| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0387/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/390 |
| Огноо | 2024-09-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.О даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
хохирогч Д.Б,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жунтан овогт Батсуурийн Б.Гад холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын **-**тоотод хохирогч Д.Бийг өөрийн эзэмшлийн Хьюндай Сонота-6 маркийн **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор унтаж байхад нь н.Эрдэнэболор гэх эмэгтэйг хаана байгаа талаар асууж, улмаар хохирогчийг унтаж байсан тээврийн хэрэгсэл дотроос нь татаж буулган газарт түлхэн унагаж, эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэж,
Хохирогч Д.Б нь өөрийгөө өмгөөлж өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэн “миний яс хугарсан, бас эмнэлэгт хэвтсэн, өөрт учирсан бодит хохиролд 300,000 төгрөг авсан, цаашид хохирол гаргуулж авмаар байна” гэсэн байр сууринаас,
Улсын яллагч Т.Төгөлдөр: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлж тус тус оролцсон болно.
Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд хавтаст хэргээс:
- Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын **-**тоотод хашаан дотор өөрийн эзэмшлийн **-** ОРО улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл дотор унтаж байтад үл таних эрэгтэй машины хаалга татсанаа намайг бос гэж хэлсэн. Намайг босохгүй гэхэд намайг татаж машинаас унагаж би баруун гараа хугалчихсан. Тэр хүн намайг чирч гулдчаад савж унагаагаагүй бол би гараа хугалахгүй байсан. Тухайн үед Гантөмөр ах нь, мөн том ах харж байсан. Тэгээд би босоод том ахынхаа хажууд очоод суучихсан. Хэрүүл маргаан хийж маргалдаагүй, над руу янхануудаа дууд, хүүхэд орогнууллаа, 70 настай хөгшин хүнийг гэрт нь ганцаараа байлгалаа гэх зэрэг үг хэлж танхайрсан. Тэгсэн эхнэр над руу залгаж таарсан. Тэгээд болсон зүйлийн талаар хэлэхэд эхнэр цагдаа дуудчих уу гэхээр нь цагдаа дууд гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
- Гэрч Б.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 8 дугаар сарын 09-ний өглөө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багт айлд таксигаар ганцаараа очиход том ах Ган-Эрдэнэ нь сааданд үл таних эрэгтэй хүний хамт юм яриад сууж байсан. Манай эрэгтэй дүү болох Б.Г тэр хавиар Болороо гэх эмэгтэйг хайгаад гаргаад ир гэж хэлж байсан… Би хохирогч гэх залууг Болороо руугаа залгаадах гэхэд залгахгүй гэж байсан. Болороо гэх эмэгтэйтэй манай эрэгтэй дүү Гантөмөр сууна барина гээд 70 настай аавыгаа гэрт нь үлдээгээд олон хоног яваад өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
- Гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын **-**тоотод очиход Сонота-6 маркийн машин дотор нэг залуу унтаж байхаар нь манай дүү Б.Г татаад буулгаад ирсэн. Тэр үед гар нь эвгүй болчихсон байх. Тэгээд сааданд орж хохирогч гэх Д.Бтэй юм яриад сууж байтал гар эвгүй болчихлоо гэж надад хэлж байсан. Очихдоо хашааных нь хаалгыг өшиглөөд орчихсон чинь эвдэлчихсэн байхаар нь очиж уучлалт гуйгаад янзлаад хохиролгүй болгож өгсөн. Тэр гэрт сүртэй агсам тавьж танхайраагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 726 дугаартай “…1. Д.Бийн биед баруун шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох хүчний үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхаар байна.
4. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/,
- Хохирлын талаарх баримт /хх-ийн 69-73 дугаар тал/,
- Хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 74 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Бийг машинаас татан унагааж баруун шуу ясны далд хугарал бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь:
- Хохирогч Д.Бийн “…Намайг босохгүй гэхэд намайг татаж машинаас унагаж би баруун гараа хугалчихсан…” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Ган-Эрдэнийн “…Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын **-**тоотод очиход Сонота-6 маркийн машин дотор нэг залуу унтаж байхаар нь манай дүү Б.Г татаад буулгаад ирсэн. Тэр үед гар нь эвгүй болчихсон байх. Тэгээд сааданд орж хохирогч гэх Д.Бтэй юм яриад сууж байтал гар эвгүй болчихлоо гэж надад хэлж байсан…” гэх мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 726 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 726 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.Гын баруун гараараа хохирогч Д.Бийг машинаас татаж унагаан баруун шуу ясны далд хугарал бүхий хохирол учруулсан үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Б.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Гыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тус хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зохимжгүй хэрэглээний байдал нөлөөлжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Хохирогч Д.Б баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт “би группт байдаг, гарынхаа ясыг хугалж эдгэрэлт удаантай, удаан хугацаанд шаналсан, ийм учраас сэтгэл санааны хохирол гаргуулмаар байна” гэсэн тайлбар гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Г нь “хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахыг зөвшөөрч хохирогч шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд харилцан тохиролцож, хохирогч Д.Бт хохиролд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг өгч, хохирогч хохирлоо авсан, одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,
Шүүгдэгч Б.Г нь “...гаргах саналгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР