Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/03088

 

        2021 оны  12 сарын 20 өдөр

   Дугаар 183/ШШ2021/03088

Улаанбаатар хот

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Мөнх зайсан X дүгээр гудамж, XX тоотод оршин суух, 19XX онд төрсөн, XX настай, эмэгтэй, Бо овогт О-ийн С /рд:ХВ**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа XX дугаар гудамж, X тоотод оршин суух, 19XX онд төрсөн, XX настай, эрэгтэй, Боржигон овогт П-ийн Да /рд:УЗXXXXXXX/-т холбогдох,

 

Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч O.C*******, хариуцагч П.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч O.C******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие П.Д*******тай 2018 оны 11 дүгээр сард анх танилцаж улмаар 2019 оны 11 дүгээр сараас эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2020 оны 10 дугаар сард жирэмсэн болсноос хойш П.Д*******ын зан ааш огцом өөрчлөгдөж, архи их ууж, хэрүүл хийх шалтаг хайж, гадуур их хонодог болсон. Жирэмсний 6 сартайд минь зохиомлоор хэрүүл өдөн, доромжилж байгаад гэрээс бүх хувцсаа аваад явсан. Ингээд том гэдэстэй үлдсэн би ажилгүй, орлогогүй, хоол хүнсээр хомс, сэтгэл зүйн маш том хямралд орж бие өвдсөөр хүүгээ 8 сартай дутуу төрүүлсэн. Хүүгийн маань бие өвдөж эмнэлэгт олон хоног хэвтээд ядаж өлгий даавуу аваад өгөөч гэхэд чадахгүй гэж байсан. Сэтгэл зүйн хямралтай байснаас болж хөхөнд сүү ороогүй тул хүүгээ нэмэлт тэжээлээр угждаг, хүү маань одоо 5 сартай, сард 420 000 орчим төгрөгийн сүү хэрэглэдэг. Хүүгийн гэрчилгээг авах гээд гуйхад ирээгүй, гэрлэлт бүртгэлгүй, эцэг нь биечлэн ирээгүй тул арга буюу өөрөөрөө овоглосон. Иймд хүүгийн минь эцэг П.Д*******аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

                       

          Хариуцагч П.Д******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүү С.Э****ийг өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хүү маань төрөх үед би хөдөө байсан. Эцгийн үүргээ биелүүлэхэд татгалзах зүйлгүй, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч O.C******* нь хариуцагч П.Д*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай гэж тодорхойлсон.

 

Хавтаст хэрэгт, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү *****ийг эх O.C*******эр овоглосон *******дугаар  төрсний гэрчилгээ авагдсан, хүүхдийн эцгийг Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар захиргааны журмаар тогтоогоогүй байх тул шүүх уг шаардлагатай хамтатган эцэг тогтоох шаардлагыг шийдвэрлэв.  

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр, эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Хариуцагч П.Д******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Хүү С.Э****ийг өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эцгийн үүргээ биелүүлэхэд татгалзах зүйлгүй, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө” гэж тайлбарласан тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүү С.Э****ийн эцэг П.Д******* болохыг тогтоох нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү С.Э****ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Д*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.     

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг П.Д******* хүүхэдтэйгээ уулзах эрх нь нээлттэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү С.Э**** /рд:УЖ/-ийн эцэг Б овогт П-ийн Д/рд:УЗXXXXX/ болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3,  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг хүү С.Э****ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоож, эцэг П.Д*******аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг П.Д*******, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх O.C******* нарт тус тус даалгасугай. 

 

4.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ