Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/0465

 

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0465

Улаанбаатар хот

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Ч ” ХХК /РД:*******/

Хариуцагч: М*******ны хянан шалгагч Б.Х

Гомдлын шаардлага: “Монгол банкны хянан шалгагч Б.Х гаргасан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00******* “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, хариуцагч Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Ч” ХХК-ийн төлөөлөгч С.С шүүхэд гаргасан гомдолдоо“Хянан шалгагч нь Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “М******* нь банкнаас нийтэд мэдээлсэн, цахим хуудсанд байрлуулсан санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж биелэлтэд хяналт тавьж ажиллана.” гэж заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.3. дугаар зүйлийн 10-д “Тайлан, тэнцэл, мэдээ баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг М*******анд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, ирүүлээгүй эсхүл нийтэд мэдээлбэл зохих санхүүгийн тайлан, бусад мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан зөрчилд тооцож зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээн холбогдох ажиллагааг явуулан 2020.02.27-ны өдрийн 00******* тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” Шийтгэлийн хуудсаар Ч******* ******* банкинд 50,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан.

Зөрчилд тооцож буй эс үйлдэхүй буюу Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг олон нийтэд мэдээлээгүй гэж үзсэн нь хуульд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд хэрэв зайлшгүй тайлагнах мэдээлэл гэж үзэх тохиолдолд ЧХБ-аас шууд шалтгаалсан буюу өөрийн хүсэл зоригоос хамааралтайгаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь М*******наас ЧХБ-д хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэрийн хүрээнд гарч буй үр дүн болох юм. Уг тайлагнах үүрэгт холбогдох эс үйлдэхүйн шалтгаант холбоо дараах байдлаар тодорхойлогдоно. Үүнд:

М*******ны зүгээс ЧХБ-ыг өөрийн хөрөнгөө нийт 37.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг даалгасны дагуу ЧХБ нь холбогдох хууль тогтоомжид тодорхойлсон удирдлагыг хангах хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлснээр холбогдох зөвшөөрлийг... олгосон.

Гэтэл М*******ны Ерөнхийлөгч нь А-1/107, Н/86, Н/01 тоот албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлүүдийг бүхэлд нь, А-1/1382 тоот албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлөөс 7.1408 тэрбум төгрөг, Н/201 тоот албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлөөс 6.2 тэрбум төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон болохыг 2019.10.22-ны Н/213, Н/214, Н/215, Н/216, Н/217 тоот “Зөвшөөрөл цуцлах тухай” албан бичгүүдээр мэдэгдсэн бөгөөд уг нөхцөл байдалтай холбогдуулан 2019 онд багтаан өөрийн хөрөнгийн хэмжээг 34.3 тэрбум төгрөгөөр дахин нэмэгдүүлэхийг 2019.10.23-ны Н/227 тоот албан бичгээр даалгасан. Мөн уг шийдвэр, даалгавруудыг биелэлтийг хангах зорилгын хүрээнд тус банкинд М*******ны хянагчаар нэр бүхий хянан шалгагч нарыг томилох тухай 2019.11.01-ний Н/48 тоот тушаалыг гаргасан болно.

М*******наас Ч******* ******* банкинд хийсэн гэх “Магадлан баталгаажуулах аудитын үр дүн” нь Захиргааны ерөнхий хуулийн 49-р зүйлийн 3.3-т "... шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол ” гэж заасан нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрүүдээ гаргасан байна.

М*******ны шийдвэрийн үндэслэлд дурдагдсан “Магадлан баталгаажуулах аудит" хийсэн байгууллага нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд уг байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үндэслэл болгож М******* нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь хуульд нийцээгүйн дээр “шинэ нөхцөл байдал бий болсон " гэж үзсэн М******* хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд М*******ны Ерөнхийлөгчийн 2019.11.01-ний өдрийн Н/49 тоот тушаалаар ЧХБ-д тухайлсан 10 үүрэг, даалгаврыг ногдуулж ЧХБ-ны хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг алдагдуулсан байдаг. Тухайлбал шийдвэрийн 1.3. “М*******наас зөвшөөрөл авалгуйгээр чанаргуй активт бутцийн өөрчлөлт хийхийг хориглох", 1.6. “Засгийн газар, төсөв, нийгмийн даатгал, улсын байгууллага болон төрийн өмчит компанийн харилцах, хадгаламжийн үлдэгдлийг өсгөхгүй байх”, 1.7. Тусгай нөхцөлтэй буюу харилцах болон хадгаламжийн дансыг шинээр нээх, татан төвлөрүүлэх, үлдэгдлийг нэмэхийг хориглох”, 1.8-т “Үндсэн болон биет бус хөрөнгийг нэмэгдүүлэхийг хориглох” гэж заасан нь ЧХБ-д шууд сөрөг нөлөөлөл буюу зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд нөлөөлж байна.

Учир нь Арилжааны банк нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг М*******ны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд болох бөгөөд дотогш чиглэсэн мөнгөн урсгалыг хааж буй үйлдэл, өөрийн хөрөнгийг цуцалсан шийдвэрүүд нь банкны үндсэн үйл ажиллагаа эрхлэх боломжийг хязгаарлахын сацуу банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, бусад санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд шууд оруулж байгаа болно.

Дээрх шийдвэрүүдэд /М*******ны Ерөнхийлөгчийн Н/213-Н/217, Н/227, Н/48 тоот шийдвэр/ холбогдуулж ЧХБ-аас харьяалах шүүх буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020.01.20-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэрэг үүсгэсэн, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т "... өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж зааснаар Шийтгэл оногдуулсан асуудлыг шийдвэрлэх, хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна.

Хоёр. Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг олон нийтэд мэдээлээгүй гэж үзсэн нь хуульд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.3. дугаар зүйлийн 10-т “Тайлан, тэнцэл, мэдээ баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг М*******анд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, ирүүлээгүй эсхүл нийтэд мэдээлбэл зохих санхүүгийн тайлан, бусад мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдгаас үзвэл Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зайлшгүй нийтлэх үүрэг хуулиар үүрэгжээгүй болно.

Бусад тухайлан заасан доорх мэдээллүүдийг хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагууд /М*******, Сангийн яам/-д хүргүүлж ажилласан. Үүнд:

- ЧХБ-ны 2019 оны Санхүүгийн тайлан, Санхүүтийн байдлын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан, ЧХБ-ны Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийн тайлан, ЧХБ-ны Хураангуй тэнцэл, ЧХБ-ны Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны тайлан, ЧХБ-ны Гадаад валютын нээлттэй позицийн тайлан;

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд ногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл ногдуулна.” гэж тус тус заасан шударга ёсны зарчмаар зөвхөн тус хуулиар зөрчил гэж үзсэн асуудалд шийтгэл ногдуулах зохицуулалттай байхад хуульд тодорхойлоогүй асуудал буюу Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг нийтэд мэдээлээгүй нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулах асуудал бус болох юм.

Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд холбогдох үйл ажиллагааг М*******ны Ерөнхийлөгчийн 2019.05.23-ны өдрийн А-138 тоот тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-аар зохицуулдаг бөгөөд тус журамд зааснаар холбогдох мэдээллийг М*******инд хүргүүлэх тухай зааснаас бус нийтэд мэдээллэх талаар огт зохицуулаагүй бөгөөд хэрэв уг журмыг зөрчсөн тохиолдолд М******* хяналт тавьж, албадлагын арга хэмжээ авах зохицуулалттай байна.

Иймд М*******ны Хянан шалгагч Б.ХЧ******* ******* банкинд оногдуулсан 2020.02.27-ны өдрийн 00******* тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” Шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, шийтгэл ногдуулах үндэслэл нь М*******ны буруутай үйл ажиллагаанаас хамааралтай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч М*******ны хянан шалгагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М*******ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт “М******* нь банкны үйл ажиллагаанд хяналт тавих, харилцагч, хадгаламж, эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй” гэж заасан байдаг. Түүнчлэн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “М******* хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нъ зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нъ хяналт тавина” гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “банк өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг М*******наас тогтоосон жишгийн дагуу харилцагч этгээдэд үнэн зөвөөр гаргаж өгнө” гэж заасан. Үүнээс дүгнэхэд М******* нь банкны үйл ажиллагааг зохицуулах журам, заавар, аргачлалыг батлах, харилцагчид мэдээлэл гаргах жишгийг тогтоох эрхтэй байна.

Иймд дээр дурдсан чиг үүрэг болон Банкны тухай хуулийн 38 дугаар зүйжйн 38.1, 38.2, 38.3            дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд М*******ны Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А-200 дугаар тушаалаар “Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягт”-ыг батлагдсан байдаг. (Хуудас 1-12) Тус тушаалыг мөрдөж ажиллахыг банкуудын ТУЗ, гүйцэтгэх захирал нарт үүрэг болгосон тул заавал биелэгдэх шинж чанартай юм. Банкуудаас санхүүгийн тайлан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэл, бусад шаардлагатай мэдээг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж, түүнд тогтмол хяналт тавьдаг нь харилцагчдад үйлчлүүлэх банкаа зөв зохистой байдлаар сонгох боломж олгох, эрх ашгийг нь хамгаалах зорилготой юм.

“Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягт”-ын дагуу банк нь нийт 8 багц мэдээллийг загварын дагуу олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Шийтгэл оногдуулах үед буюу 2 дугаар сард банк нь 4,6 дугаар маягтад тусгасан мэдээллийг огт мэдээлээгүй байсан.

2.Ч******* ******* банкны нэхэмжлэл гаргах гомдолд “...М*******наас ЧХБ-д хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэрийн хүрээнд гарч буй үр дүн болох юм. Уг тайлагнах үүрэгт холбогдох эс үйлдэхүйн шалтгаант холбоо дараах байдлаар тодорхойлогдоно” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т зааснаар зөвхөн шүүхийн шийдвэрээр М*******наас гаргасан захиргааны акт, шийдвэрийг хууль бус гэж тогтоон хүчингүй болгоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан шийдвэрүүдийг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн М*******ны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан маягтын дагуу олон нийтэд мэдээлэх үүрэгтэй мэдээллийг ямарваа нэгэн шийдвэр, актаас үл хамааран мэдээлэх ёстой гэж үзэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагчийн шаардлага, хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр “Ч ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Ч******* ******* банк” ХХК тус шүүхэд хандаж “...Монгол банкны хянан шалгагч Б.Хгаргасан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00******* “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...зөрчилд тооцож буй эс үйлдэхүй буюу Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг олон нийтэд мэдээлээгүй гэж үзсэн нь хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн..., хэрэв зайлшгүй тайлагнах ёстой мэдээлэл гэж үзсэн тохиолдолд...энэ нь манай банкнаас шууд шалтгаалсан...гэж үзэх үндэслэлгүй, Монгол банкнаас хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэрийн үр дүн...” гэж тодорхойлон маргаж байна.

Монгол банкны хянан шалгагч Б.Х гаргасан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00******* “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “Ч******* ******* банк” ХХК-г “нийтэд мэдээлбэл зохих мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүй олон нийтэд мэдээлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 50 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох албадлагын арга хэмжээ ногдуулжээ.

            Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10-д “Тайлан, тэнцэл, мэдээ баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг М*******анд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, ирүүлээгүй эсхүл нийтэд мэдээлбэл зохих санхүүгийн тайлан, бусад мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д М******* нь банкнаас нийтэд мэдээлсэн, цахим хуудсанд байрлуулсан санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж биелэлтэд хяналт тавьж ажиллана” гэж, мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А-200 дугаар тушаалаар “Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар, маягт”-ыг хавсралтаар баталсан, уг хавсралтын загвар маягт хэсгийн 4-т “Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлт“ гэж заасан, уг маягтаар Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.7-д заасны дагуу Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн улирлын биелэлтийг дараа сарын дотор уг загварт нийцүүлэн олон нийтэд мэдээлэхээр, үүнд, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, байвал зохих ба биелэлт гэсэн хүснэгтийн дагуу мэдээлэхээр тус тус заажээ.

            Дээрх хуулийн заалтууд болон Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Энэ хуулийн 38.1-д заасан тайлангаас гадна дараахь мэдээллийг нийтлэх, өөрийн цахим хуудсанд байрлуулах зэргээр шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор банк нийтэд мэдээлнэ” гэж, мөн зүйлийн 38.2.7-д заасан “банкны эрсдэлийг тодорхойлоход шаардлагатай гэж М*******наас үзсэн бусад мэдээлэл”-д М*******ны Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А-200 дугаар тушаалаар баталсан, “Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлт”-ийг хамааруулснаас үзвэл тухайн тохиолдолд Ч******* ******* банк нь “Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлт”-ийг зайлшгүй нийтэд мэдээлэх үүрэгтэй байна.

            Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж, 11.3 дугаар зүйлд Банкны тухай хууль зөрчих нь зөрчилд тооцохоор, мөн зүйлийн 10-д “...нийтэд мэдээлбэл зохих санхүүгийн тайлан, бусад мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй...” үйлдлийг зөрчилд тооцож, шийтгэл ногдуулахаар заасан байх тул “...зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг нийтэд мэдээлээгүй нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулах асуудал биш...нийтэд мэдээлэхийг үүрэгжүүлээгүй...” гэх гомдлын шаардлагын үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.

            Энэ талаарх хариуцагчийн “...банк өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг М*******наас тогтоосон жишгийн дагуу үнэн зөв гаргаж өгнө...олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж, түүнд тогтмол хяналт тавих нь харилцагчид үйлчлүүлэгч банкаа зөв зохистой байдлаар сонгох, харилцагчийн эрх ашигийг хамгаалах зорилготой...” гэсэн тайлбар үндэслэлтэй.

            Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Монгол банкны хянан шалгагч Б.Х 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ч******* ******* банкинд холбогдуулан Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан, Монгол банкны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийн хэргийн талаархи үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн, Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлээр Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А-200 дугаар тушаалаар баталсан “Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар, маягт”-4-ийн дагуу зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар олон нийтэд мэдээлээгүй зөрчлийг илрүүлж улмаар холбогдогч Ч******* ******* банкны Гүйцэтгэх захирал *******оос энэ талаар мэдүүлэг авч, Ч******* ******* банкны албан ёсны цахим хуудас болох www.ckbank.mn хуудсанд үзлэг хийн тэмдэглэл үйлдсэн зэргээс үзвэл хариуцагчаас явуулсан зөрчил шалган тогтоох ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, гомдол гаргагч нь “зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтэд мэдээлээгүй” буюу Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10-д заасан зөрчлийг гаргасан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

            Түүнчлэн гомдлын шаардлагын үндэслэл болгож буй “...зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд холбогдох үйл ажиллагааг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-аар зохицуулна...” гэх тайлбарыг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн гаргасан зөрчил нь нийтэд мэдээлбэл зохих мэдээллийг нийтэд мэдээлээгүй буюу тус банкны “зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг нийтэд мэдээлээгүй”-д хамаарах асуудал байна.

Нөгөө талаар гомдлын шаардлагад “...манай банкнаас шууд шалтгаалсан...гэж үзэх үндэслэлгүй, Монгол банкнаас хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэрийн үр дүн...” гэж тодорхойлон маргасан боловч энэ нь тухайн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүйн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар энэ талаар тухайлан шаардлага гаргаагүй тул дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Ч******* ******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх түүнийг оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Учир нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд тухайн өдөр нь нэхэмжлэгч тал өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг хойшлуулсан, 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Золбоо оролцсон, итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэн аль нь хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан, өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт ирүүлээгүй, зөвхөн эмнэлгийн магадлагаа ирүүлсэн нь ойлгомжгүй, шүүхийг үл хүндэтгэсэн хэрэг бөгөөд энэ нь шүүх хуралдааныг дахин хойшлуулах үндэслэл болохгүй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.2, 38.2.7, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 10-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ч ” ХХК-иас гаргасан М  банкны хянан шалгагч Б.Х 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00******* “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.Д