Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/00117

 

0000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: 2,540,800 /хоёр сая таван зуун дөчин мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З....

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, уг нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.... миний бие тус байгууллагад тасралтгүй Р33 жил Түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар ажилласан. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны Б/359 дүгээр тогтоолоор өндөр насны тэтгэвэрт гарч 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн. ...-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний ажилласан 33 жилийн хугацааны жил тутам эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 25,408,000 төгрөг олгохоор болсон. Мөн гэнэт халагдсаны тэтгэмж 7,986,269 төгрөг, нийлээд 33,394,269 төгрөг олгохоор болсон. Ингээд миний тэтгэмжийн мөнгийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлэхдээ нэг удаагийн тэтгэмж болох 25,408,000 төгрөгөөс 10 хувийг Хүн амын орлогын албан татвар гэж үндэслэлгүйгээр суутган авч нийт 30,853,469 төгрөгийг миний Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. Дээрх мөнгө нь хүн амын орлогын албан татварын хуулийн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх татвар атал надаас 10 хувь суутган авсан. Иймд ...-иас үндэслэлгүйгээр авсан 2,540,800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг хариуцагч зөрчиж 10 хувийн тэтгэмж суутгасан нь үндэслэлгүй. 1 удаа олгох тэтгэмжийн мөнгөнөөс суутгаж болохгүй ба хуулиар хориглосон байна. Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ярьж байна. Гэвч ийнхүү тэтгэмжээс суутгал хийж байгаа үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний харилцаа дууссаны дараа хийгдсэн учир Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.... нь ...-д нийт 33,01 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/359 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын ...-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Д....эд эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 25,408,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Баянгол дүүргийн татварын хэлтсийн дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн суутгасан мөнгө манай байгууллагад байхгүй, суутгалыг шууд Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн учир бид энэ шаардлагыг хариуцахгүй. Тиймээс эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: ...-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай Б/359 дугаар тушаал /хх-6/, Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот дансны 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацааны хуулга /хх-7/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор: Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын 2019 оны 4 дүгээр улирлын тайлан /хх-17/, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/359 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал /хх-18/, тушаалын хавсралт Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж /хх-19/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.... нь хариуцагч ...-д холбогдуулан 2,540,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч уг мөнгийг хариуцах этгээд биш гэх агуулга бүхий тайлбар гаргаж бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэмжлэгч Д.... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага түүнд олгогдсон тэтгэмжээс буюу татвараас чөлөөлөгдөх орлого болох 25,408,000 төгрөгийн 10 хувь 2,540,800 төгрөгийг үндэслэлгүй суутгасныг буцаан гаргуулна хэмээн тодорхойлжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...10 хувийн суутгалыг хуульд заасны дагуу хийж Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн учир нэхэмжлэгчийн шаардаж буй 2,540,800 төгрөгийг буцааж төлөх үүрэг хүлээхгүй, мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан.

Хэрэгт ...-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/359 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал нотлох баримтаар авагдсан байна.

Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, ...-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан Түлш дамжуулах цехийн дамжлагын машинч ...гийн ...ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож, ажлаас халсан ба тушаалын хавсралтын дагуу Д....эд эрчим хүчний салбарт ажилласан 33,1 жилд ногдох 25,408,000 төгрөгийн тэтгэмж өгөхөөр шийдвэрлэж, түүнд 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ...-иас 30,853,469 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д....эд тушаалд дурдсан дээрх тэтгэмж болон ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 7,986,269 төгрөгийг ажил олгогчоос олгохоор шийдвэрлэсэн талаар нэхэмжлэлд тодорхойлсон бөгөөд үүнийг нотлох аливаа баримтыг зохигчид шүүхэд гаргаагүй боловч хариуцагчийн зүгээс энэ үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэгчид нийт 33,394,269 төгрөгийн тэтгэмж олгохоос 30,853,469 төгрөгийг олгож, 25,408,000 төгрөгийн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт тооцож 10 хувь 2,540,800 төгрөгийг суутгасан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон гэж үзлээ.

Хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт ..Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, ...нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлнө гэж заасныг зөрчиж 2,540,800 төгрөгийг нэхэмжлэгч Д....эд олгоогүй болох нь тогтоогдсон тул хариуцагч ...-иас 2,540,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д....эд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч А.... өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-иас 2,540,800 /хоёр сая таван зуун дөчин мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д....эд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...-иас 55,603 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д....эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА