| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0431/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/441 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/441
2024 10 29 2024/ШЦТ/441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Төгөлдөр,
шүүгдэгч Г.Н,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Гэрэлтогтохын Нд холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.Н
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Г.Н нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хн бүс худалдааны төвийн 3-17 дугаар лангуунд үйл ажиллагаа явуулах “Б оптик” хараа зүйн төвийн худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлогоос 6,946,000 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 6,946,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Нг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Т.Төгөлдөр: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай гэж,
Шүүгдэгч Г.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д нь “өөрт учирсан хохирол болох 7,846,000 төгрөгийг гаргуулан авна” гэсэн байр суурьтай оролцохоо илэрхийлж тус тус оролцсон болно.
Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Х.Дгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 9 дүгээр тал/,
- Ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 10-11 дүгээр тал/,
- Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 12-16 дугаар тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Миний бие Б оптик хараа зүйн төвийн Орхон аймаг дахь салбарын эрхлэгчээр ажилладаг. Анх 2023 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан Г.Н нь ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд манай хараа зүйн төвд ажиллаж байхдаа орлогын мөнгийг өөрийн дансаар авдаг байсныг нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр манай лангууны эсрэг талд бэлэн хувцас зардаг хүн танай орлого наадмаар нэлээд их орох шиг болсон, хөл хөдөлгөөн их байсан гэж хэлсэн боловч орлогын дэвтрээ шалгаж үзэхэд орсон орлого муу байсан болохоор нь тооллого хийж тулгалт хийхэд орлогын дэвтэр, бараа материалын бүртгэлийн дэвтэр зөрүүтэй, бараа материал их хэмжээгээр дутсан мөн зарагдсан гэж бүртгэгдсэн бараа материал орлогоор ороогүй байсан. Худалдагчаар ажиллаж байсан Г.Нгоос асуухад ямар нэгэн зүйл хэлэлгүй нуугаад байсан. Ингээд цагдаагийн газарт ирж Г.Нгийн хамтаар түүний дансны хуулгыг урьдчилсан байдлаар буюу 6 сараас 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хуулгыг шалгаж үзэхэд өдөр бүр зарагдсан бараанаас өдөрт дунджаар 1-2 шил болон бэлдэцний мөнгийг хувийн дансаараа авч байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Бараа материалын тулгалт хийхэд дутсан нарны шил болон бэлэн шил 41 ширхэг, шилний хүрээ 48 ширхэг, бэлдэц 129 ширхэг дутсан. Ингээд нийт 6,789,000 төгрөг дутах буюу өөрийнхөө данс руу авчихсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,
- Гэрч Э.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “… 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эхнэр намайг ажил дээрээ дуудаж сая тооллого хийхэд бараа материал болон орлого дутсан байна гэсэн. Эхнэрийн ажил дээр очиход Н гэх худалдааны зөвлөх нь орлогоо дансаар болон бэлнээр авсан байсан… Миний мэдэж байгаагаар Н нь 2023 оны 8 дугаар сард ажилд ороод 11 дүгээр сард ажлаасаа гараад буцаж орж ирээд 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан…” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
- Дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-33 дугаар тал/,
- Арвижих-Эстимейт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 00015/07 дугаартай шинжээчийн “…цэвэр дутагдал 6,946,000 гэж үзлээ…” гэх дүгнэлт /хх-ийн 38-54 дүгээр тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/,
- Бараа бүтээгдэхүүний тооллого болон тулгалт хийсэн гар бүртгэл /хх-ийн 75-117 дугаар тал/,
- Г.Нгийн эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дансны хуулга /хх-ийн 120-198 дугаар тал/,
- Бараа бүтээгдэхүүний бүртгэл болон тооллогоор дутсан баримт /хх-ийн 199-200 дугаар тал/,
- Хөрөнгийн үнэлгээний төлбөрийн баримт /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Н нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хн бүс худалдааны төвийн 3-17 дугаар лангуунд үйл ажиллагаа явуулдаг “Б оптик” хараа зүйн төвийн худалдааны зөвлөхөөр ажилласан, дээрх хугацаанд ажиллаж байхдаа тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлогоос хувьдаа авч хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Н нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан үйл баримт нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Дгийн “…Г.Н нь ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд манай хараа зүйн төвд ажиллаж байхдаа орлогын мөнгийг өөрийн дансаар авдаг байсныг нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шалгаж үзэхэд орсон орлого муу байсан болохоор нь тооллого хийж тулгалт хийхэд орлогын дэвтэр, бараа материалын бүртгэлийн дэвтэр зөрүүтэй, бараа материал их хэмжээгээр дутсан мөн зарагдсан гэж бүртгэгдсэн бараа материал орлогоор ороогүй байсан. ...Бараа материалын тулгалт хийхэд дутсан нарны шил болон бэлэн шил 41 ширхэг, шилний хүрээ 48 ширхэг, бэлдэц 129 ширхэг дутсан…” гэх мэдүүлэг,
- Гэрч Э.Эрдэнэбатын “… 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эхнэр намайг ажил дээрээ дуудаж сая тооллого хийхэд бараа материал болон орлого дутсан байна гэсэн…” гэх мэдүүлэг,
- Дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
- Арвижих-Эстимейт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 00015/07 дугаартай шинжээчийн “…цэвэр дутагдал 6,946,000 гэж үзлээ…” гэх дүгнэлт болон Г.Нгийн сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж, хариуцаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг.
Шүүгдэгч Г.Нгийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хн бүс худалдааны төвийн 3-17 дугаар лангуунд үйл ажиллагаа явуулах “Б оптик” хараа зүйн төвийн Орхон аймаг дахь салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлогоос 6,946,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч өөрийн өмчийн адил хууль бусаар захиран зарцуулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Нгийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн явуургүй ахархан бодол, шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Г.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас “Б оптик” хараа зүйн төвийн Орхон аймаг дахь салбарт 6,946,000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “дэлгүүрт 6,946,000 төгрөгийн хохирол учирсан мөн шинжээчийн дүгнэлт гаргуулахад 900,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг нэмж нийт 7,846,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.
Хэргийн улмаас учирсан хохирол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхаас гадна шинжээчийн дүгнэлт гаргуулах үед гарсан зардал нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Нгоос 7,846,000 төгрөг гаргуулан хохирогч “Б оптик” хараа зүйн төвийн Орхон аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагч Т.Төгөлдөрөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д “тусгайлан хэлэх саналгүй” гэж,
Шүүгдэгч Г.Н “тусгайлан гаргах саналгүй” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх Г.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Н нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г. Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Н нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Нгоос 7,846,000 /долоон сая найман зуун дөчин зургаан мянга/ төгрөг гаргуулан хохирогч “Б оптик” хараа зүйн төвийн Орхон аймаг дахь салбарт /хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, Хн бүс худалдааны төв/ олгосугай.
5. Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР