Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 257

 

Т.П-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар магадлалтай, 171400090035 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Соном овогт Т.П нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 10.450.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.7-д зааснаар Т.П-гээс 2.942.200 төгрөг гаргуулж хохирогч О.Оюун-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэж, “эд хөрөнгө битүүмжлэн тогтоолыг” гэснийг “эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад “хохирогч О.Оюун-Эрдэнэд” гэснийг “шүүгдэгч Т.П-д” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.П гаргасан гомдолдоо: “...Миний бие шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна. Прокуророос яллах дүгнэлт гардуулахдаа нэг зүйлчлэлийг орхигдуулсан байсан ба анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр техникийн шинжтэй алдаа гэж үзээд залруулж дахин яллах дүгнэлтийг үйлдэж гардуулсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг надад мэдэгдээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн ярианы бичлэг бүхий сиди, 84 хуудас нотлох баримтыг гаргаж өгөхөд аваагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй. Энэ хэргийн гэрч буюу миний нөхөр Баасанжаргалд хэргийн материал танилцуулсан байсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн барагдуулсан. 1-9 насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд 10.450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлнэ гэдэг маш хэцүү байна. Олон жил сэтгэл санааны дарамтанд хүүхдүүдээ бодоод тэсдэг байсан ч хүний байж болох тэвчээрийг алдагдуулснаас тухайн хэргийг үйлдэн гэмт хэрэгтэн болсон. О.Оюун-Эрдэнэ нь ганц бие, ганцаараа амьдардаг. Гэтэл шүүх түүний гэрийг олон хүнийх гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Автотээврийн хэрэгсэл хэрэглэн дайрсан нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох арга гэж дүгнэсэн нь тухайн шүүгчийн дотоод итгэлийн асуудал байх. Хуульд энэ нь ийм арга гэж тайлбарласан зүйл байхгүй бөгөөд хуулийг өөрийнхөөрөө ойлгож буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зарчим байдаг. Өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаад хүсэлт гаргасан ба хүсэлтийн хариуг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн атлаа миний өмгөөлөгчийн эдлэх эрхийг хязгаарлаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, эрхийг хязгаарласан. 2002 оны Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлд бага насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хугацаа тогтоон хойшлуулах, тухайн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд ялгүйд тооцож болох зохицуулалттай байсан нь миний амьдрал, одоогийн нөхцөлд боломж олгосон хуулийн зохицуулалт гэж үзэж байна. Энэ асуудлаар давж заалдах гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Эрүүгийн хууль буцаан хэрэглэх тухай заалтыг зөв хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийлгэмээр байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийг хүсч байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан гомдолдоо: “...Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 05 дугаартай захирамжийн захирамжлах хэсэгт ерөнхий шүүгчийн түр эзгүйд тус шүүхийн шүүгч Ч.Байгалмаагаар тус шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлсүгэй гэжээ. Гэтэл Т.П-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагч томилсон тус шүүхийн ерөнхий шүүгчийн бланктай 316 дугаар захирамжид шүүгч Н.Баасанбат гарын үсэг зурсан байгаа нь Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хэргийн материалыг танилцуулаагүй атлаа бусад оролцогч буюу гэрч Б.Баасанжаргалд хэргийн материалыг танилцуулсан байна. Мөн шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарт эрх, үүргийг танилцуулаагүй, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй атлаа шүүх хуралдаанд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн баримт хийсэн. Давж заалдах журмаар гаргасан гомдлыг иргэний нэхэмжлэгч нарт танилцуулж гардуулаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг миний бие өөрийн биеэр гардаж авах гэсэн боловч эх хувь нь олдохгүй байна гэснээр гардаж авалгүй 2018.03.14-нд хуулбарласан хувийг шүүхийн бичиг хүргэгчээс гардан авсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангалгүй орхигдуулж тэдгээрийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан.

Т.П-гийн 2017 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт Т.П-гийн устгаж гэмтээсэн хөрөнгө нь олон хүний эд хөрөнгө гэх зүйл хэрэгт авагдаагүй, хохирогч анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ эцэг, эхээс өвлүүлж өгсөн миний эд хөрөнгө, ганцаараа амьдардаг гэж тайлбарладаг. Иймд шийтгэх тогтоол магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Т.П нь автомашинаар хохирогчийн гэрийн зүүн талыг дайрсан үйлдлийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа, гэмт хэрэгт өдөөн турхирсан байдал нөлөөлсөн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан гомдлыг үндэслэн Т.П-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.П нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт байрлах нэгдсэн эмнэлгийн хашааны урд талд О.Оюун-Эрдэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин 2017 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 5 дугаар гудамж, 42 тоот хашаанд байх О.Оюун-Эрдэнийн эзэмшлийн гэрийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу тээврийн хэрэгсэл хэрэглэн дайрч, уг хашаанд байсан З.Намжилхансангийн эзэмшлийн Тоёота королла маркийн 78-07 УНК улсын дугаартай автомашины урд, хойд талын шилийг хагалж, хойд тал руу нь 14-78 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөн хонхойлгож, хойд багажны таган дээр “янхан” гэж чулуугаар бичсэн Т.Пгийн үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Т.П-гийн үйлдэлд олон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдал бий болоогүй, өөрөөр хэлбэл хохирогч нь тухайн гэрт ганцаар амьдардаг ба Т.П хохирогчийн гэрийг автомашинаар мөргөх үед гэрт хүн байхгүй байсныг тэрээр мэдэж байсан нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна шүүгдэгч Т.П-гийн “Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйгийн хашаанд нь очсон чинь хашааных нь хаалга онгорхой, гэр нь гадна талаасаа цоожтой, гэрэлгүй байсан. Би буцаж гараад хашааны өнцөг дээр машинтайгаа хүлээгээд машиндаа байж байсан чинь 00:10 цаг болж байхад нэг машин ирэхээр нь харсан чинь Оюун-Эрдэнийн машины дугаар мөн байсан...” гэж яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй тул бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн үйлдлийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Т.Пгийн бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан өөрчлөлтийг оруулахаар, хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Т.П-гээр 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын энэ талаарх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Т.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Т.П-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай”,

4 дэх заалтын “...10.450.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэснийг “...1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН