Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/411

 

 

 

2024    10           08                                          2024/ШЦТ/411

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

Улсын яллагч Ж.Б,

Шүүгдэгч О.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дд холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг *-** тоот хашааны гадна талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Б.Бтэй “бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна” гэх шалтгаанаас маргалдаж түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь “баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг *-** тоотод байх гэртээ болон хашаан дотроо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Бийг 2024 оны 05 дугаар сарын дундуур ээжийн урдаас хэрэлдсэн шалтгаанаар үснээс нь зулгааж, гэдэс рүү нь нэг удаа цохиж зодсон,

2024 оны 05 дугаар сарын 26-ны орчимд “бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна” гэх шалтгаанаас маргалдаж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж зодон,

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ахынд очиж унтуулаагүй гэсэн шалтгаанаар 2 удаа алгадаж, түлхэж унагаан, хэвлий хэсэгт өшиглөж зодсон,

2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “хашхичиж хэрүүл үүсгэсэн” гэсэн шалтгаанаар 1 удаа алгадаж, толгойгоор нь 2 удаа шал мөргүүлэн байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Дийг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Б: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М “гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож хувийн байдалтай холбоотой баримтуудыг судлуулна гэж,

 Шүүгдэгч О.Д “12 сард танилцсан. Би 02 дугаар сард шилжиж ирээд Б.Бтэй 3 сар гаруй хугацаанд хамт амьдрахдаа ийм асуудал болсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс уншиж судлуулах зүйл байхгүй” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

Хавтаст хэргээс:

- Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө ярьсанчлан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед би ганцаараа Говил баг *-** тоотод амьдардаг нөхөр Д дээр очсон. Д нь гэртээ ээж болон ахынхаа хамт амьдардаг. Тэгээд байж байтал Д нь хашаанаасаа гарч яваад ахындаа очлоо, тэнд хононо гээд явсан тэгэхээр нь би араас нь дагаад битгий худлаа яриад бай гэж хэлсэн. Тэгтэл тэрээр намайг яваач гээд 1 удаа алгадсан. Тэгээд буцаад гэрийнхээ хашаа руу орсон бөгөөд би дагаад явсан. Хашаан дотор ороод намайг түлхэж газарт унагаасан. Намайг уйлангуут дуугүй бай гээд амыг маань дарсан. Тэгснээ хэвлий рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд ахин алгадаж аваад миний баруун гарыг төмөр поошиг дээр тавиад дээрээс нь гараараа дараад байсан. Намайг явах гэтэл тэрээр байж бай гээд явуулаагүй. Миний хамрын цус арчиж өгөөд надад хандан “би чиний уйлахаас чинь залхаж байна, одоо дахиад ийм үйл гаргахгүй гээд уучлалт гуйсан. Бид 2 хэсэг алхаж байгаад би таксинд суугаад гэр рүүгээ явсан. Маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бид хоёр уулзаж хамт байхаар болсон ч тэрээр өвсөнд явлаа гээд уулзаагүй. 2024 оны 06 дугаар сарын 08-ны өглөө би Д рүү залгахад “би Улаантолгойгоос гарах гэж байна, гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд би ганцаараа тэднийд 14 цаг өнгөрч байхад очиход Д нь гэртээ гудамжныхаа ахлах ангийн 2 хуурай дүүтэйгээ байсан. Би түүнд хандан эмнэлэг явъя биеэ үзүүлье гэхэд тоохгүй утсаараа оролдоод байсан. Тэгэхээр нь би уурлаж түүн рүү хашгичиж дайрсан бөгөөд галын хайчийг нь аваад хаалга руу шидсэн. Тэгтэл уурлаад намайг сууж байхад шалан дээр хэвтүүлээд толгойгоор маань шалыг 2 удаа мөргүүлсэн, тэгээд 1 удаа алгадсан. Тэгээд миний гар утсыг авч миний фэйсбүүк рүү ороод миний чатыг уншаад оролдоод манай дүүгийн дуут мессежийг надад сонсгохоор нь би болиоч гээд түүний гар утсыг булааж авах гэтэл чадаагүй. Тэгээд Номио эгч рүү яриад өг гээд залгуулсан бөгөөд эгч тэгтэл надад хандан “өр ширээ төлөөч ээ, над руу хүн залгаад байна” гэж хэлсэн. Би тухайн үед утасгүй байсан. Ярьж дууссаны дараа Д нь уурлаад “танай ах эгч 2 чинь намайг зээл авхуулаад байна гэж ойлгочихлоо” гээд намайг түлхэж гадаа гараад тэрээр Номио эгчтэй утсаар ярьсан. Тэрээр гэрийнхээ хаалгыг гаднаас нь цоожилчихоор нь би цонхоор гарч очсон. Тэгээд байж байтал Номио эгч, Балжиндорж ах нар ирсэн бөгөөд миний хамраас цус гарчихсан байхыг харчхаад яачихсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дийг цохисон гэж хэлсэн бөгөөд ах уурлаад Дий нүүр рүү цохиж аваад түүнийг суулгаад цагдаагийн гадаа ирсэн. Дээрх 2 үйл явдлыг харсан хүн байхгүй, харин бэр эгч Номинчимэг, ах Балжиндорж, Дий ээж О нар мэднэ. Үүнээс өмнө буюу 2024 оны 05 дугаар сарын дундуур Дий хашаан дотор байхад тэрээр ээжийн урдаас хэрэлдлээ гээд намайг үсдээд гэдэс рүү гараараа 1 удаа цохисон. Энэ үед ээж нь хажууд байсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 26 бил үү 27-ны өдөр тэдний хашааны гадаа байхад миний нүүр рүү алгадаж аваад гэдэс рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд баруун хөлийн гуя руу 1 удаа өшиглөж, түлхсэн бөгөөд би газарт унахдаа баруун өвдгөө шалбалсан. Тэр оройдоо би тэднийд хоносон. Маргааш өглөө нь миний баруун нүд хөхөрчихсөн байсан. Тухайн үйл явдлыг харсан хүн байхгүй. Харин түүний ээж болон манай бэр Номинчимэг нар мэднэ. Мөн 2024 оны 05 дугаар сарын 22 бил үү 23-ны өдөр тэднийд байхад ээж нь согтуу үедээ намайг луйварчин, хулгайч гэж хэл амаар доромжилсон бөгөөд намайг зайлаач, яваад өгөөч гэж хэлсэн. Ээжийнх нь найз Оюунгэрэл эгч Д рүү дайрсан бөгөөд ээж нь “чамаас болж хэрүүл гарлаа” гээд намайг үсдэж аваад алгадсан. Тухайн үед тэднийх рүү очиж явах замд машин дотор Д намайг 1 удаа алгадсан, би түүний хоолойг боосон. Машинд болсон явдлыг жолоо барьж явсан ээжийнх нь найз гэх ах харсан. Гэрт нь болсон асуудлыг Оюунгэрэл эгч харсан. Би Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 559 дугаартай дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан баруун бугалганд цус хуралт гэмтлийг 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр О.Д нь гараараа миний гараас хүчтэй базаж татаж газарт унагаахдаа учруулсан. Тэгж унахдаа би тохойгоороо газарт цохисон бөгөөд зүүн тохойд цус хуралт гэмтэл маань учирсан байх. Мөн тухайн үед миний 2 хөл рүү өшиглөөд байсан бөгөөд зүүн гуянд цус хуралт гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

- Гэрч Д.Номинчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь манай нөхрийн төрсөн дүү байгаа юм. Тэрээр Яргуйт баг Толгодын 18-2 тоот хашаанд аавынхаа хамт амьдардаг. Түүний нөхөр Д нь Бийг зодож байхыг би нүдээр харж байгаагүй. Харин 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Бийн баруун нүд нь хөхөрчихсөн байсан, би түүнээс яачихсан юм бэ гэхэд Дөө цохисон гэж хэлсэн. Мөн 2024 оны 06 дугаар сарын 07-ны орой хадам аавынд очиход Б нь миний нуруу өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юм бэ гэтэл “Дөө намайг өшиглөсөн” гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед Бийг очиж авах гээд Говил руу Дий гэрт очсон тэгэхэд зүүн хацар нь хавдчихсан, оймс нь цус болчихсон уйлчихсан байсан. Дөө сая зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь Дийг аваад цагдаа дээр ирсэн. Ийм л үйл явдал болсон. Б нь жирэмсэн, дүү маань өртэй байсан бөгөөд түүнээс болж хэрүүл маргаан болдог юм уу гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

- Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бага хүү О.Д нь Зэвсэгт хүчний 110-р ангид ахлагч цолтой ажилладаг. 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд албан томилолтоор ажиллаж байгаад Орхон аймагт гэртээ ирсэн. Гэртээ ирчхээд хүү маань ээлжийн амралтаа авчхаад буцаад ажилдаа орсон. Тэгтэл 2023 оны 12 дугаар сарын дундуур манай ажлын урлагийн үзлэгт бэлдэх бэлтгэл ажил эхэлж хүү маань орсон. 2024 оны 01 дүгээр сараас манай хүүг хамт ажилладаг Бтэй яваад уулзаад байгааг хүмүүсээс сонсож эхэлсэн. 2024 оны 02 дугаар сарын сүүлээр буюу цагаан сарын дараа хүү маань гэртээ ирж хоноогүй бөгөөд тухайн үед хүү маань гар утасгүй, миний гар утсаар давхар фэйсбүүк, чат ордог байсан. Тэгтэл Бээс нэг зочид буудлын зургийг нь явуулаад 404 тоотод байна гэж чат ирүүлсэн байсан. Тэгэхээр нь би тус хаягаар яваад очтол хүү маань Бтэй хамт байсан бөгөөд тэгж л анх биечлэн мэдсэн. Түүнээс хойш би хүүдээ хандан Бээс боль, ер нь тохирохгүй, бүтэхгүй гэж хэлсэн бөгөөд даанч хүү маань хүлээж аваагүй. Тэгээд байхаар нь би хүүдээ хандан ажлаа битгий тасал, чи гэртээ байгаад ажилдаа яв, гадуур битгий хоно, Бтэйгээ Говилдоо уулзаж бай гэж хэлсэн. Мөн Бт хандан хүүг маань орой битгий дууд, ажилд нь явуулж бай, та хоёрыг хэсэг хугацаанд харъя, гэхдээ би чамайг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. 2024 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээс эхлүүлэн хүү Б 2 маргалдах болсон бөгөөд Б нь 2024 оны 04 дүгээр сард ажлаасаа гарсан. Тэгээд ажлаасаа гарснаас хойш хүүг маань байнга дуудаж, тарах болоогүй байна уу гэдэг байсан. Мөн Б нь бусдад зөндөө өртэй, тэр нь нэхэгдээд байдаг байсан. 2024 оны 05 дугаар сарын эхээр манай гэрт байхад хүү Д болон Б нар нь хоорондоо хэрэлдсэн бөгөөд тэгэхэд хүү маань Бийн гараас татаж 1 удаа алгадсан. Түүнээс өөрөөр цохиж зодохыг нь хараагүй. Б нь хүүг маань цохиж зодохыг бол мэдэхгүй байна, харин хэрүүлтэй байдаг. Бийн луйвардаж авсан мөнгөний асуудлаас болж хэрэлддэг, тэрээр манай нөхрийн цалин буугаагүй байна гэж худлаа хэлдэг байсан. Би Бт гар хүрч байгаагүй, харин загнаж хараалын үгээр хэлж байсан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

- Гэрч П.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэдгээрийг хоорондоо үерхдэг гэж ойлгодог бөгөөд хоорондоо хэрхэн харилцаатай байсныг мэдэхгүй байна. Б нь манайд ажилладаг байхдаа хүмүүстэй их муухай харьцдаг, хүнтэй хэрэлддэг, хүмүүст их өртэй түүнээс авлагатай хүмүүс мөнгөө авах гэхээр хэл амаар доромжилдог. Дарга ч бай цэрэг ч бай хүнтэй муухай харьцдаг, хэний ч хамаагүй утсыг гуйж аваад Дтэй залгаж ярьдаг байсан. Тэрээр Дий ажлыг нь хийлгүүлэхгүй таслуулаад тэгээд уйлан дуугараад хоорондоо хэрэлдээд байдаг байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 559 дугаартай:

1.2.Б.Бийн биед баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.Уг гэмтэл нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,  

- Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дугаар тал/, зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу болох хохирогч Б.Бийг жирэмсэн болохыг мэдсээр байж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж зодож хохирол учруулсан,

Мөн 2024 оны 05 дугаар сарын дундуур үснээс нь зулгааж, гэдэс рүү нь цохиж зодсон,

2024 оны 05 дугаар сарын 26-ны орчимд хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж зодсон,

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр удаа алгадаж, түлхэж унагаан, хэвлий хэсэгт өшиглөж зодсон,

2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1 удаа алгадаж, толгойгоор нь 2 удаа шал мөргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.

 

Шүүгдэгч О.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хүн болох хохирогч Б.Бийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан болох нь:

- Хохирогч Б.Бийн: “...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед тэрээр намайг яваач гээд 1 удаа алгадсан, хашаан дотор ороод намайг түлхэж газарт унагаасан. Намайг уйлангуут дуугүй бай гээд амыг маань дарсан. Тэгснээ хэвлий рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд ахин алгадаж аваад миний баруун гарыг төмөр поошиг дээр тавиад дээрээс нь гараараа дараад байсан...”

2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би уурлаж түүн рүү хашгичиж дайрсан бөгөөд галын хайчийг нь аваад хаалга руу шидсэн. Тэгтэл уурлаад намайг сууж байхад шалан дээр хэвтүүлээд толгойгоор маань шалыг 2 удаа мөргүүлсэн, тэгээд 1 удаа алгадсан...”

Үүнээс өмнө буюу 2024 оны 05 дугаар сарын дундуур Дий хашаан дотор байхад тэрээр ээжийн урдаас хэрэлдлээ гээд намайг үсдээд гэдэс рүү гараараа 1 удаа цохисон.

Мөн 2024 оны 05 дугаар сарын 26-27-ны үед тэдний хашааны гадаа байхад миний нүүр рүү алгадаж аваад гэдэс рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд баруун хөлийн гуя руу 1 удаа өшиглөж, түлхсэн бөгөөд би газарт унахдаа баруун өвдгөө шалбалсан...

Мөн 2024 оны 05 дугаар сарын 22-23-ны үед  “чамаас болж хэрүүл гарлаа” гээд намайг үсдэж аваад алгадсан. Тухайн үед тэднийх рүү очиж явах замд машин дотор Д намайг 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Номинчимэгийн: “...Харин 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Бийн баруун нүд нь хөхөрчихсөн байсан, би түүнээс яачихсан юм бэ гэхэд Дөө цохисон гэж хэлсэн. Мөн 2024 оны 06 дугаар сарын 07-ны орой хадам аавынд очиход Б нь миний нуруу өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юм бэ гэтэл “Дөө намайг өшиглөсөн” гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед Бийг очиж авах гээд Говил руу Дий гэрт очсон тэгэхэд зүүн хацар нь хавдчихсан, оймс нь цус болчихсон уйлчихсан байсан. Дөө сая зодлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Оийн: “...2024 оны 05 дугаар сарын эхээр манай гэрт байхад хүү Д болон Б нар нь хоорондоо хэрэлдсэн бөгөөд тэгэхэд хүү маань Бийн гараас татаж 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 559 дугаартай дүгнэлт,

- Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл болон шүүгдэгч О.Дий өөрийн гэм бурууг хүлээж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна.

Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж,

хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг.”,

5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

 

Хохирогч Б.Б, О.Д нар нь 2024 оны 01 дүгээр сараас эхлэн танилцаж үерхэж эхэлсэн ба хамтран амьдардаггүй боловч гэр бүлийн харилцаатай буюу хосын харилцаатай, хохирогч жирэмсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдэд хамаарна.

 

Иймд О.Дий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж” буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Шүүгдэгч О.Дий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Б нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Ж.Б-аас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран “хохирол төлсөн, цаашид гарсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан хамгийн бага хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар оногдуулсан 03 сарын сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 09 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 01 жилийн хугацаагаар  Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР