| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0409/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/412 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/412
2024 10 08 2024/ШЦТ/412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
О аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2425000000451 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, Х овгийн С.Б, регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд О аймаг Б Д багийн нутаг дэвсгэрт 00-00 ... улсын дугаартай Соната загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан О аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч С.Бгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Айраг уусан. 0,93%-ийн согтолт илэрсэн гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2425000000451 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, “...драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 0,93% ...” гэх баримтууд /хх-ийн 06-08-р тал/,
- Хьюндай Соната маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 9-р тал/
-Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 11-р тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-р тал/
- Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...23 цаг 06 минут 25 секунтэнд цагдаагийн албан хаагч С.Бг драгер үлээлгэж байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р
-гэрч Б.Б мэдүүлсэн:..2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 цаг 25 минутын орчимд О аймаг Б Д багийн нутаг дэвсгэрт хорооллын замд дэд ахлагч Л хамт хяналт шалгалт хийж байхад 00-00 ... улсын дугаартай Соната тээврийн хэрэгслийн жолооч Саранчимэгийн Б согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Уг иргэнийг алкотест 7510 үлээлгэн шалгахад 0,93 хувийн согтолтын зэрэг гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
-Шүүгдэгч С.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн:.. 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хамт барилга дээр ажиллаж байсан Б гэх залуу миний эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Соната загварын тээврийн хэрэгслийг гуйгаад аваад явсан. Тэгээд би хуурай дүүгийнхээ хамт хөдөө Б рүү айлд гүү татаж өгөөд айраг уучихаад О аймаг руу дүүгийндээ ирчихсэн байсан. Тэгсэн тэднийд байж байтал миний машиныг цагдаа зогсоосон гэж манай дүү хэлэхээр нь би гарах гэтэл дүү яах гээд байгаа наад авч явсан хүмүүс чинь өөрсдөө учраа олно биз гээд намайг гэрээсээ гаргаагүй. Миний машиныг гуйж унаад явсан Б О аймаг Б Д багийн нутаг дэвсгэрт гадаа гудамд зам дээр хөндлөн байрлуулаад орхиод явсан байсан. Тэгэхээр нь би дүүгээсээ цагдаа нар байна уу гэхэд харагдахгүй байна гэхээр нь гараад машинаа тэр замаас аваад дүүгийнхээ арын гудмаар оруулах гэж яваад цагдаа нарт баригдсан. Тэгээд намайг зогсоож шалгасан. Драгер үлээлгэсэн. Согтолтын зэрэг гарсан. Би хөдөө айлд айраг уусан байсан. Гэм буруугаа ухамсарлаж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
- Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар /хх-ийн 48-59-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.Шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Б нь 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд О аймаг Б Д багийн нутаг дэвсгэрт 00-00 ... улсын дугаартай Соната загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч С.Б нь 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, драгерын заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж хийсэн санаатай хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Гэм буруугаа хүлээж байна гэж тус тус дүгнэлт гаргасан
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: эрх хасах хугацааг багасгаж өгнө үү гэж тус тус санал гаргасан.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч С.Бд шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ