| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0412/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/421 |
| Огноо | 2024-10-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/421
2024 10 16 2024/ШЦТ/421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ц.Эт холбогдох эрүүгийн 2425003860*** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Э,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.Ттай Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймаг орох замдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хонож, маргааш өглөө нь буюу 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 цагийн орчим хохирогчийн худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн Хаан банкны виза картаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 8,000,000 төгрөгийг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш буюу нийт 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэж,
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлж тус тус оролцсон болно.
Хохирогч Ц.Т “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй шүүх хуралдаанд суухгүй” гэсэн тайлбарыг гаргасан тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой байна гэж үзсэн.
Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд хавтаст хэргээс:
- хохирогч Ц.Тын “...Би 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум руу явах ажил гарсан байсан. Энэ үед би Дархан-Уул аймгийн Дархан сумын 1а байрны гэрийнхээ гадна талд зүс таних дүү Этай тааралдсан. Энэ үед байрны гадна сууж байхдаа би эхнэр хүүхэд Хөвсгөл рүү явж байгаа би араас нь ачаа дөхүүлж өгөх ёстой уучихсан байдаг яаж явна гэж хэлсэн чинь Э нь “ахаа би машиныг чинь бариад хоёулаа яваад ирэх үү дүү нь ажилгүй байгаа” гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Ингээд би ачаа бараагаа янзлаад Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу Эаар машинаа бариулаад явсан. Ингэж явсаар Орхон аймаг руу орж ирээд шатахуун түгээх станцаас бензин аваад Булган аймаг руу гарсан, Булган аймаг руу явж байхад замд бороо маш их ороод эхнэр Батцэцэгтэй холбоо барьсан чинь бүүр цааш нь явчихлаа араас хүрээд ирээрэй гэж хэлсэн. Энэ үед бороо маш их ороод байхаар нь бид хоёр ярилцаад цааш нь явж болохгүй юм байна ойрхон буудал олоод хоноё гэж бодоод зам дагуу хонох газар хайсан боловч олдоогүй. Ингээд буцаад Орхон аймаг руу буцаж орж ирээд нэг дэлгүүрийн гадна зогсоод би Эт картаа өгөөд хоёулаа нэг юм идье дэлгүүр ороод идэх юм аваад ир гэж хэлсэн. Энэ үед Э миний виза картыг авч ороод идэж уух юм аваад буцаж гарч ирсэн. Ингээд машин дотроо идэж уух юмнуудаа идэж уугаад би унтлаа гэж хэлээд арын суудал дээр хэвтээд унтчихсан. Ингээд нэг сэрсэн чинь өглөө болчихсон байсан ба цаг 07 цаг өнгөрч байсан. Намайг сэрсэн чинь Э байхгүй байсан би дэлгүүр онгорхой байхаар нь орж уух юм авъя гэж бодоод картаа хайсан чинь карт маань байхгүй байсан. Энэ үед гар утсаа шалгасан чинь миний утсанд данснаас зарлагын гүйлгээ хийгдсэн мэдээллүүд ирсэн байсан. Шалгаад үзсэн чинь нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр авсан байсан. Би Эыг ирэх байх гэж хоёр хоног Орхон аймагт хүлээгээд ирэхгүй болохоор нь Дархан-Уул аймаг руу очиж дахин хэд хоног хүлээсэн боловч ирээгүй болохоор нь Орхон аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Замдаа шатахуун түгээх газраас бензин авах дэлгүүрээс идэж уух зүйл авахдаа би Эт виза картын нууц үгийг хэлж өгсөн. Миний 5108018342 дугаартай Хаан банкны данснаас 8,000,000 төгрөг алдагдсан ...”, “...Э нь надад учруулсан 8,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн, үлдсэн 1,500,000 төгрөгийг удаахгүй өгнө гэж хэлсэн. Би үлдсэн 1,500,000 төгрөгийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 8 дугаар тал/,
- шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөр ч байна. ...Ц.Т ах хоёулаа юм олж идье гэж хэлээд надад виза картаа өгөөд дэлгүүрээс идэж уух юм аваад ирээрэй гэж хэлсэн. Ингээд би дэлгүүр орж идэж, уух зүйлс аваад буцаж ирээд бид хоёр машин дотроо суусан. Ц.Т ах хэсэг сууж байгаад унтаад өгсөн. Энэ хойгуур нь би явган яваад буудал хайхаар гараад хэд хэдэн буудалд очсон боловч хүнтэй байсан. Ингээд буцаад машин руугаа явах гэсэн боловч машинаа олоогүй.. Тэгээд шагийн архи зардаг хүнээс 1 том савтай шар айраг аваад сааданд ганцаараа сууж байгаад уг шар айргийг уусан. Тухайн шар айргийг уугаад нэлээд согтсон байсан нэг харсан чинь би ууттай мөнгө барьчихсан явж байсан. Тухайн үед миний ухаан санаа орж гараад байсан. ...Би Ц.Таас авсан 8,000,000 төгрөгийн хохирлыг нь бүрэн төлж дууссан. Ц.Таас ийм зүйл хийсэндээ уучлалт гуйсан. Би цаашид дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,
- Мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Тын эзэмшлийн Хаан банкны 5108018342 дугаарын харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар тал/,
-Хаан банкны 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 24/376 дугаартай “...хяналтын камерын бичлэг устсан, гүйлгээ хийх үеийн зургийг хавсралтаар хүргүүлэв. ...” гэсэн албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-26 дугаар тал/,
- Хаан банкны 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24/359 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Ц.Тын эзэмшлийн Хаан банкны 5108018342 дугаарын харилцах дансны 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 06 цаг 11 минутаас 07 цаг 59 минутын хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөгийн зарлага хийсэн талаар дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 28-29 дүгээр тал/,
- Ц.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.Ттай Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймаг орох замдаа 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 цагийн орчим хохирогчийн худалдан авалт хийлгүүлэхээр өгсөн Хаан банкны виза картаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас 8,000,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Ц.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэм буруутай болох нь:
- хохирогч Ц.Тын “...Энэ үед Э миний виза картыг авч ороод идэж уух юм аваад буцаж гарч ирсэн. Ингээд машин дотроо идэж уух юмнуудаа идэж уугаад би унтлаа гэж хэлээд арын суудал дээр хэвтээд унтчихсан. Ингээд нэг сэрсэн чинь өглөө болчихсон байсан ба цаг 07 цаг өнгөрч байсан. Намайг сэрсэн чинь Э байхгүй байсан би дэлгүүр онгорхой байхаар нь орж уух юм авъя гэж бодоод картаа хайсан чинь карт маань байхгүй байсан. Энэ үед гар утсаа шалгасан чинь миний утсанд данснаас зарлагын гүйлгээ хийгдсэн мэдээллүүд ирсэн байсан. Шалгаад үзсэн чинь нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр авсан байсан.” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ц.Т ах хоёулаа юм олж идье гэж хэлээд надад виза картаа өгөөд дэлгүүрээс идэж уух юм аваад ирээрэй гэж хэлсэн. Ингээд би дэлгүүр орж идэж, уух зүйлс аваад буцаж ирээд бид хоёр машин дотроо суусан. Ц.Т ах хэсэг сууж байгаад унтаад өгсөн. Энэ хойгуур нь би явган яваад буудал хайхаар гараад хэд хэдэн буудалд очсон боловч хүнтэй байсан. Ингээд буцаад машин руугаа явах гэсэн боловч машинаа олоогүй.. Тэгээд шагийн архи зардаг хүнээс 1 том савтай шар айраг аваад сааданд ганцаараа сууж байгаад уг шар айргийг уусан. Тухайн шар айргийг уугаад нэлээд согтсон байсан нэг харсан чинь би ууттай мөнгө барьчихсан явж байсан. Тухайн үед миний ухаан санаа орж гараад байсан. ...Би Ц.Таас авсан 8,000,000 төгрөгийн хохирлыг нь бүрэн төлж дууссан. Ц.Таас ийм зүйл хийсэндээ уучлалт гуйсан. Би цаашид дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,
- Мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Тын эзэмшлийн Хаан банкны 5108018342 дугаарын харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,
-Хаан банкны 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 24/376 дугаартай “...хяналтын камерын бичлэг устсан, гүйлгээ хийх үеийн зургийг хавсралтаар хүргүүлэв. ...” гэсэн албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт,
- Хаан банкны 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24/359 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Ц.Тын эзэмшлийн Хаан банкны 5108018342 дугаарын харилцах дансны 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 06 цаг 11 минутаас 07 цаг 59 минутын хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөгийн зарлага хийсэн талаар дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
“Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Э нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан буюу “виза” картыг хувьдаа захиран зарцуулахаар авч хохирогч Ц.Тын Хаан банкны данснаас 8,000,000 төгрөгийг авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байгаа хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Шүүгдэгч Ц.Эын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Хохирогч Ц.Тт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирлоо бүрэн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Эыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагч Г.Анх-Ирээдүйгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
Шүүгдэгч Ц.Э “тусгайлан гаргах саналгүй” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх Ц.Эт ял оногдуулахад хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР