| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/00105/И |
| Дугаар | 182/ШШ2022/01263 |
| Огноо | 2022-04-28 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2022/01263
2022 04 28 182/ШШ2022/01263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Т-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний дагуу илүү төлсөн 7,200,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З,
Хариуцагч Л.Т,
Гэрч З.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б нь Д.Түмэн-Өлзийг 2020 оны 05 дугаар сараас эхлэн грушикээр ажиллуулахаар тохиролцсон. Ковид-19 өвчний улмаас карентилж ажил гарахгүй байсан тулЛ.Тг 2020 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллуулаагүй.Л.Т нь сар болгон та надад мөнгө шилжүүлж өгч байгаач, мөн зээлж байгаач гэж хүссэн. Тэгээд ажил эхлэхээр цалингаасаа тооцуулаад төлье гэсэн болохоор сар бүр тогтмол тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж, зээлж байсан. Өөрөөр хэлбэл, 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл нийт 8 сарын хугацаанд 5,000,000 төгрөгийг хариуцагчЛ.Тд өгсөн. Гэтэл энэ хүн 2021 оны 6-р сараас хойш утсаа салгаж, холбогдохгүй алга болсон. Иймээс Д.Т-с 7,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Б ахтай ярилцаж байгаад түүний эрхэлдэг, Дэнжийн 1000 зах дээр махны наймааны ажилд туслах ажилтнаар буюу мах ирэх үед буулгах, мах ширхэгээр зарах, жолооч хийх гэх мэт ажил хийхээр тохиролцон, ажиллаж эхэлсэн бөгөөд хугацаа яриагүй. Өмнө нь миний төрсөн ах Далай ажиллаж байгаад өөрөө больсон учир намайг энэ ажилд оруулж өгсөн байгаа. Бид ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ хийгээгүй. Ингэхдээ ажилгүй байсан ч сарын тогтмол 900,000 төгрөгийн цалин авах байсан. Дэнжийн 1000 зах зун, намартаа ажил ихтэй, ерөөсөө амрахгүй өглөөний 03 цагаас шөнийн 22 цаг хүртэл ажилладаг байсан. Би Ц.Бтэй 2020.04.01-ний өдрөөс эхлэн 2021 оны 06 сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд хийсэн ажилдаа тохирсон цалингаа авч байсан болохоос биш илүү мөнгө нэг ч удаа авч байгаагүй, мөн мөнгө зээлсэн зүйл байхгүй. Харин ч Ц.Б цалингаа бүтэн өгөхгүй, гуйлгуулж байж увуулж, цувуулж өгдөг бөгөөд би дансны хуулгаа хэрэгт өгсөн. Баримтаас харвал цалин гэдэг нь яг надад зориулсан, миний ажлын хөлс, баагий гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн нь өөрийнх нь ажилд хэрэгтэй зүйлсийг авахад зарцуулагдсан байгаа. Хэдийгээр корона гээд ажил багассан ч гэсэн Ц.Бгийн Сонгинохайрхан дүүргийн Тахилтад баригдаж байсан махны цехэд байрлаж, хэрэгтэй материал барааг зөөж, засвар хийж, хашааг нь сар гаруй хугацаанд зассан. Мөн эхнэр болох Г.Д эгчтэй бусдаас цуглуулсан өр авлагын талаар тооцоо нийлдэг байсан. Ажлаас гарах үед машины бензин дуусчихлаа мөнгө шилжүүлчих гэхэд чи ямар их бензин авдаг юм бэ, өөрөө хувьдаа унаад яваад байгаа юм уу гэж муухай аашилсан, угаасаа зан харилцаа муутай хүн. Тийм учраас би 2021.06.22-ны өдрөөс ажиллахаа больсон, өөрөө над дээр ирж, чамаас өгсөн мөнгөө буцааж авна, шүүхэд өгнө гээд явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч тал, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Хаан банкны 2020.11.21-ний өдрөөс 2021.06.21-ний өдрийг хүртэлх дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
4.Хариуцагч тал, Хаан банкны 2020.11.01-нээс 2021.06.30-ны өдөр хүртэлх дансны хуулга гэсэн баримтыг шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Л.Тд холбогдуулж хөлсөөр ажиллах гэрээний дагуу илүү төлсөн 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би хариуцагчийг ажиллуулах явцад түүнд илүү мөнгө өгсөн байна, учир нь ковид-19 өвчний улмаас ажил зогсож, ажилгүй байхад сар бүр 900,000 төгрөгийг цалинд шилжүүлсэн байдаг, хариуцагч огт ажил хийгээгүй байж үндэслэлгүй хөрөнгөжиж болохгүй, иймд илүү шилжүүлсэн 7,200,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд анх ажилд ороход ажилтай, ажилгүй байсан ч сарын тогтмол 900,000 төгрөг өгөхөөр тохиролцсон, зах дээр гарахгүй байсан ч махны цех болон барилгын манаач хийх, барилгын материал зөөх гэх мэт даалгасан ажлуудыг хийж байсан, нэхэмжлэгчээс мөнгө гуйж авсан зүйл байхгүй, зээлсэн зүйл байхгүй, хийсэн ажилдаа тохирсон хөлсөө л авч байсан, иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж мэтгэлцсэн.
3.Зохигчдын хооронд 2020.04.01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч Л.Т нь нэхэмжлэгч Ц.Бгийн эрхлэн явуулдаг Дэнжийн 1000 худалдааны төвд байрлах махны наймааны ажилд туслах, грушик хийх, машин барих гэх мэтээр даалгасан ажлыг өөрийн биеийн хүчээр хийх, нэхэмжлэгч Б.Бандицэрэн нь сар бүр тогтмол 900,000 төгрөгийн хөлс олгох, ажиллах нөхцөлөөр хангахаар тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 361 дүгээр зүйлийн 361.1, 363 дугаар зүйлийн 363.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагад нийцжээ. Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээнд хэлбэрийн тусгайлсан шаардлага хуулиар тавигдаагүй тул талууд гол нөхцөлийн талаар тохиролцож, гэрээг амаар байгуулах боломжтой.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1‑д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 360 дугаар зүйлийн 360.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө”, 367 дугаар зүйлийн 367.3‑т “ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
4.Энэхүү гэрээ, хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчЛ.Т нь 2020.04.01‑ний өдрөөс 2021.06.22‑ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Ц.Бгийн эрхэлдэг махны наймаанд тусалж, махыг буулгах, зөөх, жижиглэнгээр зарах, бусдаас өр цуглуулах, эхнэр болох Г.Дтай тооцоо нийлэх, машин барих, Сонгинохайрхан дүүргийн Тахилтад баригдаж байсан махны цехэд байрлаж, хэрэгтэй материал барааг зөөж, засвар хийж, хашааг нь сар гаруй хугацаанд зассан зэргээр нэхэмжлэгч Ц.Бгийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу өөрийн биеийн хүчээр ажиллаж ирсэн байх бөгөөд энэхүү үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д зааснаар зохих ёсоор, шударгаар гүйцэтгэж байсан байна.
Харин нэхэмжлэгч Ц.Б нь гэрээ болон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 361 дүгээр зүйлийн 361.1-д зааснаар тохиролцсон хөлсийг зохих ёсоор, шударгаар төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй байх бөгөөд зохигчдын шүүхэд гарган өгсөн ХААН банкны дансны хуулгуудаас үзвэл, нэхэмжлэгч Ц.Б нь 2020 оны 11 сараас 2021 оны 06 сарын хооронд нийтдээ 5,500,000 төгрөгийг хариуцагчЛ.Тд дансаар шилжүүлжээ. Үүнээс үзвэл, 2020.11.20‑ны өдөр “baagii tsalin” гэсэн утгаар 780,000 төгрөг, 2021.01.23‑ны өдөр “baagii tsalni” гэсэн утгаар 400,000 төгрөг, 2021.02.10‑ны өдөр “tsalin” гэсэн утгаар 200,000 төгрөг, 2021.03.25‑ны өдөр “tsalan” гэсэн утгаар 800,000 төгрөг, нийт 2,180,000 төгрөгийг цалин гэж, үлдэх 3,320,000 төгрөгийг “baagii” гэсэн утгаар 100,000 төгрөг, 200,000 төгрөг гэх мэтээр шилжүүлсэн.
5.Энэхүү “baagii” гэсэн утгаар шилжүүлсэн 3,320,000 төгрөг нь хариуцагчЛ.Тгийн данснаас зарлага болон гарсан, бусдаас орж ирсэн мөнгүүд нь мах зарсны авлага болох нь түүний дансны хуулгаар харагдах бөгөөд, энэ мөнгийг нэхэмжлэгч Ц.Бгийн өөрийнх нь ажилд зарцуулсан, бусдаас авах авлагыг өөрийн дансандаа цуглуулж, эхнэр болох Г.Дтай тооцоо хийдэг байсан гэх хариуцагчЛ.Тгийн тайлбарыг бодит байдалд нийцэж байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Бгийн эхнэр гэх, гэрч Г.Д “...Л.Түмэн‑Өлзий манай нөхрийн удирдлага дор махны наймаанд тусалдаг байсан, тэгээд ковидын нөхцөл байдлаас болж ажил түр зогссон,Л.Тд хэрэгтэй үед нь мөнгө өгч байсан, харин мөнгө зээлдүүлсэн зүйл байхгүй...” гэсэн утга бүхий мэдүүлгийг өгснөөр дээрх үйл баримт давхар нотлогдсон.
6.Тодруулбал, зохигчдын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй, хариуцагчЛ.Т үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд харин зохигчдын хооронд үүссэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа 2021.06.22‑ны өдөр тэдний хоорондын таарамжгүй харилцаанаас болж хариуцагчЛ.Т ажиллахаа больж, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2‑т зааснаар дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3‑т зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагчЛ.Тд урьдчилаа хөлс гэж 7,200,000 төгрөг олгосон байдал, хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсан байдал, үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал баримтаар тогтоогдохгүй байх тул тэрээр илүү төлсөн хөлсийг буцаан шаардах хууль зүйн үндэслэлгүй, харин хариуцагчЛ.Тгийн хийсэн ажилд нь тохирсон 2,180,000 төгрөгийн хөлсийг тухай бүр төлсөн үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7.Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...би хариуцагчийг ажиллуулах явцад түүнд илүү мөнгө өгсөн байна, учир нь ковид-19 өвчний улмаас ажил зогсож, ажилгүй байхад сар бүр 900,000 төгрөгийг цалинд шилжүүлсэн байдаг, хариуцагч огт ажил хийгээгүй байж үндэслэлгүй хөрөнгөжиж болохгүй, иймд илүү шилжүүлсэн 7,200,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэх...” агуулга бүхий тайлбар няцаагдсан, түүний гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Бгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1‑д зааснаар хариуцагчЛ.Тд холбогдох хөлсөөр ажиллах гэрээний дагуу илүү төлсөн 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1‑д зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА