Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/423

 

 

2024   10          17                                           2024/ШЦТ/423

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,  

Улсын яллагч Г.А,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э,

Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханхөхий овогт Ганбаатарын Лид холбогдох эрүүгийн 2425000000***  дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Л

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 03-04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Чимэг төвийн гадна талд хохирогч С.Мтай шалтгаангүйгээр маргалдаж толгойн баруун хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь "хуйханд шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Г.А: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Шүүгдэгч Г.Л нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э: “хохирогчид гэмт  хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг барагдуулах байр сууринаас оролцож холбогдох баримтуудыг шинжлэн судлууна” гэх агуулга бүхий тайлбарыг тус тус илэрхийлж оролцсон.

Хохирогч С.Мд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хавтаст хэргээс:

- Хохирогч С.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг болж байхад найз Алтаншагай, Б нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Чимэг төвийн 3 давхарт байрлах Стрип бааранд орсон. Тэгээд 03 цаг өнгөрч бар хаагаад гараад машиндаа суух гэхэд машины түлхүүр байхгүй болохоор нь баар дотор байгаа юм болов уу гэж бодоод найз Алтаншагайг ороод аваад ир гэхэд Алтаншагай дотогшоо орох гэхэд Чимэг төвийн хаалга цоожтой байхаар нь машины түлхүүрээ авъя гээд хаалгыг чанга нүдээд байсан. Гэтэл дотор талаас хүмүүс гарахаар хаалга онгойлгоод нэлээд олон залуучууд гарч ирсэн. Тэгээд тэд нартай манай найз Алтаншагай муудалцсан юм шиг байгаа юм. Юу гэж муудалцсаныг нь мэдэхгүй Алтаншагай цохиулаад газар унасан тэгээд босож ирээд нөгөө залуучуудтай муудалцаад, маргалдаад, зууралдаад байхаар нь би очиж салгах санаатай очсон чинь тэр залуучууд намайг зодоон хийх гэж байна гэж ойлгоод нэг нь миний баруун шанаа руу цохисон тэгтэл миний толгой руу юугаар цохисныг мэдэхгүй байна их өвдөөд халуу дүүгээд байхаар нь хойшоо ухраад толгой илж үзэхэд толгойноос цус их гараад байсан би тухайн үед толгой хагарсан юм байна гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

- Гэрч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би сууж байсан газраа түлхүүрээ орхисон тэгээд дотогшоо орж түлхүүрээ авахаар орох гэхэд гадна хаалга цоожтой байхаар нь хаалгыг цохисон тэгээд онгойлгохгүй болохоор нь дээд давхарт учир сонсохгүй байгаа юм болов уу гэж бодоод хаалгыг хүчтэй нүдсэн, тэгтэл хаалга онгойсон чинь дотроос нь 2-3 банди гарч ирж байсан. Тэр үед тэр залуучуудаас хаалга эвдлээ пизда минь гэхэд Алтаншагай чи юу гээд байгаа юм чамд ямар хамаатай юм наад хаалгаа онгойлгооч дотор юмаа мартсан байна гэж хэлсэн. Тэгээд Алтаншагай тэр залуучуудтай хэрүүл маргаан хийгээд зогсоод хэрүүл маргаан даамжраад тэр залуучуудын нэг нь Алтаншагайг цохиход зодоон эхэлсэн. ...Мөнхтулгыг салгах гэж ирэхэд хэн нэгэн нь толгой руу цохисон би хэн цохсоныг хараагүй нэг мэдсэн М уурлаад хашхираад орилоод эхлэхээр нь харсан чинь толгойноос их хэмжээний цус гараад хүзүүг нь дагаад урсаж байхаар нь асуухад миний толгойг юмаар цохчихлоо гэж хэлж байсан яг ямар юмаар цохисныг М мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95 дугаар тал/,

- Гэрч О.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…тэгээд 4 цагийн үед байх бид 5 баарнаас гарч ирсэн тэгэхэд М, Г, Л, Цедко дөрөв гадаа байсан 3 залуутай маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь болиоч явцгаая одоо ингээд салцгаая гэж хэлэхэд цээж нүцгэн мярайлаг улаан өмдтэй халимаг үстэй залуу утсаар бичлэг хийгээд бид нар руу дайрсан тэгэхэд манай найз Г, Цэдко тэгээд бид нар сайн дураараа хоёр тийшээ болсон. Би тэр дөрвийг тэр гурван залуучуудыг цохиж зодож байхыг хараагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,

- Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бүгдээрээ гарахаар болоод М үлдээд бусад нь гараад бид 4 замын эсрэг талд замын боржур дээр Мийг хүлээгээд сууж байсан. Тэгтэл баар хаалгаа түгжсэн байсан. Тэр үед бид нарын баруун талаас хоёр залуу алхаж ирээд орилоод баарны хаалгыг нүдээд байсан. Тэгж байтал Мтэй хаалга нүдээд байсан залуу хаалганы наана цаанаас маргалдаж эхэлсэн. ...Хамгийн эхлээд баарны хаалга нүдээд зогсож байсан хоёр залуугийн нэгийг М баарнаас гарч ирээд нэг удаа өшиглөсөн. Мөн тэр гурван залуугийн нэгийг нь Л нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,

 

- Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...03 цаг өнгөртөл суусан. Тэгж байтал нэг мэдсэн ганцаараа үлдсэн болохоор нөгөө хэдийг явсан байх гэж бодоод баарнаас гарах гэсэн чинь хаалга нь цоожтой байсан. Тэр үед хаалганы гадна талд хоёр хүн байгаа бололтой нэг нь хөөе гөлөг минь наад хаалгаа онгойлго юмаа мартсан байна гэхээр би өөрөө гарах гэж байгаа хүн байна гэхэд хуцалгүй наад хаалгаа онгойлго гэхээр нь би урдаас хуцаад гөлөг нохой ална шүү гэх зэргээр хаалганы наана цаанаас хэрэлдсэн. Тэгж байтал баарны эзэн нь хаалга онгойлгоод би тэр хоёр залуугийн нэг залуутай барилцалдаж аваад хажуугаас нөгөө залуу нь барьж аваад бид гурав хоорондоо барьцалдаж аваад манай хэд хажуугаас ирээд салгасан. ...Тэгэхэд нэг ах толгойноос цус гараад байна хэн цохисон хэлээдэх гээд та нар юмаар цохисон хэлээдэх гээд гараар цохиход хүний толгой хагарахгүй гээд зогсоод байсан. Тэр үед нэг ах утсаараа бичлэг хийгээд байсан....” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 37 дугаар тал/

 

- Шүүгдэгч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өсгөн: “... Тиймээ би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 596 дугаартай:

1.С.Мөнхтулгын биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3.4.5.Уг гэмтэл нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна.

6.Хуйханд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 42-43 дугаар тал/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, хүлээн авсан тухай тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-12 дугаар тал/

 

- Хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-20 дугаар тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/, зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Г.Л нь хохирогч С.Мөнхтулгын толгой руу цохиж, эрүүл мэндэд нь “хуйханд шарх гэмтэл” гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Г.Л нь хохирогч С.Мөнхтулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч С.Мөнхтулгын: “...2024 оны 6 дугаар сарын 15-ны шөнө найз Алтаншагай цохиулаад газар унасан тэгээд босож ирээд нөгөө залуучуудтай муудалцаад, маргалдаад, зууралдаад байхаар нь би очиж салгах санаатай очсон чинь тэр залуучууд намайг зодоон хийх гэж байна гэж ойлгоод нэг нь миний баруун шанаа руу цохисон тэгтэл миний толгой руу юугаар цохисныг мэдэхгүй байна их өвдөөд халуу дүүгээд байхаар нь хойшоо ухраад толгой илж үзэхэд толгойноос цус их гараад байсан би тухайн үед толгой хагарсан юм байна гэж бодсон.” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Х.Бын: “…Мөнхтулгыг салгах гэж ирэхэд хэн нэгэн нь толгой руу цохисон би хэн цохсоныг хараагүй нэг мэдсэн М уурлаад хашхираад орилоод эхлэхээр нь харсан чинь толгойноос их хэмжээний цус гараад хүзүүг нь дагаад урсаж байхаар нь асуухад миний толгойг юмаар цохчихлоо гэж хэлж байсан яг ямар юмаар цохисныг М мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.Гантулгын: “…тэгээд 4 цагийн үед байх бид 5 баарнаас гарч ирсэн тэгэхэд М, Г, Л, Цэдко дөрөв гадаа байсан 3 залуутай маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь болиоч явцгаая одоо ингээд салцгаая гэж хэлэхэд цээж нүцгэн мярайлаг улаан өмдтэй халимаг үстэй залуу утсаар бичлэг хийгээд бид нар руу дайрсан тэгэхэд манай найз Г, Цэдко тэгээд бид нар сайн дураараа хоёр тийшээ болсон. Би тэр дөрвийг тэр гурван залуучуудыг цохиж зодож байхыг хараагүй…” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Гийн: “...Тэгж байтал Мтэй хаалга нүдээд байсан залуу хаалганы наана цаанаас маргалдаж эхэлсэн. ...Хамгийн эхлээд баарны хаалга нүдээд зогсож байсан хоёр залуугийн нэгийг М баарнаас гарч ирээд нэг удаа өшиглөсөн. Мөн тэр гурван залуугийн нэгийг нь Л нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Мийн: “...Тэгж байтал баарны эзэн нь хаалга онгойлгоод би тэр хоёр залуугийн нэг залуутай барилцалдаж аваад хажуугаас нөгөө залуу нь барьж аваад бид гурав хоорондоо барьцалдаж аваад манай хэд хажуугаас ирээд салгасан. ...Тэгэхэд нэг ах толгойноос цус гараад байна хэн цохисон хэлээдэх гээд та нар юмаар цохисон хэлээдэх гээд гараар цохиход хүний толгой хагарахгүй гээд зогсоод байсан. Тэр үед нэг ах утсаараа бичлэг хийгээд байсан....” гэсэн мэдүүлэг,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 596 дугаартай дүгнэлт,

- Гэмт хэргийн талаарх гомдол, хүлээн авсан тухай тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл,

- Хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Г.Лийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

 Хохирогч С.Мөнхтулгын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Лийн хохирогчийн толгойн тус газарт цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч Г.Л нь хохирогч С.Мөнхтулгыг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Лийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, биеэ хянах, чадвар дутмаг байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч Г.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Мөнхтулгын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч С.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 3,500,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар 3,000,000 төгрөгний хохирлыг хохиролд тохиролцон 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүрийн 26-ны өдөр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн хувааж авч, өгөхөөр тохиролцсон талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчээс 3,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Г.А “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгрох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Г.Л нь “хэлэх зүйл байхгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Лид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зураан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “сиди”-г хэрэгт хавсаргаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Г.Лоос 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулан хохирогч С.М -д олгосугай.

 

5.  Шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР