Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 110/2017/0045/З/ |
Дугаар | 480 |
Огноо | 2017-11-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 480
А.Х-гын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0053 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0667 дугаар магадлалтай, А.Х-гын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0053 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас А.Х-г чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгох тухай” шаардлагаасаа нэхэмжлэгч А.Х татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Х-гын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар К.Б-г томилсон хэсгийг хүчингүй болгож, А.Х-г Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилохыг тус сумын Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0667 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд дараах байдлаар хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Үүнд, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1а, 18.1.1е, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.7-д заасан эрхийнхээ дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших хүмүүсийн талаар шалгаруулалт болгож 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 10 дугаар тогтоол гаргасан бөгөөд сонгуулийн өмнө сумын бүх иргэд, сонгогчдод болон нэр дэвшигчдэд танилцуулсан.
Нэр дэвшигчид энэ тогтоолтой танилцаж гарын үсгээ танилцуулга дээр зурж, тавигдах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байсан. Шаардлагыг зөвшөөрсөн атлаа сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлж оролцсон нь зөрчил байсан. Хэрэв 10 дугаар тогтоол хууль зөрчсөн эрхийн акт байсан бол нэр дэвшигчид эсвэл багийн иргэдийн нийтийн Хурал, сонгуулийн тойрог хэсгээс гомдлоо зохих хууль хяналтын байгууллага эсвэл дээд шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд гаргах байтал гаргаагүй.
Энэ байдлаар 10 дугаар тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр эрхийн акт хэвээр байгаа бөгөөд уг тогтоол орон нутагт хүчинтэй хэвээр үйлчилж байхад анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүй 10 дугаар тогтоолыг хариуцагчийн эрх зүйн байдлыг өсгөх гол нотлох баримт болгон үнэлэлгүйгээр хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Сумын иргэдийн Хурлын Төлөөлөгчдөөс хэлэлцэн гаргасан дээрх 10 дугаар тогтоолыг багийн иргэдийн нийтийн Хурал өөрсдөө дээд шатны болон хууль хяналтын байгууллагад гомдол гаргалгүйгээр дураараа хууль зөрчиж 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр түр журам гэгчийг гаргасан ба түүнийг мөрдсөн гэдэг нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл мөн гэдгийг хоёр шатны шүүх мэдсээр байж түр журам гэгчийг нотлох баримт болгон үнэлж хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
А.Х-гын 4 жил багийн Засаг дарга хийх эрхийн хугацаа дууссанаар түүнийг ажлаас чөлөөлснийг шүүх буруу гэж үзсэн нь мөн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иймд хэрэг доторх нотлох баримтыг үндэслэж, бидний гаргасан тайлбарыг үнэлж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, А.Х-гын нэхэмжлэлийг хангахгүй орхихыг хүсэж байна гэжээ.
Хянавал:
Нэхэмжлэгч А.Х нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргаар томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
А.Х-г Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан Бугат сумын Засаг даргын үйлдэл болон К.Б-г 2 дугаар багийн Засаг даргаар томилсон тус Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг шүүхүүд зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна.
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа Хурлын дарга болон Засаг даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэж, санал хураалтыг зохион байгуулж явуулсан ба багийн Засаг даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн нэхэмжлэгч А.Х нь хуралдаанд оролцсон иргэдийн 60.5 хувийн санал авсан тул түүнийг томилуулахаар 02 дугаар тогтоолыг батлан гаргасан, хариуцагч Бугат сумын Засаг дарга нь “А.Х-г дээд боловсролгүй” гэх шалтгаанаар Засаг даргаар томилохоос татгалзаж, энэ тухай багийн иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай албан бичгээр мэдэгдсэн, Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сумын багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах журам”-ын 1-д “багийн Засаг даргад нэр дэвшигч дээд боловсролтой ба бакалавр зэрэгтэй байна” гэж заасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаас үзвэл баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчид “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх”-ыг шаардлага тавигдсан ба А.Х нь эдгээр шаардлагыг хангаж, 2 дугаар багийн Засаг даргад нэрээ дэвшүүлэн өрсөлджээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д иргэний “сонгогдох эрх”-ийг баталгаажуулсан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд нэрээ дэвшүүлэх эрхтэй” гэж заасан, нэхэмжлэгч А.Х нь хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан байхад хариуцагч Бугат сумын Засаг дарга нь хуульд нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэж заасныг зөрчсөн дээрх “журам”-ыг үндэслэл болгож А.Х-г багийн Засаг даргаар томилохоос татгалзсан нь хууль бус үйлдэл болно.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар “нэр дэвшигчийг эрх бүхий албан албан тушаалтан томилох”-оос татгалзах эрхтэй боловч татгалзах үндэслэл нь хуульд нийцсэн байх бөгөөд “дээд боловсролгүй” гэх шалтгаанаар татгалзсан Бугат сумын Засаг даргын үйлдэл хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй.
Үүний зэрэгцээ хариуцагч Бугат сумын Засаг дарга нь 2 дугаар багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн 37.1 хувийн санал авсан нэр дэвшигч К.Б-г 2 дугаар багийн Засаг даргаар томилсон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “...Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох...” гэж заасныг зөрчсөн, иргэдийн “сонголт”-ыг үл хүндэтгэсэн, тухайн хуралдаанаас гаргасан 02 дугаар тогтоолыг үгүйсгэсэн хууль бус ажиллагаа болно.
Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “...нэр дэвшигчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоолоор баталсан уг журамтай танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан,... хууль зөрчсөн эрхийн акт байсан бол гомдлоо гаргах байтал гаргаагүй, ...10 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа, ...хариуцагчийн эрх зүйн байдлыг өсгөх гол нотлох баримтыг үнэлэлгүйгээр хуулийг буруу тайлбарласан” гэх гомдлыг хангах эрх зүйн үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0053 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0667 магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Х-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ