Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/439

 

с

2024   10             29                                          2024/ШЦТ/439

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,   

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,   

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Лигдэн овогт Дашдондогийн Тт холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Т,  

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19 дүгээр байрны гадна авто машины зогсоолд байсан хохирогч Ж.Оийн эзэмшлийн **-**БУЛ улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толь, зүүн урд крыло, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, баруун хойд хаалга зэргийг өшиглөж, цохиж хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,015,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Тыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

шүүгдэгч Д.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлж оролцсон.  

Хохирогч Ж.От шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

- Хохирогч Ж.Оийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/,

- Хохирогч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…харих гээд машиндаа суух гэж байтал миний машин болох Субару порестор маркийн **-**улсын дугаартай машины 4 хаалга нь хонхойж, нэг толийг хугалчихсан байсан. Гайхаад Хандаа руу залгаж миний машин эвдэрчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би шууд Эрхэмтөгс гэх залуу л миний машиныг эвдэлсэн байх гэж бодоод утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд би камерын төв орж камер шүүхэд Эрхэмтөгс миний машины 4 хаалгыг өшиглөж, толийг нь хөлөөрөө өшиглөж хугалж унжуулж байсан. Тэгээд шууд Хандаагаас Эрхэмтөгсийн ажлыг нь заалгаад ажил дээр нь очоод чи яагаад миний машиныг эвдэлж байгаа юм гэж хэлсэн чинь тэгээгүй гэж хэлээд уурлаад байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. Миний машиныг 2024 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19 дүгээр байрны урд талын машины зогсоол дээр байхад Эрхэмтөгс хөлөөрөө өшиглөж эвдсэн… Үнэлгээгээр 1,015,000 төгрөгийн хохирол надад учирсан. Би хохирлоо Эрхэмтөгсөөс гаргуулаад авчихсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

- Гэрч Г.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр манай найз Ж.О хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл болон хувцас авахаар Булган аймгаас Орхон аймагт ирсэн. Тэгээд буцаад Булган явах гэсэн боловч оройтсон учир хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19-951 тоот гэрт ирсэн. Би гэртээ найд Д.Тын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан… Т манай гэрт хононо гээд байхаар нь би хонуулахгүй гэж хэрүүл маргаан болсон чинь Т гэрээс гараад явсан. Тэгээд би шууд унтсан. Тэгтэл маргааш өглөө нь Ж.О гэр рүүгээ явах гээд машиндаа суух гэсэн чинь машин нь эвдэрчихсэн байсан. Тэгээд О над руу залгаад миний машин эвдэрсэн байна гэхээр нь гайхаж хэн тэгсэн юм бол гэхэд танай найз Д.Т эвдсэн байх гээд над руу уурлахаар нь би мэдэхгүй та нар хоорондоо учраа ол гэж хэлээд орхисон. Тэгээд Тыг цагдаад өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

- Бан хас ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-25 дугаар тал/,

- Шүүгдэгч Д.Тын яллагдагчаар өгсөн “…Тухайн хэрэг гардаг өдөр архи уучихаад Хандаад уурласан уурандаа найз Ж.Оийн машиныг хөлөөрөө өшиглөж эвдсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

 - Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Оийн  эзэмшлийн **-**БУЛ улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толь, зүүн урд крыло, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, баруун хойд хаалга зэргийг өшиглөж, гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Т нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь;

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/,

- Хохирогч Ж.Оийн “…Миний машиныг 2024 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19 дүгээр байрны урд талын машины зогсоол дээр байхад Эрхэмтөгс хөлөөрөө өшиглөж эвдсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Г.Дын “…Тэгээд О над руу залгаад миний машин эвдэрсэн байна гэхээр нь гайхаж хэн тэгсэн юм бол гэхэд танай найз Д.Т эвдсэн байх гээд над руу уурлахаар нь би мэдэхгүй та нар хоорондоо учраа ол гэж хэлээд орхисон…” гэх мэдүүлэг,

- Бан хас ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Тын яллагдагчаар мэдүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Бусдын эд хөрөнгийг гэмтээх хэргийн шинж нь бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш буюу гурван зуун нэгжээс дээш хэмжээний төгрөгийн хохирол учруулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Д.Т хохирогч Ж.Оийн өмч болох автомашинд халдаж 1,015,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар эргэлзээгүй тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Тын хохирогч Ж.Оийн машин руу өшиглөж, хохирол учруулсан идэвхитэй үйлдэл нь учирч болох эрсдэлийг мэдсээр байж, хор уршигт зориуд хүргэсэн шалтгаант холбоотой, шууд санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

 

Иймд Д.Тын үйлдэл нь Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Т нь үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн биеэ барих чадвар дутмаг, согтууруулах ундааны зохимжгүй хэрэглээний байдал нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Шүүгдэгч Д.Тын буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.От хохирол учирсныг шүүгдэгч төлж барагдуулсан гэж тайлбарласан ба

Хохирогч Ж.О нь “нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч Д.Тыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагч Н.Дүүрэнжаргалаас “...шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн,

Шүүгдэгч Д.Т нь “гэмшиж байна, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгч Д.Тт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад учруулсан хохирлоо төлж  барагдуулсан байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд байдалд тооцож, харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.  

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР