Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2026/00198

 

Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/03498 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2026/01049 дүгээр магадлалтай,

Н-ын нэхэмжлэлтэй,

С-д холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Нын хяналтын журмаар гаргасан гомдлоор,

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т, хариуцагч С-, хариуцагчийн өмгөөлөгч Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н нь хариуцагч С-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/03498 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н-ын өмчлөлийн ... орон сууцнаас хариуцагч С-г албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2026/01049 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/03498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч С-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны гол асуудал, үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй бөгөөд өмчлөх эрхийн үүсэл, шилжилтийн дараалал, давхар бүртгэлийн эрх зүйн үр дагаварт зохих дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хариуцагчийн нэр дээр 2014 онд бүртгэл үүссэн гэх нөхцөлд тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн шилжилтийн дарааллыг тодорхой тогтоосон. Тухайлбал, А дугаартай орон сууцыг 1997 онд У “Ө” ХХК-аас худалдан авсан, 1998.06.18-ны өдөр У, О нарын хооронд орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, 1998.06.22-нд Огийн өмчлөлд бүртгэгдсэн, 2004.10.20-нд О, Н нарын хамтран өмчлөлд бүртгэгдсэн, 2004.11.25-ны өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээний дагуу Нын өмчлөлд бүртгэгдсэн, 2005.05.11-ний өдөр А-ын өмчлөлд шилжсэн, улмаар 2024.08.24-ний өдөр дахин Нын өмчлөлд бүртгэгдсэн болохыг хавтаст хэргийн баримтаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн үүсэл, шилжилтийн түүх тасралтгүй, тодорхой баримтаар нотлогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг зөв, бодитой тогтоосон.

Шүүх хуралдааны тэмдэглэлд мөн тусгагдсанаар нэхэмжлэгч Н тухайн орон сууцыг 2004.11.25-ны өдөр өөрийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан, анх түүний эх Од 1998.06.18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжсэн, дараа нь А-д шилжсэн боловч 2024 онд буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан талаар тодорхой тайлбарласан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч 1997.12.28-ны өдөр Угийн нэр дээр гэрчилгээ гарсан, түүнээс 1998 онд Од шилжсэн болохыг шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн үүсэл, шилжилт, дарааллыг хангалттай нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн 106.2-т заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоолгох эрхийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн анхдагч эх сурвалж, түүний дараалсан бүртгэлийн түүх тогтоогдсон байхад хариуцагчийн 2014 оны хожмын бүртгэл нь дангаараа өмнөх эрхийг үгүйсгэх, өмчлөгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх мөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн “Ү” дугаар нь тухайн хөрөнгийн үл давхцах, тогтмол дугаар бөгөөд өмчлөгч солигдох, гэрчилгээ дахин авах, барьцаалах зэрэг өөрчлөлтөд өөрчлөгдөхгүй, харин хөрөнгийн түүхэн бүртгэлийг хамгаалах үүрэгтэй гэж дүгнэсэн байна. Иймээс А дугаартай орон сууцны бүртгэлийн түүхийг нэг мөрөөр нь үнэлж, түүний эсрэг 2014 онд тусдаа Б дугаарт бүртгэл үүссэн нөхцөл байдлыг формаль байдлаар бус, эрхийн эх сурвалжийн үүднээс дүгнэх ёстой байсан.

Давж заалдах шатны шүүх энэ асуудалд бодит бөгөөд иж бүрэн дүгнэлт өгөөгүй байна. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026.03.03-ны өдрийн 33/631 дугаар албан бичигт Шар хадны 1 дүгээр хотхон, 3 дугаар байр, 5 тоот орон сууцанд анх 2004.09.06-ны өдрийн ... дугаартай гэрчилгээ олгогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар хаяг өөрчлөгдсөн тухай бүртгэл мэдээллийн санд хийгдээгүй болохыг тодорхой дурдсан байна. Энэ баримт нь маргаанд оролцож буй хоёр бүртгэлийн мөр хоорондын холбоо, ялгаа, нэг объект мөн эсэх, аль бүртгэл хууль зүйн хувьд давуу эх сурвалжтай болохыг зайлшгүй тусгайлан шинжлэн тогтоох шаардлагатайг харуулж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ асуудлыг эцэслэн шийдээгүй атлаа анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч С- 2009.03.03-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргаж, тухайн байрны үл хөдлөхийн гэрчилгээ гарсан эсэхийг, мөн Тамар, Амаржаргал нарын хүмүүс эзэмшиж байх магадлалтай талаар өөрөө дурдсан нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч өөрөө тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, бүртгэлтэй холбоотой маргаантай байдал, өөр этгээдүүдийн эрхийн асуудлыг мэдэж байсан нөхцөл байдал хэрэгт тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх энэ баримтыг зохих хэмжээнд үнэлээгүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн үүсэл, шилжилтийн түүхийг дурдсан атлаа уг баримтуудын эрх зүйн үр дагаврыг хангалттай үнэлээгүй, харин хариуцагчийн хожмын бүртгэлд голлон тулгуурласан дүгнэлт хийсэн нь шийдвэрийн дотоод уялдаа, логикийн хувьд зөрчилтэй байна. Анхан шатны шүүхээр тогтоогдсон 1997, 1998, 2004, 2005, 2024 оны бүртгэлийн дараалал, бэлэглэлийн гэрээ, өв залгамжлах эрхийн гэрчилгээ болон бусад нотлох баримтыг бүрэн няцаан үгүйсгээгүй атлаа магадлал гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нотлох баримтын үнэлгээг хангалттай няцааж чадаагүй, маргааны гол асуудал болох өмчлөх эрхийн анхдагч эх сурвалж болон давхар бүртгэлтэй холбоотой эрх зүйн зөрчлийг бүрэн дүгнээгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Нын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.07.07-ны өдрийн 001/ШХТ2026/00929 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч Н нь хариуцагч С-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “... орон сууцыг миний ээжид дүү У нь 1998.06.18-нд бэлэглэсэн, 2004.11.25-ны өдөр миний ээж О надад шилжүүлж, энэ өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг анх авсан, 2005.05.11-нд Бэлэглэлийн гэрээгээр А-ын өмчлөлд шилжүүлсэн боловч тэрээр надад өгнө гэсэн мөнгөө өгөлгүй Франц улс руу яваад алга болсон юм. Ингээд А-ыг хайж, эрэл сураг болж байгаад 2 жилийн өмнө холбоо барьж олж авсан ба орон сууцыг Капитал банканд зээлийн барьцаанд байсныг чөлөөлүүлж, өөрийн нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэн авсан тул ... орон сууцнаас С-г албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...маргаж буй ... байрыг 2007.08.20-нд М-с 16,000,000 төгрөгөөр худалдан авч, үүнээс хойш эндээ амьдарч байгаа. М нь энэ байрыг 2005 онд Тгаас худалдан авсан ба Ттай намайг уулзуулж, байрыг шилжүүлж өгөөрэй гээд тохиролцож итгэмжлэл хийсэн. Ингээд С- миний нэр дээр 2014.05.14-нд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй…” гэж маргасан.

8.Анхан шатны шүүх: “...Эрхийн улсын бүртгэлийн А дугаартай ... орон сууц ...2004.11.25-ны өдрийн 29 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээний дагуу Нын өмчлөлд, 2005.05.10-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний дагуу А-ын өмчлөлд бүртгэгдсэн байна. Орон сууц нь банк болон А- нарын хооронд 2005.05.12-ны өдөр, 2006.02.12-ны өдөр, 2006.09.13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд барьцаагаар тус тус бүртгэгдэж, “... банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2024.08.20-ны өдрийн 706 дугаартай албан бичгээр барьцааны эрх дуусгавар болж, 2024.08.24-ний өдөр Нын өмчлөлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус олгогдсон байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т  зааснаар нэхэмжлэгч Н нь хариуцагч С-гаас өөрийн өмчлөлийн орон сууцаа, түүнчлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй. Т, С- нарын хооронд 2014.05.14-ний өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж Эрхийн улсын бүртгэлийн Б дугаартай ... орон сууц нь 2014.05.14-ний өдөр С-н өмчлөлд бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. Хариуцагч С- 2025.02.20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг  гардан авсан боловч дээрх бүртгэлтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагад нь хандаж маргаагүй болно. Иймд нэхэмжлэгч Н нь өмчлөгчийн хувьд, өөрийн өмчлөлийн хөрөнгөө С-н хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн,

Давж заалдах шатны шүүх: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргааны зүйл болох орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байна. Тус бүртгэлтэй холбогдон маргаан үүссэн тухай баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзнэ. Иймээс хариуцагч С-г маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шар хадны 1 дүгээр хотхон гудамж, 3-р байр, 5 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н нь уг орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9.Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоосон боловч нотлох баримтыг үнэлэхтэй холбогдуулан зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэлэлцэж, гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

10.Нэхэмжлэгч Н хариуцагч С-д холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус орон сууцны өмчлөгч гэж маргажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч тухайн хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэл хангагдах учиртай.

11.Маргааны зүйл болсон орон сууц нь өөр өөр хаягаар бичигдснээс үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хоёр өөр дугаараар бүртгэгдсэн байх боловч нэг обьект буюу нэг орон сууц болох талаар зохигч маргаагүй байна. Ийнхүү хоёр өөр дугаараар бүртгэгдсэнээс хоёр хувийн хэрэг үүсэж, хоёр өөр үл хөдлөх эд хөрөнгө мэт гүйлгээнд орох нөхцөл бүрджээ. Энэ нөхцөл байдлыг хоёр шатны шүүх адил тогтоосон.

Тухайлбал, нэхэмжлэгч Н 2024.08.24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн А дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг үндэслэж ... орон сууцны өмчлөгч гэж өөрийгөө тодорхойлсон бол хариуцагч С- нь 2014.05.14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг үндэслэн ... орон сууцны өмчлөгч гэж маргажээ.

12.Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Нын ээж Оы дүү У 1997 онд тус орон сууцны өмчлөгч болж, 1998 онд орон сууцыг Од бэлэглэснээр О өмчлөгч болж, улмаар 2004.10.20-ны өдөр өөрийн хүү Ныг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, 2004.11.25-ны өдөр өв залгамжлалаар уг орон сууцны өмчлөх эрх Нын өмчлөлд шилжсэн, 2005.05.10-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр А-ын өмчлөлд бүртгэгдсэн, 2024.08.24-ний өдөр А-аас Бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаагүй.

Хариуцгч С- тус орон сууцыг 2007 онд М-ээс худалдаж авсан ба тухайн үед орон сууц Тгийн өмчлөлд бүртгэлтэй байсан, Т Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004.09.06-ны өдрийн 15 дугаар тогтоолоор өмчлөгч болсон ба орон сууцыг М-н өмчлөлд шилжүүлээгүй байсан үндэслэлээр С-гийн өмчлөлд бүртгүүлэхийг зөвшөөрсөн, 2014 онд тус орон сууц Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Б дугаарт бүртгэгдсэн, худалдах-худалдан авах гэрээгээр С- өмчлөгч болсон. Хариуцагч нь орон сууцыг худалдаж авсан 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтыг хоёр шатны шүүх адил тогтоосон.

13.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч маргаж буй хөрөнгийн өмчлөгч болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна, ...үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн дугаар нь тухайн хөрөнгийн үл давхцах, тогтмол дугаар бөгөөд өмчлөгч солигдох, гэрчилгээ дахин авах, барьцаалах зэрэг өөрчлөлтөд өөрчлөгдөхгүй, хэвээр үлддэг. Энэхүү дугаар нь хөрөнгийн түүхэн бүртгэлийг хамгаалах үүрэгтэй, ...хариуцагч С- нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойших хугацаанд холбогдох байгууллагад хандаж маргаагүй, иймд нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувьд хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй...” гэж дүгнэсэн байх ба  зохигчийн хэн аль нь тус орон сууцны өмчлөгч гэсэн тайлбар гаргаж, нотлох баримтыг ирүүлсэн байхад тэдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн өмчлөл, эзэмшлийг хууль бус гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт тусгаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

14.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо: “...анхан шатны шүүх ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, тухайн маргаанд хамаарах Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргааны зүйл болох орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байна. Бүртгэлтэй холбоотой маргаан үүссэн тухай баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзнэ. Иймээс хариуцагчийг маргаж буй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй...” гэж дүгнэжээ.

15.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв боловч магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, өмчлөлийн талаар маргаж байгаа зохигчийн маргааныг бүрэн гүйцэд шийдвэрлэлгүй дутуу орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ.

Иймд хяналтын шатны шүүхээс орон сууцны өмчлөгчийн талаар нэмэлт дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

16.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч Н нь маргаж буй орон сууцны өмчлөгчөөр 2004 онд бүртгэгдсэн боловч тухайн байранд өмчлөгчийн хувиар санаа тавьж байгаагүй, энэ үед орон сууцыг Т эзэмшиж байсан талаар мэдэж байсан боловч түүний эзэмшлийг хүлээн зөвшөөрч байжээ. Улмаар 2005 онд орон сууцыг А-ын өмчлөлд Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, А- тохирсон мөнгийг өгөөгүй, эрхийг нь зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч 2005 оноос хойш өмчлөх эрхээ буцааж шилжүүлэн авсан гэх 2024 оныг хүртэл буюу 19 жилийн хугацаанд өөрийн өмчлөлийн зүйлээ эрхлэн удирдах, хамгаалах талаар эрхээ хэрэгжүүлсэнгүй.

Энэ хугацаанд буюу 1996 онд Орон сууц хувьчлах товчооноос олгосон эрхийг үндэслэн тус орон сууцыг Т өмчилж, эзэмшиж байсан бөгөөд 2014 онд Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл Н өөрийн өмчлөлийн зүйлдээ санаа тавилгүй 19 жилийн хугацаа өнгөрүүлсэн нь дээрх нөхцөл бүрдэхэд нөлөөлжээ. Улмаар Т Орон сууц хувьчлах товчооноос өмчлөх эрх олж авсан тухайн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт өгсөн хүчин төгөлдөр эрхийн акт үгүй байна.

Харин хариуцагч С- тус орон сууцыг 2007 онд М-с худалдаж авахдаа иргэн Тгийн өмчлөлд бүртгэлтэй байсныг мэдсэн, Ттай уулзаж харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөрийг төлж, энэ үеэс орон сууцыг эзэмшиж, 2014 онд өмчлөгчөөр бүртгэгдэн өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ. Түүний хэлцэл байгуулсан үеийн хүсэл зоригийг буруутгах хууль зүйн үндэслэл үгүй байна.

Иймээс С-г маргаж буй орон сууцны хууль ёсны  өмчлөгч гэж үзэх тул орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Нын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2026/01049 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шийдвэрийг хүчингүй болгож,” гэсний дараа “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул” гэж нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Нын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Наас 2026.06.10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Н.БАЯРМАА

                                 ШҮҮГЧИД                                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.УНДРАХ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД