Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/398

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.О даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,  

Улсын яллагч Т.Д,

Хохирогч Б.Б.Б /цахим/,

Иргэний нэхэмжлэгч Н.С, А.С,

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овогт Цээлэйн Ц.Эд холбогдох эрүүгийн 2425001910431 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.Э

 

Холбогдсон  хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт боис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Р.Цн эзэмшлийн **-** ОРА улсын  дугаартай лексус 450 маркийн тээврийн хэрэгслийг Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрт А1001 улсын чанартай зам дээр жолоодож явахдаа эсрэг урсгалд орж Тоёота приус дабль 50 маркийн **-** УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота приус 20 маркийн 81-16 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж Тоёота приус 20 маркийн 81-16 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Сын тээврийн хэрэгсэлд 5,012,000 төгрөг, А.Сын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 10,140,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Эыг Монгол Улсын замын хөдлөгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Б.Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Сын тээврийн хэрэгсэлд 5,012,000 төгрөг, А.Сын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 10,140,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Т.Д: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Хохирогчийн Б.Б.Б “2023 оны 03 сарын 18-ны өдөр ийм үйл явдал болсон. Миний бие байнгын эмчийн хяналтанд байдаг, эмчид үзүүлэхээр зорчиж явсан ба машины арын суудал дээр суугаад явж байтал уг машин урсгал сөрж орж ирээд ташраар нь 2 машиныг мөргөсөн. Тухайн үед миний толгой болон эгэм бэртсэн. Гэмтэл маань эдгэдэхгүй удаан явсан. Эмчилгээний эм тариа болон бариа хийлгэсний зардалд 1.000.000 төгрөг гаргуулмаар байна, гомдолтой байна” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг,

Иргэний нэхэмжлэгч Н.С “тухайн үед уг жолооч урсгал сөрж орж ирээд миний машиныг мөргөсөн. Хохирлоо одоо болтол барагдуулаагүйд гомдолтой байна, хохиролд 6.004.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн,

Иргэний нэхэмжлэгч А.С “Хохирлоо барагдуулж авмаар байна. Машиныг авч яваад засуулахад 15.978.000 төгрөгний зардал гарсан. Уг хохирлоо гаргуулмаар байна” гэсэн,

Шүүгдэгч Ц.Э “2023 оны 03 сарын 17-ны өдөр эхнэртэйгээ маргалдаж Улаантолгойгоос аймгийн төвд ирээд пиво уусан. Маргааш нь гэр рүүгээ явж байхдаа ийм осол гаргасандаа харамсаж байна. Хохирлуудыг төлж барагдуулна, саяхан ажилд орсон зээл хөөцөлдөж байгаад хохирлоо төлнө” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун “шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Хувийн байдлыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн тайлбарыг тус тус гаргаж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хавтаст хэргээс:

- Хэргийн газрын талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-14 дүгээр тал/,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/,

- Ц.Эы согтуурал шалгасан тухай баримт /хх-ийн 16 дугаар тал/,

- Хохирогч Б.Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эгч ахын хамт Жаргалант сумын замаар явж байтал гэнэт нэг юм тас түс хийгээд явчихсан тэгээд нэг мэдэх манай машины эсрэг урсгалд Орчихсон баруун талын эгэм буюу гар маань хөдлөхөө больсон байсан. Тэгээд би яаралтай түргэн тусламж авахаар Орхон аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд очиж үзүүлсэн. Тэгээд үзүүлэхэд баруун гарын эгэм хугаралтай байсан. Тэгээд 3 зар гаран хэвтрийн дэглэм барьж эм байнга ууж өвчингөө намдааж байсан. Одоогоос 2012 онд найзтайгаа барилдаж байгаад нуруу нугасны гэмтэл аваад бүсэлхийнээс доош мэдээ алдаад байнгын асаргаанд байдал болсон. Би эмчилгээний зардал болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор хохирол  учраагүй... Би маш их гомдолтой байна. Би энэ гэмт хэргийн улмаас миний хугарсан яс болон толгой тархи маш их өвдөж байгаа байнга эм тариа ууж хэвтэж байгаа. Би толгойгоо 14 хонгийн хугацаанд 500,000 төгрөгөөр бариулсан, эм тарианд 500,000 төгрөг зарцуулсан. Ингээд би нийт Ц.Эаас 1,000,000 төгрөг нэхэмжилж байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 25 дугаар тал/,

- Иргэний нэхэмжлэгч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ц.Эаас 15,978,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд машины эвдэрлийн үнэлгээ 10,140,000 төгрөг, нийт ачилтын мөнгө 850,000 төгрөг, журмын хашааны мөнгө 490,000 төгрөг, засварын мөнгө 4,470,000 төгрөг, тэнхлэг тохиргооны 60,000 төгрөг, машин засварын ажлын хөлс 4,500,000 төгрөг болсон. Дээрх мөнгийг нэхнэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

- Иргэний нэхэмжлэгч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би маш их гомдолтой байна. Би машингүй болсоноос хойш газар тариалангий ажилаа хийж чадахгүй маш хохироч байна. Байнга таксигаар сүүлийн 3 сар үйлчлүүлж байна. Машины журмын хашааруу ачсан хөлс 325,000 төгрөг, журмын хашаанаас 120,000 төгрөгөөр авсан, такси үйлчилгээнд 120,000 төгрөг, авто тээврийн оношилгооны мөнгө 88,000 төгрөг, машины үнэлгээ хийлгэхэд 5.352.000 төгрөгөөр хийлгэсэн. Ингээд нийт 6,004,000 төгрөгийг Ц.Эрдэнэцагааанаас нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

- Гэрч Ө.Удвалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Миний хүү ажилч хичээнгүй хүн л дээ даанч архинд толгойгоо мэдүүлчихээд байгаа юм. **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний талийгаач нөхрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл буюу Ц.Эы аавынх нь машин юм. Одоогийн байдлаар би нөхрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр байгаа, энэ машин эвдэрсэн ч гэсэн хүүгээсээ мөнгө нэхэмжлэхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

 

- Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумаас Эрдэнэт хот руу явж байтал урд явж байсан приүс-55 загварын **-** УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд талд явж байхад Эрдэнэтээс Жаргалант сум чиглэлд явж байсан RX-450 буюу **-** ОРА улсын дугаартай машин шууд урсгал сөрж орж ирээд приүс-55 болон миний машиныг бас давхар мөргөөд замын хажуу тал руу оруулчихсан. Тэгээд би машинтайгаа зам дээр бүтэн нэг тойрч замын хажуу тал руу орж зогссон. Тэгээд машинаасаа буугаад хартал урсгал сөрсөн машины жолооч нь согтуу байсан. Тэгээд приүс-55 загварын машины жолооч нь цагдаад дуудлага өгсөн. Би машиндаа эхнэр болон эхнэрийн төрсөн дүүгийн хамт явж байсан. Би дээшээ өгсөх чиглэлээр явж байсан учир 55 км цагийн хурдтай явж байсан байх мөн урд бас машин явж байсан болохоор нэлээн бага хурдтай явж байсан. Харин урсгал сөрж орж ирсэн RX-450 тээврийн хэрэгсэл 100 км цагийн хурдтай явж байсан байх эхний машиныг мөргөөд дахиад миний машиныг мөргөсөн Миний бие гэмтээгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Харин манай эхнэрийн дүүгийн эгэм нь хугарсан байдалтай байсан. Миний машины баруун талын 2 хаалга, зүүн талын урд хаалга, арын гүпр, зүүн талын урд дугуй эвдэрсэн, крыло эвдэрсэн гээд бараг ахиж засагдахааргүй болсон. Иймээс машинаа төлүүлж авмаар байна. Одоогоос 2 жилийн өмнө машинаа 16 саяаар авч байсан. Би одоо машины тэр чигээр нь төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,

- Гэрч Б.Оюунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумаас Эрдэнэт хот руу манай нөхөр машинаа бариад явж байтал урд явж байсан машиныг гэнэт нэг машин урсгал сөрж орж ирээд урд явж байсан машиныг мөргөөд мөн манай машиныг давхар мөргөөд замын хажуу тал руу гаргачихсан. Мөн манай машинд хэвтрийн өвчтэй дүү маань хамт явж байсан ба эгмийн яс нь хугарсан байсан. Мөн манай машин хэд хэдэн удаа эргээд замын хажуу талд гарж зогссон байсан. Нүд ирмэхийн зуур бүх зүйл болж өнгөрсөн. Манай машины бүх зүйл нь эвдэрсэн. Манай нөхөр машинаа барьчихсан би урд суудал дээр бүсээ бүсэлчихсэн хойд талын суудал дээр өвчтэй дүү маань сууж явж байсан. Манай нөхөр нэлээн удаан зөөлөн явж байсан харин урд явж байсан машиныг хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Харин урсгал сөрж орж ирсэн машин бол нэлээн хурдтай явж байсан хурдтай явж байсан. Миний бие гэмтээгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Харин манай дүүгийн эгэм нь хугарч хэвлийд шингэж үүссэн байна гэсэн. Манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин урсгал сөрж орж ирсэн машины жолоо нэлээн согтуу байсан. Би маш их гомдолтой байна би дүүгээ энэ машинаараа тээвэрлэж эмнэлэгт үзүүлдэг байсан одоо машингүй хэцүү байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/,

            - Гэрч Д.Өнөрзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэртээ нүүрс түлээ авчирч өгчихөөд гэртээ хоноод 03 дугаар сарын 17-ны орой Эрдэнэт рүү явсан. Тэгээд дахиад Жаргалант сум руу гэртээ ирж байгаад согтуугаар машин жолоодоод осол гаргасан байсан. Тухайн өдөр Ц.Э би машин мөргөөд осол гарчихлаа гэж гэртээ ирж хоноод маргааш өглөө нь 07 цагийн үед Эрдэнэт рүү цагдаатай уулзан гээд явсан. Тэгээд л түүнээс хойш гэртээ ирээгүй. Тэгээд би утас руу залгахад утсаа аваад би цагдаа дээр очихгүй яах гэж залгасан юм гээд утсаа салгасан. Тэгээд маргааш цагдаа дээр очно гээд л алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/,

            - Гэрч Т.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумаас Эрдэнэт хотруу манай нөхөр машинаа бариад би урд суудал дээр хойд суудал дээр хүү маань суугаад явж байтал урдаас нэг машин урсгал сөрөөд хурдтай ороод ирэхээр нь манай нөхөр шууд тоормослоод замын эсрэг урсгал руу ортол шууд ирээд манай машиныг мөргөөд хойно явж байсан приүс-20 машиныг бас мөргөж эсрэг урсгалын замын хажуу тал руу гаргачихсан. Манай машин бүтэн эргээд эсрэг урсгал руу эсрэг хараад хараад зогссон. Тэгээд буугаад харсан чинь манай машины жолооч талын хойд дугуй салчихсан хойд гүпр нь тэр эвдэрчихсэн байсан. Тэгээд шууд манай нөхөр цагдаагийн 7035102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Манай нөхөр машинаа барьчихсан би урд суудал дээр бүсээ бүсэлчихсэн хойд талын суудал дээр манай 7 настай хүү маань суугаад явж байсан.  Манай нөхөр хэдэн км цагийн хурдтай явж байсныг би сайн мэдэхгүй байна. Харин урсгал сөрж орж ирсэн машин маш хурдтай урсгал сөрж орж ирсэн. Миний бие гэмтээгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Харин хүүгээ шүүх эмнэлгээр биш Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нарийвчлан үзүүлнэ. Манай нөхөр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин урсгал сөрж орж ирсэн машины жолооч нэлээн согтуу байсан. Би маш их гомдолтой байна машинаа төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,

            - Гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумаас Эрдэнэт хот руу би машинаа барьчихсан эхнэр урд суучихсан хүү маань хойд суудал дээр суугаад явж байтал гэнэт урдаас нэг машин урсгал сөрөөд маш хурдтай орж ирэхээр нь би шууд тоормослоод хурдаа хассан чинь урдаас машин ойртоод ирэхээр нь би шууд эсрэг урсгал руу жолоо эргүүлсэн боловч шууд ирээд мөргөчхөөд миний хойно явж байсан приус-20 тээврийн хэрэгслийг мөргөөд эсрэг урсгалын хажуу тал руу гаргачихсан. Мөн манай машины баруун талын хойд хэсгийг мөргөж машин бүтэн эргэж эсрэг урсгалд орж Жаргалант сум  руу харж зогссон. Тэгээд би шууд буугаад цагдаагийн 7035102 дугаарт зам тээврийн ослын талаар дуудлага өгсөн. Би машин дотроо эхнэр хүүгийн хамт явж байсан. Би 60 км цагийн хурдтай явж байсан. Харин урсгал сөрж орж ирсэн машин маш хурдтай явж байсан гэхээр 80-100км цагийн хурдтай явж байсан байх. Миний бие зүгээр би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Миний машин 2016 онд үйлдвэрлэгдсэн монголд 2023 оны 08 дугаар сард орж ирсэн. 33,600,000 төгрөгөөр 2023 оны 11 дүгээр сард авч байсан. Машинаа эхнэрийн нэр дээр бид Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 3 жилийн хугацаатай авсан. Маш их гомдолтой байна машинаа төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/

            - Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 318 дугаартай “...Б.Б.Бийн биед баруун эгэм ясны хугарал, баруун зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/

- 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай “...**-** ОРА улсын дугаартай Lexus RX-450H-AL-10” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Цээлэйгийн Ц.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7.а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна  гэснийг зөрчсөн, 81-16 ОРА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6 дүгээр заалтыг зөрчсөн мөн тус тээврийн хэрэгслийн зорчигч Б.Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1.а дугаар заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл биш бөгөөд сэжигтэн Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.a, 11.3, 12.3 дугаар заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол болж хохирогч Б.Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг болгоомжгүйгээр учруулсан байна” гэсэн магадалгаа /хх-ийн 50-53 дугаар тал/ ,

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг хийсэн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай “...ИБ81032614 регистрийн дугаартай Нанжидмаа овогтой Н.С жолоодож явсан Toyota маркийн Prius-20 загварын Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2016-08-04-ны өдөр орж ирсэн 8116 ОРО улсын дугаартай NHW207036315 арлын дугаартай суудлын автомашиныг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 45 минутаас 14 цаг 20 минут хүртэл MNS4598:2020 "Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага" стандартыг шалгуур болгон MNS5011:2020 "Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар" стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин нь: Уг тээврийн хэрэгслийн дээрх гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон. Дээрх эвдрэлүүдийг засах бүрэн боломжтой. 1.3.1 Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем, /хөл, гар тоормос/ шил арчигч, гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл дохио үзлэг хийх үед ажиллахгүй эвдрэлтэй байсан нь стандарт шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн тоормосны системийг тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй байна. 1.4.1 Уг тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээ хийсний дараа дахин техникийн хяналтын үзлэгт хамруулан замын хөдөлгөөнд оролцуулах бүрэн боломжтой гэж үзлээ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-66 дугаар тал/,

            - Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай “... Тоёота маркийн Приус дабль-50 загварын **-** УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ар талын бүртгэлийн дугаар хугарсан, баруун хойд талын тоормосны гэрлийн бүрхүүл хагарсан, ар талын бамцер хамгаалалт хагарсан, кузов бүхээг өнгө үзэмж муу, баруун хойд талын дугуй хагарсан, баруун хойд талын амортизотор хугарсан, пүрш хугарсан, явах анги кардан гол хугарсан, хурдны хайрцагт гэмтэл үүссэн, хурдны хайрцгийн шингэж ашиглалтын материал гоожсон, кузов их биед гэмтэл үүссэн, баруун талын хойд хаалга доод хэсгээрээ цөмөрч ханзарсан, баруун хойд талын шаврын хаалт крыло хонхойж цөмөрсөн, цахилгааны утаснууд тасарсан, хойд талын тэнхлэг гажсан зэрэг ноцтой гэмтлүүд үүссэн байгаа нь стандарт шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй байна. Уг тээврийн хэрэгсэлд тогтоогдсон гэмтлүүд нь осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон, дээрх гэмтлүүдийг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгох мэргэжлийн засварын төвүүдээр засварын үнэлгээг хийлгэн, шаардлагатай сэлбэг хэрэгслийн шинээр сольж тавих, засварлуулах боломжтой гэж үзлээ. Уг тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагааг хэвийн бус болохыг явдал дунд мэдэж засварлах боломжгүй, тусгай багаж, тоног төхөөрөмж дээр нарийвчлан хэмжилт хийж илрүүлэн засварлана. Уг тээврийн хэрэгслийг дахин техникийн хяналтын үзлэгт хамруулан бүрэн бүтэн байдлыг хангуулсны дараа замын хөдөлгөөнд оролцуулах, дахин ашиглах боломжтой гэж үзлээ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-81 дүгээр тал/

            - “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг хийсэн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай “...LEXUS маркын RX450 загварын Япон улсад 2010 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2019-07-24-ний өдөр орж ирсэн 7779 ОРА улсын дугаартай ЈТЈВС1ВА1А2408439 арлын дугаартай суудлын автомашиныг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 15 минутаас 10 цаг 10 минут хүртэл MNS4598:2020 "Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага" стандартыг шалгуур болгон MNS5011:2020 "Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар" стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин нь амортизатор /баруун урд/,  босоо тэнцүүлэгч /баруун/,  өндгөн тулгуур /баруун урд/,  обудь /баруун урд/, гар хугарсан /баруун урд/, кофуд, буфер урд, крыло /баруун урд/, шил арчигч шингэний сав,  баруун урд хаалганы хормой, их гэрэл /баруун урд/,  дугуй /баруун урд/, Под крыло /баруун урд/,  ослын дэр, шил арчигч шингэний сав, Таван бул сугарч мултарсан /баруун урд/ зэрэг ноцтой гэмтлүүд илэрсэн нь стандарт шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн дээрх гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон. Дээрх эвдрэлүүдийг засах бүрэн боломжтой, уг автотээврийн хэрэгслийг багаж, тоног төхөөрөмж дээр шалган үзэх боломжгүй, уг тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн ажиллагаатай эсэхийг тогтоох боломжгүй байна. уг тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээ хийсний дараа дахин техникийн хяналтын үзлэгт хамруулан замын хөдөлгөөнд оролцуулах бүрэн боломжтой гэж үзлээ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-88 дугаар тал/,

            - Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 806 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 69-72 дугаар тал/,

- Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 581 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 94-95 дугаар тал/,

- Зам тээврийн ослын газарт болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15 дугаар тал/,  

- Цагдаагийн ерөнхий газрын жолооч Ц.Эы жолооны эрхтэй эсэх талаарх  лавлагаа мэдээлэл /хх-ийн 151 дугаар тал/,

- Яллагдагч Ц.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр пиво ууж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад осол гаргасандаа маш их харамсаж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би бүх хохирол төлбөрөө төлнө” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

Ц.Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хохирогч Б.Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.С болон А.С нарын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол тус тус учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Ц.Э дээрх үйл баримтад заасан үйлдэлд буруутай  болох нь:

- Хохирогч Б.Б.Бийн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эгч ахын хамт Жаргалант сумын замаар явж байтал гэнэт нэг юм тас түс хийгээд явчихсан тэгээд нэг мэдэх манай машины эсрэг урсгалд Орчихсон баруун талын эгэм буюу гар маань хөдлөхөө больсон байсан. ...Тэгээд үзүүлэхэд баруун гарын эгэм хугаралтай байсан...” гэсэн мэдүүлэг,

- Иргэний нэхэмжлэгч Н.Сын гэрчээр өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумаас Эрдэнэт хот руу явж байтал урд явж байсан Приус дабль-50 загварын **-** УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд талд явж байхад Эрдэнэтээс Жаргалант сум чиглэлд явж байсан RX-450 буюу **-** ОРА улсын дугаартай машин шууд урсгал сөрж орж ирээд Приүс-55 болон миний машиныг бас давхар мөргөөд замын хажуу тал руу оруулчихсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Оюунтунгалагийн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумаас Эрдэнэт хот руу манай нөхөр машинаа бариад явж байтал урд явж байсан машиныг гэнэт нэг машин урсгал сөрж орж ирээд урд явж байсан машиныг мөргөөд мөн манай машиныг давхар мөргөөд замын хажуу тал руу гаргачихсан...” гэсэн мэдүүлэг,

            - Гэрч Д.Өнөрзулын “...2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэртээ нүүрс түлээ авчирч өгчихөөд гэртээ хоноод 03 дугаар сарын 17-ны орой Эрдэнэт рүү явсан. Тэгээд дахиад Жаргалант сум руу гэртээ ирж байгаад согтуугаар машин жолоодоод осол гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг,

            - Гэрч Т.Саранцэцэгийн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумаас Эрдэнэт хотруу манай нөхөр машинаа бариад би урд суудал дээр хойд суудал дээр хүү маань суугаад явж байтал урдаас нэг машин урсгал сөрөөд хурдтай ороод ирэхээр нь манай нөхөр шууд тоормослоод замын эсрэг урсгал руу ортол шууд ирээд манай машиныг мөргөөд хойно явж байсан Приус машиныг бас мөргөж эсрэг урсгалын замын хажуу тал руу гаргачихсан...” гэсэн мэдүүлэг, 

            - Иргэний нэхэмжлэгч А.Сийн гэрчээр өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумаас Эрдэнэт хот руу би машинаа барьчихсан эхнэр урд суучихсан хүү маань хойд суудал дээр суугаад явж байтал гэнэт урдаас нэг машин урсгал сөрөөд маш хурдтай орж ирэхээр нь би шууд тоормослоод хурдаа хассан чинь урдаас машин ойртоод ирэхээр нь би шууд эсрэг урсгал руу жолоо эргүүлсэн боловч шууд ирээд мөргөчихөөд миний хойно явж байсан Приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөөд эсрэг урсгалын хажуу тал руу гаргачихсан. Мөн манай машины баруун талын хойд хэсгийг мөргөж машин бүтэн эргэж эсрэг урсгалд орж Жаргалант сум  руу харж зогссон...” гэсэн мэдүүлэг,

            - Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт,

- 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай магадалгаа,

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг хийсэн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт,

            - Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт,

            - “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг хийсэн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт, 

            - Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 806 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан,

- Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 581 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан,

- Хэргийн газрын талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

- Ц.Эы согтуурал шалгасан тухай баримт,

- Цагдаагийн ерөнхий газрын жолооч Ц.Эы жолооны эрхтэй эсэх талаарх  лавлагаа мэдээлэл,

болон шүүгдэгч Ц.Эы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал сэрэмжтэй байдал, самбаачлах чадвар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Ц.Эы үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн,  шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул түүнийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д гэмт хэргийн “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

Хохирогч Б.Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “гомдолтой байна, хохиролд 1.000.000 төгрөг гаруулмаар байна” гэж,

Иргэний нэхэмжлэгч А.С “хохиролд 6.004.000 төгрөг гаргуулна” гэж,

Иргэний нэхэмжлэгч Н.С “машины үнэлгээ 10 сая гэж гарсан боловч Улаанбаатар хот руу ачиж авч явж засуулахад 15.978.000 төгрөгний зардал гарсан, ийм учраас уг хохирлыг гаргуулмаар байна” гэж тус тус тайлбар гаргасан.

 

Шүүгдэгч Ц.Эы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б.Б, иргэний нэхэмжлэгч А.С, Н.С нарт хохирол учирсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ.

Иймд шүүгдэгч Ц.Эаас 22.982.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б.Бт 1.000.000, иргэний нэхэмжлэгч А.Сд 6.004.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Сд 15.978.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч нар хохирол төлөх завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүхээс шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүгдэгч Ц.Э хохирогч Б.Б.Бт 1.000.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Б.Б хохирлоо авсан, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Эыг хохирогч Б.Б.Бт төлөх төлбөргүй гэж үзэн харин түүнээс 21.982.000 төгрөг гаргуулан хохирогч нэхэмжлэгч А.Сд 6.004.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Сд 15.978.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуунаас “1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн,

Хохирогч Б.Б.Б  “тусгайлсан саналгүй” гэж,

Иргэний нэхэмжлэгч А.С “хэлэх зүйл байхгүй” гэж,

Иргэний нэхэмжлэгч Н.С “хэлэх зүйл байхгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 06 сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

          Бусад асуудал:

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Эд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тээвийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Ц.Эаас 21.982.000 /хорин нэгэн сая есөн зуун наян хоёр мянга/ төгрөг гаргуулан хохирогч нэхэмжлэгч А.Сд 6.004.000 /зураан сая дөрвөн мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Сд 15.978.000 /арван таван сая есөн зуун далан найман мянга/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч Б.Б.Бт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР