Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/437

 

                                                                                                                                                                                                                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Т.Д,

Шүүгдэгч Л.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ат холбогдох эрүүгийн 2425001800*** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.А  

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг **-*тоотод оршин суух Б.Дын гэрт хохирогч Э.Отай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж маргаан үүсгэж хохирогчийн хоолойг боож зүүн чихийг хазаж эрүүл мэндэд зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Т.Д: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Шүүгдэгч Л.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Хохирогч Э.О шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбар ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хавтаст хэргээс:

- Хохирогч Э.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...2024 оны 03 дугаар сарын 09-ний орой манай нэг хуурай ах намайг манайд хүрээд ир гэж утсаар ярихаар нь Даваат баг Ундаргын **-** тоотод эхнэр Уийн хамт очиход гэрт нь А, Баттулга нар хамт архи уугаад сууж байсан. Тэгээд эхнэр бид хоёр сайн муу болоод хоол унд идээд пивоноос уусан. Би тухайн үед пиво уугаад нэлээн согтчихоод Атой ажлын тухай юм ярьж байгаад маргалдсан. Тэгээд А миний хоолойг боогоод байж байтал эхнэр гаднаас орж ирсэн чинь шууд А миний зүүн чихийг хазаж таслаад чихний тасархайг газар шидчихээд шууд гараад зугтаачихсан. Ардаас нь хөөсөн боловч хашаа даваад алга болсон. Тэгээд шууд тэр орой нь түргэн тусламж дуудаж үзүүлээд цагдаад өргөдөл гаргасан. Манай хуурай ах Дэлгэрийн гэрт очиж танилцсан. Түүнээс би огт таньж мэдэхгүй. Дэлгэр ах эхнэрийн хамт бид нарыг үлдээгээд найзынх руугаа явчихсан. Харин Дэлгэр ахын дүү Баттулга архи уугаад тасраад унтчихсан байсан. Манай эхнэр гадаа жорлон орчхоод орж ирэхэд А миний хоолойг боогоод байхад нь орж ирээд чих хасаж таслахыг харсан. Өөр хэн нэгэн байгаагүй. А нэлээн согтчихсон би ч бас согтчихсон байсан. Надад эмчилгээний зардал гаргаад өгчихвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,  /хх-ийн 22, 24 дүгээр тал/,

- Гэрч Ж.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 09-ний орой манай нөхөр лүү хуурай ах Дэлгэр нь утсаар яриад манай хүрээд ир гэхээр нь би нөхрийн хамт очсон. Тэгтэл тэднийд Баттулга, А нар архи уугаад сууж байсан бид хоёр сайн муу болоод хоол унд идээд пивоноос уусан. Тэгээд дэлгэр ах эхнэрийн хамт айл руу явна гээд гэрээсээ гарахаар нь би хамт гараад жорлон ороод буцаад гэрт орж ирсэн чинь А манай нөхрийг заамдаж байснаа намайг харангуутаа шууд зүүн чихийг нь амаараа тасалж хаячхаад шууд гараад зугтчихсан. Тэгээд би нөхрийн хамт ардаас нь хөөсөн боловч хашаа даваад зугтаад алга болчихсон. Амар-Очрыг юунаас болж манай нөхрийн чихийг хазаж тасалсан талаар огт мэдэхгүй. Тухайн хэрэг гарах үед манай нөхөр А бид 3-лаа байсан. Баттулга согтоод тасраад аль эрт унтчихсан”  гэсэн мэдүүлэг,  /хх-ийн 26 дугаар тал/,

-  Гэрч Э.Мягмарчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн өдөр манай найз О эхнэрийн хамт манай гэрт зочилж ирсэн тэгээд хоол унд хийгээд ярьж хөөрөөд байж байгаад манай нөхөр бид хоёр айл руу явахаар болоод О болон түүний эхнэр, А, Баттулга нарыг гэртээ үлдээгээд явсан. Тухайн үед тэд нар гэрт нэг шил архи хувааж уугаад үлдсэн тэгээд л маргааш өглөө нь О утсаар залгаад танайд байсан залуу А миний чихийг тасдчихлаа тэр залуу хаан байна гэж асуухаар нь манай гэрт байхгүй байна явчихсан гэж хэлсэн. тэгээд л А гэх залууг Оын чихийг тас хазсаныг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 28 дугаар тал/,

- Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би эхнэрийн хамт гэртээ байж байтал дүү Баттулга найз Амар-Очрыг дагуулаад гэрт пиво авч орж ирсэн. Тэгээд тэрнээс пивоноос нь би хамт хувааж уугаад жоохон халчхаад найз О руу утсаар залгаад манай гэрт хүрээд ир гэж залгасан чинь эхнэрийн хамт манайд пиво идэх уух зүйл авч ирсэн. Тэгээд хоол унд болоод байж байтал манай эхнэрийн дүү утсаар залгаад хүүхэд халуураад байна гэхээр нь би эхнэрийн хамт яараад дүүгийнх рүү нь явсан. Тухайн үед нөгөө хэдийгээ гэртээ үлдээгээд явсан. Тэгээд буцаад гэртээ шөнө гэртээ орж ирээд хоносон. Маргааш өглөө О над руу утсаар залгаад танай дүүгийн найз А миний чихийг хазаад тасалчихлаа А хаана байна гэж надаас асуусан тэгэхээр нь би мэдэхгүй гэртээ ирэхэд байхгүй байсан ш дээ гэж хэлсэн чинь утсаа салгасан. Тэгээд л дүүгийн найз А манай найз Оын чихийг хасаж тасалсныг мэдсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар тал/,

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны 286 дугаартай шинжээчийн “...Э.Оын биед зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ” гэсэн дүгнэлт,  /хх-ийн 33-34 дүгээр тал/

- Л.Аын яллагдагчаар мэдүүлсэн “...Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг **-*тоотод оршин суух Б.Дын гэрт хохирогч Э.Отай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж маргаан үүсгэж хохирогчийн хоолойг боож зүүн чихийг хазаж эрүүл мэндэд зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр Э.Оын чихийг шүдээрээ хазаж тасалсандаа маш их харамсаж байна маргалдсан. Би Э.От ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй. Гэхдээ гарсан эмчилгээний зардлыг төлнө...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Л.А нь хохирогч Э.Отай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж маргаан үүсгэж хохирогчийн хоолойг боож зүүн чихийг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Л.А нь хохирогч Э.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Э.Оын “...Атой ажлын тухай юм ярьж байгаад маргалдсан. Тэгээд А миний хоолойг боогоод байж байтал эхнэр гаднаас орж ирсэн чинь шууд А миний зүүн чихийг хазаж таслаад чихний тасархайг газар шидчихээд шууд гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг, 

- Гэрч Ж.Уийн “...А манай нөхрийг заамдаж байснаа намайг харангуутаа шууд зүүн чихийг нь амаараа тасалж хаячихаад шууд гараад зугтчихсан...”  гэх мэдүүлэг, 

-  Гэрч Э.Мягмарчимэгийн “...маргааш өглөө нь О утсаар залгаад танайд байсан залуу А миний чихийг тасдчихлаа тэр залуу хаан байна гэж асуухаар нь манай гэрт байхгүй байна явчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Дын “... Маргааш өглөө О над руу утсаар залгаад танай дүүгийн найз А миний чихийг хазаад тасалчихлаа А хаана байна гэж надаас асуусан тэгэхээр нь би мэдэхгүй гэртээ ирэхэд байхгүй байсан ш дээ гэж хэлсэн чинь утсаа салгасан...” гэх мэдүүлэг,

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны 286 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Л.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 Хохирогч Э.Оын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.Аын зүүн чихийг хазсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч Л.А нь хохирогч Э.Оын чихийг хазах үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Л.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, биеэ хянах, чадвар дутмаг байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Шүүгдэгч Л.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Оын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Э.О нь “Л.Ат холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд биеэр оролцохгүй, хохиролд эм тарианы зардал, тасарсан чихийг эмчлүүлэх шаардлагатай байгаа. 5,000,000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ талаар баримт байхгүй тул уг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Л.А нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Т.Дээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,

Шүүгдэгч Л.А нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Л.Ат 2 сарын хугацаагаар Булган аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Булган аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

4. Шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч Э.Оын хохиролд нэхэмжилсэн 5,000,000 /тава сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР