Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/03075

 

2021 оны 12 сарын 20 өдөр                           Дугаар 183/ШШ2021/03075                                  Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, XXг байрны XX тоотод оршин суух, Ш овогт Б-ын А /рд:БЮXXXXXXXX/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд салхитын 14 дүгээр гудамж, XX тоотод оршин суух, Довогт Л-ийн З/рд:МУXXXXXXXX/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр гудамж, XXе байрны XX тоотод оршин суух, М овогт Б-ийн М/рд:БЯXXXXXX/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 14 400 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

                               

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З*********, хариуцагч нарын өмгөөлөгч Л.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Б.A****** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Л.З********* нь өөрийн цахим хуудсаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, XX дугаар байрны XXX тоот хаягт байрлах, 29 м.кв 2 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөгөөр 2 жилийн хугацаанд түрээслүүлнэ, зээлийн хүүд тус орон сууцанд амьдруулна гэх зар оруулсны дагуу Б.A****** холбогдож, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Л.З*********, Б.М*********** нартай 20 000 000 төгрөгийг хүүгүй, 2 жилийн хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулан, зээлийн хүүд зээлдэгч Л.З*********, Б.М*********** нарын өмчлөлийн Ү-2205004804 улсын бүртгэлийн дугаартай, №000714086 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, XX дугаар байрны XXX тоот хаягт байрлах, 29 м.кв 2 өрөө орон сууцанд амьдрахаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дууссан бөгөөд гэрээний 3 дугаар заалтад зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон тул зээлийн үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З*********, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан болон 20 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан эсэхэд маргадаггүй.  Тус зээлийн гэрээний 1 дэх заалтад “...зээлдүүлэгч нь зээлдэгч талд  20 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар хүүгүй, барьцаагүй зээлдүүлж байна” гэж заасан бөгөөд талууд өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлж гарын үсгээ зурсан. 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд Монгол улсын хэмжээнд Ковид-19 цар тахал гарч, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүнд нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий үйл баримт байдаг. Л.З********* нь түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан бөгөөд ковид-19 цар тахалын улмаас аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн авахаа больж, тэрээр орлогогүй болж гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал бий болсноос алдангийг төлөх боломжгүй байна. Иймд үндсэн зээл 20 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Л.З*********, Б.М*********** нар Б.A******аас 20 000 000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй 2 жилийн хугацаатай зээлсэн гэдэг нь Б.A******ын нэхэмжлэл, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Анх гэрээ байгуулахдаа хүүгүй гэсэн атлаа хүүд нь миний байранд үнэгүй сууна гэсэн нь зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээний хувьд тохиролцох үндэслэлгүй нөхцөл гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ нь тус тусдаа өөр харилцааг зохицуулсан гэрээнүүд байна. Цаашлаад Л.З*********,Б.М*********** нар нь Б.A******т хүү төлөх үүрэггүй бөгөөд зээлийн гэрээний 8 дахь заалт, Орон сууц хөлслөх гэрээний 5 дахь заалт нь тус зээлийн гэрээний 1 дэх заалт болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” зааснаар хүүд нь сууна гэсэн нөхцөл нь няцаагдаж байна. Иймээс орон сууц хөлслөх гэрээний 5 дахь заалтыг үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж хөлслөгч Б.A******аас Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны байр түрээслэн суусны хөлсийг сарын 600 000 төгрөгөөр тооцож, нийт 14 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, Б.A****** нь Л.З*********, Б.М*********** нарт 20 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд зээлдүүлсний хүүд тус орон сууцанд 2 жилийн хугацаанд амьдрахаар харилцан тохиролцсон. Хариуцагч нар тухайн орон сууцны сарын төлбөрийг 600 000 төгрөгөөр тодорхойлж, түрээсийн төлбөр шаардсан. Гэтэл тухайн орон сууц нь дээрх хугацаанд сарын 600 000 төгрөгөөр түрээслэгдэх бүрэн боломжтой эсэх нь маргаантай, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна. Бид түрээсийн гэрээг төлбөргүйгээр, 20 000 000 төгрөг зээлдүүлснийхээ хариуд тухайн орон сууцад амьдрахаар тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.A****** нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд хариуцагч Л.З*********, Б.М*********** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8 500 000 төгрөгөөр ихэсгэж, үндсэн зээл 20 000 000 алданги 10 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч эс зөвшөөрч 14 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б.A****** болон Л.З*********, Б.М*********** нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээний 1 дэх заалтаар нэхэмжлэгч Б.A****** нь 20 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай, хүүгүй, барьцаагүйгээр Л.З*********, Б.М*********** нарт зээлдүүлэхээр, 8 дахь заалтаар зээлдүүлэгч Б.A****** нь 20 000 000 төгрөгийг зээлдүүлсний сарын хүүд зээлдэгч Л.З*********, Б.М*********** нарын өмчлөлийн Ү-220000000 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, XX дугаар байрны XXX тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд амьдрахаар талууд тус тус харилцан тохиролцсон байна.   

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар “...Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ нь тус тусдаа өөр харилцааг зохицуулсан гэрээнүүд” гэж тайлбарлан нэхэмжлэгч Б.A******аас 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны байр түрээслэн суусны хөлсийг сарын 600 000 төгрөгөөр тооцож, нийт 14 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

 

Зохигчид мөн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж, тус гэрээний 1 дэх заалтаар  Л.З*********, Б.М*********** нар өөрийн өмчлөлийн орон сууцаа 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг 2 жилийн хугацаагаар хөлслүүлэхээр, 5 дахь заалтаар орон сууцны хөлсөлсний төлбөрт 20 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба тус зээлийн сарын хүүд сууна. Тус гэрээ 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний салшгүй хэсэг байхаар тохиролцсон байна.

 

Талууд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 8 дахь заалтаар Б.A****** 20 000 000 төгрөгийг зээлдүүлсний сарын хүүд зээлдэгч Л.З*********, Б.М*********** нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд амьдрахаар, мөн өдрийн орон сууц хөлслөх гэрээний 5 дахь заалтаар орон сууцны хөлсөлсний төлбөрт 20 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба тус зээлийн сарын хүүд суухаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдох тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, түрээсийн гэрээний үүргийг Б.A******аас шаардах эрхгүй юм.

 

Харин зохигчид зээлийн гэрээний 3 дахь заалтаар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасантай нийцэх боловч шүүх цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алдангийг тал хувиар бууруулах боломжтой гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч Л.З*********, Б.М*********** нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 20 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 400 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 282 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.A******т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.З*********, Б.М*********** нараас 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.A******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.A******аас 14 400 000 төгрөг гаргуулах тухай Л.З*********, Б.М*********** нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 400 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.A******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ