Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/0100

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/0100

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байрны 0 тоотод оршин суух Ө.Ж,

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар,

Гуравдагч этгээд: 0-р байрны 0-0-р орц, 0-р байрны 0 дүгээр орцны оршин суугчид,

Гуравдагч этгээд: А 00 дугаар байрны оршин суугч Ц.О, Ж.Ү, М.Б, П.Д, Н.З, Д.С, Б.С, Д.М, Д.Э, Ц.Г, М.Ц,

Гуравдагч этгээд: А ХХК,

Гуравдагч этгээд: Т ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Гуравдагч этгээд А 00 дугаар байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152дугаар захирамж, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагаа нь хууль бус байсан болохыг тогтоолгох бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, П.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Г.Х, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, А.О, гуравдагч этгээд 0, 0 дүгээр байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч П.А, гуравдагч этгээд А 00 дугаар байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, өмгөөлөгч Д.Д, П.Б нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Ө.Ж нь 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А С ХХК-ийн захирал Д.А-той харилцан тохиролцсоны үндсэн дээр тус компанийн газар эзэмших эрхийн 0203962 тоот гэрчилгээтэй, Х дүүргийн 0 дугаар хороонд байрлах 842 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр гэрээ, хэлцэл хийсний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа зориулалтын дагуу орон сууц барихаар шийдвэрлэж, 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 000000239 тоот барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авч, дагалдах бусад нотлох баримтуудыг бүрдүүлж, 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 54 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлж, суурийг тавьсан.

Барилгын ажлын явцад барилга барих газрын хойд талд байрлах 8 дугаар байрны 20 тоотод оршин суугч Г.Э нарын иргэдийн Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлоор 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар Ө.Ж-т газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 474 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Уг захирамжид Х дүүргийн 0 дугаар хорооны 0 дугаар байрны урд талд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүй барилгын ажлын норм, дүрэм зөрчиж орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн болохыг дурджээ. Анх энэ газар дээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдсан эсэхийг мэдэхгүй, газар эзэмших эрхийг А С ХХК-иас шилжүүлж авсан тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй.

2008 оноос хойш энэ газрын талаар ямар нэгэн хэл ам гарч байгаагүй, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 307, 309 дүгээр захирамжийн талаар газар эзэмшигч иргэдэд тодорхой ойлголт өгөөгүй байсан учраас газрыг шилжүүлэн авсан.

2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийслэлд газар эзэмшүүлж буй иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж буй газар дээрээ барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлнэ гэсэн заалтыг ч мэдээгүй, хэрэв Засаг даргын захирамж гарсан даруйд нь иргэдэд мэдэгдсэн бол бид дуудлага худалдааны үнийг төлөх байсан.

Энэ талаар иргэдэд мэдээлэл өгөөгүй, уг газар нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар орох эсэхийг нарийн тогтоогоогүй, газар дээр ирж үзээгүй байж, шууд захирамж гаргасныг зөвшөөрөхгүй. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж нь 1/ дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр газрыг олгосон, 2/ Хот төлөвлөлт, барилгын норм дүрэм зөрчиж олгосон, 3/ Нийтийн эзэмшлийн зам талбай, орц, гарцыг хааж газар эзэмшүүлсэн гэсэн 3 үндэслэлээр Ө.Ж-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй газар олгосон гэдэгт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан бөгөөд энэхүү заалтын дагуу Засгийн газар 8 жилийн дараа буюу 2010 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 206 тоот тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал-ыг баталсан. Үүнээс өмнө Монгол Улсад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар олгож байгаагүй юм. Маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 464 тоот захирамжаар А С ХХК-д олгосон бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү компанитай гэрээ байгуулж газар эзэмшихийг шилжүүлэн авсан тул дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй асуудалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй.

Барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 тоот шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2013 оны 03 дугаар сараас эхэлж газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай арга хэмжээг хэрэгжүүлж, нэхэмжлэгчид 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдааны анхны үнийг төл гэсэн нэхэмжлэх ирүүлсэн. Гэтэл энэ нэхэмжлэх ирэхээс 2 хоногийн өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ө.Ж-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. Улмаар дуудлага худалдааны анхны үнийг төл гэсэн нэхэмжлэх ирэх үед Нийслэлийн Засаг даргад холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр газрыг эзэмшүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байна.

Мөн Хот төлөвлөлт, барилгын норм дүрмийг зөрчсөн гэдэг боловч маргаан бүхий актад яг ямар норм, дүрмийг хэрхэн зөр чсөн талаар нарийвчлан тусгаагүй. Гэсэн хэдий ч 8, 9 дүгээр байрны оршин суугчдын гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Г дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтээр газрын зай хэмжээ нь батлагдсан ерөнхий төлөвлөгөө, улаан шугамын байгуулалтай нийцэж байгаа бөгөөд Барилгын тухай хуульд заасан норм дүрэм хангагдаж байна гэж үзсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актыг гаргахдаа судалсан гэдэг боловч Хот төлөвлөлт, барилгын норм дүрмийг зөрчөөгүй гэдэг нь улсын байцаагчийн дүгнэлтээр тодорхой байна. Энэ дүгнэлтийг зөвшөөрөхгүй гээд гуравдагч этгээд нар Барилгын хөгжлийн төвөөс 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтийг шүүхээс үндсэндээ хүчээр шахуу гаргуулсан. Энэ дүгнэлтээр барилгын норм ба дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн гээд инженерийн гол шугам сүлжээнээс 1 метр байна гэсэн худлаа зайг гаргасан. Т.Г гэдэг хүний дүгнэлтээс зөрөөтэй хэмжээснүүдийг авсан байдаг тул уг дүгнэлтийг нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Мөн үүний дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 3 дахь дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр 9 дүгээр байрнаас 16.29 метр, 8 дугаар байрнаас 15.8 метр, 8 дугаар байрны урдуур байрлалтай дулааны шугам сүлжээнээс 5.11 метр байгаа нь барилгын норм дүрмийг хангаж байна гэж дүгнэсэн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А 00 дугаар байрны оршин суугчдыг гуравдагч этгээдээр татсанаас үүдээд 4 дэх дүгнэлтийг гаргуулсан. Энэхүү дүгнэлтээр А 00 дугаар байр болон маргаан бүхий газраас барилгын норм дүрмийг хангахгүй байна гэсэн утгатай дүгнэлтийг гаргасан байдаг. Учир нь маргаан бүхий захиргааны акт гарч байх үед А 00 дугаар байр нь баригдаагүй байсан. Тэгээд ч Ө.Ж-ийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2012 онд, А 00 барилгын барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2013 оны хавар гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Ө.Ж-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нь хүчин төгөлдөр болоод кадастрын зургийн солбицлоор барилга барих газар нь мэдээллийн сандаа орсноос хойш жилийн дараа А 00 дугаар байранд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар олгохдоо норм, дүрмээ зөрчиж олгосон нь өөрөө хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн байрны орц, гарцыг хааж байгаа бөгөөд газрын эрхийг хүчингүй болгуулчихаад энэ хугацаанд барилгаа А 00 дугаар барилгыг барьсан атлаа одоо бид нарын эрх ашиг зөрчигдөж байна гээд бие даасан шаардлага гаргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үүний нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөөтээгүүр хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарлаж байгаагаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/152 дугаар захирамж нь нэг бол хүчинтэй, эсхүл хүчингүй ч юм шиг зүйлийг яриад байгаа учраас уг маргаантай асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Нийтийн эзэмшлийн зам талбай орц, гарцыг хааж газар эзэмшүүлсэн гэх үндэслэлийн тухайд: Маргаан бүхий газар нь гуравдагч этгээдээр оролцож байгаа 8, 9 дүгээр байрын урд талд төлөвлөгдсөн, 8, 9 дүгээр байрын орц нь хойшоо харсан байдаг тул орц, гарцын асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Шүүх хуралдааны явцад хариуцагч болон гуравдагч этгээд нар нь 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлд Ж.Б гарын үсэг зурсан. Гэтэл Ө.Ж-ээс Ж.Б-т олгосон итгэмжлэл нь шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарсан байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан гэх асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхээр удаа дараа хянагдах явцад гараагүй. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан хүлээн авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хууль журмын дагуу хэлэлцэж шүүх хуралдааныг хийх боломжтой гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Г.Х нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хорооллын 0 дугаар байрны баруун урд талд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр, барилгын норм дүрэм зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 464 дүгээр захирамжаар А С ХХК-д орон сууцны зориулалтаар 842 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. А С ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 98 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ иргэн Ө.Ж-т шилжүүлсэн ба Ө.Ж нь Нийслэлийн Засаг даргын 2011 ны 474 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтаа үйлчилгээний орон сууц болгон өөрчилсөн.

Ө.Ж-т газар эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий архитектор орон сууц барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, Архитектор төлөвлөлтийн даалгавар, мэдэгдлийг олгосон ба Ө.Ж нь 2013 оны 04 дүгээр сард барилгын ажил эхлүүлэхээр газар шорооны ажил эхлүүлэх үед 8 дугаар байрны оршин суугчид эсэргүүцэн Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан. Улмаар Нийслэлийн Засаг дарга нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн дагуу судалж үзээд өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрийг гаргасан. Тэрнээс биш иргэдийн гомдлыг үндэслээд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон зүйл байхгүй.

Газрын тухай хууль 2002 оноос хэрэгжиж эхлээд Засгийн газраас 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам, мөн 2013 оны А/307 захирамжийн 1.4-д дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж аваагүй бол 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлж авахаар заасан. Энэ хугацаанд дуудлага худалдааны үнийг төлөөгүй тул дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлалгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг гаргасан.

Нөгөөтээгүүр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дугаар тогтоолоор Газрын хууль тогтоомж зөрчиж олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан. Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд барилга хоорондын зай хэмжээ, норм дүрмийг зөрчиж, нийтийн эзэмшлийн талбай, орц гарцыг хаасан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн орон сууцны дунд 50 метрийн зайд барилга барихыг хориглосон захирамж гарсан бөгөөд уг захирамж нь одоог хүртэл хүчинтэй байгаа учраас энэхүү захирамжийг хүчингүй болгосон ч гэсэн нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэхгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэлийг Ж.Б гаргасан, нэхэмжлэл гаргаснаас хойш 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ө.Ж-ээс Ж.Б-т итгэмжлэл олгосон. Хавтаст хэрэгт нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах талаар шүүгчийн захирамж байхгүй. Иймд Ж.Б-ын нэр дээр ямар нэгэн эрхийн гэрчилгээ байхгүй тул эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөх тухай асуудал яригдахгүй гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, А.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай А/152 дугаар захирамжийн дагуу Х дүүргийн 0 дугаар хорооны 0 дугаар байрны урд талд иргэн Ө.Ж-т 0.072 га газрыг эзэмшүүлсэн бөгөөд тухайн газар дээрээ барилга барих хүсэлт гаргасныг судалж, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 дугаартай орон сууцны зориулалттай 9 давхар барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/474 дүгээр захирамжаар Ө.Ж-т газар олгосон шийдвэр нь манай газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг батлах үндэслэл болсон бөгөөд уг захирамжийн холбогдох хэсгийг 2013 оны А/649 дүгээр захирамжаар Х дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 0 дугаар байрны урд талд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хот төлөвлөлт, барилгын норм дүрэм зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааж иргэн Ө.Ж-т орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 3 дугаар бүлгийн 3.13-т Газрын эрх цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй тохиолдолд барилгын эх загвар зураг хүчингүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/649 дүгээр захирамжаар Ө.Ж-т олгогдсон газрын эзэмших эрх нь хүчингүй болсон тул Ө.Ж-т олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг нь хүчингүй болж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь энэ журмын дагуу хангагдсан. Харин архитектур төлөвлөлтийн даалгавар нь хууль, дүрэм журмын дагуу хийгдсэн. Өөрөөр хэлбэл 2012 онд Ө.Ж-ийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлахад А 00 дугаар байрны архитектур төлөвлөлтийн даалгавар өгөгдөөгүй байсан тул бие даасан шаардлагын 2 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд 8-р байрны 1-4-р орц, 9-р байрны 4 дүгээр орцны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э болон өмгөөлөгч П.А нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х дүүргийн 0 дугаар хорооны 0, 0 дүгээр байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй Ө.Ж, Ж.Б нарын үйлдлийг эс зөвшөөрч, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/649 дүгээр захирамжийг холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсч, дараах тайлбарыг гаргаж байна.

2013 оны 05 дугаар сард Ж.Б нь байшин барихаар орц, гарцыг хааж, хашаа хайс эвдэж нүх ухаж, хашаа хатгаж, 10 давхар барилга барихаар төлөвлөсөн төлөвлөлт нь барилгын хооронд байх норм дүрэм стандартаар 40 метрийн зайтай байх ёстой байтал баригдах гэж буй барилга нь 8 дугаар байрны урд наран талд нь хаяавчаас 9.5 метрийн зайд, 9 дүгээр байрны хаяавчаас 4.5 метрийн зайд Ө.Ж, Ж.Б нар нь 9 давхар байшин барих гэж байгаа нь оршин суугчдын эрх ашгийг хөндөж байна гэж үзэн захиргааны байгууллагад буюу Нийслэлийн Засаг даргад хандаж өргөдлөө гаргасан. Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд өргөдлийг судалж үзээд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь зөв гэж үзэж, хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна.

Нийслэлийн Засаг дарга эрх зүйн хувьд дүгнэлт хийж, Ө.Ж-т хууль, журмаар тогтоосон дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын дагуу газар эзэмшүүлээгүй болохыг тогтоосон, мөн тухайн газарт барилга барихаар төлөвлөж байгаа нь Хот төлөвлөлт норм дүрэм зөрчсөн болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Нэхэмжлэгч тал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр норм дүрэм зөрчөөгүй гэдэг боловч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Г нь албан тушаалаа ашиглаж мөрдөгдөхөө больсон 1-4 давхрын барилгын хувьд үйлчилдэг дүрмийг баримталж дүгнэлт гаргасан. Ө.Ж нь 10 давхар барилга барихаар төлөвлөсөн. Тэгэхээр Барилгын норм ба дүрмийн 310110 гэсэн дүрмийг баримтлах ёстой бөгөөд хавтаст хэрэгт нийт 4 шинжээчийн дүгнэлт байдаг. Үүнээс 3 шинжээч нь норм дүрмийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан, Мөн хавтаст хэргийн 55 дугаар хуудаст шугам сүлжээний нээлттэй зураг, хэмжээснүүд байгаа эдгээр дүгнэлтүүдээс үнэлэлт, дүгнэлт хийх боломжтой.

Нийслэлийн Засаг дарга газрын харилцаа, хот төлөвлөлт барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох арга хэмжээний хүрээнд Ө.Ж-т 700 м.кв-аас дээш хэмжээний газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа төсөл, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмшүүлсэн нь хууль бус байна.

Дэд бүтцийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар батлагдсан Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм-ийн 2.11-д ...2-3 давхар орон сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 метрээс багагүй, 4 давхар бол 20 метрээс багагүй байна гэснийг, мөн зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй байх шаардлагыг хангаагүй нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг зөрчсөн.

Мөн Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД-30-01-04-ийн 6.24-д зааснаар замын нэг зурвасын өргөн 3 метр, зам эгнээтэй байх, явган хүний замын өргөн 1.5 метрийн зайтай байх, галын машин болон бусад зайлшгүй орох шаардлагатай иргэн, байгууллагын тээврийн хэрэгсэл хүрэх боломжгүй буюу орц гарцгүйгээр төлөвлөгдсөн, бодит байдал дээр машин тавих газар ч байхгүй байхад дээрээс нь нэмж төлөвлөлт хийж байгааг хүлээн зөвшөөрөөгүй байна.

0, 0 дүгээр байрны дулааны магистрал, 300 мм голчтой шугамнаас 2 метрийн зайд барилга барих гэж байгаа нь Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2.3-т дулааны шугам 500 мм хүртэл голчтой бол дэд станц, дулаан дамжуулах төв, хуваарилах байгууламжаас тал бүр тийш 5 метр, мөн ... газар доор байрласан бол шугамнаас 2 тийш 5 метр тус тус хамгаалалтын зурвас тогтоосон байна гэж заасныг, мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Учир нь шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлснээр хуулиар хамгаалагдсан эрх нь сэргэх ёстой байдаг. Гэтэл газар эзэмших эрхийг олж авахдаа холбогдох хууль зөрчсөн, дээрээс нь Хот төлөвлөлт норм дүрмийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хаасан нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх тухай ойлголт байхгүй.

Нөгөөтээгүүр нэхэмжлэл гаргах үед буюу 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ө.Ж-ээс Ж.Б-т итгэмжлэл олгогдоогүй, сүүлд 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэл олгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д зааснаар нөхцөл байдал буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх нөхцөл байдал байна гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд А 00 дугаар байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н болон өмгөөлөгч П.Б нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, бие даасан шаардлагадаа: Ө.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт А 00 дугаар байр болон 0, 0 дүгээр байрны оршин суугчид гуравдагч этгээдээр оролцож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий захирамжаар Ө.Ж-ийн үйлчилгээний зориулалтаар барилга барих газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, зэргэлдээх оршин суугчдын эрх ашигт сөрөг нөлөөлөлтэй, орц, гарц төлөвлөлт газар зохион байгуулалтын зөрчил байна гэж үзсэн байдаг.

Ө.Ж нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 474 дүгээр захирамжаар 842 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон байх ба Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, орон сууцны зориулалтаар 8-р байрны баруун урд талд байршуулан 0.72 га талбайд 23 м.кв х 16.4м хэмжээтэй 1 блок орон сууц, 18.0 х 12.0 м хэмжээтэй 1 блок газар доорх гарааш төмөр бетонон каркасан бүтээцтэй 9 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар зэргээр барилга барих эрх олгосон байдаг.

Энэхүү захиргааны хэргийн шийдвэрлэлт нь гуравдагч этгээд бидний эрх ашигт шууд хамааралтай бөгөөд Ө.Ж-ийн барих гэж буй барилгын төлөвлөлт хийсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь 0, 0, А 00 дугаар байрнууд болон 15 дугаар дунд сургууль болох 4 барилгын дундах бага хэмжээний зайд 9 давхар орон сууц барих гэж байгаа нь бидний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөж байгаа учир бие даасан шаардлага гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчигдөж болзошгүй хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар барилга барих эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж болон 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12, А/152-1.34 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагаа нь хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.

Энэхүү барилгын төлөвлөлт нь дараах хууль тогтоомж, холбогдох норм дүрэм журмыг зөрчиж байна.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар батлагдсан БНбД-д зааснаар 9 давхар барилга нь А 00 дугаар байрнаас барилгын эскиз зургаас тооцсон шинжээчийн дүгнэлтээр 6.997 метр байгаа нь орон сууцны барилга хоорондын зай хэмжээг журамласан Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын хавсралт 4-ын 1.6-ын 12-рт заасныг буюу барилга хоорондын зай хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Зүй нь уг хүснэгтэд зааснаар барилга хоорондын зай нь 18 метр байхаар норм дүрэмээр зохицуулжээ.

Дэд бүтцийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар батлагдсан Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм-ийн /БНбД 30-01-04/-ийн 2 дугаар зүйлийн 2.11 ...2-3 давхар орон сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 метрээс багагүй, 4 давхар барилга бол 200 метрээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой, БНбД 30-01-04-ийн 6 дугаар зүйлийн 6.24-т зааснаар замын нэг зурвасын өргөн 3 метр, зам эгнээтэй байх, явган хүний замын өргөн 1.5 метр зайтай байх гэж заасныг зөрчсөн,

Үүгээр Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг зөрчиж, орчны барилгын оршин суугчдын эрх ашигт нөлөөлж байна. Мөн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар гал унтраах авто машин чөлөөтэй, хүрэлцэн очих зам байрлах, тусгайлсан талбайтай байхаар төлөвлөхөөр заасан байхад манай байрны одоо байгаа нөхцөл галын машин орох, гарах боломжгүй нөхцөлд байдаг. Галын машин болон бусад зайлшгүй орох шаардлагатай иргэний байгууллагын тээврийн хэрэгсэл хүрэх боломжгүй буюу орц гарцгүйгээр төлөвлөгдсөн байна.

Одоогоор маргаан бүхий газар дээр барилга баригдаагүй байгаа хэдий ч баригдахаар төлөвлөгдсөн байгаа, А 00 дугаар байрны оршин суугчид Ө.Ж-ийн байр луу харсан байгаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдвал гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх гээд байгаа учраас уг шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа учраас бие даасан шаардлагыг хүлээн авч, иргэдийн эрх ашгийг хамгаалж, хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Манай барилгатай холбоотой ямар нэгэн шүүхээр хэлэлцэгдэж байгаа маргаан байхгүй. А 00 дугаар байр нь баригдаж дуусаад улсын комисс хүлээн авч, оршин суугчдад өмчлөх эрх нь шилжсэн. Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах юм бол цонхноос цонхны хооронд 3.5 метрийн зайтай Ө.Ж-ийн барилга баригдаж, орц гарц хаагдах, орон сууцны үнэ буурах, орчны талбай, хүүхдүүд тоглох талбай зэрэг нь нэлээдгүй хүндрэлтэй болж, машин тавих зогсоол хомсдон ачаалал ихсэх, гэрэл гэгээ тусгал хаагдаж өмчлөх эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болох учраас хууль ёсны эрхээ хамгаалуулахаар бие даасан шаардлага гаргасан гэжээ.

Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, То вангийн гудамж, Жаргалант үйлчилгээний төвийн баруун урд буюу 00 дугаар байрыг барьсан Т ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг Ө.Ж бүдүүлгээр зөрчиж байна.

Ө.Ж-ийн барилгын ухсан нүх нь манай барилгын сууринаас 5 метрын зайтай байгаа нь барилгын суурийн тогтворжилт ба барилгын бөөр хөрсөнд суулт өгөх, нуралт үүсгэх, хөрсний сийрэгжилт үүсгэх аюултай. Энэ нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй гэж заасныг, мөн Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т ... хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах 24.1.6-д инженерийн шугам сүлжээ хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих-ыг хориглосон заалтыг тус тус зөрчсөн.

Манай компаний барьсан 20 дугаар байрны барилгыг 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байнгын ашиглалтад хүлээн авах комисс ажилласан ба ашиглалтад хүлээн авах комиссын даалгавар болон орчны тохижилт, ногоон байгууламжийг гүйцэтгэж чадахгүй байна.

Манай компанийн үндсэн эрхлэх үйл ажиллагаа барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба дээрх барилгын аюулгүй байдал, орчны тохижилтыг гүйцэтгэж чадахгүйн улмаас бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Иймд энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож өгнө үү.

Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд Т ХХК-ийг оролцуулахгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд А 00 дугаар байрны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж болон 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 дугаартай Архитектур

төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Анх энэ газар дээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдсан эсэхийг мэдэхгүй. 2008 оны 464 дүгээр захирамжаар А С ХХК-ийн нэр дээр эзэмшүүлсэн газрыг аав Ө.Ж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус гэж, хариуцагч, гуравдагч этгээд нар нь ... дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр барилгын норм, дүрэм зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааж, газар эзэмшүүлсэн гэж маргажээ.

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/649 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалтын г, 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/644 дүгээр захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Х дүүргийн 0 дугаар хорооны 0, 0 дүгээр байрны иргэд, оршин суугчдын гомдлын дагуу Х дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 0 дугаар байрны урд талд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хот төлөвлөлт, барилгын норм дүрэм зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай орц, гарцыг хааж, иргэн Ө.Ж-т орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 474 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших гэрээг цуцлан газар чөлөөлүүлж, газрыг нөхөн сэргээж, нийтийн эзэмшилд үлдээхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газарт тус тус даалгажээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд анх Нийслэлийн Засаг дарга 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 464 дүгээр захирамжаар А С ХХК-д Х дүүргийн 0 дугаар хороонд орон сууцны зориулалтаар 842 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар А С ХХК нь орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан Х дүүргийн 0 дугаар хороонд байрлалтай 842 м.кв газар эзэмших эрхийг иргэн Ө.Ж-т шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар иргэн Ө.Ж-т 8008/0051 нэгж талбар бүхий 842 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ. Улмаар Нийслэлийн Засаг дарга 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 474 дүгээр захирамжаар иргэн Ө.Ж-ийн эзэмшил газрын зориулалтыг орон сууц, үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, барилга барих зөвшөөрлийг олгосон байх бөгөөд дээрх шийдвэрийн дагуу иргэн Ө.Ж-т Х дүүргийн 0 дугаар хороонд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 842 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0351350 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж барьцаалж болно, 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх гэж заасны дагуу А С ХХК нь өөрийн эзэмшиж байсан газраа бусдад шилжүүлсэн, нэхэмжлэгч нь уг газрыг шилжүүлэн авсан, түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшил газрын зориулалтыг өөрчилсөн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь ... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэсэн-ээр үүсэх бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.

Нэхэмжлэгч Ө.Ж нь маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах зорилгоор үйлчилгээтэй орон сууц барихаар төлөвлөж, шаардлагатай техникийн урьдчилсан нөхцөлүүдийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг эрх бүхий байгууллагуудаас гаргуулан, газрын төлбөрийг тухай бүр нь төлж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан үүргээ биелүүлж байсан болох нь хэрэгт цугларсан Техникийн нөхцөлүүд[1], газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, төлбөр төлсөн баримт[2] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулиар тогтоосон үндэслэл бий болоогүй байхад дуудлага худалдаа сонгон шалгаруулалт явуулаагүй, хот төлөвлөлт барилгын норм дүрэм зөрчсөн, нийтийн эзэмшлийн талбайн орц, гарцыг хаасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус болжээ. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг тодорхойлон заасан бөгөөд нэгэнт хуульд заасан журмын дагуу үүссэн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болох, 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нарийвчилсан хуулийн зохицуулалттай байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх хуулийн зохицуулалтыг анхааран үзэхгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл бий болоогүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Хариуцагч нь 2011 онд Ө.Ж-т уг газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа сонгон шалгаруулалт явуулаагүй гэж маргаж байх боловч энэ нь маргаан бүхий газрыг одоо эзэмшиж байгаа иргэн Ө.Ж-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар анх газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ба ийнхүү шийдвэрлэсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг Засаг дарга тогтоох ёстойгоос биш газар эзэмших эрх нэгэнт үүссэний дараа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах болон газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлүүлэхтэй холбогдсон харилцааг Газрын тухай хууль тогтоомжоор зохицуулаагүй байна.

Иймд А С ХХК-ийн газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх үед захиргааны байгууллага, албан тушаалтны Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөнийг хожим газар эзэмших эрхийг шилжүүлэн олж авсан нэхэмжлэгч Ө.Ж-т хамаатуулан, түүнийг буруутгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Ө.Ж нь А С ХХК-иас маргаан бүхий газрыг 2010 онд шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар Ө.Ж-т газар эзэмших эрх 2010 онд үүссэн гэж үзнэ. Иймд хариуцагчийн ... 2011 оны 474 дүгээр захирамжаар Ө.Ж-т газар эзэмших эрх үүссэн ... гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хуулиар олгосон бүрэн эрхийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хууль тогтоомжид нийцүүлсэн байх шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн хариуцагч, гуравдагч этгээд нар нь хот төлөвлөлт, барилгын норм дүрэм зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, орц, гарцыг хааж, ... газар эзэмшүүлсэн гэж маргаж байх боловч маргаж буй газарт баригдахаар төлөвлөгдөж буй үйлчилгээтэй орон сууцны барилга нь 8, 9 дүгээр байр болон А 00 дугаар байрны оршин суугчдын нарны тусгалыг хязгаарлаагүй болох нь шинжээчдийн дүгнэлтээр[3] тогтоогдож байх бөгөөд харин маргаж буй газарт баригдахаар төлөвлөж буй орон сууцны барилга нь барилгын хоорондын зай, норм, стандартыг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан шинжээчдийн дүгнэлтүүд зөрүүтэй, хэдийгээр шүүх энэхүү мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй хэдий ч Ө.Ж-ийн 9 давхар барилга нь одоогоор сууриа ухсан, суурийн барилгын цутгалт хийгдээгүй байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх барилгын эскиз зураг болон суурийн ухсан нүхнээс авсан барилга хоорондын зай, хэмжээгээр барилгын норм, дүрэмд нийцэж байгааг тодорхойлж, дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн болно.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.5, 7.2.6, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д зааснаар барилгын норм, дүрэм, стандарт, зураг төсөлд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ маргаж буй газарт баригдах барилгыг инженерийн шугам, сүлжээ, хамгаалалтын зурвастай давхцуулахгүй, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр барилгын норм, дүрэм, стандартад нийцүүлэхийг шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Хоёр. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж болон 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ө.Ж нь 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт өөрийн эзэмшил газарт барилга барихыг хүссэн хүсэлтээ[4] гаргасан байх бөгөөд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай А/152 дугаар захирамжаар иргэн Ө.Ж-ийн эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн, Х дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр,орон сууцны 0 дугаар хорооны урд талд 0.095 га газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгожээ.

Дээрх захирамжийг үндэслэн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152- 1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байх бөгөөд уг Архитектур төлөвлөлтийн даалгавраар[5] 23,0 м х 16.4 м хэмжээтэй 1 блок орон сууц, 18,0 м х 12,0 м хэмжээтэй 1 блок газар доорх гарааштай 9 давхар төмөр бетон каркасан бүтээцтэй орон сууцны барилгыг 0,072 га газарт барихаар төлөвлөгдсөн байх ба эзэмшил газрын 30 хүртэл хувьд нь ногоон байгууламж байхаар батлагджээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т зааснаар Нийслэлийн Засаг дарга нь барилга, байгууламжийг барихад зориулан хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэй байх бөгөөд хариуцагч нь энэхүү эрхийнхээ дагуу иргэн Ө.Ж-т өмнө нь олгосон эзэмшил газрынх нь зориулалтыг өөрчлөн, барилга барих зөвшөөрлийг олгосон нь Газрын тухай болон Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм-ийн 3.2.4-т ... архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн хот байгуулалтын алба боловсруулж, ерөнхий архитектур зөвшөөрсөн байх-аар, 3.3-т ... архитектур төлөвлөлтийн даалгаварт байршил тогтоосон эдэлбэр газарт барих барилгын зориулалт, хүчин чадлыг тухайн хот, тосгоны хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот тосгоны нутаг дэвсгэрийн бүсчлэлтэй уялдуулан зааж, барилгажих талбайн болон зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь, барилгын давхрын тоог тогтоох-оор, 3.3.2-т хүрээлэн байгаа орчны байгалийн тогтоц, хийсэн тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалан хамгаалах, нөхөн сэргээх ажил болон инженерийн бэлтгэл арга хэмжээг заана гэж тодорхойлон заажээ.

Хариуцагч нь иргэн Ө.Ж-т барилга барих эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/152 дугаар захирамжийг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, уг даалгаврыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор баталгаажуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх маргаан бүхий актыг баталсан үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй байна.

Иймд дээрх маргаан бүхий актууд нь зэргэлдээ барилга, байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан гэж үзэхээргүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг зөрчиж, орчны барилгын оршин суугчдын эрх ашигт нөлөөлж байна гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл дээрх маргаан бүхий актын улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж болон 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь тус шүүхэд 2013 оны 07 дугаар сарын 10-нд нэхэмжлэл гаргасан, Ө.Ж нь 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийгөө төлөөлүүлэхээр түүнд итгэмжлэл олгосон /нэхэмжлэлд гарын үсэг зурах/ байх хэдий ч шүүх 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан /хэрэг үүсгэх өдөр нэхэмжлэлд гарын үсэг зурах итгэмжлэлийг хавсаргасан/ байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын ...нэхэмжлэл гаргах үед Ж.Б-т итгэмжлэл олгогдоогүй байсан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ, 44.3-т Дараах зардлыг хэргийн оролцогчдоос нөхөн төлүүлнэ, 44.3.1-д шинжээчийн ... ажлын хөлс гэж тус тус заасан байх тул шүүгчийн захирамжаар томилогдсон Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн ажлын хөлс болох 300.000 мянган төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Н-ийн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж болон 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140400 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, Барилгын хөгжлийн төвд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц. БАТСҮРЭН