Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/00405

 

022 оны 02 сарын 18 өдөр                         Дугаар 183/ШШ2022/00405                       Улаанбаатар хот

 

 

             

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б ,

Нэхэмжлэгч: А.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  Г.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээ нь хууль бус болохыг тогтоож, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

Нэхэмжлэгч А.А товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч А.Б, А.А нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээ нь хууль бус болохыг тогтоож, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Б, А.А бид нар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 000/000 дугаартай шийдвэрийн дагуу Г.Э-д 20 367 950 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэр гарсан. Энэхүү шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Барьцаа хөрөнгө маань Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 тоот дахь орон сууц байсан ба Улаанбаатар хотоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн ШШГА-руу мэдэгдэл явуулж манай орон сууцыг битүүмжилсэн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр барьцаа хөрөнгө болох өөрсдийн өмчлөлийн орон сууцаа 130 сая төгрөгөөр үнэлж байгаа тухайгаа гараар бичиж албан ёсоор Дархан-Уул аймгийн ШШГА-аар дамжуулан НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Б.З-д өгсөн. Түүнээс хойш ШШГА-аас бидэнтэй ямар нэг байдлаар холбогдоогүй. Тэгтэл миний энэ өгсөн үнэлгээнээс хойш Нийслэлийн ШШГГ-аас Д ХХК-г манай орон сууцанд үнэлгээ хийлгэхээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна. Мөн энэ үнэлгээний дагуу анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, үнэлгээг дахин бууруулж 2 дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явуулж 35 сая төгрөгөөр худалдан борлогдсон болохыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус газарт өөрийн биеэр очиж Б.З-той уулзаад мэдэж авсан. Биднийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор төлбөрийн 20 367 950 төгрөгийг төлөхгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх болохыг анхааруулсан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-137/21039 дугаартай мэдэгдлийг мөн өдөр гардуулан өгсөн. Энэ үнэлгээ хийлгэсэн тухай тайлан, шинжээч томилсон тогтоолыг бидэнд танилцуулаагүй, анхны болон 2 дахь дуудлага худалдаа явуулахдаа бидэнд албан ёсоор бидэнд мэдэгдээгүйгээс шалтгаалж бидний орон сууц албадан дуудлага худалдаагаар борлогдсон байгаа нь хууль бус үйлдэл байх тул дуудлага худалдааг хүчингүй болгож өгөхийг хүсэж НШШГГ-ын дарга хурандаа н.О-д хандан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан боловч НШШГГ-ын хэлтсийн дарга Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г-аас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/742 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “танд шуудангаар мэдэгдсэн тул мэдэгдээгүй гэх гомдол нь үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг бидэнд өгсөн. Шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй, үнэлгээний тайлан, анхны болон  2 дахь дуудлага худалдааны талаар бидэнд мэдэгдээгүй, таилцуулахгүйгээр хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч Б.З нь явуулсан гэж үзэж байна. Бид хэдийгээр төлбөр төлөгч хэдий ч хуульд заасан  эрхийн хүрээнд шинжээч томилсон тогтоол, тайлан зэрэгтэй танилцах, татгалзах, гомдол хүсэлт гаргах эрхтэй. Түүнчлэн анхны болон 2 дахь удаагийн дуудлага худалдаа болох талаар мэдэх эрхтэй байхад барьцаа хөрөнгө чинь бусдад дуудлага худалдаагаар борлогдсон тухай мэдэгдлээ гардуулан өгч байгаа нь бидний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн бидэнд шуудангаар хүргүүлсэн гэсэн тул “М Ш” ХК-ийн холбогдох газруудаас асуухад Шуудангийн 30 дугаар салбарын ажилтан шууданч н.Ж-ийн буруутай, хариуцлагагүй байдлаас үүдэн албан бичгүүд хүргэгдээгүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр НШШГ-т буцаан хүлгээлгэн өгсөн баримт бүхий тодорхойлолтыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бидэнд албан ёсоор өгсөн.

НШШГГ-ын тогтоолоор хийгдсэн иргэн А.Б, А.А бидний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 тоот дахь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээ нь хууль бус болохыг тогтоож, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 000/000 дугаар шийдвэрээр А.А, А.Б нараас 20 367 950 төгрөгийг гаргуулж Г.Э-д олгохоор шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ НШШГГ-ын үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээ нь хууль бус болохыг тогтоож, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Төлбөр төлөгч А.Б, А.А нарт холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгч нарт дуудаж өгсөн боловч А.Б, А.А нар нь төлбөрийг төлж барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг билүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум 00 тоот 26 мкв талбайтай орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагааг гүйцэтгэж, эд хөрөнгийн үнийн санал авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж, эд хөрөнгийн үнийн санал авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21290460/137 тоот шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгаварыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 41 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч С.О-ээр гүйцэтгүүлэхээр хүргүүлсэн. Дээрх үүргийн гүйцэтгэл барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч А.Б-ыг байцуулан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 21290460/02 дугаар бүхий битүүмжилсэн актаар битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 21290460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч А.Б-аас үнийн санал авахад 130 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа бичгээр гаргаж, төлбөр төлөгч А.А-т 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4-137/13675 тоот албан мэдэгдлийг хүлээлгэн өгөхөөр утсаа дуудаад авдаггүй тул оршин суугаа хаяг болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Яармаг 15 гудамж, 381 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн саналаа ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч  Г.Э барьцаа хөрөнгөнд шижээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул тус газраас хөндлөнгийн үнэлгээний Д ХХК-г шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход барьцаа хөрөнгийг 40 500 000 төгрөгөөр үнэлж, үнэлгээг ШШГТХ-н 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдэж, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 35 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч А.Б, А.А нар нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2021 оны 02 дугаар сараас хойш нэг төгрөг ч төлөөгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй атлаа шийдвэр гүйцэтгэгчээ солино, 20 хон сая төгрөг юу юм гэх зэрэг хэл амаар дайрч, эд хөрөнгийн мэдүүлэг гаргаж өгөхөөс зайлсхийж, төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл болон зарлан дуудах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзах зэрэг үйлдэл гаргаж, барьцаалсан барьцаа хөрөнгөд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай бүрт төлбөр төлөгч А.Б нь өөрийн биеэр байлцааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдээгүй дүр эсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориудаар санаатайгаар хүчингүй болгуулах, хугацаа хожих зэргээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн.

 

Нэхэмжлэгчээс А.Б, А.А нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, НШШГГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-137/21039 тоот мэдэгдэл, НШШГГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 4/742 тоот хариу мэдэгдэх хуудас, М Ш ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05/825 дугаар тодорхойлолт, фото зураг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр НШШГГ-ын дарга, хурандаа н.О-д гаргасан гомдол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 000/000 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр А.Баас С.Т-өд олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг /хэргийн 4-14, хуудас/,

хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1-137/528 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.З-д олгосон итгэмжлэл, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хариу тайлбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 000/000 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 000/000 дугаартай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2021/00411 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21290460 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, А.Б-ын иргэний лавлагаа, А.Аийн иргэний лавлагаа, А.Б-ын эд хөрөнгийн лавлагаа, А.Аийн эд хөрөнгийн лавлагаа, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, Төлбөр төлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн мэдүүлэг, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар зарлан дуудах мэдэгдэл, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, НШШГГ-ын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4-137/10502 дугаар албан тоот, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 21290460/137 дугаар Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 570 тоот албан бичиг, 000562936 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21290460/137 дугаар даалгавар, НШШГГ-ын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2-137/11917 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02/1895 тоот албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 21290460/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 21290460/01 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21290460/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, А.Б-ын НШШГГ-т гаргасан хүсэлт, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, НШШГГ-ын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4-137/13675 тоот албан бичиг, Төлбөр авагч 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр НШШГГ-т гаргасан хүсэлт, 2021 оны 08 дугаар сарын 09-ний 8/151 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №59/021 тоот Д ХХК-иас Ц.Т-д олгосон итгэмжлэл, шинжээч Ц.Т-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Д ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Дархан-Уул аймгийн Дархан сум 00 тоотод байрлах орон сууцны фото зураг, 000562936 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №Ш21-03 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, НШШГГ-ын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4-137/14818 тоот мэдэгдэл, НШШГГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-179/17414 тоот мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/29 дугаар тогтоол, НШШГГ-ын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/19 дугаар тогтоол, НШШГГ-ын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-137/19574 тоот мэдэгдэл, НШШГГ-ын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын 2021 оны 10 дуаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл, НШШГГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-137/21039 тоот мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн НШШГГ-ын дарга, хурандаа Оюунболдолд гаргасан гомдол, НШШГГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4-137/22581 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, НШШГГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 4/742 дугаар хариу мэдэгдэх хуудас, фото зураг гэсэн баримтуудыг /хэргийн 18, 24-110-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б, А.А нарын хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээ нь хууль бус болохыг тогтоож, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.  

 

Нэхэмжлэгч нар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ мэдэгдээгүй, үнэлгээний тайланг танилцуулаагүй эрх зөрчсөн, анхны болон албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй байж үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулах гэж байгаа нь хууль зөрчсөн тул үнэлгээ тогтоосон тогтоол, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч нарт мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Г.Э-ын нэхэмжлэлтэй, А.А, А.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 960 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд №000/000 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.А, А.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 960 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч нарын барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум 00 дүгээр тоотод байрлах 26 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хэргийн 26-30-р хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 000/000 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 000/000 дугаар “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2021/00411 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №21290460 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгч нарт мэдэгдэж байсан, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор Дархан сум 16 баг, 1 хороолол, 4-49 тоотод байрлах хувийн орон сууцыг битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураан авсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг зөрчсөн, үнэлгээний тайлантай танилцуулаагүй байж анхны болон албадан дуудлага худалдааг зохион байгуулж хууль зөрчсөн гэж маргасан.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч А.А, А.Б нар нь “...Дархан сум 00 тоот 2 өрөө орон сууц Ү-0000 дугаартай битүүмжлэн хураалгаж алдадан дуудлага худалдаанд 130 000 000 төгрөгөөр оруулахад татгалзах зүйлгүй”, гэж, төлбөр авагч Г.Э нь “...эд хөрөнгийн шинжээч томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар төлбөр төлөгч А.А, А.Б өмчлөлийн нарын эрхийн улсын бүртгэлийнҮ-0000 дугаарт бүртгэлтэй Дархан уул аймгийн Дархан сумын 00 тоот 26,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр “Д” ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь хэрэгт авагдсан талуудын хүсэлт, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №8/151 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан шинжээчээр томилогдсон “Д” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланд “...үнэлэгдэж буй орон сууцны зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувь ач холбогдолтойд тооцон нийт 40 500 000 төгрөгөөр үнэлгээ тогтоогдов” гэж үнэлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж саналт хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж заасан боловч хэрэгт авагдсан баримтаар болон нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбараар шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нарт үнэлгээний тайлан, дүгнэлтийг танилцуулсан талаарх баримтын ирүүлээгүй болно.

Хэрэгт авагдсан НШШГГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 4/742 тоот хариу мэдэгдэх хуудсанд “...үнэлгээний мэдэгдэл болон албадан дуудлага худалдааны тогтоолуудыг шүүхийн гүйцэтгэх хуудас болон иргэний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 000 тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн” гэсэн боловч М Ш ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05/825 тоот албан бичигт “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А.А, А.Б Яармаг 15-381 тоот, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо хаягаар илгээсэн 4-179/17414, 10/29 албан тоот бүхий RD158831557MN бүртгэлийн дугаартай албан бичгийг тус компанийн шуудангийн үйлчилгээний буруугаас гардуулаагүй саатуулсан байсныг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус газрын ажилтанд буцаан гардуулсан байна” гэжээ.

Хариуцагч нь төлбөр төлөгч нарт буюу нэхэмжлэгч нарт үнэлгээний тайлан дүгнэлтийг хуульд заасан хугацаанд танилцуулаагүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан хүсэлт гаргах, 62 дугаар зүйлийн 62.1-д заасан өөрийн хөрөнгийг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна”, 66 дугаар зүйлийн 66.3-д “шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч А.Б, А.А нарын хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээ нь хууль бус болохыг тогтоож, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

           

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг А.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э нар нь эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-д зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

   

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д зааснаар нэхэмжлэгч А.Б, А.А нарын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй Дархан уул аймгийн Дархан сумын 00 тоот 26,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэг А.Б, А.А нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН