| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0397/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/406 |
| Огноо | 2024-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/406
2024 10 07 2024/ШЦТ/406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Хохирогч Х.Э
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 2425003870*** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь 2024 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-17*-**тоотод байх гэртээ байхдаа хохирогч Х.Этэй гэрээс гаргасангүй хардлаа гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар үсдэж унагах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “нүүр, баруун чихний ар хэсэг, зүүн мөр, бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хохирогч Х.Э “гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, бид эвлэрсэн” гэх агуулга бүхий тайлбарыг тус тус илэрхийлж оролцсон.
- Хохирогч Х.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед би нөхөр болох М гурван хүүхдийн хамт хадам эгчийн гэрт очиж тавилга угсарсан. Тавилга угсарч байх үед М тавилга буруу угсраад байсан учир би буруу гэдгийг нь хэлтэл М би мэдэж байна гэж хэлээд орилсон. Түүнээс болоод би уурлаад дуугаа хураагаад Мыг тавилга угсарч дуусах хүртэл хүлээж байгаад эгчийн гэрээс гараад гэр рүүгээ явсан. 20 цагийн үед байрныхаа гадаа иртэл М пиво уух уу гэсэн, би Мд уурлачихсан, гомдчихсон чимээгүй л байсан. Тэгээд 0.5 литрийн 4 ширхэг Сэнгүр нэртэй лаазтай пиво аваад гэртээ ортол ээж ирчихсэн байсан. Нэг пивоо ээжид өгчхөөд М бид хоёр 1,1 ширхэг пиво уучхаад М ахиж дэлгүүр яваад хүүхдүүддээ зайрмаг аваад ахиад 2 ширхэг пиво авсан байсан. Тэгээд пивоо уугаад орой 00 цагийн үед буюу 2024 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн үед би ээжтэй полкон дээр юм яриад байж байтал М намайг унт унт гээд байсан. Ээж өглөө Булган явах учир эд зүйлсийг нь бэлдэх гэж байсан. Тэр үед М гэрээс гарах гээд байхаар нь чи хар шөнөөр хаачих гэж байгаа юм гэтэл чиний хар гэрээс гарч болохгүй юм уу? гэсэн би уурлаад чи тэр Амгалансүрэн гэх эмэгтэй рүү гээ явах гэж байгаа юм уу? гэж асуухад М намайг үсдэж доош нь дараад миний нүүр хэсэг рүү цохисон хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна, аминдаа нүүрээ хамгаалсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би 2021 оны 08 дугаар сард М намайг хаяад хувцсаа аваад хаяад явчихсан 2022 оны 12 дугаар сард Өмнөд Солонгос улс руу ажиллахаар явсан. Би Монголд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Амгалансүрэн гэдэг нь намайг Солонгос улсад ажиллаж амьдарч байхад Мын уулзаж байсан хүн нь юм байна лээ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,
- Гэрч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн Хан реседест-1204 тоотод унтаж байх үед миний гар утас дуугарч Э залгаад М бид хоёр маргалдаад М намайг үсдээд зодсон, цагдаад дуудлага өгчихсөн гэж хэлсэн. ...Ээж бид хоёр шөнө цагдаагийн газар ирээд Эгээс юу болсон талаар асуухад М бид хоёр пиво уугаад шалихгүй зүйл дээр маргалдаад М намайг үсдээд зодсон тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
- Гэрч Ш.Ээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн Хан реседест- 1204 тоотод унтаж байх үед миний гар утас дуугарч Э залгаад М бид хоёр маргалдаад М намайг үсдээд зодсон, цагдаад дуудлага өгчихсөн гэж хэлсэн. Би Мөнхтөмөртэй хамт цагдаа дээр ирэх үед М согтуу цагдаа дээр байсан. Э мэдүүлэг өгч байсан. Моос би юу болсон талаар асуухад М пиво уугаад Эгийн үснээс зулгаагаад хоёр удаа цохисон гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
- Шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өсгөн: “... Би унтах гэсэн чинь нойр хүрэхгүй байхаар нь хувцсаа өмсөөд гадаа сууж байгаад орж ирье гэж бодоод хувцсаа өмсөж байтал Э хүрч ирээд гэрээс гаргахгүй, хар шөнө хаачих гэж байгаа гэсэн тэгэхээр нь би гадаа сууж байгаад ороод ирье гэсэн чинь Э чи тэр Амгалансүрэн рүүгээ явах гэж байна уу гэж хэрүүл өдөөд намайг гэрээс гаргахгүй байсан. Тэгээд би уурлаад Эгийн үснээс татаад зүүн мөр рүү, нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисон. Ээж салгаад цагдаа руу залгачихсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаартай:
1.Х.Э-ийн биед нүүр, баруун чихний ар хэсэг, зүүн мөр, бугалга,баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3.4.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна.
5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
7.Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйль оношлогдсон нь хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар тал/, зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Үйл баримтын талаар:
Э.М нь хохирогч Х.Эгийн үснээс зулгааж, гараараа цохиж, эрүүл мэндэд нь “нүүр, баруун чихний ар хэсэг, зүүн мөр, бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт” гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Э.М нь хохирогч Х.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Х.Эгийн: “...Тэр үед М гэрээс гарах гээд байхаар нь чи хар шөнөөр хаачих гэж байгаа юм гэтэл чиний хар гэрээс гарч болохгүй юм уу? гэсэн би уурлаад чи тэр Амгалансүрэн гэх эмэгтэй рүү гээ явах гэж байгаа юм уу? гэж асуухад М намайг үсдэж доош нь дараад миний нүүр хэсэг рүү цохисон хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна, аминдаа нүүрээ хамгаалсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би 2021 оны 08 дугаар сард М намайг хаяад хувцсаа аваад хаяад явчихсан 2022 оны 12 дугаар сард Өмнөд Солонгос улс руу ажиллахаар явсан. Би Монголд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Амгалансүрэн гэдэг нь намайг Солонгос улсад ажиллаж амьдарч байхад Мын уулзаж байсан хүн нь юм байна лээ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,
- Гэрч Э.Мийн: “…2024 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн Хан реседест-1204 тоотод унтаж байх үед миний гар утас дуугарч Э залгаад М бид хоёр маргалдаад М намайг үсдээд зодсон...” гэх мэдүүлэг,
- Гэрч Ш.Ээгийн: “…2024 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн үед миний гар утас дуугарч Э залгаад М бид хоёр маргалдаад М намайг үсдээд зодсон, цагдаад дуудлага өгчихсөн гэж хэлсэн. ...Моос би юу болсон талаар асуухад М пиво уугаад Эгийн үснээс зулгаагаад хоёр удаа цохисон гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Э.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Э.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Э.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Эгийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Х.Э нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ж.Батбаатараас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжээр торгох ял оногдуулах.” гэсэн,
Хохирогч Х.Э “торгох ялаар буюу хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Э.М нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Мд 3 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР