Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/409

 

2024      10          07                                           2024/ШЦТ/409

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Г.А,

Шүүгдэгч Ю.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гт холбогдох эрүүгийн 242500278**** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ю.Г

Холбогдсон  хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ю.Г нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах Үйлчилгээний төвийн хойд талын асфальтан хучилттай авто замаар өөрийн эзэмшлийн Тоёота маркийн Приус алфа загварын **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарц дээр насан хүрээгүй хохирогч М.Гг мөргөж эрүүл мэндэд нь “зүүн тавхайн 1-р хурууны 2-р шивнүүр ясны хугарал, зүүн тохой, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ю.Гыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч М.Гн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р “гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн,

 Шүүгдэгч Ю.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “тухай өдөр гарцаар гарч байсан дугуйтай хүүхдийг харалгүй шүргэсэн, ойролцоох хүнээс түргэн тусламж дуудаж өгөхийг хүсээд эмнэлгийн яаралтай тусламжаар эмнэлэг рүү явуулаад араас нь очсон. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хавтаст хэргээс улсын яллагч:

- Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн нас тоолсон М.Г нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 11 нас, 3 сар, 01 хоногийн настай байна. гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дугаар тал/,

- Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Тоёота приус 41 маркийн хар саарал өнгөтэй, "ZWW413070240" арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр импортлогдсон тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн үзлэгийг гаднаас дотогш чиглэлтэй хийхээр тогтож. Тээврийн хэрэгслийн хажуу талын 4 цонх хар өнгийн тэнтэй, эх гэрэл бүтэн, машиныг асааж үзэхэд асаж байв. тээврийн хэрэгслийн зүүн урд талын эх гэрлийн доор харалдаа 0.1x6 см урттай зураасан сэв, 0.1x2 см урттай давхар зураасан сэв байв. Тээврийн хэрэгслийн гадуур шороо тоостой, өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 25-28 дугаар тал/,

- Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “..."ANGTE КАМЕР БИЧЛЭГ" гэсэн бичигтэй 1 ширхэг сд байх бөгөөд сд-г компьютерт хийж үзэхэд "Үйлчилгээний зам тээврийн осол” гэсэн бичигтэй, 59,443 КВ, 00:58 секундийн бичлэг байх ба 2024 оны 06 дугаар сарын 02- ны өдрийн 15 цаг 43 минутын үйл явдлыг харуулж байв. Бичлэгийн 00:37 секундэд насанд хүрээгүй хохирогч М.Г нь явган хүн гарц дээр ирж байгааг харуулав. М.Г нь явган хүний гарц дээр ирээд зогсохгүй шууд гарцаар гарч байв. Тухайн цаг мөчид хар саарал өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл явган хүний гарц дээр зогсох үйлдэл хийв. Бичлэгийн 00:43 секундэд тээврийн хэрэгсэл хөдлөх үйлдэл хийж байх ба тээврийн хэрэгслийн урдуур хүн гарч байв. Дугуйтай М.Г зүүнээс баруун тийш чиглэлтэй зам руу орж байв. Бичлэгийн 00:45 секундэд дугуйтай М.Г нь хурдаа хасахгүй явж байх ба тээврийн хэрэгсэл урагш хөдөлгөөн үйлдэж М.Гтэй мөргөлдөж, тээврийн хэрэгсэл зогсох үйлдэл хийхгүй. Чигээрээ үйлдэл хийж байв. Бичлэгийн 00:48 секундэд М.Г нь эмээ Нямсүрэн нь байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-31-р тал/,

- Насанд хүрээгүй хохирогч М.Гн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин 3-2-26 тоотоос өөрийн эмээ Нямсүрэн, 2 дүүгийн хамт Эрдэнэт үйлдвэрийн төв оффисын урд байрлах усан оргилуур орох зорилготой гарсан. Би унадаг дугуйгаа унаад Үйлчилгээний төвийн хойд талын явган хүний гарцаар дугуйтай эмээ дүү нараас түрүүлээд машин бага байх үед нь гарч байх үед гэнэт баруун талаас машин ирээд мөргөчихсөн. Машин миний хөлөн дээгүүр гараад явчихсан. Миний хөл маш их өвдөж байсан. Миний унадаг дугуй машин доогуур орчихсон. Миний “зүүн талын хөлийн 1 хуруу хугарч, шивнүүр яс хугарсан байна” гэж эмч хэлсэн. 2023 оны 6 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хангайн бүс худалдааны төвөөс ямар нэгэн брэндийн дугуй гэдгийн мэдэхгүй байна, хүүхдийн хар өнгөтэй 350,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд унадаг дугуй унаж сурсан. Өвчин намдаах эм авч уусан, зулгаралттай шархнуудыг нь өдөр болгон цэвэрлэдэг байсан. Зүүн хөлөө шагайнаас доошоо гийпсдүүлсэн. Улаанбаатар хотод хэвлийн шингэн шимэгдүүлдэг тариа хийлгүүлсэн. Булган аймгийн Баян-Агт сумын Цагаан голын Рашаант очиж 3 хоног амарсан, дотроосоо кальци, витамин уусан. Одоо миний бие хэвийн байна. Миний сэтгэцэд сэтгэцийн хор уршиг учирсан зүйл байхгүй. Би шинжээч томилуулахгүй. Би эмчилгээний зардал гэж 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Баримтыг нь гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 дугаар тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г бол миний төрсөн хүү байгаа юм. 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-2-26 тоотод байж байх үед миний гар утас дуугарч хадам ээж Нямсүрэн залгаад Үйлчилгээний төвийн явган хүний гарц дээр Г машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Би гэрээс гараад Үйлчилгээний төвийн ар талын явган хүний гарц дээр очтол эмнэлгийн машин ирчихсэн. Г орилсон уйлсан, машины зам дээр хэвтчихсэн байсан. Хажууд хар саарал өнгийн Тоёота приус 41 маркийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тээврийн хэрэгсэл доогуур Гн дугуй байсан. Дугуйг дараа нь ашиглах боломжгүй байсан. Түргэн тусламжийн тэрэгтэй эмнэлэг дээр очоод Гг үзүүлтэл Хөл нь хугаралтай байна гэсэн. Гг хөлийг нь гийпсдүүлээд эм тариа хийлгүүлсэн. Улаанбаатар хот руу яваад хэвлийн шингэнээ шимэгдүүлсэн. Орхон аймгийн Шүүх шинжилгээний шинжээчид хэвлийн авиа шинжилгээний хариугаа өгч чадалгүй Улаанбаатар хот руу явчихсан. Шүүх шинжилгээний 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 538 дугаартай дүгнэлтийг уншиж үзэхэд хэвлийн авиа шинжилгээний хариугүй шинжилгээ гаргасан байна. Гэхдээ би 538 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, дахин нэмэлт шинжээч томилуулах шаардлагагүй гэж бодож байна. Гн эмчилгээний зардлын төлбөрийг төлчихвөл гомдол санал байхгүй. Гэрэлт- Ирээдүйг мөргөсөн гэх тээврийн хэрэгслийн жолооч Г нь эмчилгээний зардал гэх 1,700,000 төгрөг бид нарт өгсөн. Одоо нэмж 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Дугуйны мөнгийг харилцан тохиролцсон 500,000 төгрөгөөр. Үнэлгээ хийлгүүлэх шаардлагагүй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,

- Гэрч Ч.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим би зээ хүү Г болон хоёр дүүг нь дагуулаад 3-2 дугаар байр гэрийнхээ гаднаас усан оргилуур дээр хүүхдүүдээ тоглуулах гээд явж байгаад Үйлчилгээний төвийн хойд талын авто замын явган зорчигчийн гарц дээр зам хөндлөн гарах гээд Гн 2 дүүг нь хөтлөөд явж байтал Г түрүүлээд зам хөндлөн гарах гээд ганцаараа явтал авто замын ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь манай хүүхдийг мөргөөд унагасан. Тэгээд би 2 дүүг нь авто замын урд үлдээчхээд Г болон мөргөсөн жолооч дээр очоод яагаад хүүхэд мөргөчхөв өө” гээд уулзаад байж байтал эмнэлгийн машин ирээд, мөн манай хүргэн ирээд тэгээд эмнэлэг аваад явсан. Ийм л үйл явдал болсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

- Шүүгдэгч Ю.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн барагцаагаар 16 цагийн үед би өөрийн эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай, асфальтан саарал өнгийн Тоёота приус-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодоод холбоо талаасаа Хүлэг хүнсний зах руу явж байсан юм. Тэгтэл үйлчилгээний төвийн арын явган хүний гарцаар нэг эрэгтэй хүн алхаж гарч байхаар нь би хурдаа хасаж түүнийг зам гаргасан. Тэгээд би үргэлжлүүлж явж байтал машины зүүн урд талаас нэг дугуйтай хүүхэд ирээд мөргөлдчихсөн. Би тухайн үед замынхаа 1-р эгнээгээр явж байсан бөгөөд тухайн мөргөлдсөн дугуйтай хүүхдийн ирсэн чиглэл буюу замын урагшаа харсан боловч би тэр хүүхдийг анзаараагүй. Би тухайн үед яг мөргөлдөх үед тэр дугуйтай хүүхдийг хараад тоормос гишгэх гэсэн боловч сандраад хааз дээрээ гишгээд урагшаа яваад зогссон. Машинаас буутал нэг эрэгтэй хүүхэд зам дээр уначихсан, өвдөг нь шалбарчихсан уйлж байсан. Тэр орчмоор явсан нэг хүн түргэн дуудсан бөгөөд удалгүй тэр хүүхдийн эмээ нь гэх нэг эмэгтэй ирсэн. Тухайн үед хамт явж байсан юм шиг байна лээ. Тэгээд цагдаа, түргэн ирээд хүүхдийг аваад явсан. Би цагдааг иртэл машинаа хөдөлгөөгүй. Тухайн үед би хурдаа хараагүй бөгөөд барагцаагаар 5-10 км/цагийн хурдтай явсан байх. Тухайн үед бороо ороогүй зүгээр байсан бөгөөд миний машинд нэг танихгүй Эмэгтэй хамт явсан. Би тэр эмэгтэйг зам дээр зогсож байхаар нь автобусны буудал дээр хүргээд өгье гэж бодоод авсан бөгөөд надаас хөгшин эмэгтэй байсан. Би жолооч болоод 10 жил болж байна, В ангилалтай. Энэхүү асуудлаас болж машинд маань ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй зүгээр байгаа. Би тухайн хүүхдийн эмчилгээний зардал болон унадаг дугуйны зардалд дансаар 3,000,000 төгрөг, бэлнээр 700,000 төгрөгийг өгсөн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 538 дугаартай

1.М.Гн биед зүүн тавхайн 1-р хурууны 2-р шивнүүр ясны хугарал, зүүн тохой, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх зүүн тавхайн 1-р хурууны 2-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн тохой, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 77-79 дүгээр тал/,

- Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “...Жолооч Юнгаа овогтой Г / нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Харин унадаг дугуйтай зорчигч М.Гэрэлт- Ирээдүй нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтуудаас зөрчсөн заалт байхгүй болно. Насанд хүрээгүй хохирогч М. Гн эцэг, эх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд: 25.3 Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. 2.5 Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдол зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно: а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд, б/ ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол, в/ зохион байгуулалттай цуваагаар яваа үед. Тайлбар: Зорчих хэсгийн захаар байрлан явахдаа зохион байгуулалттай цуваагаар яваа тохиолдолд нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэн явж болох бөгөөд бусад тохиолдолд з зөвхөн ар араасаа цуварч явна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь: Насанд хүрээгүй хохирогч М.Гн эцэг, эх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.3, 25.4 дүгээр заалтыг зөрчсөн нь тухайн осол болоход ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй бөгөөд сэжигтэн Ю.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр заалтыг зөрчсөний улмаас хохирогч М.Гн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна. ...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 84-86 дугаар тал/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ- ОРХ/10655 дугаартай “...15-ын хэмжээтэй хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг 280,000 төгрөг /зах зээлийн дундаж үнэ/. ...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 89- 91 дүгээр тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р “...Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хохирол төлсөн баримтууд” зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

Ю.Г нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах Үйлчилгээний төвийн хойд талын асфальтан хучилттай авто замаар өөрийн эзэмшлийн Тоёота Приус алфа загварын **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарц дээр насан хүрээгүй хохирогч М.Гг мөргөж эрүүл мэндэд нь “зүүн тавхайн 1-р хурууны 2-р шивнүүр ясны хугарал, зүүн тохой, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Ю.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч М.Гн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн нас тоолсон тэмдэглэл,

- Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Насанд хүрээгүй хохирогч М.Гн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би унадаг дугуйгаа унаад Үйлчилгээний төвийн хойд талын явган хүний гарцаар дугуйтай эмээ дүү нараас түрүүлээд машин бага байх үед нь гарч байх үед гэнэт баруун талаас машин ирээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний гар утас дуугарч хадам ээж Нямсүрэн залгаад Үйлчилгээний төвийн явган хүний гарц дээр Г машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Би гэрээс гараад Үйлчилгээний төвийн ар талын явган хүний гарц дээр очтол эмнэлгийн машин ирчихсэн. Г орилсон уйлсан, машины зам дээр хэвтчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үйлчилгээний төвийн хойд талын авто замын явган зорчигчийн гарц дээр зам хөндлөн гарах гээд Гн 2 дүүг нь хөтлөөд явж байтал Г түрүүлээд зам хөндлөн гарах гээд ганцаараа явтал авто замын ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь манай хүүхдийг мөргөөд унагасан...” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Ю.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би үргэлжлүүлж явж байтал машины зүүн урд талаас нэг дугуйтай хүүхэд ирээд мөргөлдчихсөн. Би тухайн үед замынхаа 1-р эгнээгээр явж байсан бөгөөд тухайн мөргөлдсөн дугуйтай хүүхдийн ирсэн чиглэл буюу замын урагшаа харсан боловч би тэр хүүхдийг анзаараагүй. Би тухайн үед яг мөргөлдөх үед тэр дугуйтай хүүхдийг хараад тоормос гишгэх гэсэн боловч сандраад хааз дээрээ гишгээд урагшаа яваад зогссон...” гэх мэдүүлэг,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 538 дугаартай дүгнэлт,

- Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн магадалгаа,

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ- ОРХ/10655 дугаартай хохирлын үнэлгээний тайлан болон шүүгдэгч Ю.Гын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

 

Шүүгдэгч болон шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал сэрэмжтэй байдал, самбаачлах чадвар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1047 дугаартай “... М.Гн биед зүүн тавхайн 1-р хурууны 2-р шивнүүр ясны хугарал, зүүн тохой, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн тавхайн 1-р хурууны 2-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн тохой, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч М.Гн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ю.Гын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн,  шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул түүнийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ю.Гт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.М мөрдөн шалгах ажиллагаанд Г нь эмчилгээний зардал гэх 1,700,000 төгрөг бид нарт өгсөн. Одоо нэмж 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Дугуйны мөнгийг харилцан тохиролцож 500,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ хийлгүүлэх шаардлагагүй гэх мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч Г нь тухайн хүүхдийн эмчилгээний зардал болон унадаг дугуйны зардалд дансаар 3,000,000 төгрөг, бэлнээр 700,000 төгрөгийг өгсөн гэх тайлбарыг өгсөн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М хохирол төлбөрөө авсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хэргийн байдал, хохирогчийн бага насны хүүхэд зэрэг нөхцөл байдлыг харгалзан насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжээр торгож уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгслэн төлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р “Ю.Гын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас чөлөөлж, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Ю.Г “хөл муутай, машинаараа амьдрал ахуйгаа зохицуулдаг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүй байж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ю.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ю.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх  нь түүний гэм бурууд тохирсон  гэж  үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлж, учруулсан хохирлоо төлсөн, зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

          Бусад асуудал:

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 1067903 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ю.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ю.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Ю.Гт оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Ю.Г энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Ю.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Ю.Гын 1067903 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР