Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Н.Баасанжав,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн

Иргэний нэхэмжлэгч П.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч А.Ж,

Гэрч Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Жд холбогдох 2324000550060 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Х овогт А.Ж.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ж нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт баг Тэхийн ам гэх газарт иргэн С.Б луу хувийн таарамжгүй харьцааны улмаас чулуу шидсэн боловч уг чулуу нь Н.Чын толгойн тус газарт онож, түүний эрүүл мэндэд нь “дух ясны ил цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, эдийн няцрал, баруун гар хөлийн саажилт, бүсэлхийн 4, 5-р нугаламын фиброзон цагираг урагдал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.Жд холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримтын тухайд:

1.1. Шүүгдэгч А.Ж нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт баг Тэхийн ам гэх газарт иргэн С.Б луу хувийн таарамжгүй харьцааны улмаас чулуу шидсэн боловч уг чулуу нь Н.Чын толгойн тус газарт онож, түүний эрүүл мэндэд нь “дух ясны ил цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх, доорхи цусан хураа, эдийн няцрал, баруун гар хөлийн саажилт, бүсэлхийн 4,5-р нугаламын фиброзон цагираг урагдал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь

Хохирогч Н.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Их-Уул сумын 100 жилийн ойн баяр наадмын үеэр Их-Уул сумын Хуягт баг Тэхийн ам гэх газар их насны морины уралдаан үзэхээр 2 хүүхэд, эхнэрийн хамт очсон. Морины барианы хашаа руу эхнэрийн хамт очихоор хүмүүсийн зах хэсгээр алхаж явж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нуруугаар хатгаад, нүд толгой маш их өвдөж байсан. Улаанбаатар хотод энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр гавал тархины хагалгаанд орсон. Одоо өдөр болгон Гэмтлийн эмнэлэгт эмчид үзүүлж тариа хийлгэж байнгын хэвтрийн дэглэм сахиж байсан. Дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээ хийлгэж байгаатай холбоотой гарсан бүх зардлыг нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэж байсан болохоор мөнгө санхүүгийн асуудал их гарч байна.

Эхнэрээсээ асуухад миний толгой руу Аын хүү болох Ж чулуу шидсэн гэж надад хэлж байсан. Эм тарианыхаа баримт буюу 8 хуудас 108 ширхэг баримт авчирч ирсэн. Энэ хуудсан дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байна. эмчилгээний баримтад тусгагдсан 3,920,719 төгрөгийг яллагдагч А.Ж бүрэн барагдуулсан учир хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлмээр байна. Миний бодлоор бүрэн барагдуулсан. Уг хэргийг маань хөнгөрүүлэн шийдвэрлэхийг хүсэж байна. Надад уг хэрэгтэй холбоотой санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 81-82, 84/

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сумын баяр наадмын үеэр Хуягтын амны шүдэлгээний газарт морь хэмжиж байх үед нь морины комисс морьдоо оруулаарай гээд хэлэхээр нь би морьдоо оруул гэж байна шүү гээд хэлтэл манай сумын Ж гээд залуу чи адуугүй юм байж дуугай бай гэх зэргээр надтай маргалдахаар нь ахын дүү аятайхан бай гэж хэлээд л өнгөрсөн. Гэтэл маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хурдан морь барианы газар буюу Тэхийн аманд өмнөд өдөр надтай маргалдсан Ж гэх залуутай тааралдах үед хажуу талын эрэг рүү гүйж харагдсанаа хүмүүс дундаас гэнэт толгой нь шомбос хийхээр нь хартал над руу нэг чулуу авч шидсэн юм би ч гараараа нүүрээ хаатал нөгөө чулуу нь миний суганы доогуур гараад манай хадам ах Чойжилжавыг оносон. Дахиад нэг чулуу шидсэн нь миний толгой дээгүүр гарч яваад тухайн үед би мориноосоо буугаад хадам ах дээрээ очтол чулуунд оногдоод унасан байсан. Тэгээд хадам ахын толгой хагарсан цус гоожсон, нүдний шил нь хагарсан харагдсан. Тухайн газраас манай эхнэр Оюунсүрэн ахыг босгож түшээд манай эмнэлгийн машин руу хүргэж өгөөд эмч аваад төв рүү явсан. Өөр зүйл мэдэхгүй. Ямар шалтгаан байсныг би мэдээгүй. Урд өдөр нь надтай ам зөрөх төдий болсон тэрэндээ шаралхаад над руу шидсэн чулуу нь манай хадам ах Ч оносон. Бидний дунд ямар нэгэн маргаан, цохион зодоон болоогүй. Ч ахын биед ил харагдах шарх сорвигүй байсан. Харин чулуунд оногдоод дух нь цөмөрсөн гээд цустайгаа хутгалдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 91-92/

Гэрч Н. Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу манай сумын 100 жилийн ойн хурдан морины уралдаан Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт баг Тэхийн ам гэх газарт болж байх үед миний төрсөн дүү болох Чойжилжав гэгчийг хурдан морь барианы газарт байх үед нь нэг залуу чулуу шидээд толгой духны хэсгийг нь цөмлөсөн сумын эрүүл мэндийн төв дээр ирлээ гэж над руу хэлсэн. Тэр үед нь би сумынхаа эрүүл мэндийн төв дээр очтол манай дүүгийн толгой дух хэсгээс маш их хэмжээний цус гарсан байдалтай яаралтай Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг явах шаардлагатай гээд би эмнэлгийн машинтай эхнэр, хүүхдүүдийнх нь хамтаар аваад явсан. Тухайн үед манай дүүгийн толгой руу чулуу шидэж хагалсан Ж гэх залуугийн ээж А хамт явсан. Тэгээд Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт очоод зураг авхуулсан. Тэгэхэд духны ясны цөмрөл гэмтэлтэй, цус алдагтыг нь шимүүлэх эмчилгээ хийнэ яаралтай хот яв гэсэн. Би дүүгээ 1 шөнө сахиж хоноод эмнэлгийн машинаар манай дүүг минь Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж очоод 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай дүү 17 цагийн орчим хагалгаанд орж духны ясны цөмөрлөө янзлуулж, тархины цус хуралтыг шимэгдүүлэх хагалгаанд 5 их эмч, 3 сувилагч нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг хагалгаанд орж миний дүүгийн хагалгаа амжилттай болсон. Хагалгаанаас гарч ирэхдээ тархинд нь 2 гуурс тавьсан байсан. Тэгээд би Улаанбаатар 5 хоноод буцаж ирсэн. Манай дүүгийн эхнэр Д, хүүхэд А, бэр Б нар аавыгаа сахиад одоо хотод байгаа. Ямар шалтгаан байсныг би мэдээгүй. Манай дүүтэй хэрүүл маргаан хийсэн зүйл болоогүй гэсэн. Тухайн Ж гэх хүүхэд морь барианы газарт байхдаа өөр хэн нэгэн рүү шидсэн чулуу нь л манай дүүг оносон юм билээ. Тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Тэр хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй гэсэн. Харин манай хүргэн Батбаатар гэх хүнтэй Ж 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр морь барианы газарт маргалдсан асуудал болоод маргааш нь 07 дугаар сарын 20-ны өдөр манай хүргэн Батбаатар морь барианы газарт явж таараад Ж, Б руу авч шидсэн чулуу нь манай дүү Ч оносон асуудал болсон юм шиг байна. Манай дүүгийн толгой битүү боолтоор боосон цус нь нэвтрээд битүү л боолттой байсан. Нүд нүүр нь хүн харах эцэсгүй цус нөж болсон байсан. Ухаан санаа нь гайгүй бололтой чи зүгээр үү гэсэн асуултад гайгүй ээ гэж хариулж л байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 94-95/

Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Их-Уул сумын Хуягт баг Тэхийн ам гэдэг газар Их-Уул сум байгуулагдсаны 100 жилийн ойн баярын их насны морины уралдаан болж байсан. Морины уралдааныг үзэхээр нөхөр Чо, 2 хүүхдийн хамт 17 цагийн үед морины хашаа руу алхаж байх үед бид хоёрын голоор морьтой хүн дайрах шахаад хажуу талаар гараад явсан Манай нөхөр болох Чойжилжав шууд газар луу унаад өгсөн. Тэгээд шууд цагдаа дуудаарай гээд орилсон чинь цагдаа ойрхон байж байгаад ирсэн. ...Тэндээс эмнэлгийн машинд суулгаад Тосонцэнгэл яваад Тосонцэнгэлийн эмнэлэгт хоёр хоноод өглөө нь Улаанбаатар хот руу ирсэн. Их-Уул сумын Хонгор багын иргэн Батаа буюу Самбуудорж гэдэг хүний хүүхэд байсан. Бид хоёр тэнд байсан хүмүүсийг захлаад явж байсан. Тэгээд Чойжилжавыг чулуугаар цохиод унаад өгөхөд хажуугаар явж байсан хүмүүс энэ хүүхэд хоёр чулуу бариад явж байсан нэгийг нь шидчихлээ гэж хэлээд тэнд байсан хүмүүс гаргаж ирсэн. Тухайн хүүхэд Их-Уул сумын харьяат Аын Ж нь шар алаг цамцтай явж байсан. Яагаад энэ чулууг шидэв гэхэд тэр хүүхэд морьтой хүн лүү шидэх гэж байгаад шидчихлээ гэж хэлсэн. Тухайн хүүхдийн ээж бид хоёртой цуг Тосонцэнгэл сум руу цуг ирсэн. 07 дугаар сарын 22-нд ирсэн 07 дугаар сарын 24-нд гавал тархины болон нүдний хагалгаанд орсон. 07 дугаар сарын 31-ний өдөр эмнэлгээс гараад өдөр болгон эмнэлэг дээр очиж үзүүлээд эмчилгээ хийлгэж байгаа одоо байнгын хэвтэрт байгаа одоо нуруу болон хөл гар нь саажилттай ухаан санаа орон гаран байгаа одоо 6 сарын дараа хагалгаанд орно гэсэн 06 сарын дотор байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай гэсэн. Марал-Оточ эмнэлэг дээр өдөр бүр тариаг нь хийлгэж байгаа “Эрүүл оршихуй” эмнэлэг дээр нурууны өвчин намдаах тариаг 3 хоноод хийлгэдэг. Анх Жигжиджав ахын данс руу 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн өглөө А нь 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Тухайн мөнгөнөөс ах над руу 499,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хагалгаанд орох үед нь буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг Жигмэд ах бэлнээр, 400,000 төгрөгийг Тосонцэнгэл сумын эмнэлгийн машины бензинд өгсөн, 100,000 төгрөгийг эмнэлгийн эмч нарт хоол авч өгсөн. Ингээд Жигжиджавын ахын данс руу шилжүүлсэн гэх 2,000,000 төгрөгийн задаргаа мөн 2023 оны 07 дугаар сарын 26-ны 2,000,000 төгрөгийг миний Хаан банкны данс руу А нь 200,000 төгрөг, 400,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийт 5.600.000 төгрөгийн дансаар А нь дансаар шилжүүлж өгсөн. А нь 300,000 төгрөг, 455,000 төгрөг, 70,000 төгрөг, 204,000 төгрөг нийт 1,029,000 төгрөгийг хувийн эмнэлгийн зардал, эм тарианы мөнгийг хувиасаа гаргасан. Ингээд нийт 6,629,000 төгрөг өгсөн...”  гэсэн мэдүүлэг /1хх 97-98, 100/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10031 дугаартай: “...Н.Чын биед дух ясны ил цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, эдийн няцрал, баруун гар хөлийн саажилт, бүсэлхийн 4, 5-р нугалмын фиброзон цагираг урагдал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д. 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх 109-110/

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Н.Чын биед учирсан дух ясны ил хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал гэмтэл нь дух нүүр хэсэгт хүч үйлчлэх буюу чулуугаар цохих үед үүсэх боломжтой. Дүгнэлтэд тусгагдсан бүсэлхийн 4, 5 нугалмын фиброзон цагираг урагдал нь үйлчлэлээр буюу чулуугаар цохих мөн нуруу хүч үйлчилж унахдаа хавтгаа гадаргуу дээр биш овгор товгор зүйл дээр унах үед үүсдэг гэмтэл ба дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 103-104/,

 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 81 дугаартай: “...Урьд гаргасан 10031 тоот хүний биед үзлэг хийсэн шинжилгээ үндэслэлтэй байна. Н.Чын биед дух ясны ил цөмөрсөн хугарал, суурь ясны зүүн их далавч, зүүн нүдний ухархайн дээд ирмэг, гадна хана, зүүн хоншоор ясны урд хананы хугарал, тархины зүүн талын бөмбөлөгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, эдийн няцрал, баруун гар хөлийн саажилт, бүсэлхийн 4-S1 нугалмын фиброзон цагираг урагдал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 20-нд үүссэн байх боломжтой ба энэ нь дүрс оношилгооны шинжилгээний шинж болон Н.Чыг өөрийн биеэр нь үзсэн шинжээч эмчийн үзлэг, ГССҮТ-н эмч нарын үзлэг, клиник шинж тэмдгүүдээр тогтоогдож байна” гэсэн дүгнэлтээр /2хх 115-118/ тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

1.2. Шүүгдэгч А.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн цагийг нь сайн санахгүй байна. Тухайн үед Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Тэхийн ам гэх газарт Их-Уул сумын 100 жилийн ойн баяр наадмын их насны морь барианд орж байхад айргийн таван морины хашааны зүүн талд уяач нарт баяр хүргье гэж хэлсэн. Тэгээд би тухайн газарт өмнөх өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр морь хэмжилтийн газарт морио хэмжүүлж байхад Батбаатар гэдэг хүн олигтойхон шиг аваад хэмжүүл гэж хэлэхээр нь би хэмжилтийн газар юу хийж яваа юм гэж хэлэхэд тухайн хүн өөрөө намайг морьгүй гуйлгачин гэлээ гэж хэлсэн. Тэрнээс хойш тухайн хүнтэй маргалдаад түүнээс хойш уулзаагүй. Уг хүнтэй хэмжүүр дээр ам маргалдсанаас өөр зүйл байхгүй. Тэгээд маргааш нь их насны морины айргийн таван морины хашааны дэргэд зогсож байхад Б ирээд морьгүй гуйлгачин гэж хэлсэн билүү гээд хэлэхээр нь арагшаа хартал морь уначихсан байсан. Тэгээд би хашааны хажуугаас шаралхсандаа газраас 2 чулуу аваад нэгийг нь Батбаатар гэх хүний рүү шидсэн чулуу тэр үед түүнтэй хамт явсан хүн болох Ч гэх хүний толгой руу оносон байсан. Тэр үед би Б гэх хүний дэргэд очих гээд явахад Ч гуайн толгойноос нь цус гарсан байдалтай хашааны урд байсан эмнэлгийн машин руу алхаж яваа харагдсан. Би тухайн үед Батбаатар гэх хүнтэй зодоон цохион хийгээгүй...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгч А.Ж нь шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй. Шүүхээс тогтоосон хохирлыг өөрийн нэр дээр байдаг малаа зараад барагдуулах болно...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна. 

2. Шүүгдэгч А.Жд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч А.Ж нь гэрч С.Бг морь уначихсан “...морьгүй гуйлгачин гэж хэлсэн билүү...” гэж хэлэхээр нь газраас 2 чулуу аваад нэгийг нь түүн лүү шидэхэд цаана явж байсан хохирогч Н.Чын толгойн тус газарт онож, эрүүл мэндэд нь дух ясны ил цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх, доорхи цусан хураа, эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун гар хөлийн саажилт, мөн толгойн тус газарт чулуу цохигдох үед хохирогч Н.Ч нь газар унахдаа үүссэн бүсэлхийн 4,5-р нугаламын фиброзон цагираг урагдал гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн А.Жгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч А.Ж нь бусад руу чулуу шидэж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас уг чулуу хохирогч Н.Чын толгойн тус газарт онож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч А.Жгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч А.Жгийн үйлдлийн улмаас хохирогч Н.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Н.Ч болон түүний өмгөөлөгч нар нь “...эмчилгээний зардал 10,866,819 төгрөг, үүнээс шүүгдэгч 6,559,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,307,819 төгрөг, өнөөдрийн шүүх хуралдаанд 1,043,989 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Нийт 5,351,808 төгрөгийг нэхэмжилж байгаа. малын хөлс 3,975,000 төгрөг, ноос ачих ажлын хөлс буюу олох ёстой орлого 3,000,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдагдсаны тэтгэмж 2,090,000 төгрөг, нийт 14,416,808 төгрөг, Сэтгэцэд учирсан хохирол, хохирогчийг хөдөлмөрийн чадвар сэргэтэл тэжээн тэтгэх тэтгэмж тогтоолгох, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэсэн хүсэлтийг гаргажээ.

 

4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Шүүгдэгч А.Жгийн үйлдлийн улмаас хохирогч Н.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол төлбөрт баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.

Хохирогч талаас мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудаас 1хх 27-34 хуудсанд авагдсан эм тариа шатахуун, хүнсний зардал 2,809,341 төгрөг, 1хх 179 хуудсанд авагдсан Эрүүл оршихуй эмнэлэгт хэвтсэн үзлэг, эмчилгээний зардал 530,000 төгрөг, 1хх 202 хуудсанд авагдсан эм тариа шатахуун, хүнсний зардал 243,000 төгрөг,

2хх 49-50 хуудсанд авагдсан 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын байр түрээсэлсэн төлбөр 450,000 төгрөг, 2хх 52 хуудсанд авагдсан 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 3 сарын байр түрээсэлсэн төлбөр болон цахилгаан төлбөр 368,000 төгрөг, 2хх 83-87 хуудсанд авагдсан 2,063,534 төгрөг,

шүүх хуралдаанд эм тариа шатахуун, хүнсний зардал 796,989 төгрөг нийт 7,260,864 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж бусад баримтуудыг хэдэн төгрөгийн юунд зарцуулагдсан болох нь тодорхойгүй, үнийн дүн харагдахгүй, хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй баримтуудыг үнэлээгүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 8,277,950 төгрөгийн бэлэн болон эм, эмчилгээ, шатахууны зардал гарсан гэж шүүгдэгч А.Жгийн ээж гэрч А мэдүүлдэг боловч хохирогч талаас нийт 6,559,000 төгрөгийг хохирол төлбөрт авсан талаар мэдүүлжээ.

Хохирогч талаас баримтаар нэхэмжилсэн 7,260,864 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эм, тариа, эмчилгээ болон бусад зардалд авсан гэх 6,559,000 төгрөгийг хасаад үлдсэн 701,864 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жгаас гаргуулж хохирогч Н.Чт олгох нь зүйтэй байна.

 

4.2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2.2 дахь заалтад “...Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно...” гэж заасан байх бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Чын сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэсэн дүгнэлт гарсан байна.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.4, 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д дөрөвдүгээр зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийг 15-30% тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна. 

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн “...хохирогч Н.Чын биед дух ясны ил цөмөрсөн хугарал, суурь ясны зүүн их далавч, зүүн нүдний ухархайн дээд ирмэг, гадна хана, зүүн хоншоор ясны урд хананы хугарал, тархины зүүн талын бөмбөлөгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, эдийн няцрал, баруун гар хөлийн саажилт, бүсэлхийн 4-S1 нугалмын фиброзон цагираг урагдал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, гомдол, санал болон шүүгдэгчийн гэм буруу зэргийг харгалзан хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 15 хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660,000 төгрөг байхаар тогтоосон байх тул 660,000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс нийт 15,180,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Чын сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол 15,180,000 төгрөгийг шүүгдэгч А.Жгаас гаргуулж хохирогч Н.Чт олгохоор шийдвэрлэв.

4.3. Хохирогч Х.Ч нь мал харуулсны хөлс 3,9750,000 төгрөг, ноосны ажлыг өдрийн 100,000 төгрөгөөр тооцож хийх байсан тул ирээдүйд олох ёстой орлого 3,000,000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын зөрүү 2,090,000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын сэргэх хүртэлх тэтгэлгийн шүүгдэгч А.Жгаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаарх хохирогчоос гаргаж өгсөн баримтын хүрээнд тодорхой тооцоог гаргах бололцоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж заажээ.

Иймд хохирогч Х.Чойжилжав нь мал харуулсны хөлс 3,9750,000 төгрөг, олох ёстой орлого 3,000,000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын зөрүү 2,090,000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын сэргэх хүртэлх тэтгэлэг, цаашид гарах эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч А.Жд холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

4.4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заажээ.

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Чын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 4,604,060 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсныг нэхэмжилжээ.

Шүүгдэгч А.Ж нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,604,060 төгрөгийг төлсөн болох нь А.Жгийн ээж Аын төрийн банкны баримтаар тогтоогдож байна.  /1хх 142/,

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Цэндсүрэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Чын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 577,900 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсныг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтуудыг нотлох баримтаар ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Н.Ч нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн хооронд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, гэмтэл согог судлалын үндэсний төв, Их-Уул сумын эрүүл мэндийн төвд тус тус үзүүлсэн талаар хүснэгтийг ирүүлсэн байх боловч эмнэлэгт хандсан байдал нь шүүгдэгч А.Жгийн үйлдэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй буюу энэ талаарх нотлох баримтуудыг ирүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж заажээ.

Иймд иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Цэндсүрэн нь хохирогч Н.Чын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 577,900 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан талаар нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч А.Жд холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4.5. Иргэний нэхэмжлэгч П.Днь цагаан идээ боловсруулж худалдсан болон гутал хийж борлуулах зардал болох 10,000,000 төгрөгийг шүүгдэгч А.Жгаас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь иргэний нэхэмжлэгч П.Д нь “...би зундаа цагаан идээгээ боловсруулж бэлтгээд худалдан борлуулж 10 сая төгрөгийн ашиг олдог байсан. Мөн монгол гутал хийж зарж борлуулж ашиг олдог байсан. Гэтэл А.Жгийн үйлдлийн улмаас манай нөхөр гэмтэл авч эмнэлгээр явсан учраас зун цагаан идээ бэлтгэж зарж борлуулж чадаагүй учраас А.Жгаас олох ёстой орлого 10 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Миний энэ байдал дансны хуулгаар нотлогдож байгаа...” гэж нэхэмжилжээ.

Иргэний нэхэмжлэгч П.Д нь цагаан идээ бэлтгэж худалдаад 10 сая төгрөг олдог байсан болох нь банкны дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарлах боловч түүний ХААН банкны 5502215002 тоот дансанд 100,000 төгрөгийн орлого, 552009643 тоот дансанд ээзгий үнэ 781,000 төгрөг, өрөм 112,000 төгрөг, аруул 37000 төгрөг, ээзгий 82,000 төгрөг, ХААН банкны 5502215002 тоот дансны 2022 оны ца тос 53,000 төгрөг, ца тос 100,000 төгрөг, 2023 оны сүү 375,300 төгрөгийн орлого, малын А дансны хуулбарын хүрээнд тодорхой тооцоог гаргах бололцоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж зааснаар иргэний нэхэмжлэгч П.Дуламсүрэнгийн олох ёстой байсан орлого 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тооцоог гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж шүүгдэгч А.Жд холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

4.6. Шүүгдэгч А.Ж нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүхээс тогтоосон сэтгэц учирсан хохирол 15,180,000 төгрөг, эмчилгээний болон бусад зардал 701,861 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь хохирогч Н.Чын 5502009643 тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэг хийсэн ХААН банкны баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Жг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч  А.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Жд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хүлэг бариач овогт Аын Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч А.Жд 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Чт эмчилгээний зардал болон бусад зардалд 7,260,864 төгрөг, сэтгэцийн хохирол 15,180,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 4,604,060 төгрөгийг тус тус төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Чын мал харуулсны хөлс 3,975,000 төгрөг, ирээдүйд олох ёстой орлого 3,000,000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын зөрүү 2,090,000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын сэргэх хүртэл тэтгэлэг, цаашид эмчилгээний зардал гаргуулах,

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол 577,900 төгрөг гаргуулах,

Иргэний нэхэмжлэгч П.Дуламсүрэнгийн олох ёстой орлого 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлэхгүйгээр орхиж шүүгдэгч А.Жд холбогдуулан иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Жгийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ӨЛЗИЙХИШИГ