| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03568/И |
| Дугаар | 183/ШШ2022/00404 |
| Огноо | 2022-02-18 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/00404
2022 оны 02 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2022/00404 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураасан Ж.Д-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй 000 тоот хаягт байршилтай, 103.62 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ 289 411 900 төгрөгийн 50 хувь болох 144 705 900 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад зарласан албадан дуудлага худалдаа буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль бус үндэслэлгүй байна. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Ж.Д нараас 275 025 450 төгрөгийг гаргуулж Л.Б-д олгохоор шийдвэрлэсэн боловч Ж.Д миний Л.Б-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Л.Б-ээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ж.Д болон Л.Б нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж уг гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр 000 тоот тоот хаягт байршилтай 103.62 мкв талбайтай, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрх Л.Б-д шилжсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг уг хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөлийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж тус тус заасны дагуу дээрх орон сууцны өмчлөх эрх төлбөр авагч Л.Б-д байгаа. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Ж.Д-ийн өмчлөлийн гэх үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөгчийг буруу тодорхойлон хууль зөрчиж албадан дуудлага худалдаа явуулж байна. Энэхүү асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар гомдлыг гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нар нь хувийн хэргийг хуульд нийцүүлэн бүрэн дүүрэн судлаж үзэлгүй хэт нэг талыг барин шийдвэрийг гаргасан. Энэ нь Ж.Д миний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд дуудлага худалдаа явагдсаны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/656 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г “Төлбөр авагч Ж.Дд танд” гэж хаяглаад... төлбөр авагч Л.Бээс 2020 оны 03 дугаар сарын 17, 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус газарт хандан дээрх хөрөнгө нь миний өмчлөлд бүртгэлтэй боловч Ж.Д-ийн хөрөнгө тул хөрөнгөөс төлбөр гаргуулах ажлыг зохион байгуулж өгнө үү гэх хүсэлтээр төлбөр төлөгчийн бусдын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө болох нь тогтоогдоод байна... гэсэн хариу, мөн Ц.Г-гийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 10/14 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өмнө нь 2021 оны 10 сарын 06-ны өдөр өөрийн гаргасан 4-190/18963 дугаартай мэдэгдлийг үгүйсгэсэн илт хууль бус шийдвэрүүдээр нотлогдоно. Мөн ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04/2440 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө таны гаргасан орон сууцыг худалдан борлуулах тухай хүсэлтийг үндэслэн төлбөр авагчийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцанд албадан дуудлага худалдаа зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж мөн нэг талыг барьж Ж.Д миний гаргаагүй хүсэлт хувийн хэрэгт байгаа мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, НШШГГ-ын 200 тоот өрөөнд зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 000000 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0000 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000000 дүгээр тогтоолоор Ж.Д-ээс 273 500 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 525 450 төгрөг, нийт 275 025 450 төгрөгийг гаргуулж Л.Б-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0000000 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Ж.Д-ийн эзэмшилд байх, төлбөр авагч Л.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, 000 тоот хаягт байршилтай, 103.62 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0000000/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0000000/07 дугаар тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/453 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Х Э” ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 289 411 900 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг талуудад мэдэгдэж, төлбөр төлөгчид 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-190/37400 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 11/42 дугаар тогтоолын хамт танилцуулж гардуулан өгч, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Ж.Д нь шинжээчийн тогтоосон үнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 000/000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 00000000 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 000 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 00000000 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ж.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/07 дугаар тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-190/17358 дугаар тоот албан бичгээр мэдэгдэж гардуулан өгсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуулийн дагуу зохион байгуулж, дуудлага худалдаагаар 225 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг талуудад 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-190/18963 дугаар тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/07 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, НШШГГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-190/17358 тоот Мэдэгдэл, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 000440669 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00/00/000 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, НШШГГ-ын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-190/18963 тоот мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн НШШГГ-ын хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/14 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04/2440 дугаар гомдолд хариу өгөх тухай албан бичиг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Дийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НШШГГ-ын 4/814 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Дээс Ш.Гад олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг /хэргийн 5-15, 25-26, 30-р хуудас/,
Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/1323 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “С.Гантөрийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1 дугаар НШШГГ-ын албан даалгавар, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1-179/29 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас О.Уртнасанд олгосон итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1-238/57 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас П.Э-т олгосон итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00/ГХ00 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 000000 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 0000 дугаар магадлал, төлбөр авагч Л.Б НШШГГ-т гаргасан хүсэлт, НШШГГ-ын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0000000/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, НШШГГ-ын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0000000/05 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, НШШГГ-ын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0000000/07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 000532710 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НШШГГ-ын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4-190/31567 тоот Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн төлбөр авагч Л.Бийн шинжээч томилуулах тухай хүсэлт, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/453 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний №01/71 тоот тайланг хүлээлцсэн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №01/198 тоот Хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, НШШГГ-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4/190/37400 тоот төлбөр төлөгч Ж.Дд хүргүүлсэн мэдэгдэл, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/42 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 00000000 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/16704 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 00//000/0 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/07 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, НШШГГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-190/17358 дугаар төлбөр төлөгч Ж.Д-д хүргүүлсэн мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн НШШГГ-ын анхны болон хоёр дахь албадан дуудлага худладааны хурлын тэмдэглэл, НШШГГ-ын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-190/18965 тоот мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/14 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол зэрэг баримтуудыг /хэргийн 33-35, 46-100-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан, төлбөр төлөгчийн биш төлбөр авагчийн эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч, дуудлага худалдаа явуулсан тул албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцоогүй тул хуульд заасны дагуу үнэлгээ хийсэн, төлбөр авагчийн хүсэлтийн дагуу албадан дуудлага худалдаа зохион байгуулж, энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн гэж үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Ж.Д-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 357 525 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд №000000 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Д-ээс 190 365 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 167 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 50-53-р хуудас/
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №0000 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №000000 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 282 дугаар зүйлийн 282.3 гэснийг “232 дугаар зүйлийн 232.8” гэж, “190,365,000” гэснийг “500,000” гэж, “167,160,000” гэснийг “84,025,000” гэж, 3 дахь заалтын “1,109,775” гэснийг “1,525,450” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээжээ. /хэргийн 54-57-р хуудас/
Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул төлбөр авагч Л.Бийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 00/ГХ00 дугаар гүйцэтгэх хуудас олгосон, уг гүйцэтгэх хуудсын дагуу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0000000 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж төлбөр авагчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авч, дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн гэж маргасан.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч Ж.Дд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, 000 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, 103,62 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хураан авсан байх бөгөөд энэ талаар төлбөр төлөгч Ж.Д-д мэдэгдсэн болох нь эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд төлбөр төлөгч нь Ж.Д нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар буюу битүүмжлэх, хураан авах ажиллагааны талаар гомдол гаргаж байсан талаараа баримтаар нотлоогүй болно.
Мөн нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан төлбөр авагчийн эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байсан байх бөгөөд уг төлбөрт хураагдсан 000 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, 103,62 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өөрөө бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "дуудлага худалдаа" гэх/-гаар худалдан борлуулна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь төлбөр төлөгч биш төлбөр авагчийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй, хариуцагч нь хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэснийг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №10/07 дугаар “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол”-оор төлбөр төлөгч Ж.Д-ийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, төлбөр төлөгч Ж.Д-ийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй 000 тоот хаягт байршилтай,103,62 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон 289 411 900 төгрөгний 50 хувь болох 144 705 950 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, НШШГГ-ын 200 тоот өрөөнд зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсугай гэснийг 2021 оны 09 дүгаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Ж.Д-д мэдэгджээ.
Төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө нь төлбөр авагч Л.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч уг орон сууцыг Ж.Д нь эзэмшиж, ашиглаж байгаа талаараа маргаагүй, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа миний эзэмших эрх зөрчигдөөд байна гэж тайлбарласан, төлбөр авагч Л.Б нь “...уг хөрөнгө нь миний нэр дээр бүртгэлтэй боловч төлбөр төлөгч Ж.Д-ийн хөрөнгө тул өр төлбөрийг барагдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, үнэлгээ тогтоож, анхны дуудлага худалдаа зохион байгуулсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн НШШГГ-ын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлээр үл хөдлөх эд хөрөнгө 225 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон, энэ талаар төлбөр авагчид мэдэгдсэн, албадан дуудлага худалдаа нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Ж.Д-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН