Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2026/00184

 

Ц.П-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01184 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2026/00895 дугаар магадлалтай,

Ц.П-гийн нэхэмжлэлтэй,

“АН” ХХК, “ХБ” ХК-д холбогдох,

“АН” ХХК болон “ХБ” ХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээнээс Хаягтай, хоёр өрөө орон сууцанд хамааралтай хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч “ХБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.П-, түүний өмгөөлөгч Н.Ж, хариуцагч “ХБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ц.Ш, М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.П- нь хариуцагч “АН” ХХК, “ХБ” ХК-д холбогдуулан “АН” ХХК болон “ХБ” ХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээнээс Хаягтай, хоёр өрөө орон сууцанд хамааралтай хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01184 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул “АН” ХХК, “ХБ” ХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ХХХХ дугаартай барьцааны гэрээний Хаягтайод байрлах, хоёр өрөө, 36.97 м.кв талбай бүхий орон сууцанд хамааралтай хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.П-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2026/00895 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01184 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “ХБ” ХК болон “АН” ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан №ХХХХ дугаартай барьцааны гэрээнээс Хаягтай хаягт байрлах, 36.97 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлсүгэй.” гэж,

2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч “ХБ” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 340,952 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.П-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 340,952 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “ХБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2026/00895 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд анхан шатны шүүхээс өөрөөр, зөрүүтэй байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.П- нь “АН” ХХК болон “ХБ” ХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээний өөрийн орон сууцанд хамааралтай хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагынхаа гол үндэслэлийг захиалгын гэрээг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн, шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон, банк барьцаалсан орон сууцны барилга бусдад худалдагдсан эсэхийг шалгаж барьцаалаагүй тул хууль зөрчсөн гэж тодорхойлсон.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэртээ “...нэхэмжлэгчийн захиалгын гэрээ, өмчлөгчөөр тогтоолгосон шийдвэр нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, банк барьцаалагчийн хувьд барьцаа хөрөнгийн өмчлөгч “АН” ХХК-иас өөр этгээд байж болох эсэхийг шалгах үүрэггүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасны дагуу нэхэмжлэгч тухайн захиалсан орон сууцандаа урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлж, эрхээ хамгаалах хууль зүйн боломжтой байсан. Гэвч уг ажиллагааг хийгээгүй тул барьцаалагчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. Өмчлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээдээс гадна тухайн орон сууцны захиалагч нараас зөвшөөрөл авах үүргийг хуулиар барьцаалагчид хүлээлгээгүй...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д “Барьцаалуулагч дараах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” гэж заасан. Хэргийн баримтаас үзвэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш хоёр жилийн дараа барьцааны гэрээ байгуулагдсан, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгад захиалга авч, иргэдтэй гэрээ байгуулж, төлбөр авч байсан зэрэг нөхцөл байдал нь барилгыг бүхэлд нь барьцаалах эрхтэй байсан эсэхийг мэдэх боломжтой байсныг харуулж байна. Энэ тохиолдолд “АН” ХХК банкинд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тул барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг зөрчсөн. Иймд мөн хуулийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй шийдвэр болсон.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтын дагуу “ХБ” ХК нь барьцааны гэрээ байгуулах үед хөрөнгийн өмчлөгчөөр “АН” ХХК бүртгэлтэй байсныг үндэслэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцож, түүнтэй барьцааны гэрээ байгуулан барьцааны эрх олж авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь Иргэний хуулийн 185 дугаар зүйл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой гэрээ байгуулсан иргэн эрхээ хамгаалах зорилгоор улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэж болохыг тодорхой заасан. Гэвч нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулах зорилгоор холбогдох гэрээ байгуулсан талаарх урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд банк тухайн хөрөнгөд гуравдагч этгээдийн эрх үүссэн гэж үзэж, холбогдох хэсгийг барьцаалахаас татгалзах байсан. Гэвч улсын бүртгэлд нэхэмжлэгч урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй тул банк тухайн хөрөнгийг “АН” ХХК-ийн хөрөнгө гэж үзэх бүрэн үндэслэлтэй байсан. Хуульд аливаа үл хөдлөх хөрөнгийн хувьд урьдчилсан тэмдэглэлээс өөр үндэслэлээр гэрээ байгуулагдаж, эрх үүссэн эсэхийг шалгаж мэдэх тухай зохицуулалт байхгүй. Гэрээ нь өөрөө хүчингүй болох, татгалзах, цуцлагдах зэрэг нөхцөл байдлын улмаас дуусгавар болж, шинээр байгуулагдаж болох тул үүнийг шалгах, хянах боломжгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх банкийг дуусаагүй барилгад барьцааны гэрээ байгуулахаас өмнө захиалга авч байсан учраас бусдын эрх үүссэнийг мэдэх боломжтой байсан гэх хэт ерөнхий үндэслэлээр буруутгаж шийдвэрлэсэн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу дуусаагүй барилгад улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн байхад дуусаагүй барилгыг барьцаалсан барьцаалагчид хуульд заагаагүй нэмэлт ажиллагаа хийхийг шаардаж, харин хуульд заасан эрхээ хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй захиалагчийг зөвтгөсөн байдлаар дүгнэсэн нь хуульд нийцэхгүй.

Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүхийн голлон дурдсан Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” гэж барьцаалуулагчид үүрэг болгосон зохицуулалт бий. Гэтэл барьцаалуулагч үүргээ биелүүлээгүй явдлын төлөө барьцаалагч банкийг буруутгаж, байгуулагдсан барьцааны гэрээг хууль зөрчсөн гэж үзэн эрхийг нь зөрчиж болохгүй.

Банкны хувьд хуулиар дуусаагүй барилгын гэрчилгээ олгож болохоор зохицуулсан, тухайн барилгыг улсын бүртгэлд барьцаагаар бүртгэхийг хориглоогүй нөхцөлд уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж заасан нөхцөлд хамаарах тул банк шударга барьцаалагч болно. Гэтэл уг зохицуулалтыг хэт явцууруулан тайлбарлаж, банк тухайн дуусаагүй барилгад захиалга авч, төлбөр авч байсан нөхцөл байдлаас барилгыг бүхэлд нь барьцаалах эрхтэй байсан эсэхийг мэдэх боломжтой байсан мэтээр ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж, барьцаалагчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Банкны хувьд дуусаагүй барилгыг барьцаалсантай холбоотойгоор барьцааны гэрээ байгуулахаас өмнө худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц захиалсан иргэд барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай маргаан Улсын дээд шүүхээр нэлээд олон удаа шийдвэрлэгдэж байсан. Захиалагч этгээд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй бол банк тухайн үл хөдлөх эд хөрөнгөд гуравдагч этгээдийн эрх үүссэнийг мэдэх боломжгүй тул барьцааны гэрээг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэсэн агуулгаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй талаар дүгнэсэн олон шүүхийн шийдвэр байдаг.

Энэ агуулгаар Улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулагдаж, Хууль зүйн яамнаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байгаа. Энэхүү хуулийн төсөлд дуусаагүй барилгад орон сууц захиалах бол гэрээгээ заавал урьдчилсан бүртгэлд бүртгүүлэхээр зохицуулсан бөгөөд урьдчилсан бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд банкны барьцааны гэрээнээс тухайн хэсгийг чөлөөлөх агуулга тусгагдсан байна. Хэрэв давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан асуудлыг шийдвэрлэх хууль хэрэглээний зохицуулалт аль хэдийн байсан бол энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах, батлуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2026/00830 дугаар тогтоолоор хариуцагч “ХБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нгийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүх хариуцагч “ХБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээ, нотлох баримтын үнэлгээг хянаад шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.  

7. Нэхэмжлэгч Ц.П- нь хариуцагч “АН” ХХК болон “ХБ” ХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээнээс Хаягтай, хоёр өрөө орон сууцанд хамааралтай хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “АН” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, маргаан бүхий хоёр өрөө орон сууцыг 36,600,000 төгрөгөөр захиалж, үнийг бүрэн төлсөн, уг орон сууцанд амьдарч байгаа, 2023 онд шүүхээр уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон, “АН” ХХК барилгаа захиалагчдад мэдэгдэлгүйгээр барьцаалж зээл авсан, банк бусдад зээл олгохдоо барьцааны зүйл болох орон сууцны барилгыг захиалгын гэрээгээр худалдсан эсэхийг шалгаагүй нь хууль зөрчсөн” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч “АН” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэлтэй танилцав. Манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй...” гэжээ.

9. Хариуцагч “ХБ” ХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Банк зээлдэгч “АН” ХХК-д Төслийн орон сууцны барилгын санхүүжилтэд ашиглах зориулалтаар зээл олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор уг барилга болон эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. ...Барьцааны гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр бөгөөд хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан. Ц.П-г шүүх өмчлөгчөөр тогтоосон нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон тус гэрээний талуудын эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр барьцаалж буй “ХБ” ХК нь барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсны хувьд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж буй этгээд тухайн этгээдэд хэлцлийн талаар мэдэгдээгүй байх эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах үндэслэлгүй...” гэжээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. ...Шүүх өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гаргаж байгаа нь “АН” ХХК болон “ХБ” ХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний талуудын эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үндэслэл болохгүй. ...Урьдчилсан тэмдэглэгээ байхгүй тул зээл олгогч, барьцаалагчийн хувьд “ХБ” ХК нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11-1758527 дугаар албан бичгээр Хаягт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “АН” ХХК анх бүртгэгдсэн талаарх лавлагаа авсан байх тул барьцаалагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Ийнхүү өмчлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээдээс гадна тухайн орон сууцанд захиалга өгсөн иргэдээс зөвшөөрөл авах үүргийг хуулиар барьцаалагчид хүлээлгээгүй...” гэж дүгнэжээ.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулсан ба дүгнэлтдээ “...“АН” ХХК-д Ц.П- нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хаягт байрлах, 8,398 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг “АН” ХХК өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “ХБ” ХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэгт уг барилгыг барьцаалсан. Барьцаалуулагч “АН” ХХК нь “ХБ” ХК-д зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахдаа гуравдагч этгээдийн шаардлага байгаа талаар барьцаалагчид мэдэгдээгүй...” гэжээ.

12. Хоёр шатны шүүх “ХБ” ХК-ийг шударга барьцаалагч мөн эсэх талаар ялгаатай дүгнэлт хийснээр өөр өөр шийдэл гаргасан бөгөөд “барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан” гэх нөхцөлийг тогтооход хамаарах үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлсэн байдал тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

13. Нэхэмжлэгч Ц.П- нь “АН” ХХК болон “ХБ” ХК-ийн хооронд 2021.10.19-ний өдөр байгуулсан ХХХХ дугаартай барьцааны гэрээний Хаягт, 36.97 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцанд хамаарах хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан. “АН” ХХК уг шаардлагыг эсэргүүцээгүй бол “ХБ” ХК улсын бүртгэлд итгэж барьцааны эрх олж авсан гэж маргасан.

14. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Ц.П- нь хариуцагч “АН” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, хариуцагч “АН” ХХК нь 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 2020 оны 09 дүгээр сард өөрийн нэр дээр бүртгүүлсэн, мөн “ХБ” ХК-тай 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, дээрх барилгыг барьцаалсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/02659 дүгээр захирамжаар Ц.П-, “АН” ХХК-ийн эвлэрлийг баталж, нэхэмжлэгчийн тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар ижил дүгнэлт хийжээ.

15. Маргааны зүйл нь орон сууц захиалагчийн өмнө үүссэн гэрээний шаардах эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тулгуурлан банкны олж авсан барьцааны эрхийн харилцан үйлчлэл, түүнчлэн барьцаалагчийн шударга итгэлийг хамгаалах нөхцөл хангагдсан эсэхтэй холбоотой байна.

16. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ач холбогдол, бүртгэлд итгэх зарчмыг маргаанд хамаарах бусад зохицуулалттай уялдуулан хэрэглэх ёстой. Бүртгэлийн мэдээлэлд итгэж хэлцэл хийсэн гэх тайлбарыг барьцаалагч тухайн хөрөнгөд гуравдагч этгээдийн эрх, шаардлага байгааг бодитоор мэдэж байсан эсэх, эсхүл мэдэх боломжтой байсан эсэхтэй хамтатган үнэлнэ.

17. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан “... мэдээгүй, мэдэх боломжгүй байсан ...” нөхцөлийг зөвхөн бүртгэлийн лавлагаа авсан эсэхээр хязгаарлан үзэхгүй. Барьцааны гэрээ байгуулах үеийн бодит нөхцөл байдал, барьцааны зүйлийн шинж, зээлийн зориулалт, банкинд хүргүүлсэн баримт бичиг, барилгын төслийн санхүүжилтийн мэдээлэл, захиалагчидтай байгуулсан гэрээний талаар банк мэдсэн эсэх болон зохих анхаарал, болгоомж гаргасан эсэхийг нотлох баримтад тулгуурлан тогтоох шаардлагатай. Тухайлбал, барьцааны зүйл нь иргэдэд орон сууц захиалан бариулах зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй барилга байсан, зээлийг уг төслийг санхүүжүүлэх зорилгоор олгосон гэх нөхцөлүүдийн ач холбогдлыг тодорхойлох учиртай.

18. Анхан шатны шүүх улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй, “АН” ХХК өмчлөгчөөр бүртгэлтэй байсан нөхцөлийг голлон үндэслэж, барьцаалагч тухайн нөхцөл байдлыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан эсэхэд хамаарах бусад нөхцөлийг хангалттай тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

19. Иймээс маргаанд ач холбогдолтой үйл баримтыг бүрэн тогтоож, талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 157 дугаар зүйлийн 157.6.2, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

20. Дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүйгээс хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01184 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2026/00895 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч “ХБ” ХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 340,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                    Н.БАТЗОРИГ

Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН