| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/03367/И |
| Дугаар | 183/ШШ2021/02954 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2021/02954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, В Р хотхонд байрлах, В Р СӨХ /рд:ХХХХХ/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, В Р хотхон, XXX дугаар байрны ХХ тоотод оршин суух, ОЕ овогт Г-ийн Б /рд:УУХХХХХХХХ/-д холбогдох,
Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 3 869 575,39 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У********, хариуцагч Г.Б**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В Р СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б********** нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, В Р хотхоны 478 дугаар байрны 41 тоотын өмчлөгч, оршин суугч бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг зөрчиж, СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр болох 3 869 575.39 төгрөгийг төлөөгүй байна. В Р СӨХ-оос тухай бүр нэхэмжлэх илгээж төлбөр шаардахаас гадна 2020 оны 8 дугаар сарын 19, 2020 оны 11 дүгээр сарын 27, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрүүдэд СӨХ-ны төлбөр төлөх талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл төлбөр төлөөгүй СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна. Иймд Г.Б**********гаас СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр 3 869 575.39 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Г.Б********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг нэг ч удаа СӨХ-ны төлбөр төлөөгүй гэж хэллээ. Би 12 дугаар сарын СӨХ-ийн төлбөрөө төлсөн. Тус СӨХ-оос 2020 оны 01 дүгээр сараас эхлэн 245 103 төгрөгийн СӨХ-ийн төлбөрийн нэхэмжлэх ирсэн байдаг. Үүнтэй холбоотой би СӨХ-ны дарга болон нягтлан дээр орж уулзаж байсан. Уулзахад ямар төлбөр, яаж тооцоолон гарч байгаа талаар надад тайлбар өгөөгүй. СӨХ-ны бүх гишүүдийн хурлаа хийчих ээ, тэгээд бид хурлаараа асуудлаа шийдсэний үндсэн дээр л төлбөрөө төлнө гэх шаардлагыг тавьсан. Энэ хугацаанд СӨХ-оос нэг ч удаа хурал хийгээгүй. Анх 2019 оны 11 дүгээр сард байгуулагдсан гэж нэг удаа хурал хийсэн гэж яриад байгаа боловч би байрны эзэмшигчээр байсан ч гэсэн надад ямар нэгэн хурлын тов мэдэгдэл ирээгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В Р СӨХ нь хариуцагч Г.Б**********д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл хугацааны төлбөрт 3 869 575,39 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч “...2020 оны 01 дүгээр сараас 245 103 төгрөгийн нэхэмжлэх ирсний дагуу СӨХ-ны дарга, нягтлантай уулзахад ямар төлбөр яаж тооцоолон гарч байгааг надад тайлбарлаж өгөөгүй. Үүнээс хойш би бүх гишүүдийн хурлаа хийж, бүх асуудлаа хэлэлцсэн хойно төлбөрөө төлнө гэсэн шаардлагыг тавьсан. 2019 оны 11 дүгээр сард байгуулагдаад нэг удаа хурал хийсэн гэдэг боловч надад ямар нэгэн хурлын тов мэдэгдэл ирээгүй” гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заажээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргаас В Р СӨХ-ийг Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэрчилгээ олгож, тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19/04 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлаар Б.Зоригтыг томилсон байх тул тэрээр тус СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан, В Р хотхоны оршин суугчдын 76.25 хувийн ирцтэй явуулсан 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Анхдугаар хурлын 19/03 тоот тогтоолоор дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын тогтмол зардал-166 630 төгрөг, хувьсах зардал 1 м2 тутамд 650 төгрөг, автогаражийн 1 зогсоолын төлбөр 30 000 төгрөгөөр тус тус тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасантай нийцсэн байна. /хх47/
Улмаар тус СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20/01 дүгээр тогтоолоор сууц өмчлөгчдийн холбооны тогтмол зардлыг 147 000 төгрөг, хувьсах зардлыг 180 төгрөг, нэг авто зогсоолд ноогдох төлбөрийг 15 000 төгрөг байхаар тус тус бууруулжээ. /хх43/
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй тул хариуцагч нь хуульд заасны дагуу бүх гишүүдийн хурлаар тогтоосон төлбөрийг төлөх юм.
Иймд хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас В Р хотхоны 478 дугаар байрны 41 тоот орон сууцны 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3 869 575,39 төгрөг гаргуулан, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Б**********гаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3 869 575,39 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В Р СӨХ-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 76 864 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В Р СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ