| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/04276/И |
| Дугаар | 183/ШШ2021/00424 |
| Огноо | 2022-02-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2021/00424
2022 оны 02 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2022/00424 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Х,
Нэхэмжлэгч: Н.С нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.О-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 32 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х, Н.С нар нь хариуцагч Г.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71 960 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 32 400 000 төгрөг гаргуулахаар багасгасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Х нь Г.О-д 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ бичгээр хийж 60 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй барьцаагүй 1 жилийн хугацаатайгаар зээлүүлсэн юм. Г.О нь 2019 оны 04 дүгээр сарын 10-наас 2020 оны 02 дугаар сарын 11-ний хоорондох хугацаанд нийт 11 сарын хүүг төлсөн юм. Гэвч Г.О нь 2020 оны 03 дугаар сарын 04-нд үндсэн мөнгөө хүүгийн хамт өгөх ётсой байсан боловч өгөөгүй, холбоо барихад удахгүй хүүгийн хамт өгнө гэсээр байгаад түүнээс хойш огт юу ч өгөхгүй байж байгаад олон удаагийн шаардлагаар үндсэн мөнгөнөөс 2020 оны 12 сард 10 000 000 төгрөгийг, 2021 оны 03 сард 7 000 000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 19-нд 13 000 000 төгрөгийг өгсөн. Г.О-ээс гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч эхлээд элдэв шалтаг тоочиж ажил төрөл бүтэхгүй байна зовлон их байна гээд байсаар байгаад одоо огт утсаа авахгүй холбоо барьж болохгүй байна. Хариуцагч Г.О-ээс үндсэн зээл 30 000 000 төгрөг, өнгөрсөн хугацааны хүү 41 960 000 төгрөг, нийт 71 960 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 30 000 000 төгрөг, 1 сарын хүү 2 400 000 төгрөг, нийт 32 400 000 төгрөгийг гаргуулахаар багасгаж байна гэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н хариу тайлбартаа: 2019 оны 02 дугаар сарын 25-ны үед Г.О-ийн нөхөр Э.З өөрийн хамаатан саднаас 60 000 000 төгрөг зээлэхээр тохиролцсон тухайгаа Г.О-д хэлжээ. Зээлийг Г.О авахаар ярилцсан байна. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Э.З-ийн хамаатан Н.С гэгч эмэгтэй Г.О рүү утсаар ярьж тохирсон ёсоор Г.О-ийн Хаан бакнны 5011307717 дугаартай данс руу 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Зээлийг ашиглах явцдаа Г.О-ийн зүгээс тодорхой хэмжээний эргэн төлөлтийг Н.С-д хийсээр иржээ. Нэхэмжлэлд дурдсаны дагуу Г.О-ээс Н.С-д 56 400 000 төгрөгийг төлсөн. Үүнд маргаан байхгүй. Г.О-ийн зүгээс үндсэн зээл 60 000 000 төгрөгөөс 56 400 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 3 600 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрнө гэсэн болно. Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс Б.Х, Н.С нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Г.О, Б.Х нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний гэрэл зураг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэл гэсэн баримтуудыг /хэргийн 3-5, 30-р хуудас/,
хариуцагчаас Г.О-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн итгэмжлэл, гар утасны мессежүүд, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Капитрон банкны харилцах дансны хуулга гэсэн баримтуудыг /хэргийн 20-22, 26-29-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Г.О-ийн гар утасны мессежүүдэд үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х, Н.С нар нь хариуцагч Г.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 400 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг шүүх 3 600 000 төгрөгийг хангаж, үлдэх 28 800 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.О-тэй зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлүүлсэн боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, нийт 32 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгч Н.С-аас зээлийн гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч зээлийн гэрээний үүрэгт 56 400 000 төгрөгийг буцаан төлсөн, нэхэмжлэгч Б.Х-тай зээлийн гэрээ байгуулаагүй, хүү төлөх талаар тохиролцоогүй тул үлдэх 3 600 000 төгрөгийг төлнө гэж үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Х, Н.С нар нь хариуцагч Г.О-ийн Хаан банкны 5011307717 тоот дансанд нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 60 000 000 төгрөгийг шилжүүлж, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг 60 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, сар бүрийн 10-ний дотор хүү болох 2 400 000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэсэн. /хэргийн 5-р хуудас/
Талуудын маргааны зүйл нь зээлийг ашигласан хугацааны хүүг төлөх талаар байх бөгөөд зээлийн гэрээний зүйл болох 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт нийт 56 400 000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Саас 60 000 000 төгрөгийг зээлсэн, түүний данснаас 60 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлсэн авсан талаар маргаагүй, энэ нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар мөнгө шилжүүлснээр Н.С, Г.О нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Н.С нь 60 000 000 төгрөгийг хариуцагч Г.О-д шилжүүлсэн, хариуцагч нь тохирсон хугацаандаа мөнгөө буцааж төлөөгүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг буюу мөнгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй болно.
Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн зээл 60 000 000 төгрөгнөөс 56 400 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 3 600 000 төгрөгийг төлнө, хүү төлөх талаар харилцан тохиролцоогүй гэж маргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх бөгөөд өөрөөр хэлбэл талууд хүүтэй байхаар тохирсон ч хэлбэрийн шаардлага хангаагүй бол Иргэний хуулийн 283 дугаар 283.2-д заасан хүүгүй зээлийн гэрээ гэж тооцогдоно.
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Г.О-тэй харилцан тохиролцож 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээнд “...60 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлсэн болно. Сар бүрийн 10-ны дотор хүү болох 2 400 000 төгрөгийг шилжүүлнэ гэсэн” гэж тайлбарлаад Г.О-тэй байгуулсан гэрээний гэрэл зургийг шүүхэд ирүүлсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь энэ гэрээг байгуулсан талаар мэдэхгүй, хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг Н.С-аас шилжүүлэн авсан гэж маргасан.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч нар нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний эх хувь буюу нотлох баримтын шаардлага хангасан хувийг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт” гэх боловч уг баримтыг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд ирүүлэх бөгөөд хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг нотлох баримт гаргахаар хойшлуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг баримтыг өөрөө олж авах боломжгүй бол энэ талаараа ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй, зээлийн гэрээний хүүгийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нь хүү төлөх талаар харилцан тохиролцоод хүлээн зөвшөөрөөд сар бүр хүүг төлж байсан 11 сарын хүү болох 26 400 000 төгрөгийг төлсөн нь дансны хуулгаар нотлогдоно гэсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь 26 400 000 төгрөгийг хүүнд тооцож төлөөгүй, зээлнээс боломжоороо төлж байсан гэж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан Капитрон банкны харилцах дансны хуулгаар хариуцагч нь нэхэмжлэгч Н.С-ын дансанд 2 500 000 төгрөг, 2 400 000 төгрөгийг тус тус төлж байсан болох нь тогтоогдож байх боловч хариуцагч нь уг мөнгийг хүүнд тооцож төлсөн талаар хүлээн зөвшөөрөөгүй болно.
Иймд хариуцагч Г.О нь зээлийн гэрээний үүрэгт нийт 56 400 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн талаар нэхэмжлэгч нар нь маргаагүй, уг 56 400 000 төгрөгнөөс 30 000 000 төгрөгийг нь үндсэн зээлд, 26 400 000 төгрөгийг хүүнд тооцсон гэсэн боловч талуудын байгуулсан хүү тохирсон гэх гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт буцаан шилжүүлсэн 56 400 000 төгрөгийг үндсэн зээлнээс хасч тооцох нь зүйтэй байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Хын хариуцагч Г.О-тэй байгуулсан хүү тохирсон зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн зээлийн гэрээний талууд болох Н.С нь Г.О-тэй хүү тооцох талаар гэрээ байгуулаагүй, эхнэр нярайлсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас хамт явах боломжгүй байсан гэсэн боловч түүнийг төлөөлөн гэрээ байгуулах эрхтэй байсан эсэх талаар нотлоогүй тул нэхэмжлэгч Б.Х, Н.С нар нь хариуцагч Г.О-ээс хүү шаардах эрхгүй байна гэж дүгнэж, хариуцагч Г.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 3 600 000 төгрөгийг /60 000 000-56 400 000=3 600 000/ гаргуулж, нэхэмжлэгч Н.С-т олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 28 800 000 төгрөгийг /32 400 000 -3 600 000= 28 800 000/ хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-ээс 72 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х, Н.С нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 282.3-т зааснаар хариуцагч Г.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 3 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.С-т олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 28 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 72 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х, Н.С нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН