| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2020/0000/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2019-08-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 35
Д.*******өд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолтой Д.*******өд холбогдох эрүүгийн 1936003390260 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багшийн мэргэжилтэй, ам бүл-4, урьд ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* ******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 08 дугаар сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Ховд аймгийн ******* сумын ******* багийн иргэн*******т 1,800,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1.Шүүгдэгч *******ынхан овогт ******* *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******өд оногдуулсан 2,700,000 төгрөгний торгох ялыг 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн 1936003390260 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч*******ийн мэдүүлэг, гэрч *******ийн мэдүүлэг, мотоцикль үнэлсэн шинжээчийн дүгнэлт, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай тогтоол, тээврийн хэрэгслийн 2019 оны бүртгэл, орлогын баримт, мотоцикль хүлээн авсан зураг зэрэг нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаарх журмыг зөрчин нөхөж бүрдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэх ойлголтыг анхан шатны шүүхээс хэрхэн тодорхойлж Д.*******ийг буруутгасан нь ойлгомжгүй байна. Д.******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байсан эсэх тухайн эд хөрөнгийг худалдан борлуулаад өөртөө ямар байдлаар ашиг болгосон. Д.*******ийн үйлдэлд ямар шалтгаан, нөхцөл нөлөөлсөн зэрэг байдлуудыг тогтоосонгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* мотоциклийг албан хэрэгцээндээ ашиглаж байгаад 2018 оны 10 дугаар сард иргэн*******т 1,800,000 төгрөгөөр зарж эд хөрөнгийг буюу мотоциклийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх ажиллагаа зөрчигдсөн гомдол анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр яригдаж шүүх дээрх ажиллагааг хүлээн авахгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байгаа иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Д.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 08 дугаар сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli “ маркийн улаан өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Ховд аймгийн ******* сумын ******* багийн иргэн*******т 1,800,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа нь шүүгдэгч Д.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д.*******өд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Д.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.*******өд торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал: Ховд аймгийн ******* сумын Жаргалант багийн Засаг дарга Д.*******ийн албан хэрэгцээнд зориулан өгсөн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli“ маркийн улаан өнгийн мотоциклийг Д.*******өд хэзээ, хаана, хэн албан ёсоор хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн , Д.******* Жаргалант багийн дарга гэсэн “ Эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл “ / 1-р хх-н 62х / байгаа боловч шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нөхөж гарын үсэг зуруулсан гэж маргаж байгаа учир үүнийг холбогдох хүмүүсээс асууж, тодруулах зайлшгүй шаардлагатай байна.
Хэргийн баримтуудаас үзэхэд дээрх мотоцикль нь 2018 оны 8 сард орж ирсэн, 2018 оны 9-р сард багийн дарга нарт тарааж өгсөн, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Тогтоол гарсанаас хойш багийн Засаг дарга нарт өгсөн мотоциклийг албан ёсоор бүртгэх ажиллагаа явагдсан байх бөгөөд үүнээс урьд нь бүртгэлд авсан, багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн гарын үсэгтэй баримт байсан эсэх нь эргэлзээтэй мөн нөхөн зуруулсан гэж маргаж байгааг ч шалгаж, тодруулах зайлшгүй шаардлагтай байх бөгөөд энэ нь уг хэргийг шалган шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.
Өөрөөр хэлбэл улсын яллагч уг мотоциклийг Д.*******өд итгэмжлэн хариуцуулахаар өгсөн гэх үйл баримтыг бичгийн баримтаар нотлож чадаагүй байна. Үүнийг зайлшгүй шалгах шаардлагатай байна.
Мөн уг мотоциклийг Д.*******өд хэн, хэзээ, хаана хүлээлгэн өгсөн талаар Санхүүгийн дарга С.Цэрэнханд, нягтлан бодогч Ү.Тунгалагбаяр, нярав н.Доржсүрэн нараас асууж тодруулах нь зүйтэй байна.
Дээр дурьдсан үндэслэлүүдийг шалгаж тогтоосны дараа уг хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хэрэгт дээр дурьдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.*******өд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА