| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0390/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/407 |
| Огноо | 2024-10-07 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/407
2024 10 07 2024/ШЦТ/407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 2425003800*** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/20** дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн инженерийн техникийн засварын тасгийн инженерийн гинжит техникийн засварчин, дэд ахлагч цолтойгоор томилогдон ажиллаж байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шалтгаангүй ажлаа тасалж, улмаар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагчаар уламжлуулан Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газарт “ажлаас чөлөөлж өгнө үү” гэх өргөдлийг гарган ажлаа орхин явж, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж яван цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн,
мөн 2024 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баянталын 14-30 тоот хашаанд урьд дотно харилцаатай байсан Е.Бийг хохирогч Б.Гтай хардаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа, нуруу, зүүн гарын тохой хэсэгт нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь “нуруу, зүүн гарын тохойны гадна талд шарх, нуруунд гүн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Быг цэргийн албанаас оргон зайлах мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Т.Т: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Хавтаст хэргээс:
Цэргийн албанаас Оргон зайлах гэмт хэргийн талаар:
-Гэрч З.Пүрэвхажидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Б нь 2004 онд Орхон аймагт төрөөд Булган аймгийн Хялганат тосгонд эмээгийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд 10-н жилийн боловсрол эзэмшээд 2022 онд цэрэгт яваад, 2023 онд халагдахдаа дэд ахлагчаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 110 дугаар ангид ажилд орсон. Тэгээд удалгүй 2024 оны 5 дугаар сараас ажлаа таслаад ажлаасаа гарсан. Уг нь бол эелдэг даруу, янз бүрийн ааш зангүй, хүний үгээр байдаг. Найз нөхөд нь л уруу татаж буруу зам руу оруулчих гээд байдаг...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 5 дугаар тал/,
- Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай ангийн авто засвар тээврийн салааны засварын хэсэгт гинжит машин механизмын засварчнаар дэд ахлагч цолтойгоор 2023 оны намар томилогдож ирсэн. Би уг салаанд тасгийн захирагчаар ажиллаж байсан. Уг нь бол Г.Б мэр сэр ажлаа тасалдаг байсан. 2024 оны 5 дугаар сараас эхлээд олон хоногоор тасалдаг болсон. Тэгээд би Г.Бын гэрээр болон утсаар холбогдож, ажилд нь ирүүлдэг байсан. Сүүлдээ утсаа авахгүй болохоор нь би ангийн ойролцоо явж байхад нь уулзаад анги байрлал орхиж болохгүй, гэмт хэрэг гэдгийг нь ойлгуулаад хүний нөөцтэй уулзуулж ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлийг нь бичүүлж авсан. Тухайн үед Г.Б нь ажлаас чөлөөлөх тушаал гартал ажил таслахгүй гэж амлаад ажилдаа орсон. Тэгтэл маргаашаас нь ахиж ажилдаа ирээгүй. Тэгээд л ажлаас чөлөөлөгдөх тушаал гартал ажилдаа огт ирээгүй утсаа ч аваагүй алга болсон... Г.Б нь ажилдаа их хойрго, хүний үг сонсох их дургүй, тамхи байнга татдаг, хамт олондоо нэр хүнд муу нийтэч биш, өөрийнхөөрөө дураараа зантай...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
- Гэрч П.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай ангид 2022 оны 2 дугаар ээлжээр Г.Б хугацаат цэргийн албанд татагдаж ирээд алба хааж байгаад 2023 оны 10 дугаар сараас манай ангийн материал техникийн хангалтын салбарт гинжит техникийн засварчин албан тушаал дээр дэд ахлагч цолтойгоор томилогдон ажилласан. Тэгээд дэд ахлагч Г.Б нь 2024 оны 05 дугаар сарын 10-аас эхлээд тасралтгүй ажлаа тасалж анги байрлалаа орхин явсан. Би болон хуулийн офицер хойноос нь утасдаж, гэрээр нь хүртэл очиход огт байгаагүй. Утсаар залгахаар хүний хоолой сонсчхоод салгаад байдаг. Үүнийг үндэслэн цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Г.Быг салаан захирагч гэрээс нь олж ирээд ахлагчийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлүүлэх хүсэлтийг нь бичүүлж аваад, хуулийн зөвлөгөө өгөөд ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл анги байрлал дээрээ байх ёстой гэж хэлсэн боловч ахиад ажилдаа ирэхгүй анги байрлалаа орхиж явсан... Ер нь бол ажилдаа хайнга ханддаг, бүрэг ичимхий, хүнийг үл тоосон шинжтэй, дураа хүрэхээрээ ажилдаа ирээд дургүйн хүрэхээрээ ажлаа тасалдаг. Ер нь ангид муу үлгэр дуурайлал болдог ахлагч юм..." гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
- Гэрч Е.Отгондаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Г.Быг танина. 2022 оны 2 дугаар ээлжээр манай 110 дугаар ангид хугацаат цэргийн алба хаахаар ирсэн. Тухайн үед би ротын захирагч албан тушаалтнаар ажиллаж байсан... Тухайн үед манай ангид алба хааж байхдаа төлөв даруу, үг дуу цөөнтэй, бүрэг ичимхий хүн байсан. Мөн цэрэгт байхдаа эхнэр хүүхэдтэй болж байсан. Одоо эхнэр хүүхдээсээ салсан гэж сонсогдож байсан. Г.Б нь 2023 оны онд бараг цэргээс халагдахдаа манай ангийн ахлагчийн албанд шилжин томилогдсон. Ажилдаа томилогдоод ажиллаж байхдаа эхний хэдэн сар маш сайн ажиллаж байгаад сүүлийн үед ажлаа таслаад ажилдаа ирэхгүй байгаа гэж сонсогдож байсан...." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
-Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 277 дугаартай албан бичиг, / хавтаст хэргийн 3 дугаар тал/,
-Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/20** дугаартай “Байлдагч Г.Б, ... нарын хугацаат цэргийн алба хаагчийг томилох, цэргийн цол олгох тухай” тушаал /хавтаст хэргийн 38 дугаар тал/,
-Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 дугаартай “Дэд ахлагч Г.Быг чөлөөлөх, гэрээ цуцлах тухай” тушаал, /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,
-Г.Бын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын хүний нөөцийн хэсэгт гаргасан өргөдлийн хуулбар, /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,
-Г.Бын ажлын цаг ашиглалтын хуудас, /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,
-Г.Бын хувцас хэрэглэлийн төлбөр, төлбөр төлсөн баримт, /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,
Хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
-Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 14-30 тоот буюу захирал Оын гэрт хонины боодог хийж идээд манай ажлын Е.Б, захирал О ба түүний нөхөр бид хэд байж байсан. Тэгээд хоол ундаа идээд захирал манай ажлын бусад хүмүүс пиво уугаад ярьж хөөрөөд байж байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй учир захирлын гэрийн жижиг өрөөний орон дээр нойр хүрээд унтаад байж байтал гадаа нэг эрэгтэй хүн хөөе гэж аймар чанга орилоод байхаар нь би гэнэт цочиж сэрээд гадаа гартал манай ажлын зохион байгуулагч Е.Бийн салсан найз залуу болох Г.Б согтуу байж байсан. Тэгээд Г.Б намайг үгийн зөрүүгүй ирээд шууд нүд рүү цохихоор нь би түлхэж газар унагаачхаад буцаад явж байтал шууд хойноос хүрз барьж ирээд зүүн талын хавирга, зүүн гарын тохой, нурууны гол хэсгийг хүрзээр олон удаа зүссэн. Тэгээд шууд миний гар нуруу хэсгээс маш их цус гараад тогтохгүй байхаар нь цагдаа болон Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт очиж анхны тусламж авч 22 оёдол тавиулсан. Тэгээд манай зохион байгуулагч Е.Б цагдаад өргөдөл гаргасан. Г.Б нь намайг Е.Бтэй ямар нэг харилцаа холбоотой гэж ойлгож надтай хардаж намайг хүрзээр зүссэн байх. Уг нь би найз охинтой хүн. Г.Б ч намайг найз охинтойг мэднэ. Манай ажлын зохион байгуулагч эгчтэй үерхдэг байхад нь манай ажлаас орж гараад явдаг байсан болохоор нь сайн танина. Манай захирал О болон түүний нөхөр, Е.Б нар харж байсан. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд ямар нэгэн хор хохирол буюу хор уршиг учраагүй. Би гомдолтой байна. Г.Бд зодуулснаас болж 2 сар ажилдаа явахгүй гэрээр эмчилгээ хийлгэж гэртээ хэвтрийн дэглэм сахисан. Тэгээд 2 сарын цалин болон эмчилгээний зардал нийлээд 5,000,000 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 54, 56 дугаар тал/,
-Гэрч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай ажлынхан манай гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянталын 14-30 тоот манай гэрт манай ажилтнууд болох Е.Б, Б.Г манай нөхөр бид нар хорхог хийж идээд ганц нэг пиво уугаад ярьж хөөрөөд суусан. Тэгээд Б.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй учир манай жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Харин манай нөхөр, Е.Б бид нар махаа идээд ярьж хөөрөөд сууж байгаад шөнө болчихсон болохоор гэр рүү орж унтах гээд байж байтал манай гэрийн гадаа нэг машин ирэхээр нь манай нөхөр энэ Г.Б байх гэж хэлээд гэрээс гараад явсан. Удалгүй хөөе Бээ гээд Г.Б нэлээн ууртай чангаар нэрийг нь дуудаж орилсон. Тэгэхээр нь би гайхаад гэрийн гадаа гарсан чинь манай гэр рүү согтуу Г.Б орох гээд дайраад байхаар нь хүүхдүүд унтаж байна би чамайг гэр рүүгээ оруулахгүй гэж хэлсэн. Тэгтэл Б.Г унтаж байснаа босож ирээд Г.Баа би таныг ийм хүн гэж ёстой бодсонгүй гэж хэлсэн чинь Г.Б юу гэнээ чи гэж хэлээд шууд намайг түлхээд Б.Гыг Г.Б заамдаж байгаад гэрийн үүдэнд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр хашаан дотор барьцалдаад ноцолдоод байсан. Энэ зуур манай хүүхдүүд уйлаад байхаар нь би гэр рүү орж хүүхдүүдээ унтуулчхаад гараад ирсэн чинь Г.Б Б.Гыг манай гэрт байсан газар ухдаг хүрзээр юу ч үгүй биеийг нь цохиод зүсээд хаячихсан, бие нь битүү цус болчихсон байсан. Тэгээд би шууд түргэн тусламж болон цагдаа дуудсан. Мөн манай нөхөр Г.Быг агсам тавиад байхаар нь салгах гэж нэлээн оролдсон боловч хүч хүрэлцэхгүй байсан гэж хэлж байсан. Тэгээд Г.Б тухайн үед согтуу байсан учир цагдаа ирээгүй байхад зугтчихсан. Тэгээд манай ажилтан Е.Б цагдаад өргөдөл гаргасан... Тухайн үед хүрз маань хөдөө аавынх руу өгөөд явуулчихсан. Одоо манай гэрт хүрз байхгүй... Г.Б Е.Бийг л авч явах гэж манай гэрт ирээд л цохион зодоон болсон байх. Ер нь бол Г.Б Е.Бийг маш их харддаг...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 58 дугаар тал/,
- Гэрч Е.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө дэлгүүрээ хаачхаад захирлынхаа гэрт очиж хонины боодог хийж идэхээр болоод гэрт очиж ярьж хөөрч пиво ууцгаасан. Тухайн үед манай захирал О болон түүний нөхөр, Б.Г нар байсан. Тэгээд ярьж сууж байтал манай захирлын нөхөр надад хандан “танай салсан найз залуу болох Г.Б над руу чат бичээд байна, өдөр надаас авсан дугуйгаа авч ирье гэхээр нь би гэрээ заагаад өгчихлөө” гэж хэлсэн. Тэгээд би “за за” гэж хэлсэн. Тэгээд захирлын гэрийн хашаан дотор пиво ууцгаагаад яриад хоол идээд байж байтал Г.Б гаднаас над руу утсаар залгаад уулзъя гээд дуудаад байхаар нь би шууд уулзах гээд хашааны гадна гарсан чинь намайг шууд чирээд явъя гээд чирээд машиндаа суулгах гээд байхаар нь би шууд эсэргүүцээд буцаад орсон. Тэгээд бид нар хоол ундаа идээд захирлын гэрт унтах гэж байтал Г.Б согтуу захирлын гэр рүү орж ирээд “Бийг авч явъя” гэж орилсон чинь захирлын нөхөр гэрээсээ хөөж гаргаад гадаа байж байтал унтаж байсан Б.Г гэнэт сэрээд гарч ирсэн чинь Г.Б шууд очоод нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохихоор нь Г түлхэж унагаачхаад захирлын гэр рүү орох гэж байхад нь хаанаас ч юм мэдэхгүй нэг хүрз олж ирээд Гын нуруу, гар хэсэг рүү хүрзээр хэд хэдэн удаа цохиж зүссэн. Тэгээд шууд Гын гар болон нуруунаас маш их цус гоожсон чинь Г.Б шууд зугтчихсан. Тэгээд би цагдаа дуудсан. Б.Г намайг Г.Бтай явуулахгүй гээд байсан учраас Г.Б намайг хардаад хүрзээр цохиод зодож цохисон байх. Манай захирал О болон түүний нөхөр, Г бид нар хамт байсан. Анх удаа захирлынхаа гэрт очиж боодог хийж идээд ярьж хөөрөөд сууж байтал Г.Б ирээд хамаг асуудал үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 60 дугаар тал/,
-Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 84-89 дүгээр тал/,
-Иргэн Е.Бээс бичгээр тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 611 дугаартай “...Б.Гын биед нуруу, зүүн гарын тохойны гадна талд шарх, нуруунд гүн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн, тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухай цаг хугацаанд үүссэн байна. Нуруу, зүүн гарын тохойны гадна талд шарх, нуруунд гүн зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/ зэрэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Г.Б нь Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн инженерийн техникийн засварын тасгийн инженерийн гинжит техникийн засварчин, дэд ахлагч цолтойгоор томилогдон ажиллаж байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шалтгаангүй ажлаа тасалж, улмаар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагчаар уламжлуулан Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газарт “ажлаас чөлөөлж өгнө үү” гэх өргөдлийг гарган ажлаа орхин явж, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан,
мөн 2024 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Гын нүүрэн тус газар нь гараараа, нуруу, зүүн гарын тохой хэсэгт нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь “нуруу, зүүн гарын тохойны гадна талд шарх, нуруунд гүн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Г.Б нь цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж яван цэргийн албанаас оргон зайлсан болох нь:
Гэрч З.Пүрэвхажидын: “...Г.Б нь 2023 онд халагдахдаа дэд ахлагчаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 110 дугаар ангид ажилд орсон. Тэгээд удалгүй 2024 оны 5 дугаар сараас ажлаа таслаад ажлаасаа гарсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Тийн: "...Манай ангийн авто засвар тээврийн салааны засварын хэсэгт гинжит машин механизмын засварчнаар дэд ахлагч цолтойгоор 2023 оны намар томилогдож ирсэн. Би уг салаанд тасгийн захирагчаар ажиллаж байсан. Уг нь бол Г.Б мэр сэр ажлаа тасалдаг байсан. 2024 оны 5 дугаар сараас эхлээд олон хоногоор тасалдаг болсон. Тэгээд би Г.Бын гэрээр болон утсаар холбогдож, ажилд нь ирүүлдэг байсан. Сүүлдээ утсаа авахгүй болохоор нь би ангийн ойролцоо явж байхад нь уулзаад анги байрлал орхиж болохгүй, гэмт хэрэг гэдгийг нь ойлгуулаад хүний нөөцтэй уулзуулж ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлийг нь бичүүлж авсан. Тухайн үед Г.Б нь ажлаас чөлөөлөх тушаал гартал ажил таслахгүй гэж амлаад ажилдаа орсон. Тэгтэл маргаашаас нь ахиж ажилдаа ирээгүй. Тэгээд л ажлаас чөлөөлөгдөх тушаал гартал ажилдаа огт ирээгүй утсаа ч аваагүй алга болсон...” гэх мэдүүлэг,
- Гэрч П.Золзаяагийн: "... Манай ангид 2022 оны 2 дугаар ээлжээр Г.Б хугацаат цэргийн албанд татагдаж ирээд алба хааж байгаад 2023 оны 10 дугаар сараас манай ангийн материал техникийн хангалтын салбарт гинжит техникийн засварчин албан тушаал дээр дэд ахлагч цолтойгоор томилогдон ажилласан. Тэгээд дэд ахлагч Г.Б нь 2024 оны 05 дугаар сарын 10-аас эхлээд тасралтгүй ажлаа тасалж анги байрлалаа орхин явсан. Би болон хуулийн офицер хойноос нь утасдаж, гэрээр нь хүртэл очиход огт байгаагүй. Утсаар залгахаар хүний хоолой сонсчхоод салгаад байдаг... 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Г.Быг салаан захирагч гэрээс нь олж ирээд ахлагчийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлүүлэх хүсэлтийг нь бичүүлж аваад, хуулийн зөвлөгөө өгөөд ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл анги байрлал дээрээ байх ёстой гэж хэлсэн боловч ахиад ажилдаа ирэхгүй анги байрлалаа орхиж явсан..." гэх мэдүүлэг,
- Гэрч Е.Отгондаваагийн: "...Ажилдаа томилогдоод ажиллаж байхдаа эхний хэдэн сар маш сайн ажиллаж байгаад сүүлийн үед ажлаа таслаад ажилдаа ирэхгүй байгаа гэж сонсогдож байсан...." гэх мэдүүлэг,
-Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 277 дугаартай албан бичиг,
-Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/20** дугаартай “Байлдагч Г.Б, ... нарын хугацаат цэргийн алба хаагчийг томилох, цэргийн цол олгох тухай” тушаал,
-Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 дугаартай “Дэд ахлагч Г.Быг чөлөөлөх, гэрээ цуцлах тухай” тушаал,
-Г.Бын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын хүний нөөцийн хэсэгт гаргасан өргөдлийн хуулбар,
-Г.Бын ажлын цаг ашиглалтын хуудас,
-Г.Бын хувцас хэрэглэлийн төлбөр, төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Б.Гын: “...Тэгээд Г.Б намайг үгийн зөрүүгүй ирээд шууд нүд рүү цохихоор нь би түлхэж газар унагаачхаад буцаад явж байтал шууд хойноос хүрз барьж ирээд зүүн талын хавирга, зүүн гарын тохой, нурууны гол хэсгийг хүрзээр олон удаа зүссэн...” гэх мэдүүлэг,
-Гэрч О.Оын: “...Тэгтэл Б.Г унтаж байснаа босож ирээд Г.Баа би таныг ийм хүн гэж ёстой бодсонгүй гэж хэлсэн чинь Г.Б юу гэнээ чи гэж хэлээд шууд намайг түлхээд Б.Гыг Г.Б заамдаж байгаад гэрийн үүдэнд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр хашаан дотор барьцалдаад ноцолдоод байсан. Энэ зуур манай хүүхдүүд уйлаад байхаар нь би гэр рүү орж хүүхдүүдээ унтуулчхаад гараад ирсэн чинь Г.Б Б.Гыг манай гэрт байсан газар ухдаг хүрзээр юу ч үгүй биеийг нь цохиод зүсээд хаячихсан, бие нь битүү цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Е.Бийн: “...Тэгээд бид нар хоол ундаа идээд захирлын гэрт унтах гэж байтал Г.Б согтуу захирлын гэр рүү орж ирээд “Бийг авч явъя” гэж орилсон чинь захирлын нөхөр гэрээсээ хөөж гаргаад гадаа байж байтал унтаж байсан Б.Г гэнэт сэрээд гарч ирсэн чинь Г.Б шууд очоод нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохихоор нь Г түлхэж унагаачхаад захирлын гэр рүү орох гэж байхад нь хаанаас ч юм мэдэхгүй нэг хүрз олж ирээд Гын нуруу, гар хэсэг рүү хүрзээр хэд хэдэн удаа цохиж зүссэн...” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
-Иргэн Е.Бээс бичгээр тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн шинжтэй мэдээлэл,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 611 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт цэргийн офицер, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй үйлдлийг цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Г.Бын Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн инженерийн техникийн засварын тасгийн инженерийн гинжит техникийн засварчин, дэд ахлагч цолтойгоор томилогдон ажиллаж байх хугацаандаа шалтгаангүй ажлаа тасалж, ажлаа орхин явсан үйлдэл нь цэргийн байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шалтгаангүй ажлаа тасалж, цэргийн анги, байгууллага, алба хааж байгаа газраа дур мэдэн орхин явсан нь өөрөө хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй,
Мөн хохирогч Б.Гын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Бын хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа, нуруу, зүүн гарын тохой хэсэгт нь хүрзээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Гыг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Быг “ахлагч цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Г.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Гын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Г хохирол төлбөр нэхэмжилнэ гэсэн боловч баримтаа гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогч Б.Г энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Т.Т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах,
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжээр торгох ял оногдуулах...” гэсэн,
Шүүгдэгч Г.Б нь “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явах гэмт хэргийг ахлагч үйлдсэн.” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм тус тус буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч Г.Б энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Б.Г энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.О