24 955 175,9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 726 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч Н.Т-т холбогдох ажлын хөлсний үлдэгдэл 24 955 175.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282 726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН