| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0386/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/425 |
| Огноо | 2024-10-18 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/425
2024 10 18 2024/ШЦТ/425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Т.Төгөлдөр,
Хохирогч Б.Д,
шүүгдэгч М.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч М.Бт холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цайрт минерал ХХК-ний ажилчдын байранд хохирогч Б.Дд урьд зодуулж байсан гэсэн шалтгаанаар хохирогчийн ташаа хэсэг рүү нь төмөр труба мэт зүйлээр цохиж, эрүүл мэндэд нь баруун сүүж ясны дэлбэн, баруун дунд чөмөгт ясны төвгөрийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн орчимд **-** ОРБ улсын дугаартай Хьюндай Элентра загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрээс Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Быг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Т.Төгөлдөр: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С “гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн,
Шүүгдэгч М.Б нь “буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Хавтаст хэргээс:
-Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг баримтууд, /1хх-ийн 5-10 дугаар тал/
-Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд, /1 хх-ийн 13-19 дүгээр тал/,
- Гэрч Г.Хишигдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 30-ны өглөө 07 цагаас эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажилласан. Өдөр 11 цагийн орчим Баянцагаан багийн автобусны эцсийн буудлаас доошоо уруудаад явж байтал **-** ОРБ улсын дугаартай, elentra маркийн тээврийн хэрэгсэл гудамж руу эргээд орж байхаар нь араас нь очиж шалгасан. Яагаад гэвэл уг тээврийн хэрэгслийн жолооч засмал замаар явж байхдаа хоёр тийшээ далдичаад байсан. Ингээд гудамж руу орж **-** ОРБ улсын дугаартай, elentra маркийн тээврийн хэрэгслийг зогсоосон. Тэгээд машин доторхыг харсан чинь жолоочоос гадна 2 эрэгтэй хүн байсан. Мөн тэр гурваас согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр үнэртэж байсан. Түүний дараа жолоочоос овог, нэр, регистрийн дугаар зэргийг нь асуугаад шалгах багажаар хайлт хийхэд мэдээлэл нь огт гарч ирэхгүй байсан. Тухайн үед жолооч надад өөрийнхөө нэрийг Бэхбат гэдэг гэж хэлсэн. Би жолоочийг надад мэдээллээ худал хэлж байна гэж бодоод Замын цагдаагийн тасагт авчирсан. Замын цагдаагийн тасаг дээр авч ирсний дараа жолооч эрэгтэй надад өөрийнхөө регистрийн дугаарыг ЧА82010893, Мягмарын Б гэж үнэн мэдээллээ хэлсэн. Мөн уг эрэгтэйн согтолтыг шалгахад 2,86 хувийн согтолттой байсан. Бас 2024 оны 04 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн , 21 дүгээр тал/,
- Гэрч А.Анхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 31-03 тоот гэртээ амарч байтал 9-10 цагийн орчим гаднаас миний найз Б ганцаараа орж ирсэн. Энэ үед Б надад Булган аймагт ажиллаж байгаад ажлаасаа буугаад танай хашаанаас машинаа аваад харья гэж бодоод шууд хүрээд ирлээ гэж хэлж байсан. Яагаад гэвэл өмнө нь Б манай хашаанд elentra маркийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслээ үлдээчихсэн байсан. Тэр өдөр би уурхайгаас бууж ирээд дөнгөж 2 хонож байсан учраас Быг удаан уулзаагүй юм чинь ганц юм хувааж ууя гэж гуйгаад дэлгүүрээс 0.75л хэмжээтэй, 1 шил Хараа нэртэй архи авч манай гэрт бид хоёр хувааж уусан. Архи уугаад дууссаны дараа Б би гэртээ харилаа гэж хэлээд манай хашаан дотроос өөрийнхөө elentra маркийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад явсан. Би үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 25 дугаар тал/,
- Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинаа жолоодож гэртээ харих гэж яваад Баянцагаан багийн нутаг дэвсгэрт замын цагдаа нарт баригдсан. Улмаар би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гээд 1 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулж, 7 хоног баривчлагдсан. Яагаад гэвэл тухайн үед миний согтолт их байсан юм. Мөн би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өглөө Булган аймгаас Орхон аймаг руу ирсэн. Миний ажиллаж байсан барилгын ажил дуусчихсан юм. Дараа нь би гэртээ харихаасаа өмнө найз Анхбаатарын хашаанаас **-** ОРБ улсын дугаартай, Хьюндай Элэнтра загварын тээврийн хэрэгслээ аваад харьяа гэж бодоод очсон. Анхбаатар бид хоёр удаан уулзаагүй байсан учраас Анхбаатарын гэрт 1 шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад би Анхбаатарын гэр буюу Цагаанчулуут багаас **-** ОРБ улсын дугаартай, Хьюндай Элэнтра загварын тээврийн хэрэгслээ жолоодож яваад Баянцагаан багт замын цагдаа нарт баригдсан. Би өөрийнхөө бурууг ойлгож байна...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 34 дүгээр тал/,
- Орхон аймгийн Шүүхийн тамгын газраас 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 336 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/678 дугаартай “М.Бт шийтгэх оногдуулах тухай” шийтгэвэр, /1 хх-ийн 44-47 дугаар тал/,
- Хохирогч Б.Даас Орхон аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл, / 1 хх-ийн 94 дүгээр тал/,
- Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд Цайрт минерал ХХК-ний хашаанд сэндвичэн барилга барьж байсан. Тухайн өдөр барилгын материал байхгүй, материал нь Улаанбаатар хотоос ирж байгаа гээд хүлээгээд амралтын байдалтай байсан. Гансүх ах хот явна гээд чөлөө авчихсан байсан, над руу залгаад ах нь Улаанбаатар хот яваагүй, аймгийн төвд байна, чамайг очоод авъя, компанийн үүдэнд гараад ир гэсэн. удалгүй Гансүх ах ирэхээр нь аймгийн төвийн буудал ороод 1 шил 075 граммын архи хувааж уугаад Гансүхийн гар утсыг нь зараад зарсан мөнгөөрөө 0,75 граммын архи авч ууланд гарч архиа уучхаад буцаад таксины жолоочтой цуг явж байхдаа 0,75 граммын архи аваад ажиллаж байсан компани руугаа явсан. Ажил дээрээ очоод барьж байсан барилгын арын гэрт Гансүх ах бид ороод авчирсан 0,75 граммын архиа хувааж уугаад нэлээн муудаад байсан. Тэгээд нэг сэрсэн чинь сэндвичэн барилга дотор сэрсэн. Өөрийнхөө байрлаж байсан өрөө рүү ороод хэсэг унтаж байгаад 22 цагийн үед сэрсэн. Өдөр явсан таксины жолооч ах руу ярихад завгүй байна гээд утасны дугаар өгөхөөр нь 0,5 граммын шилтэй архи аваад ирээч гээд авчрахаар нь архинаас 2-3 аяга уучхаад утсаа үзээд хэвтэж байсан. Хэвтэж байхад гаднаас Б ах орж ирээд гартаа төмөр труба барьчихсан, миний толгой руу цохихоор нь гараараа хаасан чинь баруун талын ташаа хэсэг рүү төмрөөрөө цохисон. Тэр хооронд гаднаас нэг хүн орж ирээд Б ахыг аваад гарсан. Шөнө нь ам цангаад сэрээд босож юм уух гэсэн чинь хөдөлж чадахгүй болохоор нь Эрдэнэбаяр ахаас ус хийгээд өгөөч гэж гуйсан. Хүргэн ах миний толгой руу харчхаад чиний толгой аймар болчхож гэсэн. өдөр нь 14 цаг өнгөрч байхад эмнэлэг ороод гэмтлүүдээ үзүүлээд зургаа авхуулсан чинь баруун талын сүүжний дэлбэн яс, баруун талын дунд чөмгөний толгой яс хугарчихсан байна гээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэгэхдээ дуудлагаар цагдаагийн алба хаагч ирээд гомдол гаргах юм уу, учраа олох юм уу гэж асууж байсан. Б ах би чиний өмнөөс ажил хийнэ, бид хоёр учраа олъё гэж хэлээд өргөдөл гомдол гаргаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 98-100 дугаар тал/,
- Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Б.Д 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд сендвичин барилга барих гээд хүргэн хүү Эрдэнэбаярын хамтаар явсан. Над руу Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхдаа ээж би цуг ажилдаг Б гэх хүнд зодуулчихсан эмнэлэгт хэвтэж байна гээд ярьж байсан. Тухайн үед нь би Улаанбаатар хотод охин Хонгорзулын хүүхдүүдийг харж байсан. Тэгээд удалгүй Д Сүхбаатар аймгаас ирээд Улаанбаатар хотын гэмтэл, согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байхад нь би өөрөө эмнэлэгт сахиураар хэвтэж байсан... Баруун талын сүүжний дэлбэн яс, баруун талын дунд чөмгөний толгой яс нь хугарчихсан гээд бэртэл нь эдгэрэхгүй байна гээд хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 111-112 дугаар тал/,
- Гэрч Д.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын дундуур буюу баяр наадмын дараа миний хүү Б.Д нь хөдөө хүргэн хүү болох Эрдэнэбаяртай хамт ажил хийнэ гээд явсан. 2023 оны 08 дугаар сард болохоор Сүхбаатар аймагт оччихсон сендвичин барилга барьж байна гэж ярьж байсан... Тухайн үед надтай ярихдаа эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь яагаад хэвтчихсэн юм бэ гэсэн чинь уначихсан юмаа гэж байсан. Харин сүүлд нь 2023 оны 10 дугаар сард ажлынхаа Баянаа гэх ах нь миний хүүг турбагаар хэвтэж байхад цохиж, зодоод толгойг нь хагалаад, баруун талын сүүжний дэлбэн яс бас дунд чөмгөний толгой яс нь хугарчихсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 115-116 дугаар тал/,
- Гэрч Н.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар бөөндөө тус уурхайн ажилчдын барьж байсан кемп дээрээ байрлаж байсан бөгөөд шөнө унтаж байхад миний хажуу талд унтаж байсан хүн /хэн байсныг нь санахгүй байна/ дуудаад Д орилоод таныг дуудаад байна гэхээр нь Дын өрөөнд очиход Дын толгойн орой хэсгээс цус гарчихсан, ахаа би хөдөлж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Б ах намайг унтаж байхад юугаар гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан цохиод толгой хагалчихлаа, хөдөлж чадахгүй байна гэсэн. тэгэхээр нь эмнэлэг явах уу гэхэд яах юм бэ гайгүй юм шиг байна, харин хөдөлж чадахгүй байна гэхээр нь толгойг нь цэвэрлэж өгөөд унтуулсан. Дыг унтсаны дараа өрөөндөө ороход Б өрөөнд унтах гээд хэвтэж байхаар нь чи яагаад дүү цохиж зодож байгаа юм бэ гэхэд Б “Д Сүхбаатарт ирэхээсээ өмнө найзтайгаа намайг зодож, хавирга хугалж байсан учраас уурандаа зодчихлоо гэж байсан. Тэгэхээр нь Бт маргааш Дыг эмнэлгээр дагуулж яваарай гээд унтацгаасан. Тухайн өдрийн маргааш нь Дыг Б нь аймгийн нэгдсэн эмнэлгээр дагуулж яваад учраа олсон учраас уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 119-121 дүгээр тал/,
- Орхон аймгийн Шүүх хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай:
1.Б.Дын биед баруун сүүж ясны дэлбэн, баруун дунд чөмөгт ясны төвгөрийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломмжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 128-129 дүгээр тал/,
- Баярцогтын Дын өвчний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн хуудас, / 1 хх-ийн 130-157 дугаар тал/,
- Шинжээч эмч Э.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Магадлуулагч Б.Дын биед биечилсэн үзлэг хийгээгүй. Түүний Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүхэнд шүүх эмнэлгийн үзлэгийг материалаар хийсэн талаар дурдсан байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй шалтгаан нь магадлуулагч Б.Дын өвчний түүхэнд толгойд шархтай, шарх боолттой гэсэн байгаа боловч шархны хэлбэр хэмжээ тодорхойгүй тул дүгнэлт гаргах боломжгүй. Магадлуулагч Б.Дын биед биечилсэн үзлэг хийхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437-р нээлттэй хорих ангид нэвтрэх гэсэн боловч оруулаагүй учраас өвчний түүхээр гэмтлийн зэргийг тогтоон дүгнэлтийг гаргасан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 161 дүгээр тал/,
Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон өмнө Д намайг зодож байсан болохоор л биед нь хохирол учруулсан. Хүрзний ишний хувьд мөн, тэгэхдээ модон биш төмөр хүрзний иш байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 175-176 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цайрт минерал ХХК-ний ажилчдын байранд хохирогч Б.Дд урьд зодуулж байсан гэсэн шалтгаанаар хохирогчийн ташаа хэсэг рүү нь төмөр труба мэт зүйлээр цохиж, эрүүл мэндэд нь баруун сүүж ясны дэлбэн, баруун дунд чөмөгт ясны төвгөрийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
мөн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн орчимд **-** ОРБ улсын дугаартай Хьюндай Элэнтра загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрээс Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.
Шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь:
-Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг баримтууд,
-Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд,
- Гэрч Г.Хишигдоржийн: “...Замын цагдаагийн тасаг дээр авч ирсний дараа жолооч эрэгтэй надад өөрийнхөө регистрийн дугаарыг ЧА82010893, Мягмарын Б гэж үнэн мэдээллээ хэлсэн. Мөн уг эрэгтэйн согтолтыг шалгахад 2,86 хувийн согтолттой байсан. Бас 2024 оны 04 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч А.Анхбаатарын: “...Архи уугаад дууссаны дараа Б би гэртээ харилаа гэж хэлээд манай хашаан дотроос өөрийнхөө Элентра маркийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад явсан...” гэсэн мэдүүлэг,
- Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинаа жолоодож гэртээ харих гэж яваад Баянцагаан багийн нутаг дэвсгэрт замын цагдаа нарт баригдсан. Улмаар би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гээд 1 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулж, 7 хоног баривчлагдсан. ...Мөн би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өглөө Булган аймгаас Орхон аймаг руу ирсэн. Анхбаатар бид хоёр удаан уулзаагүй байсан учраас Анхбаатарын гэрт 1 шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад би Анхбаатарын гэр буюу Цагаанчулуут багаас **-** ОРБ улсын дугаартай, Хьюндай Элэнтра загварын тээврийн хэрэгслээ жолоодож яваад Баянцагаан багт замын цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүхийн тамгын газраас 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 336 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/678 дугаартай “М.Бт шийтгэх оногдуулах тухай” шийтгэвэр зэрэг баримтуудаар
Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Б.Даас Орхон аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл,
- Хохирогч Б.Дын: “...Хэвтэж байхад гаднаас Б ах орж ирээд гартаа төмөр труба барьчихсан, миний толгой руу цохихоор нь гараараа хаасан чинь баруун талын ташаа хэсэг рүү төмрөөрөө цохисон...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Д.Алтанцэцэгийн: “...Над руу Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхдаа ээж би цуг ажилдаг Б гэх хүнд зодуулчихсан эмнэлэгт хэвтэж байна гээд ярьж байсан. ...Тэгээд удалгүй Д Сүхбаатар аймгаас ирээд Улаанбаатар хотын гэмтэл, согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байхад нь би өөрөө эмнэлэгт сахиураар хэвтэж байсан... Баруун талын сүүжний дэлбэн яс, баруун талын дунд чөмгөний толгой яс нь хугарчихсан гээд бэртэл нь эдгэрэхгүй байна гээд хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.Баярцогтын: “...Тухайн үед надтай ярихдаа эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь яагаад хэвтчихсэн юм бэ гэсэн чинь уначихсан юмаа гэж байсан. Харин сүүлд нь 2023 оны 10 дугаар сард ажлынхаа Баянаа гэх ах нь миний хүүг турбагаар хэвтэж байхад цохиж, зодоод толгойг нь хагалаад, баруун талын сүүжний дэлбэн яс бас дунд чөмгөний толгой яс нь хугарчихсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Н.Эрдэнэбаяр: “...Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Б ах намайг унтаж байхад юугаар гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан цохиод толгой хагалчихлаа, хөдөлж чадахгүй байна гэсэн. тэгэхээр нь эмнэлэг явах уу гэхэд яах юм бэ гайгүй юм шиг байна, харин хөдөлж чадахгүй байна гэхээр нь толгойг нь цэвэрлэж өгөөд унтуулсан. Дыг унтсаны дараа өрөөндөө ороход Б өрөөнд унтах гээд хэвтэж байхаар нь чи яагаад дүү цохиж зодож байгаа юм бэ гэхэд Б “Д Сүхбаатарт ирэхээсээ өмнө найзтайгаа намайг зодож, хавирга хугалж байсан учраас уурандаа зодчихлоо гэж байсан. Тэгэхээр нь Бт маргааш Дыг эмнэлгээр дагуулж яваарай гээд унтацгаасан...” гэсэн мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүх хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай дүгнэлт,
- Баярцогтын Дын өвчний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн хуудас,
-Шинжээч эмч Э.Батбаярын: “...Магадлуулагч Б.Дын биед биечилсэн үзлэг хийгээгүй. Түүний Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүхэнд шүүх эмнэлгийн үзлэгийг материалаар хийсэн талаар дурдсан байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй шалтгаан нь магадлуулагч Б.Дын өвчний түүхэнд толгойд шархтай, шарх боолттой гэсэн байгаа боловч шархны хэлбэр хэмжээ тодорхойгүй тул дүгнэлт гаргах боломжгүй. Магадлуулагч Б.Дын биед биечилсэн үзлэг хийхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437-р нээлттэй хорих ангид нэвтрэх гэсэн боловч оруулаагүй учраас өвчний түүхээр гэмтлийн зэргийг тогтоон дүгнэлтийг гаргасан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон өмнө Д намайг зодож байсан болохоор л биед нь хохирол учруулсан. Хүрзний ишний хувьд мөн, тэгэхдээ модон биш төмөр хүрзний иш байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч М.Б нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/678 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хьюндэй Элентра /Hyundai elentra/ маркийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр хохирол гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Хохирогч Б.Дын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол гэмтэл нь шүүгдэгч М.Бын түүний ташаа хэсэг рүү нь төмөр труба мэт зүйлээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Дыг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.Быг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч М.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дын биед хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Б.Д нь хохиролд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч уг хохирлыг төлөхийг зөвшөөрсөн тул шүүгдэгч М.Баас 2,000,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Дд олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Т.Төгөлдөр “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хамгийн бага хугацаагаар буюу 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, дээрх ялуудыг тус тусад эдлүүлэх” гэсэн
Шүүгдэгч М.Б нь “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнх 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм тус тус буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймаг, Баян-өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймаг, Баян-өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.Баас 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан хохирогч Б.Д-д олгосугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР