Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2021/02187/И |
Дугаар | 183/ШШ2022/00178 |
Огноо | 2022-01-18 |
Маргааны төрөл | Бэлэглэл, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/00178
022 оны 01 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2022/00178 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Ё-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Ц -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Ё,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц,
Хариуцагч Г.Ц,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж,
Гэрч Б.Г,
Гэрч Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Ё нь хариуцагч Г.Цд холбогдуулан 2 өрөө орон сууцыг Г.Ц-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.О.Ё миний бие 000 тоот орон сууцны албан ёсны өмчлөгч юм. Одоо манай байранд амьдарч байгаа Г.Ц-ыг танидаггүй бөгөөд харин түүний нөхөр Ж.А-тай ажил хэргийн танилын харилцаатай хамт ажилладаг байсан юм. 2012 оноос н.А нь манай орон сууцанд түр хугацаагаар гэр бүлийн хамт амьдарч байсан. Гэтэл Г.Ц-ын нөхөр нь нас барсан ба байр чөлөөлж өгөх талаар ярих үед зовлон тоочсоор байдаг юм. Сүүлийн үед байраа чөлөөлүүлж авах талаар уулзаж, хэлэхэд өөр нүүх газар байхгүй тул чөлөөлөх боломжгүй талаар хэлэх болсон тул ийнхүү шүүхэд хандаж байна.
Улсын бүртгэлийн 000 тоот 2 өрөө орон сууцыг иргэн Г.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.
2.Хариуцагч Г.Ц хариу тайлбартаа миний амьдарч байгаа 000 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч О.Ё болж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулж авсан болохыг түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 07 дугаар сарын 22-ны өдөр гардаж авахдаа мэдлээ. Нэхэмжлэгч О.Ё нь тухайн орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа талаар ярьж тохиролцоод 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Байр хүлээлцэх акт” үйлдэн манай нөхөрт албан ёсоор хүлээлгэн өгч нөхөр минь орон байрны асуудал шийдэгдлээ энэ компанидаа маш сайн ажиллана гэж их л баяр хөөр болж байрандаа орж одоо хүртэл хүү бид хоёр амьдарч байна.
Миний нөхөр Ж.А нь нэхэмжлэгч О.Ё-ийн өөрийнх нь “Х Б” ХХК-д өөрийнх нь гаргасан 2007 оны 06 дугаар сарын 04-ний А/14 тушаалаар харуул хамгаалалтын ээлжийн ахлахаар томилогдон ажиллаж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байрандаа бусдад зодуулж нас барсан ба нөхрийн минь компанийн захирал намайг танихгүй гэж шүүхэд худлаа мэдүүлсэн байна. Хамгийн сүүлд хэрэг гарсан болон хэргийн цагдаа шүүхээр шийдвэрлэх үед О.Ё захирал манайд ирж бидэнтэй уулзаж байсан.
2012 оноос Ж.А нь манай орон сууцад түр хугацаагаар гэр бүлийн хамт амьдарч байсан гэжээ. Манай нөхөр О.Ё захиралтай “Х Б” ХХК-д 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд харуул хамгаалалтын ээлжийн ахлахаар ажилласан ба 2011 онд ажил мэргэжлээрээ шалгарч мөн компанийн шинэ жилийн арга хэмжээ болсон өдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр “Тэргүүний ажилтан” болж цол тэмдэг, энэхүү орон сууцаар шагнагдсаныг О.Ё захирал өөрөө гардуулж өгсөн.
Г.Ц-ын нөхөр нас барсан ба байрны чөлөөлж өгөх талаар ярих үед зовлон тоочсоор байдаг гэжээ. Нөхөр минь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан өдрөөс хойш өнөөдөр хүртэл О.Ё гэдэг хүнийг би хараагүй, огт уулзаагүй. Миний бие иргэн хүний хувьд шүүхэд аливаа асуудлыг үнэн шударгаар хэлж мэдүүлэх ёстой гэж үзэж байна. Байр чөлөөлж өгөх талаар хэзээ, хаана ярьсан, би өөдөөс нь зовлон тоочдог байсан талаар огт үндэслэлгүй худал мэдүүлсэн байна. 2012 оны 03 дугаар сарын 16-ны “Байр хүлээлцэх акт” үйлдэн шагнагдсан байрыг манай нөхөрт өөрөө албан ёсоор хүлээлгэн өгч бид тухайн үед байранд амьдарснаас хойш өнөөдөр хүртэл байраа чөлөөлүүлж авах талаар уулзаагүй, хэлж яриагүй атлаа “... өөр нүүх газар байхгүй тул чөлөөлөх боломжгүй талаар хэлэх болсон...” гэж гүтгэлгийн шинжтэй худал мэдүүлж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Хариуцагч Г.Ц нь нэхэмжлэгч О.Ёд холбогдуулан 000 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О.Ё нь “Х Б” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Байр хүлээлцэх акт” үйлдэн хүлээлгэн өгснөөр 000 тоот 2 өрөө орон сууцыг тус хамгаалалтын ээлжийн ахлах Ж.А-ын эхнэр хүүгийн хамт эзэмших болж, тэр цагаас эхлэн өнөөдөр хүртэл хүүгийнхээ хамт амьдарч байна. Нэхэмжлэгч О.Ё нь 2013 оны 11 сарын 19-ний өдөр нөхөр минь нас барж уй гашуудалтай байх үед уг орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа, гарахаар нь чиний нэр дээр гэрчилгээ гаргаж өгнө гэж ярьсан. Энэ тухай асуудал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр яригдаж улмаар 000 тоот “Шийтгэх тогтоол”-ын 2 талд “... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц бидний амьдарч байгаа байрыг талийгаачид шагналаар өгсөн байр...” гэх мэдүүлэг авагдсан байдаг. Мөн хамт ажиллаж байсан Б.Г, Б.Э нар гэрчилдэг ба 2012 оноос хойш 9 жил тус байрны ашиглалтын зардал, төлбөр тооцоо хийж амьдарч байсан нь баримтаар нотлогдож тогтоогддог. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлдээ намайг хууль бусаар уг байранд амьдарч байгаа мэтээр илтэд худал гүтгэсэн байна. 000 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг О.Ё-д даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч О.Ё хариуцагч Г.Ц-ын гаргасан сөрөг нэхэмжлэлд 000 тоот 2 өрөө орон сууц нь О.Ё миний хууль ёсны өмч юм. Анх 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уг орон сууцыг 81 018 000 төгрөгөөр “Х Г” ХХК-иар захиалан бариулахаар тохиролцож “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан. Ийнхүү төлбөрийн асуудлаа дуусгаад 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан байдаг. Нэхэмжлэгч Г.Ц нь “байр хүлээлцэх акт” үйлдсэн учир уг орон сууц өөрийнх нь өмчлөлд шилжсэн мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй байна. Тухайн үед буюу 2013 онд манай “Х Б” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан хариуцагчийн нөхөр талийгаач Ж.А-ыг “эхнэрээсээ салсан гээд ажлын байран дээр хонож буй нөхцөл байдлыг ойлгож, өөрийн өмчлөлийн орон сууцад түр хугацаагаар амьдрахыг зөвшөөрсөн болно. Улмаар Г.Ц-д 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр нь нас барж уй гашуудалтай байх үед нь уг орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа, гарахаар нь чиний нэр дээр гэрчилгээ гаргаж өгнө гэж ярьсан гэжээ. Миний хувьд Ж.А нас барсан учир түүний ар гэрт нь хүнд байгаа байх гэж бодон Г.Ц-аас байр чөлөөлж өгөх талаар идэвхитэй хөөцөлдөж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгөх талаар огт ярьж байгаагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл ч байгуулаагүй билээ. Дээр дурдсанчлан 2013 оны 11 дүгээр сард Ж.А нас барах үед өмчлөх эрхийн гэрчилгээ нь аль хэдийн 2012 оны 10 дугаар сард миний нэр дээр гарчихсан байсан. Тийм байхад аль хэдийн гарчихсан гэрчилгээг бусдын нэр дээр гаргаж өгөхөөр амлаад явж байх үндэслэлгүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.
5.Нэхэмжлэгчээс 000 тоот байршилтай 57.87 мкв талбай бүхий орон сууцны зориулалтай 0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0000000 тоот гэрчилгээ, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, О.Ё-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр О.Ё-аас Б.С-д олгосон итгэмжлэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны О.Ё-ийн Улсын бүртэлийн ерөнхий газарт гаргасан өргөдөл, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №024/174 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х Г ХХК-ийн №1255/12 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х Г ХХК-ийн №1256/12 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3/433 тоот Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэдээлэл, технологийн хэлтсийн албан тоот, 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №183/2012 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссийн акт, барилгын гэрэл болон хар зураг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №22/06 тоот Тэнхлэг зууч ХХК-ийн тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн баримтуудыг /1 дүгээр хавтаст хэргийн 4-7, 47-57-р хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 21, 26-27-р хуудас/,
Хариуцагчаас 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №А/14 тоот Ж.А-ыг ажилд томилох тушаал, Ж.А, Г.Ц нарын гэрлэлтийн баталгааны хуулбар, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №0000900206 тоот А.Билгүүтэйгийн төрсний гэрчилгээний хуулбар, Ж.А-ын нас барсны №0000132244 тоот гэрчилгээний хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ж.А-ыг “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнасан тухай 55 тоот үнэмлэхийн хуулбар, 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байр хүлээлцэх акт, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 000 дугаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаар Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Л.Ж, Г.Ц нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байр хүлээлцсэн акт, 000 тоотын ашиглалтын зардал төлсөн баримтууд, Г.Ц-ын 000000 дугаар нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар, Г.Ц-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ж.А-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэсэн баримтуудыг /1 дүгээр хавтаст хэргийн 15-34, 39, 115-231, 233-250-р хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1-13, 22-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж-ийн хүсэлтээр “А Д” СӨХ-ноос 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг, УБЦТС ТӨХК Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23/433 тоот албан бичиг, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6/7710 тоот албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны О.Ё-ийн Улсын бүртэлийн ерөнхий газарт гаргасан өргөдөл, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №024/174 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х Г ХХК-ийн №1255/12 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х Г ХХК-ийн №1256/12 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3/433 тоот Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын мэдээлэл, технологийн хэлтсийн албан тоот, 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №183/2012 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссийн акт, барилгын гэрэл болон хар зураг, нэхэмжлэгч О.Ё-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0000000 тоот гэрчилгээ, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Голомт банкны орлогын мэдүүлэг, Цэ ОСНААК ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 53 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/523 тоот албан бичиг, Х Б ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 66-109-р хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 28-30-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 24 дүгээр байр, 174 тоот хаягт байрлах, 57.87 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч тул хариуцагч Г.Цын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэсэн.
3.Хариуцагч нь уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж ашиглаж байгаа, орон сууцыг түүний нөхөр Ж.А-ын ажиллаж байсан байгууллага болох “Х Б” ХХК-иас сайн ажилласан гэж шагнаж, хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Г.Ц нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч О.Ё нь “Х Б” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа миний нөхөр Ж.А-ыг 2011 онд ажил мэргэжлээрээ шалгарч сайн ажилласан гэж компанийн шинэ жилийн арга хэмжээ болсон өдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, энэхүү орон сууцаар шагнагдсан, нэхэмжлэгч нь байр хүлээлцэх актаар манай нөхөр Ж.Ад орон сууцыг шилжүүлэн өгч, түүнээс хойш орон сууцыг хүүгийн хамт эзэмшиж ашиглаж байгаа тул 000 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн.
5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 000 тоот 2 өрөө орон сууцыг 81 018 000 төгрөгөөр “Х Г” ХХК-иар захиалан бариулахаар тохиролцож, үнийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан, манай “Х Б” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан хариуцагчийн нөхөр талийгаач Ж.А-ыг өөрийн өмчлөлийн орон сууцад түр хугацаагаар амьдрахыг зөвшөөрсөн болохоос орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгөөгүй гэсэн үндэслэлээр няцаасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.Ё нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-д “энэ хуулийн 106.1, 106.2-д зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж зааснаар өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж, орон сууцнаас албадан гаргуулахаар хариуцагч Г.Ц-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч О.Ё нь 000 тоот хаягт байршилтай 57,87 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж тайлбарлаад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0000000 дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0000000 дугаартай гэрчилгээнд “Монгол улсын иргэн Зуутраг овгийн О.Ё нэг иргэний өмч 000 тоотхаягт байршилтай 57,87 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр” гэжээ. /хэргийн 4-р хуудас/
Нэхэмжлэгч түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг түр амьдруулах буюу ашиглуулахаар хариуцагч Г.Ц-ын нөхөр Ж.А-д шилжүүлэн өгсөн байхад хариуцагч нь чөлөөлж өгөхгүй, хууль бусаар ашиглаж байгаа гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, 2012 оноос өнөөг хүртэл орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглалтын зардлыг бүрэн төлж байгаа, орон сууцыг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж маргаад нэхэмжлэгч О.Ё нь орон сууцыг түүний нөхөр Ж.А-д сайн ажилласан гэж бэлэглэсэн, байр хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгийг баримтаар нотлох ёстой.
Нэхэмжлэл гаргаж буй өмчлөгч нь уг эд юмсыг өөрийн өмчлөлийн зүйл болохыг түүнийг хариуцагч этгээдийн хууль бус эзэмшилд байгааг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл бол өмчлөгчийн өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн байх ёстой ба өмчлөгч эзэмших эрхээ алдсан байх ёсгүй байдаг.
Нэхэмжлэгч О.Ё нь “Х Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, хариуцагч Г.Цын нөхөр болох Ж.А-ыг “Х Б” ХХК-нд харуул хамгаалалтын ээлжийн ахлахаар ажиллаж байсан талаар зохигч маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/14 тоот “Х Б” ХХК-ийн ажилд томилох тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт, “Х Б” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Мөн хариуцагч Г.Ц, Ж.А нар нь 2007 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Б-н хамт амьдарч байсан бөгөөд Ж.А нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан болох нь хэрэгт авагдсан №0063975 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, хүү А.Б-н №0000900206 тоот төрсний гэрчилгээ, нас барсныг бүртгэсэн гэрчилгээ, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдож байгаа болно.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 000 тооттоот хаягт байршилтай 57,87 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хууль ёсоор эзэмшигч болох нь орон сууцны ашиглалтын зардлыг төлсөн баримтууд, түүний нөхөр Ж.А-ыг 2011 онд ажил мэргэжлээрээ шалгарсан гэж компанийн шинэ жилийн арга хэмжээ болсон өдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг компаниас нь шилжүүлэн өгсөн болох нь байр хүлээлцсэн акт, гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно гэсэн.
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж зааснаар хариуцагч нь 2012 оноос өнөөр хүртэл орон сууцны ашиглалтын зардлыг төлж байгаа тул хууль ёсоор эзэмшиж байгаа гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан А Д СӨХ-ний албан тоот, Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албан бичиг болон хэрэглэгчийн 2013 оны 04 дүгээр сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 10-ны хүртлэх дансны дэлгэрэнгүй тайлан, цахилгааны төлбөр төлсөн баримтууд, Цэ ОСНААК-ийн төлбөр төлсөн баримтуудаар орон сууцны ашиглалтын зардлыг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа төлж байсан болох нь тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй болно. Гэвч орон сууцны ашиглалтын зардлыг төлж байсан гэдгээр орон сууцны өмчлөх эрх шилжихгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байх бөгөөд зөвхөн эд хөрөнгийн ашиглалтын зардлыг төлснөөр тухайн эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй байна гэж үзэв.
Хариуцагч Г.Ц-ын нөхөр Ж.А-ыг “Тэргүүний ажилтан “ тэмдэгээр шагнасан болох нь хэрэгт авагдсан 2011 оны 12 дугаар сарын 20-ны №55 тоот үнэмлэхээр тогтоогдож байх бөгөөд үнэмлэхэд уг шагналыг “Ө С “холбооны тэргүүн А.Д гэж олгожээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн нөхөр Ж.А-ыг сайн ажиллаж шагнал урамшуулал авч байсан талаар маргаагүй боловч орон сууцаар шагнаагүй, уг орон сууцыг бэлэглэлийн журмаар шилжүүлээгүй гэж маргасан
Хариуцагч нь нөхөр Ж.А-ыг 2011 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн компанийн шинэ жилийн арга хэмжээ болсон өдөр сайн ажилласан гэж орон сууцаар шагнагдсаныг О.Ё захирал гардуулсан, үүнийг хамт ажиллаж байсан Б.Э, Б.Г нар нотлоно гэсэн боловч шүүхэд гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгсөн гэрч Б.Э нь “...Ж.А-ын байрны талаар нарийн мэдэхгүй, харин өргөмжлөл 1 сая төгрөгөөр шагнуулсан. Миний бие 2004 оноос 2018 оныг хүртэл 14 жил Х Б ХХК-нд ажилласан, би компаний байранд байсан, ажилд орохдоо түр байгаад 2018 онд ажлаас гарахдаа өгсөн. Байрны шинэ жил дээр би байгаагүй, байр өглөө амьдрахаар боллоо гэж хэлж байсныг санаж байна, ямар тохироо болсон талаар мэдэхгүй” гэж, гэрч Б.Г “...Ж.А-тай нэг салбарт цуг ажиллаж байсан. Байр өгсөн гэсэн шинэ жилд тухайн үед байгаагүй. Шинэ жилийн үеэр 24 цагаар ээлжинд гарч байсан. Би Нарны хороололд ажиллаж байх хугацаандаа тэндээ албан тушаалын байранд амьдарч байсан, ажлаас гарахдаа байраа хүлээлгэж өгөөд гарсан” гэж мэдүүлсэн тул 2011 оны шинэ жилийн арга хэмжээн дээр орон сууцыг бэлэглэсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэв.
Мөн хэрэгт авагдсан талуудын шүүхэд ирүүлсэн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Байр хүлээлцэх акт”-нд “Х Г ХХК-н Рапид харш хорооллын 24 байрны 174 тоотыг иргэн Орших овогтой Ёндонсамбуу хүлээлгэн өглөө..Хэрэглээний усны заалт /халуун/ 6,44, хэрэглээний усны заалт /хүйтэн/ 4,18, санал, цах 91,0 хүлээн авсан , хүлээлгэн өгсөн М.Энхбат, хүлээлгэн өгсөн” гэжээ.
Хариуцагч нь дээрх “Байр хүлээлцэх акт”-аар орон сууцыг нэхэмжлэгч О.Ё нь түүний нөхөр Ж.А-д хүлээлгэн өгсөн гэж, нэхэмжлэгч нь уг актыг Х Г ХХК-иас байрыг хүлээн авахад Ж.А нь хүлээн авсан гэж мэтгэлцсэн.
Гэвч уг “Байр хүлээлцэх акт”-аар орон сууцыг буюу үл хөдлөх эд хөрөнгийг Ж.А-ын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг зурсан нь М.Энхбат гэж гарын үсэг зурсан, нэхэмжлэгч нь уг актаар орон сууцыг Х Г ХХК-иас О.Ёд хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан болно.
Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг орон сууцанд 2012 оноос хойш оршин сууж, эзэмшиж, ашиглаж байгаа гэсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар гэрээний үүргийг шаардаагүй, өмчлөх эрхтэй холбоотой шаардаж байна гэсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус өмчлөлөөс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд хариуцагч нь орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар зохигч маргаагүй боловч уг орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч О.Ёгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэж, хариуцагч Г.Цаас орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Г.Цын нэхэмжлэгч О.Ёд холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Зохигч талууд нэхэмжлэлийн шаардлагад болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг 000 тооттоот хаягт байршилтай 57,87 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц болох талаар маргаагүй, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 24 дүгээр байрыг 14 гэж андуурч бичсэн гэж тайлбарласныг хариуцагч маргаагүйг дурдах нь зүйтэй,
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 58 дугаар зүйлийн 58.1-д “нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 727 950 төгрөгний 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 657 750 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч нь компанийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч чадаагүй хохирсон гэж тайлбарласан боловч уг асуудлаар холбогдох байгууллагад нь хандах эрх нь нээлттэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар хариуцагч Г.Ц-ыг 000 тоот хаягт байршилтай 57,87 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, хариуцагч Г.Ц-ын нэхэмжлэгч О.Ё-д холбогдуулан гаргасан 000 тоот хаягт байршилтай 57,87 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 727 950 төгрөгийн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 657 750 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч О.Ё-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН