Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00208

 
 

2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ....

Нэхэмжлэлийн шаардлага: 1,747,200 /нэг сая долоон зуун дөчин долоон мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З....

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, уг нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И..... миний бие Д....-ийн ...ны монтёроор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул Гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/234 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Д....-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний Эрчим хүчний салбарт нийт 22,9 жил ажилласан хугацааны жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 17,472,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлж надад олгосон. Энэхүү тэтгэмжийг олгохдоо хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн татвараас чөлөөлөх орлогод тооцсон зохицуулалтыг зөрчиж 10 хувийг суутган авсан байна. Иймд үндэслэлгүйгээр суутган авсан 1,747,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр тэтгэмж нь хувь хүний албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчлагдсан. Хариуцагч хууль зөрчиж тэтгэмжээс 10 хувийг суутгаж авсан. Хариуцагчийн хувьд цаашаа татварын албанаас шаардах эрх нь нээлттэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн И..... нь Д....-д нийт 22,09 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/234 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын Д....-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу И.....д эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 17,472,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж МТА татварын дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Д....-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай Б/237 дугаар тушаал /хх-5, 6/, Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот дансны 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хуулга /хх-7-9/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор: Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын 2019 оны 4 дүгээр улирлын тайлан /хх-18/, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/237 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаал /хх-17/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч И..... нь хариуцагч Д....-д холбогдуулан 1,747,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч уг мөнгийг хариуцах этгээд биш гэх агуулга бүхий тайлбар гаргаж бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэмжлэгч И..... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага түүнд олгогдсон тэтгэмжээс буюу татвараас чөлөөлөгдөх орлого болох 17,472,000 төгрөгийн 10 хувь 1,747,200 төгрөгийг үндэслэлгүй суутгасныг буцаан гаргуулна хэмээн тодорхойлжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...10 хувийн суутгалыг хуульд заасны дагуу хийж Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн учир нэхэмжлэгчийн шаардаж буй 1,747,200 төгрөгийг буцааж төлөх үүрэг хүлээхгүй, мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан.

Хэрэгт Д....-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/237 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаал нотлох баримтаар авагдсан байна.

Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Д....-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан ....ны монтёр ...ын ....гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлсөн ба тушаалын хавсралтын дагуу И.....д эрчим хүчний салбарт ажилласан 22 жил 9 сард ногдох 17,472,000 төгрөгийн тэтгэмж өгөхөөр шийдвэрлэж, түүнд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д....-иас 21,931,200 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч И.....д нийт 17,472,000 төгрөгийн тэтгэмж олгогдохоос хариуцагч байгууллага 10 хувь 1,747,200 төгрөгийг суутгаж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт ..Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, ...нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлнө гэж заасныг зөрчиж 1,747,200 төгрөгийг нэхэмжлэгч И.....д олгоогүй болох нь тогтоогдсон тул хариуцагч Д....-иас 1,747,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.....д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч И..... өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д....-иас 1,747,200 /нэг сая долоон зуун дөчин долоон мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.....д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д....-иас 42,906 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.....д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА