| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/04195/И |
| Дугаар | 183/ШШ2022/00452 |
| Огноо | 2022-02-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2022/00452
022 оны 02 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2022/00452 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.М-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Б.Г,
Иргэдийн төлөөлөгч Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Б.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Л.М нь охин М.М-ийн хүсэлтээр 2019 оны 03 дугаар сард Т п үүлдрийн хүрэн өнгөтэй 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн гөлгийг тухайн үеийн ханшаар 850 000 төгрөгөөр худалдан авч охиндоо бэлэглэжээ. Нохой нь нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүний нэг адил эрхтэйгээр эрүүл саруул өсөн торниж тэдний хамгийн хайртай гэр бүлийн гишүүн нь болсон байна. Уг нохойг 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд , 000 байрны гадаа нэхэмжлэгчийн ээж Ч.Ц-г салхилуулж байх үед нь тус 000 дүгээр байрны 01 дүгээр орцны 49 тоот айлын German Shephend нохой нь хүзүүвчгүй уяагүй салхилж байх үедээ хазаж үхэлд хүргэх гэмтэл учруулсан бөгөөд гэмтэл авсан даруйд нь “Э” МЭСТ мал эмнэлгийн эмнэлэгт хандаж эмнэлгийн туслалцаа авсан байна. Эмнэлгийн үзлэгээр нохойн биеийн байдал маш муу яаралтай нэмэлт шинжилгээ рентген зураг авахад нурууны 10-11 үеийн хооронд нурууны яс хугарч мэдрэл нь тасарсны улмаас эмчлэгдэх ямар ч боломжгүй болсон, нохойн цаашид амьдрах ямар ч аргагүй болсон байх учир нэхэмжлэгчийн хүсэлтээр унтуулга хийжээ. Хариуцагчийн нохой нь өмнө нь хоёр ч удаа хошуучгүй байх үедээ нэхэмжлэгчийн нохой руу дайрч байсан ба тухайн болгонд нь нэхэмжлэгч эзэнд нь нохойг зохих ёсоор хошууч зүүлгэн уяатайгаа салхилуулж байхыг сануулж байсаар байтал хариуцагч тал мөн л нохойгоо аюулгүй байдлыг нь хангаагүй байдлаар авч явсны улмаас олон нийтийн газарт нохойгоо шууд үхэлд хүргэх гэмтэл авахуулж улмаар аргагүйн эрхэнд унтуулга хийлгэн цаг бусаар хайртай нохойгоо алдсандаа нэхэмжлэгч тал маш их гомдолтой байгаа болно. Дээрх үйл явдал болсон даруйд нэхэмжлэгч тал нохойн эзэнтэй уулзаж хохиролгүй болгож өгөхийг хүссэн байх бөгөөд эхэн үедээ хохирол төлбөрийг барагдуулна гэж байсан боловч сүүлдээ “чадахгүй та нар чаддаг юм бол заргалдаад аваарай, нохойгоо хазуулсан та нарын буруу” гэх мэтээр загнасан байна. Хариуцагч Б.Г нь өөрийн German Shephend үүлдрийн том биетэй нохойг бусдад аюул занал учруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг хангасан байдалтайгаар салхилуулж байх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн нохойд үхэлд хүргэх гэм хорын хохирол учруулсан байх төдийгүй өнөөгийн ханшаар Т п үүлдрийн нохой нь 2 000 000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг, мөн эм нохой байсан учир жилд 1-2 удаа гөлөглөх боломжтой ба нэг удаа гөлөглөхдөө 4-5 ширхэг гөлөг гаргадаг, 4 ширхэг гөлөгийг нь нэг бүрийг нь одоогийн ханшаар 2 000 000 төгрөгөөр худалдан борлуулж ашиг орлого олж болох байсан, өөрөөр хэлбэл дээрх Т п үүлдрийн нохой нь арилжааны бүтээгдэхүүн болох учраас нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохиролд 10 000 000 төгрөгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч Б.Г хариу тайлбартаа: Тухайн үед болсон үйл явдал нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21-22 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Визани төвийн зүүн талын талбайд болсон. /Нэхэмжлэгч энэ газар болон цаг хугацааг буруу худлаа бичсэн/. Миний охин Г.Д өөрийн нохойгоо /герман овчарки/ гэрээсээ гарахдаа хошууч, хөтөлгөөтэй нь салхилуулахаар авч гарахад тухайн газарт очоод хошуувч, хөтөлгөөг нь тайлаад нохойгоо бөмбөгөөр тоглуулж байсан. Тухайн газарт хотхоны нохой тэжээдэг хүмүүс нохойгоо салхилуулдаг газар юм. Тэр үед манай нохойгоос гадна өөр 2 нохой тоглож байсан. Охин бөмбөгөө шидэхэд нохой маань бөмбөгөө зуугаад ирэхдээ Г.Д-ийн хойно нь нилээд зайтай зогсож байсан жижиг нохой руу гүйсэн. Охин маань хойноос нь гүйх явцдаа жижиг нохойг дагуулж явсан эзэнд нь “эгчээ нохойгоо аваарай” гэж орилж хэлсэн. Тухайн үед жижиг нохойны эзэн хүнтэй юм ярьж байсан. Манай нохой очоод жижиг нохойны бөгсөн биеийн хэсгээс зуураад авахад охин маань мөн “эгчээ нохойгоо хөтөлгөөгөөс нь битгий татаарай” гэж хэлсэн, тухайн нохой хөтөлгөөтэй байсан. Охин ингэж хэлээд доош сууж нохойгоо салгах гэтэл эзэн нь нохойгоо уяанаас нь маш хүчтэй татахад жижиг нохойны биед нь яс хугарах түс гэсэн чимээ гараад нохой гаслахаа больсон. Тэгээд нохойгоо эмнэлэгт үзүүлэхэд ил хазсан шарх байхгүй, нуруу нь хугарсан байдалтай рентген зургаар харж цаашид амьдрах боломжгүй гэж эмчийн хэлснээр унтуулга тариа хийлгэсэн. Энэ үйл явдалд охин бид хоёр маш их харамсан охин маань их уйлсан. Унтуулга болон рентген зургийн төлбөр 150 000 төгрөгийг бид төлсөн. Охинтойгоо адилхан нохой олж өгөх талаар ярьж зөвшилдөж байхад хэд хоног өнгөрч байтал охинд мессеж ирсэн. Мессежид алуурчин мөнгөө төл 1 500 000 төгрөг төл гэж мессеж ирсэн. Дахиад хэд хоногийн дараагаар 1 800 000 төгрөг төл гэж дахиад мессеж ирсэн. Нохойны эзэн манай гэрт ирж байгаад орцод надтай таарсан. Би ийм асуудал болсонд харамсаж байгаагаа хэлээд адилхан гөлөг хайж байгаагаа хэлтэл урдаас мөнгө өг гэсэн. Тэгэхээр нь бид бүгд адилхан хариуцлага алдсан, адилхан хариуцлага хүлээнэ гэдгийг хэлээд маргалдсан. Тухайн үед нохойг салхилуулж байсан хүн нохойг үхэлд хүргэх гэмтлийг гаргасан гэдгийг хэлээд адилхан хариуцлага хүлээнэ гэхэд миний хэлсэн зүйлүүдийг хүлээж авахгүй мөнгөө 2 000 000 төгрөг болгож төл, мөн охины маань 100 хувь буруутгасан болохоор нь би шүүх, цагдаагаар явж асуудлаа шийдүүл гэж хэлсэн. Тухайн үед шууд өгчих мөнгө байгаагүй болохоор мөн хэтэрхий их мөнгө нэхэж мөнгөн дүн байна өсөж байсан болохоор ингэж хэлсэн. Хэлсэн үгийг маань гуйвуулж хохь чинь та нарын буруу гэж загнаж дарамталсан гэж худлаа гүтгэсэн, нохой маань замдаа хошууч хөтөлгөөгүй явдаг юм. Мөн тухайн явдал болсон газар, цаг хугацааг худлаа бичиж, биднийг зөвхөн буруутай болгож муу муухай худал хуурмагаар үнэнийг гуйвуулж бичсэн байна. Миний охин болон би олон нохой тэжээж байсан, амьтанд хайртай гэр бүл. Тэр үйл явдал болсон газар нь ихэвчлэн хотхоны том нохойнуудаа салхилуулдаг газар. Тэр жижиг нохойг голдуу том нохой байдаг газар яах гэж дагуулж ирсэн юм. Явлаа гэхэд эзэн нь өөрөө хариуцлагатай нохойгоо тэвэрч явах байтал хүнтэй юм яриад зогсоод нохойгоо анхаараагүй татаж болохгүй шүү гэж хэлээд байхад татаж нурууг нь хугалчихаад зөвхөн миний охиныг буруутгаж байгаад гомдолтой байна. Мөн өөрийн дур зоргоороо ийм их хэмжээний мөнгө нэхэж байгаад мөн гомдолтой байна. Нохой тэжээнэ гэдэг амьтан тэжээнэ гэдэг нь маш том хариуцлага юм. Би энэ хүмүүст гөлөг олж өгнө гэж бодож байсан. Одоо өгөхгүй. Ийм муухай амьтанд хариуцлагагүй нохой тэжээж чадахгүй хүмүүст нохой өгөх хэрэггүй юм байна гэж бодож байна. Энэ хүмүүсийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахгүй болно. Энэхүү маргааныг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Л.Мгаас Б.Бд олгосон итгэмжлэл, нохой эзэмшигчийн гэрчилгээ, “Э” МЭСТ-ын Эрүүл мэндийн тодорхойлолт, А А ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/06 тоот тодорхойлолт, Э мал эмнэлгийн рентген зураг, вакцины гэрчилгээ, нохойны гэрэл зураг, М В И Т төрийн бус байгууллага “Э” мал эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 022/11 тоот тодорхойлолт гэсэн баримтуудыг /хэргийн 4-12-р хуудас/, хариуцагчаас хариу тайлбарыг /хэргийн 20-23-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн хүсэлтээр хариуцагчийн герман овчаркны нохой муурны эрүүл мэндийн гэрчилгээг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.М-ийн хариуцагч Б.Г-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгийг хангаж, 8 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Г-ыг өөрийн герман овчарка үүлдрийн нохойг хошуувчгүй салхилуулж байхдаа нэхэмжлэгчийн Т п үүлдрийн нохойг хазсаны улмаас нурууг нь хугалж, унтуулга хийсэн тул нохойны үнэ 2 000 000 төгрөг, нохойноос олох байсан ашиг болох 8 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч нь нэхэмжлэгч нь өөрийн нохойг харж хандах үүргээ биелүүлээгүй, том нохой салхилуулдаг газарт салхилуулж байсан, нохойг хазчихсан байхад татаж нурууг нь хугалсан тул адилхан буруутай, Т п нохой хээлгүй байсан учраас олох байсан ашиг гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
0000000000 хорооллын урд талын талбайд 2021 оны 08 дугаар сарын 08-ны орой нэхэмжлэгчийн эзэмшлийн Т п үүлдрийн нохойг салхилуулж байхад нь хариуцагчийн эзэмшлийн герман овчарка үүлдрийн нохой хазсаны улмаас Т п нохойны нуруу нь хугарч, цаашид амьдрах боломжгүй болсны улмаас унтуулга хийгдсэн болох нь зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын маргааны зүйл нь нохойнд гэмтэл учрахад хэн алины буруутай үйлдэл нөлөөлсөн гэж, нохойноос олох байсан ашиг гэж нэхэмжилсэн 8 000 000 төгрөг нь үндэслэлгүй гэсэн бөгөөд той пуделийн үнэ 2 000 000 төгрөг болон нохойг хазсан үйл баримтын талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2-д зааснаар гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй гэж заажээ.
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарыг эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.
Энэ зүйлд заасан “гэрийн тэжээвэр амьтан” гэдэгт хүний арчилгаа, маллагааны тусламжтайгаар амьдардаг таван хошуу малаас гадна ахуйн хэрэгцээнд зориулан гаршуулсан, өөртөө дасгасан амьтад болох нохой, муур, тахиа, гахай зэргийг ойлгоно.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-д “мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хууль дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” байдаг.
Нэхэмжлэгч Л.М, түүний охин М.М нар нь Гүнж нэртэй той пуделийн өмчлөгч болох нь нохой эзэмшигчийн гэрчилгээ, хариуцагчийн хүү Ганболдын Тэнгис нь Соотон нэртэй немц овчаркны өмчлөгч болох нь нохой муурны эрүүл мэндийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд М.М, Г.Т нар нь насанд хүрээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх” тул нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Б.Гоос шаардах эрхтэй байна гэж үзэв.
Т п үүлдрийн нохойг немц овчарк үүлдрийн нохой нь хазсаны улмаас пуделийн нуруу нь хугарч, цаашид амьдрах боломжгүй болж унтуулга хийсэн талаар зохигч талууд маргаагүй боловч уг нурууны хугарал гэсэн гэмтлийг учруулахад хэн алины буруутай үйлдэл нөлөөлсөн, немц овчарка хазсан боловч соёо нь ороогүй, цус гараагүй, зөөлөн зуучихсан байхад нь пуделны эзэн нь хүзүүвчтэй уяанаас нь татсанаас немц овчарка пуделийг тавихгүй сэгсэрч нуруу нь хугарсан, том нохойг салхилуулдаг газарт жижиг нохойгоо салхилуулсан гэж хариуцагч маргаад энэ нь гэрч Г.Д-ийн мэдүүлгээр нотлогдоно гэсэн.
Шүүх хуралдаанд гэрч Г.Д мэдүүлэхдээ “...нохойныхоо хошуувчийг нь аваад тоглуулж байсан чинь ард байсан пудель нохой руу явсан. Нохойг нь зуусан байсан болохоор битгий татаарай гэж хэлсэн, ямар ч хөдөлгөөнгүй болсон. Эзэн нь татсаны дараа манай нохой сэгсэрсэн. Манай нохойны соёо ороогүй байсан, цус гараагүй байсан” гэж мэдүүлсэн боловч гэрч Ч.Ц-ийн “...нохой хошуувч байхгүй байсан. Байхгүй байсан болохоороор манай нохойг зуугаад сэгсэрсэн. Тэр үед би уяаг нь гартаа ороосон байсан болохоор миний гарыг эвгүй болгосон” гэсэн мэдүүлгээр немц овчарка үүлдрийн нохой нь хошуувчгүй байсан байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...жижиг нохой буюу өдөөгч зүйл байх юм бол дайрдаг” гэж тайлбарласан атлаа зогсоох арга хэмжээг аваагүй, нохойгоо хөтлөөгүй, хошуувчгүй байхад нь өдөөгч зүйл байвал дайрах боломжтой гэдгийг мэдэх ёстой байсан илт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэм буруутай байна гэж дүгнэв.
Мөн хэрэгт авагдсан Э мал эмнэлгийн “...нохойн биеийн байдал маш муу биеийн дулаан буурсан, зүрх амьсгалын тоо олширсон, шилэн хүзүү хойшоо татсан нурууны нугалам илт мэдэгдэхүйц овойсон хойд хоёр хөлийн хариу урвал байхгүй байсан. Уг оношийг үндэслэн мэдрэлийн болон нуруу нугаламын гэмтэлтэй гэж үзэн яаралтай эмнэлэг дээр нэмэлт шинжилгээ рентгэн зураг авахад нурууны 10-11 үеийн хооронд нурууны яс хугарч мэдрэл нь тасарсан тул эмчлэгдэх боломжгүй” гэсэн эрүүл мэндийн тодорхойлолт, нохойн гэмтлийн рентген зургаар нохой хазсаны улмаас гэмтэл учирсан буюу нурууны яс нь хугарсан, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөх журмын 1.1-д “нохой, муур эзэмшигч байгууллага, иргэд нь орон сууц, гэр хорооллын хашаанд тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайд зугаалуулах, эмчилгээ үйлчилгээ хийлгэхээр авч явахдаа амны хошуувчтай байлгана” гэснийг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн нохойны үнийг шаардсан нь үндэслэлтэй байх бөгөөд Т п үүлдрийн нохойны зах зээлийн ханш нь 2 000 000 төгрөг байдаг гэж тайлбарлаад тайлбараа нотлохоор “А А дэлгүүрт Т п үүлдрийн нохойны гөлөг нь 2 000 000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгааг тодорхойлов” гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд энэ хариуцагч нь той пуделийн үнэ нь 2 000 000 төгрөг болох талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь Т п нь эм нохой байсан бөгөөд түүнийг гөлөглөхөөр нь олох байсан ашиг болох 8 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, Э мал эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 022/11 тоот тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг тодорхойлолтод “...тоу пудель эм үүлдрийн нохой нь 6 сартайгаас анхны ороо орж, жилдээ 2 удаа ороо ордог бөгөөд нийлүүлэгт эхний 2 ороог өнжүүлээд 1 нас 2 сартайгаас хээлтүүлэх боломжтой. 1 удаагийн хээл авахдаа 1-3 гөлөг тээж гаргадаг, 12 нас хүртлээ хээл авч гөлөг гаргах боломжтой” гэжээ.
Хариуцагч олох байсан орлого болох 8 000 000 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, Т п нохой нь хээлгүй байсан, нохойгоо ашиг олох зорилгоор үржүүлгийн журмаар тэжээж байсан эсэх нь эргэлзээтэй гэж маргасан.
Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөх журмын 5 дугаар зүйлийн 1-д “байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс нохойг үржлийн зориулалтаар ашиглах, нохойн аж ахуй байгуулах асуудлыг Нийслэлийн Мал эмнэлгийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь олох байсан ашиг буюу Т п үүлдрийн нохойг гөлөглөхөөр нь бусдад худалдаж ашиг олох байсан гэж тайлбарласан боловч уг нохойг үржүүлгийн журмаар буюу ашиг олох зорилгоор тэжээж байсан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх баримтгүй, мөн нохой гөлөглөж, уг гөлөгийг нь худалдан ашиг олно гэж тайлбарласан боловч Т п нь хээлгүй байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул олох байсан ашиг гэж 8 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчаас Т п үүлдрийн нохойны үнэ болох 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан ашиг болох 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгч Б.О нь “...нэхэмжлэгч тал хэт сэтгэлийн хөөрлөөр хандаж хэт өндөр төлбөр тавьж байгаа нь үнэн бодит байдалд зохицохгүй гэж үзэж байна. Хариуцагч тал нохойн хошуувч хамгаалалтаа хийгээгүй олон жил нохой тэжээсэн гэх боловч нохойндоо жижиг амьтныг дайрахад зогс, боль гэх мэт команд өгч сургаагүй учраас 2 тал харилцан буруутай гэж дүгнэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх холбогдох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Г-оос гэм хорын хохиролд нохойны үнэ 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ж.СЭМЖИД