| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/03452/И |
| Дугаар | 183/ШШ2021/02952 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2021/02952
| 2021 оны 12 сарын 14 өдөр |
| Дугаар 183/ШШ2021/02952 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял грийн вилла, XX тоотод оршин суух, Г овогт С-ийн Э /рд:ЦДХХХХХХХ/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, XX дүгээр хороолол, XX дугаар байрны XX тоотод байрлах, Д****п*** ХХК /рд:50ХХХХ/-д холбогдох,
Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э******д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн С.Э******д нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, ** дугаар байрны 4, 5 дугаар давхрын нийт 14652.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай байрны хууль ёсны өмчлөгч болсон. Үүнээс өмнө хариуцагч компани өмнөх өмчлөгчтэй түрээсийн гэрээ байгуулж, байрны 5 дугаар давхрын XXX тоотыг түрээсэлсэн байдаг. Уг байр С.Э******дын өмчлөлд шилжсэнээс хойш хариуцагчид түрээсийн гэрээг шинэ өмчлөгч С.Э******дтой байгуулах, түрээсийн төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан боловч гэрээ байгуулахгүй, өөрийн зардлыг хэмнэх замаар бусдын өмчлөлийн байр талбайг үнэ төлбөргүй ашиглаж байна. Гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэгч хариуцагч компанийг тус XXX тоотыг чөлөөлж өгөхийг шаардахад өнөөдрийг хүртэл байрнаас гарахгүй, байрыг чөлөөлж өгөхгүй байгаагаас нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг эзэмшиж, ашиглаж чадахгүй, түрээсийн төлбөр авахгүй хохирч байна. Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.6-д “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус зааснаар уг байрны хууль ёсны өмчлөгч нь би бусдын хууль бус эзэмшлээс өөрийн байр талбайг чөлөөлж өгөхийг шаардах эрхтэй тул хариуцагч Д****п*** ХХК-д 5 дугаар давхрын XXX тоотын байр талбайг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Д****п*** ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ** тоот хаягт байрлах, Их хуралдай оффис, үйлчилгээний төвийн XXX тоот оффисын зориулалт бүхий 54 м.кв талбайг түрээслэхээр З*** М ХХК-тай ЗМ19/45 тоот гэрээ байгуулж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр уг гэрээг дахин 1 жилээр сунгасан. Гэрээг байгуулсан цагаас бид түрээслэгч талтай урт хугацаагаар ашиглахаар харилцан тохиролцож уг түрээсийн талбайн орчин нөхцөлийг сайжруулахаар 25 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулж, засвар тохижилт хийн ажиллаж байна. Бидэнд одоо байгаа хүчин төгөлдөр гэрээгээр З*** М ХХК нь түрээслүүлэгч бөгөөд Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргагч С.Э******дтой гэрээг шинэчлэн хийх цаашид түрээслүүлэгч солигдсон зэрэг мэдээллийг уг компаниас албан тоот, урьдчилсан мэдээлэл, сануулга одоог хүртэл ирүүлээгүй тул бид өөрт байгаа түрээсийн гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзсэн болно. Тиймээс бидэнтэй гэрээ байгуулсан З*** М ХХК-ийн шийдвэрийг хүлээж байсан бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчсөн, өөрийн зардлыг хэмнэх гэсэн үйлдэл огт байхгүй. Хэрэв хууль ёсны эцсийн өмчлөгч нь иргэн С.Э******д нь тогтоогдож батлагдсан бол бид уг иргэнтэй харилцан тохиролцож чадвал түрээсийн гэрээг шинэчлэн хийж түрээсийн талбайг үргэлжлүүлэн ашиглах хүсэлтэй байна. Хэрэв тохиролцоонд үл хүрч чадвал уг түрээсийн талбайд хийсэн өөрсдийн хөрөнгө оруулалт болох засвар тохижилтыг буцаан авч уг талбайг анх байсан хэлбэрт нь оруулж, түрээсийн гэрээний хугацаа дуусмагц чөлөөлж өгөхөд ямар нэгэн саналгүй. Мөн дээрх хугацааны түрээсийн төлбөрийг З*** М ХХК-д төлж барагдуулсан. Иймд З*** М ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э******д нь хариуцагч Д****п*** ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, ** дугаар байрны XXX тоот хаягт байршилтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...С.Э******д нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, ** дугаар байрны 4, 5 дугаар давхрын нийт 14652.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай байрны хууль ёсны өмчлөгч болсон. Д****п*** ХХК нь уг байрны өмнөх өмчлөгчтэй түрээсийн гэрээ байгуулж, байрны 5 дугаар давхрын XXX тоотыг түрээсэлсэн байдаг бөгөөд С.Э******дтой XXX тоотыг түрээслэх түрээсийн гэрээг шинэчилж байгуулаагүй, түрээсийн төлбөр огт төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд хариуцагчид түрээсийн гэрээг байрны өмчлөгч С.Э******дтой шинэчилж байгуулах, түрээсийн төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан боловч түрээсийн гэрээ байгуулахгүй, өөрийн зардлыг хэмнэх замаар бусдын өмчлөлийн байр талбайг үнэ төлбөргүй ашиглаж, түрээсийн төлбөр төлөхгүй байх тул Д****п*** ХХК-ийг тус оффисын XXX тоотыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү” гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан байна.
Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөл бүрдэх ёстой.
Хэргийн баримтаар, нэхэмжлэгч С.Э******д 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр маргаж буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байр, 4,5 дугаар давхрын 1465.2 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байх бөгөөд хариуцагч уг асуудлаар маргаагүй.
Харин хариуцагч нь “...Бид З*** М ХХК-тай дээрх XXX тоотыг түрээслэхээр гэрээ байгуулсан, түрээсийн гэрээг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийг хугацаагаар сунгаж, түрээсийн төлбөрийг З*** М ХХК-д төлсөн. ...С.Э******дтой гэрээг шинэчлэн хийх, цаашид түрээслүүлэгч солигдсон зэрэг мэдээллийг З*** М ХХК-иас бидэнд одоог хүртэл ирүүлээгүй тул бид өөрт байгаа түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд З*** М ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй” гэж маргасан.
Хавтаст хэрэгт, З*** М ХХК, Д****п*** ХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээгээр талууд З*** М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, оффис, үйлчилгээний зориулалттай, Их хуралдай төвийн 5 давхрын 54 м.кв талбайг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 м2 талбайг 35 000 төгрөгөөр тооцож нийт сарын түрээсийн төлбөр 1 890 000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /хх40-42/
Улмаар талууд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан болох нь тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч нь З*** М ХХК байсан эсэхэд маргаагүй байна. /хх43/
Нэхэмжлэгч талаас 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Их хуралдай оффис үйлчилгээний төвийн түрээслэгч нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 21, 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд Д****п*** ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хариуцагч тус мэдэгдлийг гардуулж өгсөн эсэх нь нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж, 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаар, өмнөх өмчлөгч З*** М ХХК болон шинэ өмчлөгч С.Э******д нар түрээсийн гэрээний зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн талаар үүрэг гүйцэтгэгч Д****п*** ХХК-д мэдэгдэх, улмаар 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр З*** М ХХК болон хариуцагч Д****п*** ХХК-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан хэлбэрээр буюу С.Э******д нь Д****п*** ХХК-тай ХХК-тай бичгээр гэрээ байгуулсан байх шаардлага тус тус тавигдаж байгаа юм.
Гэтэл хэргийн зохигч талууд буюу нэхэмжлэгч С.Э******д болон хариуцагч Д****п*** ХХК-ийн хооронд дээрх хэлбэрээр хэлцэл байгуулагдаагүй, шаардах эрхийг гэрээгээр шилжүүлээгүй, гэрээний үүргийг шаардах эрх шилжсэн талаар Д****п*** ХХК-д мэдэгдсэн баримтгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Д****п*** ХХК нэхэмжлэгч С.Э******дын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д****п*** ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, ** дугаар байрны XXX тоот хаягт байршилтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай С.Э******дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ