| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0432/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/440 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/440
2024 10 29 2024/ШЦТ/440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Т.Т,
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Жд холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Ж
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрт Н.Хандсүрэнгийн гэрийн гадна хохирогч Г.Бтэй үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан бие биенээ үсдэх зэргээр зодолдох явцдаа хохирогчийн нүүр болон биеийн хэсгүүдэд гараараа цохих, хумсаараа маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун хөх, хоёр бугалга, шуу, гуянд цус хуралт, баруун хөмсөгний дээр, хоёр бугалга, шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хохирогч Г.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
- Хохирогч Г.Бгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зураг /хх-ийн 9-16 дугаар тал/,
- Хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Жавхаа, Л хоёрын хамт хөдөө Бугат сум руу таньдаг айлд очсон. Очих замдаа Жавхаа намайг хэл үгээр доромжлоод, нөхрөө булаалгасан, нөхрийнхөө араас гүйсэн эмэгтэй, дүүдээ нөхрөө алдсан гэж элдэв бусаар доромжилсон. Тэгэхээр нь би тэсэхгүй үснээс нь зулгаахад намайг зөрүүлээд барьж авсан. Тэгтэл намайг угз татаад машин дотор унагаасан. Хөдөө айлд очоод цай унд уугаад зүгээр сууж байснаа гадаа гарч тамхи татаж байгаад машинд сууж, явцгаая гэж бидэнд хэлсэн. Тэгээд машин дээр очиход замд болсон үйл явдал давтагдаж намайг цохиж зодсон. Энэ үйл явдлыг Н, Сувдаа, Л нар харсан. Тэгээд хөдөөнөөс Орхон аймаг руу орж ирээд харих гэтэл Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар цэцэрлэг, Одод цэцэрглэг хоёрын дунд Л намайг явуулахгүй гээд хэл үгээр доромжилж, заамдаж аваад зүүн талын нүд рүү гараараа алгадаж цохисон. Миний нүд хөхөрч хавдсан… Ж намайг танихгүй, миний амьдралыг мэдэхгүй байж хэл үгээр доромжилсон. Тэрнээс болж миний уур хүрч үснээс нь зулгаахад намайг цохиж зодсон._Л нь надтай архи ууна, чамайг өдөр өмөөрсөн биз дээ гэж хэл үгээр доромжилж байснаа нүд рүү цохисон. Түүнээс болж би газар унасан…” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,
- Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай ээж Хандсүрэнгийн гэрт очихоор Л, Н, Б, Ж нарын хамт очсон. Тэгээд нэг мэдсэн чинь Б, Ж нар хоорондоо зодолдоод байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,
- Гэрч П.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Хөдөө айлд хоол идээд амралтын байдалтай сууж байхад Б, Ж хоёр муудалцаад бие биенээ цохиж зодсон. Тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Хоёулаа л орилж хашхиралдаад зууралдаад байхаар нь би хоёр удаа очиж салгасан…Б, Ж нар нь хоорондоо бие биенээ цохиж зодсон. Хэн, хэн нь бие биенийхээ үс гэзэгнээс таталцаад орилж, хашхираад газар унаж тусаад явсан. Машин дотор бас маргалдаж, зууралдаж барьцалдсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28 дугаар тал/,
- Гэрч М.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Ж, Б хоёр хоорондоо машинд маргалдаж явсан. Маргааныг сонсож байхад Б гэх эмэгтэй манай нөхөртэй Гантигмаа явалдсан гэж ярихад Ж тэгээд сая хэлэхгүй яасан юм, нөхрөө булаалгаж байхдаа таарсан гэж маргалдсан. Хөдөө айлд очоод бас маргалдаж хоорондоо зодолдсон… намайг унтаж байхад дахиад зодолдсон байсан. Тэгээд Орхон аймагт орж ирсний дараа Б гэх эмэгтэй намайг согтуу байхад машинаа жолоод явъя гээд байхаар нь маргалдсан. Тэр намайг өшиглөсөн, би өөрийнх нь нүүр рүү алгадсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 714 дугаартай “… 1. Г.Бгийн биед зүүн нүдний зовхи, баруун хөх, хоёр бугалга, шуу, гуянд цус хуралт, баруун хөмсөгний дээр, хоёр бугалга, шуу гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна.
5. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлыг хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 747 дугаартай “…1. Б.Жгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Үйл баримтын талаар:
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Ж нь Г.Бг үсдэх, гараараа цохих, маажих зэргээр зодож баруун хөх, хоёр бугалга, шуу, гуянд цус хуралт, баруун хөмсөгний дээр, хоёр бугалга, шуу, гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Хохирогч Г.Бгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Хохирогч Г.Бгийн “…Тэгэхээр нь би тэсэхгүй үснээс нь зулгаахад намайг зөрүүлээд барьж авсан. Тэгтэл намайг угз татаад машин дотор унагаасан. Хөдөө айлд очоод цай унд уугаад зүгээр сууж байснаа гадаа гарч тамхи татаж байгаад машинд сууж, явцгаая гэж бидэнд хэлсэн. Тэгээд машин дээр очиход замд болсон үйл явдал давтагдаж намайг цохиж зодсон. Ж намайг танихгүй, миний амьдралыг мэдэхгүй байж хэл үгээр доромжилсон. Тэрнээс болж миний уур хүрч үснээс нь зулгаахад намайг цохиж зодсон…” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Сийн “…Тэгээд нэг мэдсэн чинь Б, Ж нар хоорондоо зодолдоод байсан…” гэх мэдүүлэг,
- Гэрч П.Нийн “…Хөдөө айлд хоол идээд амралтын байдалтай сууж байхад Б, Ж хоёр муудалцаад бие биенээ цохиж зодсон. Тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Хоёулаа л орилж хашхиралдаад зууралдаад байхаар нь би хоёр удаа очиж салгасан…Б, Ж нар нь хоорондоо бие биенээ цохиж зодсон. Хэн, хэн нь бие биенийхээ үс гэзэгнээс таталцаад орилж, хашхираад газар унаж тусаад явсан. Машин дотор бас маргалдаж, зууралдаж барьцалдсан…” гэх мэдүүлэг,
- Гэрч М.Лийн “…Ж, Б хоёр хоорондоо машинд маргалдаж явсан. ...Хөдөө айлд очоод бас маргалдаж хоорондоо зодолдсон… намайг унтаж байхад дахиад зодолдсон байсан...” гэх мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 714 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 747 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Жгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Жг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Б.Жгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Бгийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Г.Б нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Б.Жг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Т.Төөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулж, 4 сар хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,
Шүүгдэгч Б.Ж нь “хамгийн багаар торгож өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Жд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР